Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2021/01078

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д холбогдох,

Гэм хорын хохирол 4 279 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.С, иргэдийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Ц нь 2018 оны 09 сарын12 ны өдөр Орхон аймгийн БӨ сумын зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Д гэгчид нүүрэн тус газартай цохиулж эрүүл мэндээрээ хохирч Орхон аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож 2018-10-30 ны өдрийн 5\34 дугаартай Орхон аймгийн прокурорын газрын яллах дүгнэлт гарч 2018-11-28ны өдрийн 382 дугаартай орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдэх тогтоол гарч шүүгдэгч хотгор овогт Б.Дг эрүүгийн хуулийн 11.6 -р зүйлийн 1т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдэх тогтоолын дагуу тухайн үеийн хохирол болох бодит хохиролыг гаргуулан бусад хэсгийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирч дээд үүдэн 3 шүдний туушан яс нь хугарсан амьгүй болсон байсныг жил гараны хугацаатай күрс эмчилгээ хийсэний дараа хугарсан 2 шүдийг хийлгэхгүй бол тухайн үед болохгүй гэж байсан болохоор бүрэн эдгэрсэний дараа 2 шүдээ хийлгэсэн юм. Иймд иргэн Б.Дгаас миний эрүүл мэндэд зарцуулсан хохиролын мөнгө болох ХХБ- аас ээжийн минь зээлээр авч эрүүл мэндийн эмчилгээндээ зарцуулсан 3.900.000 төгрөг хүү 379.000 төгрөг нийт 4.279.000 төгрөгийг иргэний шугамаар нэхэмжлэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Б. Д нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 11.6.1-д заасан зүйл ангиар торгох ялаар шийтгүүлсэн. Тухайн үед уг хэргийн хохирогч X.Цд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Эрүүгийн шүүх хурлаар 2018 онд хэлэлцээд 222 900 төгрөгний баримтыг давхардуулсан байна гэж байсан. X.Цийн дээд зүүн 1, 2 шүд, дээд баруун 1 шүд буюу 11-р шүд хөдөлсөн, доод зүүн 1 шүд буюу 31-р шүд, доод баруун 2 шүд буюу 32-р шүд хугарсан хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарч байжээ. X.Цийн нэхэмжлэлд 2018 оны 1825006300424 тоот эрүүгийн хэргийн материалд хавсаргасан байсан материалуудыг дахин хавсаргасан байна. Эрүүгийн шүүх хурлаар шүд ломбодуулсан, бага араа ломбодуулсан, кофе шопоор үйлчлүүлсэн, мөн цуг ирсэн гэрийнхэний замын зардал зэргийг тооцон 1 242 900 төгрөгийг гаргуулж байжээ. Одоо 2 имплантны үнэ 3 970 000 төгрөг, хүү 379 000 төгрөг, нийт 4 279 000 төгрөг гэснээс хүү 379 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Имплантны үнэ 3 970 000 төгрөгнд ямар эмчилгээ, үйлчилгээ хийсэн нь тодорхой бус ойлгомжгүй байна. Холбогдох баримтыг албан ёсны болгож, дахин нягталсны дараа төлөх үндэслэл байнаа эсэхээ шийднэ гэв.

Иргэдийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Залуучууд хоорондоо зодолдоод нэгнээ хохироосноос хойш зардлыг нь төлүүлэх боломжтой. Нөгөө нь эрүүл мэндээрээ хохироод идэж уухаас эхлээд хэцүү байдаг байх. Эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Б.Дд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 4 279 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Х.Цтэй үл ялих зүйлээр маргалдан нүүрэн тус газарт нэг удаа гараар цохиж, Х.Цийн биед гурван шүдний ганхалт, хоёр шүдний хугарал, доод уруулын дотор салстад шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Дг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, зааснаар шүүгдэгч Б.Дгаас 1 242 900 төгрөг гаргуулан Х.Цд олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч Х.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “…Доод 31, 32 дугаар имплант шүдний төлбөрт 3 900 000 төгрөг төлсөн, үүний нэг шүд нь хугарсан шүдэнд суулгасан тул арай хямд өртөгтэй байсан. Шүд хийлгэхэд ээж Л.Бадам Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд зээлийн хүүний төлбөрт төлсөн 379 000 төгрөг нийт 4 279 000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Миний бие гэм буруугийн талаар маргахгүй, харин бодит гарсан зардлыг төлөх ёстой гэж үзэж байсан. Ийм үндэслэлээр ч эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон. 1 200 000 төгрөгт түүний хорхойтсон араа шүдний ломбодсон төлбөр, идэж уух зүйлс, ээжийнх нь буудлын төлбөр багтсан байгааг мэдлээ. Мөн туушин яс гэмтсэн гэсэн гэмтлийн зэрэг гараагүй, картанд ч энэ талаар тэмдэглээгүй байна. 3 жилийн хугацаанд яасныг юу болсныг хэн ч мэдэхгүй. Иймд төлбөр төлөхийг эсэргүүцэж байна гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Хариуцагч Б.Дн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Х.Цийн 3 шүд хөдөлгөөнд орж, 2 шүд хугарсан бөгөөд 31, 32 дугаар шүдний оронд имплант суулгах шаардлагатай болсон болох нь “Mу dent” шүдний эмнэлгийн эмч Т.Энхзаягийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд тэмдэглэгдсэн бичвэрээр нотлогдож байна.

 “Mу dent” шүдний эмнэлэг имплант шүд суулгах үйлчилгээ үзүүлдэггүй тул нэхэмжлэгч Х.Ц Басхүү ипмлант эмнэлгийг сонгож үйлчлүүлсэн гэж тайлбарласан бөгөөд имплант шүдний төлбөрт 3 950 000 төгрөг төлсөн болох нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Баса ХХК-ний санхүүгийн тэмдэгтэй эмчилгээний баримтаар болон е-баримтаар тус тус нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба хариуцагч Б.Дн шүдний гэмтэлтэй холбоогүй зардал төлсөн байсан гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн араа шүд ломбодуулсан байгаа шүдний дэлгэмэл зургаар батлагдаж байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б.Дгаас имплант шүдний төлбөрт  3 900 000 төгрөг /нэхэмжлэлийн шаардлагад дурдсан/ гаргуулан нэхэмжлэгч Х.Цд олгож, банкны хүүний төлбөр 379 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Р.Б “…эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй, ядаж 50 хувийг гаргуулж болохгүй юу гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа уг дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

  Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 83 414 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас 77 350  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цд олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Дгаас 3 900 000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 379 000 /гурван зуун далан есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 83 414 /наян гурван мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас 77 350  /далан долоон мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧИД                                              Б.БЯМБАСҮРЭН

                     Р.ҮҮРИЙНТУЯА