Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0598

 

2020 оны 09 сарын 17 өдөр            Дугаар 128/ШШ2020/0598          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г.Х ” ХХК /РД: ..../

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах[1]

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах. “Г.Х ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон ...  аймгийн Ц  сум, ...  газарт орших MV-004...  тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр манай компанийн ашигт малтмал ашиглалтын MV-004...  тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Тиймээс уг дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар хандаж байна.

1. Хариуцагч Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дэх заалтад”тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж мөн Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 14-т Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан ”нутгийн захиргааны байгууллага” гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнчлэн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ” гэж тайлбарласан байдаг.

            Дээрх хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар ёсоор дүгнэлт гаргах эрх бүхий этгээд нь аль нэгэн ажлын хэсэг бус байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна. Гэтэл хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох хариуцагчийн 2019/... дугаар дүгнэлтийн 1 дэх заалтад “...  аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “У.Г ” ХХК-ийн эзэмшдэг MV-020...  тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй” гэж үзсэн байдаг. Тиймээс хариуцагчид хуулиар дүгнэлт гаргах эрх олгоогүйгээс гадна, дүгнэлт Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэж болохоор байна.

            2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлөх эрхтэй эсэх: Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө” гэж заасан байна. Дурдсан хуульд зааснаар ямар нэг ажлын хэсэг яамыг төлөөлөх эрх огт олгогдоогүй ба Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дэх заалтын шаардлага ёсоор хэрвээ хариуцагч дүгнэлтээ хуульд нийцүүлэн гаргасан тохиолдолд зайлшгүй сайд эсхүл төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулан гаргах ёстой байжээ.

            3. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн” 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар “3.4 Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хэсэг нэмж, “3.3 Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

            Иймээс хариуцагч дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

            Тодруулбал, манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт бүхий захиргааны акт болох 2019/... дугаар дүгнэлт гаргахдаа манай компанийг зайлшгүй татан оролцуулж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгож, нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах үүрэгтэй байсан.

            Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг зөрчсөн байх тул уг дүгнэлтийг үндэслэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг мөн хууль бус, хүчингүй болгох үндэслэлийн бий болгосон.

            4. Хариуцагч дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй: Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн Монгол улсын цор ганц Төрийн захиргааны төв байгууллага гэж ойлгодог. Гэтэл энэ мэргэшсэн яамны Ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын албан бичгийг аялдан дагаж уламжилдаг, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй хамаарна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заажээ.

            Нэхэмжлэгч “Г.Х ” ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны Ажлын хэсгийн дүгнэлтэд огт тусаагүй байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам нь дүгнэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, архив албан хэрэг хөтлөлтийн ММS 5141-2011 стандартыг илтэд зөрчиж, Байгаль орчин хортой үйл ажиллагаа явуулсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрхэн хортой үйл ажиллагаа явуулсан талаар баримт огт байхгүй. Хуульд Байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэг нь Байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, гэмтээх, сүйтгэх, сөнөөх зэрэг үйлдэл эс үйлдэхгүйг хэлнэ гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч компанийн зүгээс байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн гэдэг нь тогтоогдсон бол Иргэний журмаар гэм хорын шаардлага гаргах нь эрх нь үүснэ. Манай компани нь байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь манай компанид хамааралгүй “М.Г ” ХХК, “А.Г ” ХХК-д хамааралтай байсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: ““Г.Х ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон ...  аймгийн Ц  сум, ...  газарт орших MV-004...  дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрх шийдвэрийн хэсэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар дүгнэлтийг үндэслэсэн гэдгээ дурдсан байсан. Энэ дүгнэлтийг манай компанийн зүгээс мэдээгүй, уг дүгнэлттэй танилцах талаар хүсэлт гаргаж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын хэлтсийн газрын дарга П.Ц-ны 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 06/6189 тоот албан бичгээр мэдсэн. Энэ дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн байгууллага нь 2018 оны Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой өөрчлөлт оруулсан. Хуулиар тухайлан зохицуулсан бусад харилцааг зохицуулна гэсэн хэсгийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хууль салбарын зөрчил, тодорхой эрүүгийн хэрэг, Цэцийн маргаанаар шийдвэрлэхээс бусад харилцаанд үйлчлэх агуулга, бүтэц байдлаар цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой өөрчлөлт орсон. Иймд хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг үйл ажиллагаанд мөрдөж ажиллах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх оролцоог хангах” гэсэн зарчмын дагуу сонсох ажиллагааг огт хийхгүйгээр дүгнэлтээ гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсох ажиллагааг хийгээгүй тохиолдолд тухайн захиргааны актын хэрэгт ямар үндэслэл шалтгаанаар сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг талаар баримтаа хавсаргах ёстой. Энэ баримтыг ирүүлэхийн шүүхийн зүгээс удаа дараа шаардсан боловч хариуцагч байгууллагаас ирүүлээгүй. Мөн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шийдвэрээ нэхэмжлэгч талд зохих ёсоор мэдэгдээгүй, дам сонссон. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам нь дүгнэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, архив албан хэрэг хөтлөлтийн ММS 5141-2011 стандартыг илтэд зөрчиж, Байгаль орчин хортой үйл ажиллагаа явуулсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрхэн хортой үйл ажиллагаа явуулсан талаар баримт огт байхгүй. Хуульд Байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэг нь Байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, гэмтээх, сүйтгэх, сөнөөх зэрэг үйлдэл эс үйлдэхгүйг хэлнэ гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч компанийн зүгээс байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн гэдэг нь тогтоогдсон бол Иргэний журмаар гэм хорын шаардлага гаргах нь эрх нь үүснэ. Манай компани нь байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь манай компанид хамааралгүй “М.Г ” ХХК, “А.Г ” ХХК-д хамааралтай байсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

            Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. 15  дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” ...  аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Г.Х ” ХХК-ийн эзэмшдэг MV-004...  тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

            “Санал хүргүүлэх тухай” ...  аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр MV-004...  дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Г.Х ” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэж уламжилсан байдаг.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална. 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана” гэж заасны дагуу цуцлуулах дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

            Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д зааснаар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн эрх нь Байгаль орчны яаманд байдаг. ...  аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичигт байгаль орчинд хортой нөлөөл үзүүлэх эрсдэлтэй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлж тухайн дүгнэлтийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй бол болно гэж заасан. Манай ажлын хэсгийн удирдамж, тушаалд сонсох ажиллагааг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллахыг үүрэг болгосон. Манай байгууллагын ажлын хэсэг нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлж дүгнэлтийг гаргасан. Иймд дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, мөн ...  аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Г.Х ” ХХК-ийн эзэмшдэг MV-004...  тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчин хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана” гэж заасны дагуу цуцлуулах дүгнэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д зааснаар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн эрх нь Байгаль орчны яаманд байдаг. ...  аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичигт байгаль орчинд хортой нөлөөл үзүүлэх эрсдэлтэй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлж тухайн дүгнэлтийг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй бол болно гэж заасан. Манай ажлын хэсгийн удирдамж тушаалд сонсох ажиллагааг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллахыг үүрэг болгосон. Манай байгууллагын ажлын хэсэг нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлж дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Г.Х ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байдлын тухайд:

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд ...  аймгийн Ц  сумын Бодонтын ам нэртэй 764 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-004...  дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх “А.Д.М ” ХХК-д 30 жилийн хугацаатай олгож, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015  оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 628 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-004...  дугаартай тусгай зөвшөөрлийг “А.Д.М ” ХХК-иас “Б...” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, дахин Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 951 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-004...  дугаартай тусгай зөвшөөрлийг “Б... ” ХХК-иас “Г.Х ” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ[3].   

            Нэхэмжлэгч “Г.Х ” ХХК нь ...  аймгийн Ц  сумын нутаг Бодонтын ам нэртэй 764 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-004...  дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ‘‘тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан’’ гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... тоот дүгнэлтээр[4] тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 421 дугаар шийдвэрээр цуцалжээ[5].

            Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагчид хуулиар дүгнэлт гаргах эрх олгоогүйгээс гадна, дүгнэлт Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй ... “Г.Х ” ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар дүгнэлтэд огт тусаагүй ... хариуцагч нь дүгнэлтийг нэхэмжлэгч компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй, ... дүгнэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, архив албан хэрэг хөтлөлтийн ММS 5141-2011 стандартыг илтэд зөрчсөн, ...  Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь манай компанид хамааралгүй “М.Г ” ХХК, “А.Г ” ХХК-д хамааралтай байсан,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэж тайлбарлажээ.

            ...  аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр[6] “MV-004...  дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г.Х ” ХХК-ийн үйл ажиллагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  хүргүүлжээ.

            Уг саналтай холбогдуулан ...  аймгийн Засаг даргын орлогч Б.Болормааг гэрчээр асууж “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн уул уурхайн компаниудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай агуулга бүхий санал гаргах болсон үндэслэлийн талаар тодруулахад,       

