Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 05

 

Х............ийн нэхэмжлэлтэй,

Б............д  холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01078 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б............д холбогдох,

 

 “Гэм хорын хохирол 4.279.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч Б............н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагч Б............, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Х............ нь 2018 оны 09 сарын12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Б............ гэгчид нүүрэн тус газартай цохиулж эрүүл мэндээрээ хохирч Орхон аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож 2018-10-30-ны өдрийн 5\34 дугаартай Орхон аймгийн прокурорын газрын яллах дүгнэлт гарч 2018-11-28-ны өдрийн 382 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдэх тогтоол гарч шүүгдэгч хотгор овогт Б............г эрүүгийн хуулийн 11.6 -р зүйлийн 1т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдэх тогтоолын дагуу тухайн үеийн хохирол болох бодит хохирлыг гаргуулан бусад хэсгийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирч дээд үүдэн 3 шүдний туушан яс нь хугарсан амьгүй болсон байсныг жил гарангийн хугацаатай курс эмчилгээ хийсний дараа хугарсан 2 шүдийг хийлгэхгүй бол тухайн үед болохгүй гэж байсан болохоор бүрэн эдгэрсний дараа 2 шүдээ хийлгэсэн юм. Иймд иргэн Б............гаас миний эрүүл мэндэд зарцуулсан хохирлын мөнгө болох ХХБ- аас ээжийн минь зээлээр авч эрүүл мэндийн эмчилгээндээ зарцуулсан 3.900.000 төгрөг хүү 379.000 төгрөг нийт 4.279.000 төгрөгийг иргэний шугамаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б............ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Б. ........... нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 11.6.1-д заасан зүйл ангиар торгох ялаар шийтгүүлсэн. Тухайн үед уг хэргийн хохирогч X............д хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Эрүүгийн шүүх хурлаар 2018 онд хэлэлцээд 222.900 төгрөгийн баримтыг давхардуулсан байна гэж байсан. X............ийн дээд зүүн 1, 2 шүд, дээд баруун 1 шүд буюу 11-р шүд хөдөлсөн, доод зүүн 1 шүд буюу 31-р шүд, доод баруун 2 шүд буюу 32-р шүд хугарсан хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарч байжээ. X............ийн нэхэмжлэлд 2018 оны 1825006300424 тоот эрүүгийн хэргийн материалд хавсаргасан байсан материалуудыг дахин хавсаргасан байна. Эрүүгийн шүүх хурлаар шүд ломбодуулсан, бага араа ломбодуулсан, кофе шопоор үйлчлүүлсэн, мөн цуг ирсэн гэрийнхний замын зардал зэргийг тооцон 1.242.900 төгрөгийг гаргуулж байжээ. Одоо 2 имплантны үнэ 3.970.000 төгрөг, хүү 379.000 төгрөг, нийт 4.279.000 төгрөг гэснээс хүү 379.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Имплантны үнэ 3.970.000 төгрөгт ямар эмчилгээ, үйлчилгээ хийсэн нь тодорхой бус ойлгомжгүй байна. Холбогдох баримтыг албан ёсны болгож, дахин нягталсны дараа төлөх үндэслэл байгаа эсэхээ шийднэ гэв.

Иргэдийн төлөөлөгч Р.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Залуучууд хоорондоо зодолдоод нэгнээ хохироосноос хойш зардлыг нь төлүүлэх боломжтой. Нөгөө нь эрүүл мэндээрээ хохироод идэж уухаас эхлээд хэцүү байдаг байх. Эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01078 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б............гаас 3.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 379.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 83.414 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............гаас 77.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгосугай.

