Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213

 

2020/ШЦТ/213

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Ц.Сайнзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

            Шүүгдэгч: Д.Га

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дийн Гад холбогдох 1912002300215 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн ....................... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Дийн Га/РД:ТБ.............../

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                  

Шүүгдэгч Д.Га нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг Дунд булаг гэх газарт шороон зам дээр согтуурсан үедээ 46-80 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд 1912002300215 дугаартай эрүүгийн хэргээс:                            

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумаас манай дүү М залгаад Д.А эгчийн бие нь тааруу байна, яаралтай Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр ир, бид нар энд ирчихсэн байна, та хүрээд ир гэхээр нь очиход аль хэдийн нас барсан байсан. Тэгээд би юу болсон талаар дүү Мөнх- Өлзийгөөс асуухад машинтай явж байгаад машины хаалга онгойлгож уначихсан юм гэж хэлсэн. Талийгаач ямар шалтгааны улмаас машинаас унасан талаар асуугаагүй. Талийгаачийг хэн нэгэн санаатай автомашинаас түлхэж унагасан хүн байхгүй, яагаад гэвэл хамаатан садан, хоорондоо эв найртай олон жил айл саахалт явдаг хүмүүс байсан юм. Талийгаачид өс хонзон өр авлагатай хүн байхгүй. Талийгаач архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Талийгаач 1976 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дарьсүрэнгийн 5 дахь охин болон мэндэлж төрсөн цагаасаа хойш Архангай аймгийн Жаргалант суманд өссөн. Талийгаач маань ямар нэгэн ааш зангүй, дөлгөөн, даруухан хүнд тусархуу хүн байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл талийгаачийг хэн нэгэн санаатай алаагүй. Ах дүү нар дундаа явсан болохоор хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн дахин мэдүүлсэн:...Хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн баримт байхгүй. Яагаад гэвэл амь хохирогч маань өөрийн ах, дүү, төрөл садангийн хүмүүстэй хамт явж байсан болохоор манай ах, дүү, төрөл садангийн хүмүүс болон өөр хэн нэгэнтэй огт хэрэлдэж маргадаггүй, аль болох эвтэй найртай байдаг хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мын мэдүүлсэн:...Би орой хонио хотлуулчихаад манай эхнэр Б гэх айлд ямаа самнаж байхаар нь очиж авсан бөгөөд тэнд бид нар 2.5 литрийн 3 ширхэг пиво уучихаад гэртээ хариад байж байтал араас Б, Га, А, М нар манайд очиж Мэндээ гэх айл ирж цай уу гэж байна, бүгдээрээ очоод ирье гэсэн. Тэгээд бид нар тэр айлд очиж цай уучихаад буцаад гэрийн зүг явсан. Тэгээд манай гэрт ойртож явахад Гын машины хаалга онгойлоо гээд хүн дуугараад явж байсан зогссон. Тэгээд буугаад хартал А гэх хүн уг машины ар талд хэвтэж байсан. Га М нар өргөж машинд оруулаад Га одоо бид нар Эрдэнэмандал сум явлаа гээд яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь М залгаад эгчийгээ амилуулж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд нас барсан байна гэдгийг нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мын дахин мэдүүлсэн:...Би уг автомашины      ар тэвшин дээр нь, манай эхнэр Ч, Б нарын хамт зорчиж явсан. Тухайн үед харанхуй байсан бөгөөд хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан машины хаалга онгойж талийгаач машинаас унасан юм. Тэгээд тухайн машиныг жолоодож явсан Га машиныг зогсоосон. Тэгээд бид нар машинаас бууж талийгаачийг машин дотор суулгаад би өөрийн эхнэрийн хамт гэр рүүгээ явган алхаад харьсан. Тухайн автомашиныг Га өөрөө жолоодон явж байсан. Б, Ч бид 3 автомашины ар тэвшин дээр нь зорчиж явсан. Харин машин дотор талийгаач, Га, М нар зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Би архи уудаггүй. Харин нөгөө хэд маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн автомашин 20-30 км цагийн хурдтай явж байсан байх. Ямар ч байсан зөөлхөн явж байсан. Талийгаач автомашины хаана нь, аль талд нь зорчиж явсан талаар анзаараагүй. Тухайн автомашины хаалга дотор талаас онгойдог эсэх талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Чгийн мэдүүлсэн:...Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 12 цагийн үед Б гэх айлд ямаа самнахаар очоод 4 ямаа самнасан. Тэгээд манай нөхөр М орой 05 цаг өнгөрч байхад намайг авахаар ирээд бид нар 2.5 литрийн 3 ширхэг пиво уучихаад гэртээ хариад байж байтал араас Б, Га, А, М нар манайд очиж Мэндээ гэх айл ирж цай уу гэж байна, бүгдээрээ очоод ирье гэсэн. Бид нар тэр айлд очиж цай уучихаад буцаад гэрийн зүг явсан. Тэгээд манай гэр ойртож явахад Гын машинаас хаалга онгойлоо гээд хүн дуугараад явж байгаад зогссон. Тэгээд буугаад хартал А гэх хүн уг машины ар талд хэвтэж байсан. Тэгээд Га, М нар өргөж машинд оруулаад Га одоо бид нар Эрдэнэмандал сум руу явлаа гээд яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь М залгаад эгчийгээ амилуулж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд нас барсан байна гэдгийг нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Чгийн дахин мэдүүлсэн:...Уг автомашины ар тэвшин дээр нь манай нөхөр М, Б, бид нарын хамт зорчиж явсан. Би талийгаачийг автомашинаас унахыг хараагүй. Гэнэт машины хаалга онгойж талийгаач уначихсан байсан. Тухайн машиныг жолоодож явсан жолооч машинаа зогсоож бид нар машинаас бүгд бууж талийгаач дээр очсон. Тэгээд талийгаачийг машины урд суулгасан. Би нөхөртэйгөө хамт гэр рүүгээ явган харьсан. Тухайн автомашиныг Га өөрөө жолоодон явж байсан. Б, М бид 3 автомашины ар тэвшин дээр нь зорчиж явсан. Харин машин дотор талийгаач, Га, М нар зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Тухайн автомашины жолооч болон зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл ер нь нэг их хэрэглээгүй. Б ах тухайн өдөр бид нараар ямаагаа самнуулаад буцаад бид нарыг хүргэж өгөхдөө бид нарт 2.5 литрийн пиво хоёрыг задалж өгчихөөд түүнийг Б, М, талийгаач, Га, М бид нар хувааж уучихаад Га бид нарыг хүргэж өгөх гээд бид нар бөөнөөрөө явж байгаад ийм асуудал болсон. Тухайн автомашины урд зорчиж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүсэн байсан эсэхийг би мэдэхгүй. Тухайн автомашин 20-30 км цагийн хурдтай явж байсан байх. Ямар ч байсан зөөлхөн явж байсан. Уг автомашиныг Га жолоодож түүний хажууд Гын эхнэр М, Мгийн хажууд талийгаач зорчиж явсан. Тухайн автомашины хаалга дотор талаас онгойдог эсэхийг би мэдэхгүй. Тухайн автомашины цонхны шил талийгаачийг автомашинаас унах үед онгорхой байсан эсэх талаар би мэдэхгүй, анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагаас 18 цагийн хооронд санагдаж байна, М, Ч хоёр манай хүргэн ах Бынд ямаа самнаж өгсөн. Ингээд орой ямаагаа самнаж дуусаад ямаа самнасан М, Ч нарыг гэрт нь хүргэж өгөхөөр явцгаасан. Миний санаж байгаагаар харанхуй болсон байсан бөгөөд 20 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Шар булаг гэх газраас Б ахын гэрээс Ч, М нарыг Жаргалант сумын Зуслан багийн Дунд булаг гэх газар байдаг гэрт нь хүргэж өгөхөөр манай нөхөр Га, эгч А, түүний нөхөр Б бид нар манай өөрийн эзэмшлийн “Портер” маркийн машинтай явж байгаад замдаа шөнө 00-01 цагийн үед Дунд булгийн орчим талийгаач машины хаалга онгойлгож машинаас унасан. Тухайн үед манай нөхөр унаж явсан машинаа зогсоож талийгаач дээр очсон чинь нэг л эвгүй байхаар нь М, Ч хоёроор машин дотор өргүүлж хийгээд би өөрийн нөхөр Гын хамт Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлтэл аль хэдийн нас барсан байна гэж хэлсэн.  