Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/01125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т С ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б

Хариуцагч: Б.О нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 17 721 496.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т С ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Мгийн Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-нд манай Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэж товчилно/-тай 18/174 тоот зээлийн гэрээ байгуулж бизнесийн зориулалтаар 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээнд Оюунбатын О хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Талуудын баталсан гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн сар бүрийн хуваарь ёсоор зээл, хүүг 2018 оны 17 дугаар сарын 15-аас эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусах ба нийт зээл 15 000 000 төгрөг, тооцогдсон хүү 12 071 837 төгрөг, бүгд 27 071 837 төгрөгийг буцаан төлөх ёстой. Энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож М.Бгийн Ү-2101021056 тоот гэрчилгээтэй хувийн сууц, Г-2101016492 тоот гэрчилгээтэй өмчлөх эрхтэй газрыг барьцаалан 2018 оны 11 дүгээр сарын 13-нд барьцааны 18/174 тоот гэрээг мөн байгуулсан. Энэ гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхгүй О.О мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Бгийн huyndai sonata маркын 3677 ОРО, Mitsubishi colt маркын 9750 ОРХ, ТОҮОТА fun cargo маркын 8803 ОРО дугаарын машинуудыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 18/174 тоот Фидуцын гэрээгээр зээлдэгч өөрөө унаж ашиглах эрхтэйгээр зээлдүүлэгчид эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Энэ гэрээнд автомашиныг эзэмших эрхгүй О.О мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлдэгч нар 2020 оны 01 дүгээр сард зээл, хүүг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа тул 2020 оны 01 сарын 15-ны байдлаарх зээл, хүүгийн үлдэгдэл 11 690 000 төгрөгөө шинэ зээл болгон гэрээгээ шинэчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Бгийн эхнэр Баасансүрэнгийн О нэмэгдэж зээл, барьцааны гэрээг 2020 оны 01 сарын 15-ны 20/16 тоот болгон шинэчилэн байгуулсан. Энэ гэрээгээр зээлийн хугацааг дээрх гэрээ шинэчилсэн хугацаанаас эхлэн дахин шинээр 36 сараар тогтоож, 2023 оны 01 сарын 20-нд дуусахаар зээл, хүүгийн эргэн төлөлтийн хувиарыг мөн шинэчилсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч О.О нас барсан тул 2020 оны 3 дугаар сард зээлдэгч М.Бгийн бичгээр гаргасан хүсэлтээр 2020 оны 03 сарын 30-нд "Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ" 20/16-1 тоот гэрээг зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтэгч Б.О нартай байгуулсан. Энэ гэрээгээр зээлийн хэмжээг төлөгдөөгүй үлдэгдлээр 12 027 384 /Арван хоёр сая хорин долоон мянга гурван зуун наян дөрвөн/ төгрөг болгосон. Энэ гэрээг 2020 оны 01 сарын 15-ны 20/16 тоот гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон. Гэрээний үүргийн биелэлт. Зээлийн гэрээний үүрэг, хувиар ёсоор:

а. 2020 оны 01 дүгээр сарын 15 гэхэд зээл хүүд 10 527 936.44 төгрөг төлөгдөж 11 152 048.51 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой. Бодит байдал дээр 2020 оын 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд зээл хүүд 9 673 933.95 төгрөг төлөгдөж бага зэргийн алдагдалтай боловч үндсэндээ зээл төлөлт хэвийн шахуу байсан.

б. 2020 оны 01 сарын 15-нд гэрээг шинэчлэн байгуулснаар зээлдэгч нар сар бүр 583 515.39 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл үүнээс хойш 2020 оны 02 сарын 27-нд нэг удаа 667 727.95 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийлгүй одоог хүрч байна. Иймд "Т С" ББСБ-ын хувьд Зээлийн гэрээний 7.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүрэг шаардах эрх үүсч байна. Нэхэмжлэх дүнгийн тооцоо: Зээлдэгч нарын төлөөгүй зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг 2021 оны 09 дүгээр сарын 27-оор тооцоход 20 237 060.50 төгрөг болж байна. "Т С" ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн тооцоог 2021 оны 04 дүгээр сарын 15-наар тасалбар болгон төлөгдөөгүй зээл 11 396 398 төгрөг, хуримтлагдсан хүү 5 482 878.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842 220.03 төгрөг бүгд 17 721 496.21 төгрөгийг зээлдэгч М.Б, Б.О нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын барьцаа хөрөнгө, өмчлөлд шилжүүлсэн /фидуци/ хөрөнгөнөөс хангуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулахад үлдэгдэл төлбөр арай өөр дүнтэй байсан ба 2020 оны 02 дугаар сарын 27-нд 600 000 төгрөг төлсөн байсан. Үүний зөрүүнүүдийг тооцоход  татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т С" ББСБ-ын нэхэмжлэлтэй М.Б, Б.О нараас зээлийн төлбөрт 17 721 469.21 төгрөг гаргуулан авахаар шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:1."Т СББСБ"  ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн Б.Оээс зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан явдал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгө хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч гэх Б.Оийн дансанд нэг ч төгрөг хийгээгүйн дээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч М.Бгийн дансанд ч мөнгө хийгээгүй учраас Б.От зээл олгосон байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас хариуцагч болохгүй. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад тухайн зээлийн гэрээ хийгдээд хариуцагч М.Бн Хаан банкин дахь 5274045205 дугаартай дансанд 15 000 000 төгрөг орсон байгаагаас харахад нэхэмжлэгчээс М.Б хамтран зээлдэгч О.От өгсөн гэдэг. Нэгэнт зээлийн гэрээний нэг тал болох О.О энэ хэрэгт хамтран хариуцагч байх учиртай ч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан учраас түүний өвлөгчийг энэ хэрэгт хариуцагчаар татах учиртай. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нарын дансанд зээлийн гэрээнд заасан 15 000 000 төгрөг орсон байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцох учиртай байтал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр тооцож төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК нь хариуцагч М.Б, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 11 396 398 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 5 482 878.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 842 220.03 төгрөг нийт 17 721 496.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