Хариуцагч Б............ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б............ нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1078 тоот шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Ц............ийн нэхэмжлэлд 3.950.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүх 379.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 3 жилийн өмнө болсон явдалд тухайн үед 19 настай би ээж аавд энэ талаар хэлээгүй байсан бөгөөд шүүхээс төл гэсэн төлбөрийг төлсөн. Сая дахин нэхэмжлэл гаргахад тухайн үед гаргасан баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд араа шүдээ эмчлүүлж сувгийн эмчилгээний төлбөр Улаанбаатар хотод ээж нь буудалд хоносон төлбөр зэргийг нэхсэнийг төлүүлсэн юм байна. Х............ тухайн үед Улаанбаатар хот руу ээжийн хамт яваад эргээд Эрдэнэт рүү ирэхдээ ганцаараа ирж байсан билетүүд байсан байна. 31-р шүдэнд Баса ХХК-нд имплант хийлгэсэн юм байна гэж ойлголоо. Гэхдээ уг эмнэлгийн эмчийн имплант хийсэн бичиг англи хэл дээр бичсэн бөгөөд түүнийгээ орчуулж өгөөгүй 31 гэсэн тооны ард 3.000.000 гэсэн нь 31-р шүдэнд имплант хийсэн нь 3.000.000 болсон гэж ойлгосон. Иймээс 900.000 төгрөг нь юуных болох нь  тодорхой бус тул 900.000 төгрөгийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б............н гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х............ нь эрүүгийн хэргийн хохирогч болсон бөгөөд тухайн үедээ эрүүгийн хэрэгт хариуцагчаас анхан шатны эмчилгээний зардал авсан юм. Энэ удаад Баса имплант эмнэлгээр үйлчлүүлж, имплант суулгасан төлбөрөө нэхэмжилсэн болно. Энэ нь Баса ХХК-ны Баса имплант шүдний эмнэлгийн и баримтаар нотлогддог юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэгт төлсөн эмчилгээний зардал хохирол нь тухайн үеийн асуудал байсныг одоо нэхэмжилж буй иргэний хэргийн асуудалтай хариуцагч хамтад нь ойлгож хасалт хийлгэх гомдол гаргасан байна гэж үзэж байна. Иймд хариуцагч Б............н гомдлыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлаагүй бүхэлд  нь хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х............ нь хариуцагч Б............гаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 4.279.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б............ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Х............ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Б............ нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Х............тэй үл ялих зүйлээс болж маргаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж үүдэн шүдний ганхалт, 2 шүд хугарал, доод уруулын дотор салстад шарх үүсэн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Х............ нь доод 31, 32 дугаар шүдэнд имплант суулгуулсан зардал 3.900.000 төгрөг төлсөн, шүд хийлгэхэд ээж Л.Бадам нь цалингийн зээл авсан түүний хүүний төлбөрт 379.000 төгрөг төлсөн нийт 4.289.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б............ нь гарсан бодит зардлыг төлнө түүний хорхойтсон араа ломбодож, идэж уусан юмны үнэ, ээжийнх нь цалингийн зээлийн хүүг төлөхгүй, гэмтлийн зэрэгт тогтоогдоогүй туушин яс гэмтсэн гэсэн гэмтэл гаргаж ирсэн 3 жилийн хугацаанд юу болсон яасныг мэдэхгүй төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Х............ийн үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй болсон, 2 шүд хугарсан, 31, 32 дугаар шүдний ормонд ясны хугарал гарсны дараа имплант шүд суулгах талаар “Му dent” шүдний эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдсон байна.

Басхүү имплант клиник эмнэлгээр 31 дүгээр шүдэнд имплант шүд хийлгэж 3.000.000 төгрөг төлсөн болох нь эмнэлгийн тодорхойлолт, э-баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1.-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасны дагуу хариуцагч Б............ нь нэхэмжлэгч Х............д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай бөгөөд хариуцагч Б............ гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б............гаас эмчилгээний төлбөрт 3.900.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч Х............ийн “Baskhuu implant clinic” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн баримт тодорхойлолт нь /хх-26/ англи хэлээр бичигдсэн 950.000 төгрөгийн зардал ямар эмчилгээ юунд хийгдсэн нь тодорхойгүй байхад нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулсан нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2 шүдэнд имплант хийлгэсэн зардал гэсэн тайлбар болон имплант шүд суулгасан эмнэлгийн баримтыг үндэслэн хариуцагч Б............гаас 3.000.000 гаргуулж нэхэмжлэгчид олгох баримтаар нотлогдоогүй 950.000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

 

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “эмчилгээний зардлын 50 хувийг  гаргуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх дүгнэлт гаргахдаа харгалзан үзсэн талаар дүгнэжээ. Хариуцагч Б............ нь гэм буруугүй болохоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан үндэслэлээр нотолж чадаагүй тул эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр  төлөх үүрэгтэй, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй юм. Иргэдийн төлөөлөгч энэ талаар үндэслэл муутай дүгнэлт гаргажээ.

Харин шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлж, эмчилгээний баримтын зарим зардал тодорхойгүй, ямар эмчилгээнд 950.000 төгрөгийн зардал гаргасныг анхаараагүй шийдвэрлэсэн байна. Энэ талаар давж заалдах гомдол гаргасан хариуцагч Б............н гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2021/01078 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б............гаас 3.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 379.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”  гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Б............гаас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.279.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 83.414 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............гаас 77.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 83.414 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............гаас 35.246 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х............д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б............н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                           С.УРАНЧИМЭГ