Би жолоочийн хажуу талд зорчиж явсан бөгөөд миний хажуу талд буюу хаалганы хажууд талийгаач зорчиж явсан. Ямар учраас автомашины хаалга онгойсон талаар мэдэхгүй байна. Гэнэт машины хаалгыг онгойлгож унасан. Манай нөхөр Га өөрөө жолоодон явж байсан. Б, М Ч нар автомашины ар тэвшин дээр нь зорчиж явсан. Харин машин дотор талийгаач, манай нөхөр Га бид гурав зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Талийгаач, Б, Га бид дөрөв 2.5 литрийн том пиво гурвыг хувааж уусан. Өөр нэмж юм уугаагүй. Бид нар дунд зэргийн согтуу байсан. Ямар ч байсан өөрсдийгөө хянах чадвартай байсан. Тухайн үед жолооч хамгаалах бүсээ зүгээрээ гэж хэлж байсан бөгөөд автомашинд зорчиж явсан талийгаач болон жолооч хамгаалах бүсээ зүүсэн. Харин би автомашины голд зорчиж явсан болохоор тухайн автомашины голд хамгаалах бүс байхгүй. Би талийгаачийг хамгаалах бүс зүүхэд нь би туслалцаж зүүж өгсөн. Талийгаач яагаад автомашинаас унасан талаар мэдэхгүй бөгөөд харанхуй байсан учир талийгаачийг яаж хамгаалах бүсээ тайлсан талаар мэдэхгүй байна. Гэнэт автомашины хаалгыг талийгаач онгойлгож автомашинаас унасан. Би тухайн үед бага зэрэг зүүрмэглэсэн байсан. 20-30 км цагийн хурдтай явж байсан байх. Ямар ч байсан зөөлхөн явж байсан. Тухайн автомашины хаалга дотор талаас онгойдоггүй. Автомашины шил онгорхой байсан байх. Би сайн анзаараагүй. Талийгаач яаж онгойлгосон талаар би анзаараагүй. Угаасаа манай автомашины зөв, буруу талын хаалганы дотор талын бариул хоёулаа хугархай бөгөөд гадна талаасаа онгойдог. Гадна талаасаа онгойдог. Дотор талаасаа онгойдоггүй. Талийгаач өөрөө гадна талаас нь онгойлгоод унасан. Ямар ч байсан автомашины хаалга гэнэт онгойгоод өөрөө цаашаа уначихсан. Га төлөв, даруу зантай, ямар нэгэн гаж буруу зангүй, архи уусан ч гэсэн хүнтэй эвтэй, найртай байдаг, аливаад нухацтай ханддаг, найз, нөхөд, аав, ээж, ах, дүүгийнхээ дунд нэр хүндтэй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манайх ямаагаа самнаж дуусаад гэртээ ямаа самнуулсан Жижээ, Цагаанаа нартай 2.5 литрийн 3 ширхэг пиво хувааж уугаад Д.Гын Портер маркийн машинаар Цагаанаа, Жижээ нарыг хүргэж өгөхөөр миний эхнэр А, Га, М нартай явсан. Га машинаа жолоодож Гын эхнэр М миний эхнэр А нар дотор кабинд суусан. Би машины тэвшин дээр Цагаанаа, Жижээ нартай хамт суугаад унтаад өгсөн байсан. Би юу болсныг мэдээгүй хүн татаад байхаар нь сэрэхэд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд хүн эмнэлгийн гадаа ирчихсэн байсан. Тухайн үед үүр цайж байсан. Намайг Га ороод ир гээд өөрөө эмнэлэг рүү яваад орсон. Тэгээд араас нь яваад ортол миний эхнэр болох А газар хэвтэж байсан. Тэгээд одоо нэмэргүй болсон өрөөнөөс гар гээд намайг хөтөлж гаргасан. Тухайн үед хэн гаргасныг би мэдээгүй, их цочирдсон байсан. Тэгээд нэг хэсэг юу болсныг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/      Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын дахин мэдүүлсэн: ...Би уг автомашины ар тэвшин дээр нь М, Ч нарын хамт зорчиж явсан. Би талийгаачийг автомашинаас унахыг нь хараагүй. Би автомашины ар дэвшин дээр гараад унтчихсан байна лээ. Тэгсэн чинь М эхнэр чинь машинаас уначихлаа гээд намайг сэрээсэн. Тухайн үед автомашиныг Га өөрөө жолоодон явж байсан. М, Ч, бид 3 автомашины ар тэвшин дээр нь зорчиж явсан. Харин машин дотор талийгаач, Га, М нар зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Би автомашины ар дэвшин дээр сууж явсан болохоор тухайн үед зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Тухайн автомашины урд зорчиж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүсэн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан болохоор автомашины ар тэвшин дээр гараад унтчихсан байна лээ. Талийгаач автомашины жолоочийн эсрэг талын хаалган талд зорчиж явсан бөгөөд Га автомашиныг жолоодож түүний хажуу талд эхнэр М нь сууж манай эхнэр түүний хажуу талд зорчиж явсан. Ер нь бол их согтуу байсан. Тухайн автомашин Гын өөрийнх нь машин байгаа юм. Талийгаач өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/         

