| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2020/0097/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 28
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А
Шүүгдэгч Б.Б
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 1912003990352 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Баянхошууны 29-110 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Б-ийн урьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4.500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Б-д 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Х ч” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-ээс 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-ыг бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Нийслэлийн захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны /Хилчиний/ 04-24 тоотод оршин суух Б.Б-д олгож, хохирогч Б.Б-ийн нэхэмжилсэн 14.287.000 /арван дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Б-д энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч Б.Б миний бие шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Б надаас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Б.Б-д олгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б-ийн авсан 2.000 ширхэг шургааг Б нь борлуулсан учир тогтоож хохирол төлөх, шүүх хурал дээр зориуд худлаа хэлсэн учир шалгаж тогтоож өгнө үү. Шүүхэд Б-ээс 2.000 ширхэг шургааг борлуулсан гэж шүүх хурал дээр хэлсээр байтал шийдвэртээ Б-д төлөхөөр шийдсэн учир гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч М.А-ийг авч байгаа тул хуралд оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 300 цагийн хугацаагаар Нийслэлийн захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Харин хохирлын үлдсэн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргуулахаар дурдаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь бүрэн тогтоогдсон. Харин шүүгдэгчийн хувьд хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна. Тухайн 2000 ширхэг шургааг модыг авч явж, худалдан борлуулан зарсан асуудал бол иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаанд хамаарна. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-тэй шургааг нийлүүлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь холбогдох баримтуудаар тодорхой болсон байдаг. Тухайн шургааг модыг хэн нь авч, яаж ашиглаж, ямар ашиг олсон нь тухайн хүмүүсийн хоорондын буюу иргэд хоорондын гэрээний асуудал байгаа учраас энэ асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс хохирогч Б.Б-д 10.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд 2000 ширхэг шургааг модыг ачиж явахад би оролцоогүй, харин Б.Б-тай хамтран ажиллах гэрээ байгуулан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн учраас холбогдох ажил нь хийгдэж байна уу, эсхүл үгүй юу гэдгийг тодруулах зорилгоор нэг удаа ирээд хараад явсан гэдэг. Мөн шүүгдэгчийн яриад байгаа хашаандаа буулгасан эсэх асуудал тодорхой болсон. Хохирогч нь энэ шургааг модыг манай хашаанд буулгасан нь үнэн. Гэхдээ би уг шургааг модыг бусдад зарж худалдаагүй, харин тухайн шургааг модыг гэрээний дагуу Б.Б өөрөө зарж борлуулсан гэж мэдүүлдэг. Гэхдээ тухайн шургааг модыг хэн зарж, ямар ашиг олсон асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой тул энэ асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ хоёр хүн хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд нэг нь хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө хэрхэн авах, мөн олсон ашгаа яаж хуваах нь иргэний хэргийн журмаар шийдвэрлэж болох асуудал юм. Шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хохиролтой холбоогүй зүйлээр гомдол гаргасан байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч нар болон гэрчийн мэдүүлгээр шургааг зарж борлуулах үйл ажиллагааг шүүгдэгч Б.Б зохион байгуулахаар тохиролцсон болох нь тогтоогддог. Хохирогч П.Б-ээс шүүгдэгч Б.Б шургааг авахаар тохиролцсон болох нь тодорхой нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.Б-ыг хоёр үйлдэлд гэм буруутайд тооцдог. Нэгдүгээрт: Хохирогч П.Б-ээс авсан 2000 ширхэг шургаагийн үнийг өгөөгүй залилсан гэдэг. Хоёрдугаарт: “Х ч” компанитай байгуулсан 300 ширхэг шургаагийн үнийг 300.000 төгрөг болгож засварласан гэдэг. Б.Б-ын хувьд гэрээний тоо зассан асуудал дээр маргах зүйл байхгүй. Мөнгө зээлсэн асуудал дээр бол үнийн дүнгийн маргаан байдаг. Хохирогч Б.Б нь Б.Б-ыг 12.000.000 төгрөг авсан гэдэг. Харин Б.