            “Би Засаг даргын  орлогч албан тушаалтай. Би ...  аймгийн Засаг даргын эзгүйд уг албан бичгийг гарын үсэг зурж хүргүүлсэн. ...  аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц-аар ахлуулсан ажлын хэсэг ...  аймгийн Ц  сумын ... багт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотой хяналт, шалгалт хийх чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Тус ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд орж ажилладаг. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга эзгүй байсан бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Ц  уг албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх шаардлагатай талаар танилцуулж, миний бие албан бичигт гарын үсэг зурсан. Уг ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын мөрөөр тухайн албан бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлсэн. ...Тухайн ажлын хэсгийг удирдан ажилласан Б.Ц  энэ талаар илүү сайн тодорхой мэднэ ...” гэсний дагуу ...  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц аас уг асуудлаар гэрчийн мэдүүлэг авахад, “... ...  аймгийн Засаг даргаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын орлогчоор уламжлуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. ... Зөвхөн “Г.Х ” ХХК гэхгүйгээр Ц  сумын Орхон багт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бүх аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай агуулга бүхий саналыг хүргүүлсэн. Ц  сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь гол мөрний эх бүрэлдэн тогтох, газар нутагт хамаардаг. Эдгээр аж ахуй  нэгжийн үйл ажиллагаанаас шалтгаалан Орхон гол бохирдож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж бүх тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаарх холбогдох дүгнэлтийг гаргуулахаар дээрх алба бичгийг хүргүүлсэн. ... байгууллагууд горимын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа боловч байгаль орчинд сөрөг нөлөөг ихэр үзүүлдэг ... Яг энэ тухайлсан компанийн хувьд оноож нөлөөлөл үзүүлсэн болохыг сайн мэдэхгүй, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, танилцуулгад энэ талаар дурдсан байгаа байх” гэжээ.

            Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/... тоот дүгнэлтдээ “...  аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “Г.Х ” ХХК-ийн эзэмшдэг MV-004...  тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Мөн ...  аймгийн Засаг даргын орлогч 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн  албан бичгээр тус шүүхэд “... Г.Х  ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагаа нь Орхон голыг бохирдуулж, газрын хэвлийг сүйтгэн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байсан ба энэ бүс нутагт уул уурхайн олборлолт явуулах боломжгүй  гэж  үзсэн  тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан саналыг холбогдох төрийн захиргааны  байгууллагад хүргүүлсэн” гэж тайлбарыг ирүүлжээ.

             Мөн хавтаст хэрэгт авагдсан ...  аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулгад “Г.Х ” ХХК нь MV-004...  тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдах  голын энгийн  хамгаалалтын бүсийн хилийг тогтоож тэмдэгжүүлэх ажлыг С  ХХК-аар гүйцэтгүүлж, орон нутагт хүлээлгэн өгсөн  байна. Г.Х  ХХК нь Бодонтын амны 24.7 га-д 2016 оныг хүртэл , 6.5 га-д 2017 онд, Өлийн голын талбайд 4 га-д тус тус техникийн, 2017 онд 11.2 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. ... “Г.Х ” ... ХХК-ууд уурхайд байх бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасны дараа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу уулын ажлыг явуулсан. ... “Г.Х ” ХХК нь Бодонтын амны 31.2 га-д 2017 оныг хүртэл, 2018 онд 5.5 га-д техникийн нөхөн сэргээлт хийгээд байна. ... “Г.Х ” ХХК-ийн MV-004...  тусгай зөвшөөрөл бүхий талбайд дайран орсон нутгийн иргэдийг харуул хамгаалалтын албатай хамтран талбайгаас гаргана, иргэдэд бичил уурхайн ашигт малтмал ашиглах журмыг тайлбарлан сурталчилж, хууль бусаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулснаар дахин зөрчил гараагүй”  гэж дурдсан бөгөөд “Г.Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргаагүй байна.

            Түүнчлэн ...  аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/214 дугаар албан бичигт “Тус аж ахуйн нэгж нь уурхайд байх бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж үйл ажиллагаа явуулсан. Мөн 2016 онд7.1 га, 2017 онд 6.5 га, 2018 онд 5.5 га, 2019 онд 27 га-д техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгсөн” гэж, ...  аймгийн Ц  сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/474 дүгээр албан бичигт “Тус сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Г.Х ” ХХК-иас MV-004....  дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017, 2018, 2019 онд шилжүүлэн авсан бөгөөд 2017, 2018 онд хайгуулын төлөвлөгөө батлуулан хайгуул хийсэн. 2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамаар байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлуулсан байдаг. 2018-2019 онд хайгуул хийж үйл ажиллагаа явуулаагүй, нарийвчилсан үнэлгээний тайлан ирүүлээгүй, 2018-2019 онд нөхөн сэргээлтийг “Г.Х ” ХХК-нь нөхөн сэргээлт хийсэн, “Г.Х ” ХХК нь MV-004...  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй болно.” гэж тус тус дурдсан бөгөөд  хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Г.Х ” ХХК нь үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль, орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж, дүгнүүлж байсан нь тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан  нөхцөл байдал нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үүсээгүй байхад ...  аймгийн Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр “MV-004...  дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г.Х ” ХХК-ийн үйл ажиллагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  хүргүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй байна.

            Маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/... дугаар дүгнэлтийг зөвхөн ...  аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичгийг үндэслэн, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ.

            Хуулийн дээрх зүйл, заалтад зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зохицуулалттай байна.

            Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын хувьд, дээрх ажиллагааг хийгээгүй бөгөөд хуулийн 28 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг хийхгүй байх”, 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.

            Учир нь нэхэмжлэгч компани нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад дээрх дээрх хуулийн заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/... дугаар дүгнэлтийг хүчингүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/... дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-7 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-7 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 18-27 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 160 дугаар хуудас