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Агийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө намайг ажлын байран дээр байхад шөнийн 2-3 цагийн орчимд байх, цагаан өнгийн машинтай Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багаас ирлээ гээд нил цус болсон эрэгтэй хүн орж ирээд гадаа машинаас кабин онгойлгоод уначихлаа, ухаангүй байна, энэ хүний амийг авраад өгөөч гээд сандарсан байдалтай орж ирсэн. Тэгээд сувилагч Дүүрэнжаргал бид хоёр дамнуургаа бариад гүйгээд гараад очтол сувилагч нөгөө хүнээ авах гээд хаалгыг нь онгойлгоход аль хэдий нас барсан байсан. Тэгээд сувилагч их эмч Дэлгэрдалайг дуудаж үзүүлсэн чинь мөн адил нас барсан байна гэж хэлсэн. Машины дотор талын кабинд талийгаач, машины жолооч нь эхнэртэйгээ, машины арын тэвшин дээр талийгаачийн нөхөр нь гээд нэг эрэгтэй хүн байсан. Өөр ямар нэгэн хүмүүс байгаагүй. Нийт дөрвөн хүн байсан. Тухайн автомашинтай хүмүүс архи үнэртүүлчихсэн согтуу хүмүүс байсан. Яг хэр их хэмжээтэй уусныг би мэдэхгүй. Талийгаач манай эмнэлэгт ирэхдээ ухаангүй байсан бөгөөд ал хэдийн нас барчихсан ирсэн юм. Талийгаачийг яагаад машинаас унасан талаар манай эмч асууж байсан. Надад тэр талаар асуух эрх байхгүй. Манай их эмч сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Д.Агийн биед гавлын дух, зулай ясны цөмөрсөн хугарал, дух, гавлын суурь ясны урд дунд хонхорын үйрч бяцарсан хугарал, дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, баруун хацар яс, хамар ясны хугарал. Зүүн чамархайн аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, хуйхан дор цус хуралт, баруун чамархайн дээд хэсэгт хуйханд шарх. Зүүн талын 1-7-р хавирганы суганы урд шугамаарх, 1-6-р хавирганы далны шугамаарх гялтанг гэмтээсэн хоёрлосон хугарал. Зүүн уушигны дээд дэлбэнгийн ар хэсэгт хатгагдсан шарх, зүүн уушигны авчилт. Уушигны эдийн няцрал. Баруун талын 1,2-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрөөгүй хугарал. Цээжний баруун хөндийд дотуур цус алдалт /1 л/, голтод цус хуралт. Дух, нүүрэнд зулгаралт. Зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, суганд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд хэсэг, зүүн тохойн доод хэсэг, зүүн ташаа, зүүн гуяны гадна дээд хэсэгт зулгаралт, цус хуралт. Баруун суганы урд хэсэгт цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3, 3-1-10, 3-1-12-т зааснаар гавал тархины ил хүнд гэмтэл, цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралтууд нь нийтдээ 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох үед нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. 7. Талийгаач Д.А нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 2-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Д.Га нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.3-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзах хамгаалах хүнгүйгээр. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад 6.7-д Хаалга, тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийж байгаагаас бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 3. Жолооч Д.Га нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9.3-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзах хамгаалах хүнгүйгээр. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад 6.7-д Хаалга, тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийж байгаагаас бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна. 5. Уг зам тээврийн осол нь жолооч Д.Гын буруутай үйлдлийн улмаас осол гаргах боломжтой. 6. Талийгаач нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 7. Жолооч Д.Га нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. /лавлагааг хавсаргав/...гэх дүгнэлт /хх-ийн 73-75 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Гын мэдүүлсэн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Шар булаг гэх газар байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн 46-80 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож өөрийн эхнэр М, амь хохирогч Д.А, бид гурав машин дотор суугаад харин машины арын тэвшин дээр амь хохирогчийн нөхөр Б, гэрт нь хүргэж өгөх гэж байсан М, Ч нар сууж Жаргалант сумын Зуслан багийн Дунд булаг гэх газар руу явж байсан. Амь хохирогч А, түүний нөхөр Б нар надаас М, Ч нарыг гэрт нь хүргээд өгөөч гэж гуйсны дагуу бид явсан. Тэгээд тухайн хүмүүсийг хүргэж өгөх замд амь хохирогч миний жолоодож явсан автомашины хаалгыг гэнэт онгойлгож улмаар машин дотроос газар унасан. Тэгээд би өөрийн унаж явсан автомашиныг тэр дор зогсоож машин дотроос буугаад шууд амь хохирогч дээр очиход газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд машины тэвшин дээр сууж явсан М, Ч нартай хамт өргөж машин дотор хийгээд шууд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрүүл мэндийн төв рүү авчирсан. Тухайн автомашиныг би өөрөө жолоодож явсан. Би тухайн үед 20-30 км/цагийн хурдтай явж байсан. Манай эхнэр М, амь хохирогч Д.А, бид гурав машин дотор суугаад харин машины арын тэвшин дээр амь хохирогчийн нөхөр Б, М, Ч нар зорчиж явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн манай эхнэр М, амь хохирогч Д.А, Б, Ч, бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин М согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би болон тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс хамгаалах бүсээ зүүсэн байсан. Миний жолоодож явсан автомашинд зорчиж явсан хүмүүс бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би тухайн автомашиныг жолоодож явсан. Харин миний хажуу талд манай эхнэр М, түүний хажуу талд амь хохирогч зорчиж явсан. Би урдах замаа харж явсан болохоор амь хохирогчийг машины хаалга онгойлгохыг анзаараагүй. Гэнэт л машины хаалга онгойж амь хохирогч унасан юм. Миний унаж явсан автомашины хаалга дотор талаасаа онгойдоггүй бөгөөд дотор талын бариул нь тухайн үед хугарсан байсан учраас дотор талаасаа онгойх боломжгүй. Амь хохирогчийн зорчиж явсан автомашины хаалганы цонх онгорхой байсан. Мөн миний талын хаалганы цонх бас онгорхой байсан. Тэр хаалга амархан онгойхгүй, хүн гадна талын бариулаас нь татаж байж онгойно. Би өөрөө хамгаалах бүсээ зүгээрэй гэж хэлсэн бөгөөд намайг хэлэхэд хамгаалах бүсээ амь хохирогч зүүж байсан. Миний машины хамгаалах бүс их сайн түгжигдэнэ. Хүн түгжээг нь тайлахаас нааш онгойхгүй. Түгжээнээсээ барагтай бол мултрахгүй. Би амь хохирогчийн хохирол төлбөрийг өгсөн. Одоогоор надаас нэхэмжилсэн зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-94 хуу/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-11 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13, 58-61, 80-82 хуу/

