Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0683

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Н.Батзориг, нэхэмжлэгч Д., Д., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.*******тамир оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.*******тамир, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлоор Ө.*******, С.*******, Ж.*******, Н.*******, С.*******, Ж.*******, Д., Д., Д., Д., Ж*******, С.*******, А.******* нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалын тус тус хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр:

“1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын Ө.*******, С.*******, Ж.*******, Н.*******, С.*******, Ж.*******, Д., Д., Д., Ж*******, С.*******, А.*******, Д. нарт холбогдох хэсэг, мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Ө.*******ийг Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.*******ыг Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.*******ийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Н.*******ыг Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.*******ыг Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.Жавзанпагмыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.ийг Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.г Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.г Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.ыг Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.Ган-Эрдэнийг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.*******ыг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, А.*******ийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжэлэгч Ө.*******, Ж.*******, Д., С.*******, Ж.*******, Н.*******, С.*******, Д., Д., Ж*******, С.*******, А.*******, Д. нарын Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага, мөн нэхэмжлэгч Ө.*******, Ж.*******, Д., Д. нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлагын төрийн албанд ажилласан хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Ж.*******т 14.006.654 төгрөг, Д.т 14.006.654 төгрөг, С.*******ад 12.367.187 төгрөг, С.*******д 11.634.314 төгрөг, Н.*******д 9.509.763 төгрөг, Д.д 9.918.193 төгрөг, С.*******ад 10.532.482 төгрөг, Ж*******д 7.375.379 төгрөг, А.*******т 8.113.233 төгрөг, Ж.Жавзанпагмд 1.985.094 төгрөг, Ө.*******өд 10.234.106 төгрөг, Д.ад 4.077.491, Д.д 11.286.130 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.*******тамир дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Д.ыг 2015 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Д. Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст томилогдон ажиллахаас өмнө Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан бөгөөд ээлжийн амралтын мөнгө дутуу бодсон байсныг 2015 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн цалингийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мэдүүлсэн. Үүнээс өөрөөр Д.г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд томилсон ямар нэгэн эрхийн акт хэрэгт авагдаагүй юм.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.г ажилгүй байсан хугацааны цалин олговорт дутуу бодсон 2,345,747 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Хариуцагч гуравдагч этгээдүүдийг албан үүргээс нь чөлөөлсөн шийдвэрийг гаргасныхаа дараа “Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоонд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах” буюу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байдаг Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журамд нийцэхгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байхад энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагаан үр дүн, мэргэжлийн түвшингээр сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Төрийн захиргааны ...удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэг дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгнө” гэж заажээ. Улмаар удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын дагуу тухайн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулахаар байна.

Дээрх тогтоолын 14 дүгээр зүйлд энэ журмын 11-д зааснаас бусад /Хөдөлмөрийн хэлтсийн дарга нь уг тогтоолын 11-т зааснаас бусад гэдэгт хамаарна/ төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тухайн 14 дүгээр зүйлийн 14(а), 14(6), 14(в) заасны дагуу шат дараатайгаар зохион байгуулахаар тусгаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн сайд нь тус тогтоолын 14 дүгээр зүйлд заасан шат дараалалтайгаар сонгон шалгаруулалтыг явуулах бүрэн боломжтой байхад 14(в)-д зааснаар буюу сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зарлах захиалга өгсөн нь Төрийн албан тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолд заасан шат дараалсан эрэмбийг зөрчин дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын хувьд төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож нөөцөд бүртгэгдсэн байхад ажлаас нь чөлөөлж нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь тэдний уг албан тушаалын сонгон шалгаруулалтад давуу эрхтэйгээр оролцох боломжийг хязгаарласан байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Хоёр. Нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлийг хангах ямар ч боломж байхгүй байна. Хавтаст хэргийн 723-124 дэх талд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2936 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Болдбаатар /одоогийн гуравдагч этгээд/ өөрийг нь ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд шүүхээс хэрэг үүсгээд ажиллагаа хийгдээд явж байхад тухайн үед хариуцагч Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албан салбар зөвлөл Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байдаг. Энэ шийдвэрийг нь түдгэлзүүлэхээр нэхэмжлэгч Л.Болдбаатар шүүхэд хүсэлт гаргаж, улмаар шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Энэ маргаан 2015 оны 8 дугаар 25-ны өдрийн 467 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болсон. Гэтэл хариуцагч сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн захирамж хүчин төгөлдөр байсаар байхад сонгон шалгаруулалтыг явуулж, улмаар нэхэмжлэгч Д.ийг Хөдөлмөрийн сайдын 2015 оны 7 дугаар 21-ний өдрийн Б/137 дугаар тушаалаар томилсон байдаг. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.

Мөн түүнийг томилохдоо Төв аймгийн Засаг даргатай зөвшилцөөгүй, зөвшилцөх талаар ямар ч албан бичиг явуулаагүй нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байсан боловч анхан шатны шүүх энэхүү үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй байна.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.8-д Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бус төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон, заалт байх тул Ө.*******, Ж******* нар нь аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод явж байх үедээ буюу албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байхдаа сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн жинхэнэ албанд томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна:

Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”, 13 дугаар зүйлийн 13.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх нас барснаас бусад тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болж байгаа бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж шийдвэрлэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгохоор хүсэлт гаргаснаар бүрэн эрх нь дуусгавар болох бус харин тэрхүү чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болохоор байна. Нэхэмжлэгч Ө.******* 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, түүнийг төрийн жинхэнэ албанд томилогдох үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн шийдвэр гараагүй байсан.

Нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагч болох үндсэн шалгуур нь өөрөө эрхэлж болохгүй ажлыг хавсран гүйцэтгээгүй байх гэдгийг анхаараагүй. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан хаагчаар сонгогдож буй этгээдэд ч хамааралтай бөгөөд хориглосон хэм хэмжээ байна. Гэтэл анхан шатны шүүх тус хуулийн заалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд л хориглосон хэм хэмжээ гэдэг утгаар хэрэглэсэн нь буруу.

Дөрөв. Нэхэмжлэгч С.******* нь 2016 оны Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдож, улмаар тэргүүлэгч гишүүн болсон бөгөөд энэ талаарх баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө төрийн жинхэнэ албан хаагч хавсран гүйцэтгэж болохгүй албан тушаалд сонгогдсон байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргааны үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/144 дүгээр тушаалын нэр бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч Ө.*******, С.*******, Ж.*******, Н.*******, С.*******, Ж.*******, Д., Д., Д., Ж*******, С.*******, А.*******, Д. нарыг урьд эрхэлж байсан аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй боломжгүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/144 дүгээр тушаалаар “...удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй, өмнөх чөлөөлсөн, томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас үүдэн шүүхэд хэрэг маргаан үүссэн нөхцөл байдлыг харгалзан”, мөн “шүүхийн шийдвэрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байхад” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ө.*******, С.*******, Ж.*******, Н.*******, С.*******, Ж.*******, Д., Д., Д., С.*******, Д., Ж*******, А.******* нарыг Хөдөлмөрийн хэлтсийн даргаар тус тус томилсон тушаалуудыг хүчингүй болсонд тооцсон атлаа энэхүү тушаал болон нэр бүхий гуравдагч этгээд нарыг эгүүлэн томилсон 2015 оны Б/145 дугаар тушаалын талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тэдгээрийг дахин томилж, Б/145 дугаар тушаалыг хүчингүйд тооцсоноор өмнөх Б/144 дүгээр тушаалын үндэслэлээ хариуцагч өөрөө үгүйсгэсэн байна.

Үндсэндээ “шүүхийн маргаан дуусаагүй байсан” гэх нөхцөл байдлыг хариуцагчаас ийнхүү өөр өөрөөр тайлбарлаж маргаан бүхий тушаалуудыг гаргахдаа Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, шалгалтын дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэний дагуу аймаг, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэр бүхий нэхэмжлэгч нарын Төрийн албаны тухай хуулиар олгогдсон нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчсөн байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

1.Хөдөлмөрийн сайдаас нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захиалгыг яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээр гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчилан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а, б, в-д заасан шат дараалсан эрэмбэ зөрчигдсөн гэж үзэхгүй.

Учир нь дээрх журмаар сул орон тоо гарсан тохиолдолд журамд заасны дагуу заавал тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албанд бэлтгэгдсэн байдал зэргээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулах, эсхүл ийнхүү шалгаруулах байдлаар албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулах, ийм боломжгүй тохиолдолд сая уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ирүүлж байхаар хатуу дараалал тогтоогоогүй болно.

Тухайлбал, журмын 14-ийн а/, б/ буюу эхний 2 байдлаар орон тоог нөхөх эрхийг томилох эрх бүхий албан тушаалтанд олгосон, энэ нь “...орон тоог нөхөж болно” гэснээр, харин в/ буюу сонгон шалгаруулах захиалга нь хариуцагчийн хувьд эрх бус үүрэг байдлаар тус тус зохицуулагдсан байна.

2.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2936 дугаар захирамжаар одоогийн гуравдагч этгээд, тухайн хэргийн хувьд нэхэмжлэгч Л.Болдбаатарын хүсэлтээр Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг түдгэлзүүлсэн байх бөгөөд захирамжийн үйлчлэл хүчинтэй хугацаанд зарласан сонгон шалгаруулалтыг үргэлжүүлэн явуулж улмаар нэхэмжлэгч Д.ийг томилсон нь зөрчилтэй хэдий ч ингэснээрээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл Л.Болдбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 487 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй. 

3.Нэхэмжлэгч Ө.*******, Ж******* нарын тухайд аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа сонгон шалгаруулалтад орсон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасантай зөрчилдөөгүй, энэ талаарх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Нэхэмжлэгч С.*******ын хувьд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонтой холбоотой нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй.

5.Анхан шатны шүүхээс  нэхэмжлэгч Д.ы ажилгүй байсан хугацааг 10 сар 16 хоногоор, үүнд хамаарах цалинг 11.286.130 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэхдээ 1 сарын цалин, хөлсийг дутуу тооцжээ. 

Өөрөөр хэлбэл Д. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр чөлөөлөгдөж, мөн сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны хүртэлх хугацаанд Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, гэтэл хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагаагаар мөн оны 9 дүгээр сард ажиллаж байсан мэт харагдах боловч энэ нь түүний Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс чөлөөлөгдөхөд тооцож олгогдсон ээлжийн амралтын цалин байх тул ажилгүй байсан 1 сарын цалин, хөлс болох 1.049.413 төгрөгийг нэмж олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Д.ы ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо 1 сарын дунджийг дээрх дүнгээр тооцож гаргасан, үүнтэй нэхэмжлэгчээс маргаагүй тул түүнд дутуу бодогдсон 1 сарын цалин, хөлсийг мөн адил дээрх дүнгээр тооцсон болно.

Харин давж заалдах гомдолд 1 сарын цалинг чухам ямар үндэслэлээр 2.345.747 төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй байх тул зөрүү 1.296.334 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Д.д 11.286.130 төгрөгийг...” гэснийг “...Д.д 12.335.543 төгрөгийг...” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******тамирын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон нэр бүхий гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн  51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН