Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0634

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Г” ХХК-ийн эзэмшдэг МV-004780 дугаартай тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот саналыг үндэслэн “Их айлчин” ХХК-ийн эзэмшдэг МV-004780 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гээд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол Ашигт малтмалын газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчныг хамгаалахаар өдөр тутмын хяналт тавьж, шалгадаг байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 16.2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ...”, 16.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэхийг хянаж саналаа эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх тухайн маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үнэлээгүй атлаа Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулгад ”Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргаагүй мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/474 дүгээр албан бичгийг үндэслээд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргуулахаар санал хүргүүлсэн нь үндэслэлгүй гэж хэт нэг талыг барьж хэргийг дутуу үнэлсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлээгүй гэх талаар нэг ч нотлох баримт байхгүй байхад Цэнхэр сумын засаг даргын албан бичгийг үндэслэж нотлох баримтыг буруу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн.

Мөн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/707 тоот албан бичгээр маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон саналыг яагаад хүргүүлэх болсон талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Тус тайлбарт “Г” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагаа нь Орхон голыг бохирдуулж, газрын хэвлийг сүйтгэн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байсан ба энэ бүс нутагт уул уурхайн олборлолт явуулах боломжгүй гэж үзсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн хэмээн тайлбар ирүүлсэн байхад сумын Засаг даргын үнэн, худлаа эсэх нь мэдэгдэхгүй албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид нарыг гэрчээр асуусан бөгөөд Б.Цэрэннадмид цуцлуулах саналыг яагаад хүргүүлсэн талаар дараах тайлбарыг өгсөн байдаг. Үүнд: Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь гол мөрний эх бүрэлдэн тогтох газар нутагт хамаардаг. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас шалтгаалан Орхон гол бохирдож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаарх холбогдох дүгнэлтийг гаргуулахаар дээрх албан бичгээр хүргүүлсэн гэсэн.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах талаар арга хэмжээг хэрэгжүүлэх, нутгийн иргэдийг төлөөлж тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъект албан ёсны байр сууриа илэрхийлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох бөгөөд иргэн, хуулийн этгээдийг байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах, хэрэв байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан бол түүнийг түдгэлзүүлэх бүрэн эрх нь аймгийн засаг даргад олгосон. Нэгэнт тухайн аймгийн Засаг даргаас “Г” ХХК-ийг байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзсэн тул яам тухайн асуудалд шуурхай арга хэмжээ авсан ба сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч компани нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “Г” ХХК-ийг ашигт малтмалын ашиглалтын MV-004780 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй хэмээн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/07 дугаартай дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 421 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн ашигт малтмалын  ашиглалтын MV-004780 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа этгээд байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгалийн баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдож, энэ талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналын үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг шалгаж тогтоосны эцэст дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичгээс өөр нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасныг тогтоосон талаарх баримт байхгүй, энэ талаар нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа явуулсан болохыг шалгаж тогтоолгүйгээр хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх талаарх баримт байгаа эсэхийг шаардахад Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулга ирүүлсэн байх ба уг танилцуулгад нэхэмжлэгч компанийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талаар болон MV-004780 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдах голын эргийн хамгаалалтын бүсийн хилийг тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг “С” ХХК-аар гүйцэтгүүлж, орон нутагт хүлээлгэж өгсөн, нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажилтай зэрэгцүүлэн хийсэн тухай дурдаж, харин байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал, дүгнэлт гаргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/07 дугаар дүгнэлт” гаргасан гэж дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ...” гэж тайлбарлах боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