            Ослын газрын схем зураг /хх-ийн 14 хуу/

            Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15 хуу/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийнг 54-57 хуу/

            Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын дүгнэлт /хх-ийн 66-68 хуу/

            Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-79 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 97 хуу/ зэрэг болно.

            Хавтаст хэргийн материал танилцуулсанг тэмдэглэл /хх-ийн 120-121 хуу/ зэрэг болно.

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг Дунд булаг гэх газарт зам тээврийн осол  гарч, хохирогч Д.А нь 46-80 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машинаас унаж амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Га нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 04 сарын 11-ний шөнө согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 46-80 АРХ улсын дугаартай Портер маркийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлсэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 2019 оны 04 сарын 12-ны өглөө 08 цагийн орчим Д.Агийн бие муу байна гэсэн дуудлагын дагуу Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр очиход Д.А нь нас барчихсан, юу болсон талаар С.Мгөөс асуухад шөнө машинтай явж байгаад машины хаалга онгойж унагаасан гэж ярьж байсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 18-20, 23-25 дугаар тал/, 2019 оны 04 сарын 11-ний орой Ч.Б гэх айлд ямаа самнаж байхад нь очоод Д.Га, Д.А, С.М нартай 2.5 литрийн 3 сав пиво хувааж уусан Мэндээ гэж айлд очих цай уучихаад буцаад явж байхад С.Гын машины хаалга онгойж Д.А нь машинаасаа унасан хэвтэж байсан. Д.Га нь С.Мгийн хамт Д.Аг авч Эрдэнэмандал сумын эмнэлэгт очоод маргааш өдөр нь Д.Аг нас барсаныг мэдсэн гэх гэрч О.Мын мэдүүлэг/хх-ийн 21-22, 32-34 дүгээр тал/, гэрч А.Чгийн мэдүүлэг/хх-ийн 26-27, 39-42 дугаар тал/, гэрч С.Мгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагаас 18 цагийн хооронд санагдаж байна, М, Ч хоёр манай хүргэн ах Бынд ямаа самнаж өгсөн. Ингээд орой ямаагаа самнаж дуусаад ямаа самнасан М, Ч нарыг гэрт нь хүргэж өгөхөөр явцгаасан. Миний санаж байгаагаар харанхуй болсон байсан бөгөөд 20 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Шар булаг гэх газраас Б ахын гэрээс Ч, М нарыг Жаргалант сумын Зуслан багийн Дунд булаг гэх газар байдаг гэрт нь хүргэж өгөхөөр манай нөхөр Га, эгч А, түүний нөхөр Б бид нар манай өөрийн эзэмшлийн “Портер” маркийн машинтай явж байгаад замдаа шөнө 00-01 цагийн үед Дунд булагийн орчим талийгаач машины хаалга онгойлгож машинаас унасан. Тухайн үед манай нөхөр унаж явсан машинаа зогсоож талийгаач дээр очсон чинь нэг л эвгүй байхаар нь М, Ч хоёроор машин дотор өргүүлж хийгээд би өөрийн нөхөр Гын хамт Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлтэл аль хэдийн нас барсан байна гэж хэлсэн.  Би жолоочийн хажуу талд зорчиж явсан бөгөөд миний хажуу талд буюу хаалганы хажууд талийгаач зорчиж явсан. Ямар учраас автомашины хаалга онгойсон талаар мэдэхгүй байна. Гэнэт машины хаалгыг онгойлгож унасан. Манай нөхөр Га өөрөө жолоодон явж байсан. Б, М Ч нар автомашины ар тэвшин дээр нь зорчиж явсан. Харин машин дотор талийгаач, манай нөхөр Га бид гурав зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Талийгаач, Б, Га бид дөрөв 2.5 литрийн том пиво гурвыг хувааж уусан. Өөр нэмж юм уугаагүй. Бид нар дунд зэргийн согтуу байсан. Тухайн үед жолооч хамгаалах бүсээ зүгээрээ гэж хэлж байсан бөгөөд автомашинд зорчиж явсан талийгаач болон жолооч хамгаалах бүсээ зүүсэн. Харин би автомашины голд зорчиж явсан болохоор тухайн автомашины голд хамгаалах бүс байхгүй. Би талийгаачийг хамгаалах бүс зүүхэд нь би туслалцаж зүүж өгсөн. Талийгаач яагаад автомашинаас унасан талаар мэдэхгүй бөгөөд харанхуй байсан учир талийгаачийг яаж хамгаалах бүсээ тайлсан талаар мэдэхгүй байна. Гэнэт автомашины хаалгыг талийгаач онгойлгож автомашинаас унасан. Би тухайн үед бага зэрэг зүүрмэглэсэн байсан. 