Б болохоор 9.000.000 төгрөг авсан гэдэг. Шүүх болохоор Б.Б-ыг Б.Б-ээс 10.000.000 төгрөг авсан байна гэж тогтоосон. Б.Б-ын хувьд 10.000.000 төгрөг авсан гэдэг асуудал дээр маргах зүйл байхгүй. Хамгийн гол гомдоод байгаа зүйл болохоор Б.Б нь Б.Б-тай хамт ирээд 1000 ширхэг шургаагийг ачиж авч яваад хашаандаа буулгасан байдаг. Дараа нь мөн Б.Б өөрийнхөө унаатай ирээд дахиад 1000 ширхэг шургааг аваад явсан байдаг. Ингээд Б.Б 2000 ширхэг шургаагийг авсан байдаг. Б.Б-ын хувьд тухайн үедээ энэ болсон явдлыг хэлэх гэхээр Б.Б-ийн зүгээс чи гэрээ зассан гэдэг үндэслэлээр тулган шаардахад тэрээр дараа нь учрыг нь олж болох байлгүй гээд энэ асуудлыг орхисон байдаг. Шийтгэх тогтоолыг Б.Б-ын хувьд зөвшөөрөхгүй байгаа асуудал болохоор 10.000.000 төгрөгийн шургааг модыг Б.Б өөрөө авсан болохоор түүний үнийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа юм. П.Б-ий хувьд 400 ширхэг шургаагаас эхний ээлжид 300 ширхэг шургааг модыг нэг компанитай гэрээ байгуулаад 1 ширхгийг нь 8.000 төгрөгөөр өгч, гэрээний асуудал дууссан байдаг. П.Б өөрөө болохоор 1 ширхэг шургааг модыг 13.500-16.000 төгрөгөөр зарахад миний 2000 ширхэг шургааг мод 26.000.000 төгрөг болно гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг. Б.Б-ын хувьд 10.000.000 төгрөг авсан бөгөөд буцаагаад төлөөгүй асуудал байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна. Хохирогч П.Б нь Б.Б-ийг эхлээд 1000 ширхэг шургааг, дараа нь дахин 1000 ширхэг шургааг модыг өөрөө ирээд аваад явсан гэж хэлдэг. Үүнийг нягталж хохирол төлбөрийн асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй байна. Учир нь 10.000.000 төгрөг бол бага мөнгө биш юм. Тэгэхээр хохирогч П.Б-ийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан асуудлыг тодруулах шаардлагатай байна. Хохирогч Б.Б-ийн хувьд 2000 ширхэг шургааг мод авсан боловч илүү шургаагийн үнэ гаргуулах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй байна. Хохирогч Б.Б нь би нэг машинд хэдэн шургааг багтдаг болохыг үзэхээр ирсэн бөгөөд нэг машинд 1000 ширхэг шургааг мод багтдаг болохыг мэдсэн гэж хэлсэн байдаг. Мөн Б.Б-ийн хашаанд буулгасан шургааг модонд н.А гэдэг хүн хэргийн газрын үзлэг хийсэн бөгөөд тэр тэмдэглэл нь хэрэгт авагдаагүй байна гэж хэлдэг. Мөн Б.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар өгсөн шургааг модыг авсан гэсэн мэдүүлэг алга болчихлоо гэсэн зүйл ярьдаг. Тэгэхээр эдгээр баримтууд аль шатандаа хаанаас алга болсон гэдгийг тогтоолгох хүсэлттэй байгаа. Мөн 2000 ширхэг шургааг модны асуудал яригдаж байхад шүүхээс 2000 ширхэг банзны асуудлыг шийдээд байдаг. Банз, шургааг хоёр нь төрлийн шинжээрээ хоорондоо ялгаатай юм. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй тул тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Б.Б-ийн хашаа нь өөрөө камертай хүн байтугай шувуу ч ороход хүндрэлтэй хашаа байдаг гэсэн. Б.Б-ын гэрээ засварласан үйлдэл дээр үнэхээр залилангийн шинж байдаг. Харин П.Б-ээс шургааг авч байгаа үйлдэл нь иргэний харилцаанд хамаарахаар харагдаж байна. Б.Б нь П.Б-ээс урьд нь хоёр удаа банз аваад мөнгийг нь өгсөн байдаг. Харин дараа нь шургааг зээлж авсан бөгөөд ашиг олоод мөнгийг нь буцааж өгөх бодолтой байсан гэдэг. Тэгэхээр Б.Б-д холбогдох энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Б.Б нь хохирогч П.Б-д мөрдөн байцаалтын шатанд 5.500.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 3.500.000 төгрөг буюу нийт 9.000.000 төгрөг төлсөн. Одоо П.Б-д ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд эдгээр хүмүүсийн асуудал шийдэгдсэн. Б.Батжаргал нь шургааг модоо зараад П.Б-ий 9.000.000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь ашиг болгох санаатай байсан гэдэг. Гэтэл мөнгө зээлүүлсэн Б.Б нь 2000 ширхэг шургааг модыг нь авснаас болоод Б.Б нь П.Б-д төлөх мөнгөө төлж чадахгүй болсон байдаг. Мөн дахиад Б.Б-д төлбөр төлөх асуудал үүсээд байгаа юм. Хамгийн гол нь Б.Б-д мөнгө зээлүүлсэн хүн давуулаад ашиг олсон асуудал байгаа юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирол төлбөрийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган зөвтгөж шийдвэрлэх шаардлагатай болоод байна. Тэгэхээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүнийг хуурамч гэрээг ашигласан гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... баримт бичиг ашиглаж...гэсэн шинжийг орхигдуулж түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