“Т СББСБ” ХХК, зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч О.О нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18/174 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар нэхэмжлэгчийн Г банкны 4015104288 тоот данснаас хариуцагч М.Бн Хаан банкны 5274045205 дансанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ болон М.Бн Хаан банкны депозит дансны хуулга, Г банкны мемориалын баримтуудаар нотлогдож байна.

Дээрхи зээлийн гэрээнээс гадна мөн өдөртөө 18/174 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүдийг байгуулж, зээлдэгч М.Бн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам 7-44 тоотод байрлах, 58.5 м.кв талбайтай, Ү-2101021056 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 655 м.кв талбайтай, Г-2101016492 улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Мөн зээлдэгч М.Бн өмчлөлийн хуйндэй соната маркийн, мөнгөлөг өнгийн 3677 ОРО улсын дугаартай суудлын автомашин, пан карго маркийн шаргал өнгийн 8803 ОРО улсын дугаартай суудлын автомашин, солт маркийн, мөнгөлөг өнгийн 9750 ОРХ улсын дугаартай суудлын автомашинуудыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээний талаар талууд маргаагүй, 15 000 000 төгрөгийг авсан болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болон 03 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч М.Б зээлийн эргэн төлөх хугацааг 36 сараар сунгуулах, эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оийг нэмсэн зээлийн гэрээг талууд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байна.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ковед өвчин гарч, төрөөс зарим нэг хязгаарлалт хийснээс бизнесийн үйл ажиллагаа доголдож хариуцагч нар зээлээ хугацаандаа төлөхөд хүндрэлтэй болсон. Тэдний хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг сунгаж дахин гэрээ байгуулсан ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 20/16, 20/16-1 тоот барьцаат зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Бн эхнэр Б.О оролцож, үүрэг хүлээхээр болсон гэж тайлбарладаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нарт нэг ч төгрөг өгөөгүй, Б.О зээл аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй. Сүүлд байгуулсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн болох нь 2015001005 улсын бүртгэлийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр болон ТЗ 101/445 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус нотлогдоно.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК-аас зээл буцаан дуудах мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлж байсан эсэх нь нотлогдохгүй, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тус шүүхэд нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хариуцагч нараас зээлийн төлбөр гаргуулахаар шаардаж байсан нэхэмжлэлээр гэрээнээс татгалзсныг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.-д “Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчилэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж тодорхойлсон.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.О 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болохыг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 310 дугаарт бүртгэсэн гэсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг бөгөөд тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурсан, нас барсны бүртгэлд тодорхойлсноор 40 насандаа нас барсан гэж үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байх магадлалтай бөгөөд нас барсны бүртгэлд огноог ташаа бичсэн байна гэж дүгнэв.

Хариуцагч Б.О зээлийн мөнгийг хүлээж аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийн хувьд  хамтран хариуцах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хэнээс шаардах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх юм.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн хуулийн 21.2.Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

Иймд хариуцагч М.Б, Б.О нараас үндсэн зээлийн төлбөрт 11 059 933.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4 975 351.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 841 862.03 төгрөг нийт 16 877 146.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 844 349.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 11 152 048.52 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч нь нэмж зээл олгосон болох нь нотлогдоогүй учир зээлийн үлдэгдэл төлбөрөөр тооцож, хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн зээлийн үүргийг хасч тооцсон болно.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талууд гэрээг бичгээр байгуулж, автомашинууд “Т СББСБ” ХХК-ний өмчлөлд шилжсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь худалдан борлуулах эрхтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр  заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам 7-44 тоотод байрлах Ү-2101021056 улсын бүртгэлийн дугаартай, 58.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101016492 улсын бүртгэлийн дугаартай 655 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 246 558 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Б.О нараас 242 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК-д олгохоор заалаа.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан “Т СББСБ” ХХК, зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.О, О.О нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/16 тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/16-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Б, Б.О нараас зээлийн төлбөрт нийт 16 877 146.73 /арван зургаан сая найман зуун далан долоон мянга нэг зуун дөчин зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, гаргуулан нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 844 349.48 /найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөчин есөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 159 дүгээр зүйлийн 159.1., 175 дугаар зүйлийн 175.1., 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам 7-44 тоотод байрлах Ү-2101021056 улсын бүртгэлийн дугаартай, 58.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101016492 улсын бүртгэлийн дугаартай 655 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хуйндэй соната маркийн, мөнгөлөг өнгийн 3677 ОРО улсын дугаартай суудлын автомашин, пан карго маркийн шаргал өнгийн 8803 ОРО улсын дугаартай суудлын автомашин, солт маркийн, мөнгөлөг өнгийн 9750 ОРХ улсын дугаартай суудлын автомашинуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 558 /хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Б.О нараас 242 336 /хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т СББСБ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