20-30 км цагийн хурдтай явж байсан. Угаасаа манай автомашины зөв, буруу талын хаалганы дотор талын бариул хоёулаа хугархай бөгөөд гадна талаасаа онгойдог. Гадна талаасаа онгойдог. Дотор талаасаа онгойдоггүй. Талийгаач өөрөө гадна талаас нь онгойлгоод унасан. Ямар ч байсан автомашины хаалга гэнэт онгойгоод өөрөө цаашаа уначихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар тал/, 2019 оны 04 сарын 11-ний өдөр ямаа самнасан хүмүүстэйгээ 2.5 литрийн 3 ширхэг пиво хувааж ууж дуусаад С.Гын Портер маркийн автомашинаар О.М, А.Ч нарыг хүргэж өгөхөөр явж байх замд машины тэвшин дээр унтсан байсан. Үүр цайж байхад Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр ирээд эхнэр Д.Аг нас барсан болохыг мэдсэн талаарх гэрч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/, 2019 оны 04 сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 2-3 цагийн орчим Жаргалант сумын Зуслан багаас ирлээ, машины кабин онгойгоод хүн уначихлаа гэж эрэгтэй хүн орж ирэхээр нь гарч үзэхэд талийгаач аль хэдийн нас барчихсан байсан. Тухайн машинтай нийт 4 хүн байсан, тэр хүмүүс архи үнэртүүлчихсэн согтуу байсан гэх гэрч В.Агийн мэдүүлэг/хх-ийн 47-79 дүгээр тал/, талийгаач Д.Агийн үхлийн шалтгааныг тогтоосон “...Талийгаач Д.Агийн биед гавлын дух, зулай ясны цөмөрсөн хугарал, дух, гавлын суурь ясны урд дунд хонхорын үйрч бяцарсан хугарал, дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, баруун хацар яс, хамар ясны хугарал. Зүүн чамархайн аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, хуйхан дор цус хуралт, баруун чамархайн дээд хэсэгт хуйханд шарх. Зүүн талын 1-7-р хавирганы суганы урд шугамаарх, 1-6-р хавирганы далны шугамаарх гялтанг гэмтээсэн хоёрлосон хугарал. Зүүн уушигны дээд дэлбэнгийн ар хэсэгт хатгагдсан шарх, зүүн уушигны авчилт. Уушигны эдийн няцрал. Баруун талын 1,2-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрөөгүй хугарал. Цээжний баруун хөндийд дотуур цус алдалт /1 л/, голтод цус хуралт. Дух, нүүрэнд зулгаралт. Зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, суганд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд хэсэг, зүүн тохойн доод хэсэг, зүүн ташаа, зүүн гуяны гадна дээд хэсэгт зулгаралт, цус хуралт. Баруун суганы урд хэсэгт цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3, 3-1-10, 3-1-12-т зааснаар гавал тархины ил хүнд гэмтэл, цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралтууд нь нийтдээ 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох үед нас баржээ...” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 тоот дүгнэлт/хх-ийн 52-53 дугаар тал/, шүүгдэгч Д.Га нь осол болох үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.4-т заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт/хх-ийн 73-75 дугаар тал, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 09 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-13 дугаар тал/, ослын газрын схем зураг/хх-ийн 14-15 дугаар тал/, жолоочийн үнэмлэхтэй эсэх талаарх лавлагаа авсан тэмдэглэл/хх-ийн 75 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 78-82 дугаар тал/, Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч О.Бэхбатын согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Дийн Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй ба Д.Га нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 99/ерэн ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.            

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 99/ерэн ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Д.Га нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