Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 30

 

С.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        С.Б

Хохирогч                                                         Ё.Э

Хохирогчийн өмгөөлөгч                                 Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.П

Нарийн бичгийн дарга   Б.Д  нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Бэд холбогдох 1912006950082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н.С

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас иргэн Э.Нын 5 тооны хонийг, Ё.Эгийн 3 тооны хонийг, нийт 8 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Бэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С.Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдолд: С.Бийн хонь хулгайлсан гэх хэргийн хохирогч Ё.Эгийн өмгөөлөгч Б.Н миний бие 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас анхнаасаа прокурорын шатнаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Энэ нь олон жил айл саахалт явсан хүмүүсийн хонийг мэдсээр байж шөнө дөлөөр машинтай хулгай хийж, эргүүлийн постод баригдаж сэжиглэгдсэн хүнийг алдуул мал завшсан гэх зүйлчлэлээр хэргийг зүйлчилсэн нь туйлын учир дутагдалтай, шударга биш шийдвэр болно. 

2. Анхан шатны шүүх С.Бийг 8 тооны хонь олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хонинд нийлсэн байсныг ашиглаж машинаар зарж борлуулах идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг хийсэн гэж тогтоолдоо дүгнэжээ. Гэтэл гэрч, хохирогч Ё.Э, Э.Н нар 10 дугаар сарын 12-ны үед хонь бүрэн байсан, харин 10-13-ны өдөр бүртгэж үзэхэд дутуу болсон байсан гэдгийг мэдүүлдэг бөгөөд С.Б нь уг хонинуудыг саахалт айлын хонь гэдгийг мэдсээр байж ялган аваад хулгайлж, машинд ачиж авч явж байгаа үйлдлийг идэвхгүй үйлдэл гэх үү. Энэ нь санаатай цэвэр хулгайн гэмт хэрэг гэж үзэж байна. 

3. Энэ гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлээгүйгээс болж 3 хонины хохирогч н.Х нь хулгайн гэмт хэргийг чинь мэдэгдэнэ гэсний төлөө шүүгдэгч С.Бийн төрсөн дүү С.Н-д зодуулснаас болж амь насаа алдсан хэрэг Архангай аймгийн шүүхээр шийдвэрлэгдэх гэж байна. Ийм учраас хохирогч талаас С.Бийн 8 хонь хулгайлсан гэмт хэрэгт С.Нэргүй хамтран оролцсон бөгөөд энэ хэргийг хүн амины гэмт хэрэгтэй нь хамтруулан шалгах хүсэлтийг удаа дараа өгч байсан болно.

Иймд 131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: С.Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхээс холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Хохирогч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манайх 12-13-ны шөнө хонио алдсан бөгөөд бид нар 7-8 хоног С.Бийг буруугаа хүлээгээд  ирэх болов уу гэж хүлээсэн. Тухайн үед манай талийгаач нөхөр минь С.Бийг хонийг нь хулгайлсан гэдгийг мэдэж байсан. Гэтэл хавтаст хэрэгт байгаа талийгаач нөхрийн өгсөн мэдүүлэг нь түүний өгсөн мэдүүлэг биш байна. Миний нөхөр н.Х нь надад би 29-ний өдөр С.Бтэй уулзаад чи манай хонийг хулгайлсан байна, хэргээ хүлээх хэрэгтэй гэж хэлэхэд нь С.Б би хэргээ хүлээхгүй, энэ хонинууд шүүгч С.Пгийн хонинууд, намайг аваад ир гэж хэлэхээр нь би шүүгч Пд аваачиж өгсөн, тэгэхээр надад хамаагүй гэсэн гэж хэлсэн. Мөн С.Б би өнөө шөнө амиа хорлоно гэсэн. Тухайн үед бид нар чи амиа хорлоод яах вэ хэдүүлээ учраа олъё гэж хэлсэн. Тэгээд бид нарыг очиход С.Б байхгүй байсан. Тэгтэл 29-ний шөнө С.Бийн эхнэр н.Ж бид нар руу утасдаад манай нөхөр амиа хорлоно гээд явсан байна шүү, хэрэв энэ хүн амиа хорлох юм бол та нар хариуцаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар 29-ний шөнө С.Бийг хонь хулгайлсан талаар цагдаагийн 102 дугаар утсанд хэлсэн. Тийм учраас миний талийгаач нөхөр хонио хэзээ алдсан, хэн авсан талаар сайн мэдэж байсан. Тэгэхээр манай талийгаач нөхрийн мэдүүлгийг өөрчилсөн байна. Манай нөхөр 30-нд мэдүүлэг өгчхөөд 31-нд харьсан. Тэгтэл 31-нд С.Б нь  манайд эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Тэгэхэд нь бид нар 10 дугаар сарын 01-нд хонио айлд аваачиж өгнө, тэгээд 10 дугаар сарын 02-нд бид хоёр Улаанбаатар хот руу явна гэдгээ хэлж байсан. Тэгээд манай нөхөр 10 дугаар сарын 01-нд Хуягаа гэдэг айлд хонио аваачиж өгөхөд нь Н тэр айлд байсан байдаг. Н нь манай нөхрийн хамт хонь, ямааг тоолж өгсөн гэсэн. Тэгээд Н хонин дээрээ дөхөөд бууна гээд манай нөхөртэй хамт явсан гэж Х-ийн эхнэр надад хэлсэн. Гэтэл Н хонин дээрээ болон гэртээ буухгүйгээр хэтрээд явсан байдаг. Тэгээд манай нөхрийг намаржаан дээр амийг нь хорлосон байсан. Тэгэхээр миний хувьд С.Бийн малын хулгайн гэмт хэргээс болж хүн амины хэрэг үйлдэгдсэн гэж бодож байна. Бид нарын хувьд сэтгэл санааны маш их хохиролтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ малын хулгайн гэмт хэргээс болоод бид нар маш их хохирсон. Миний хувьд С.Б яагаад манай хонийг С.П шүүгчийн хонь гэж хэлсэн талаар би өнөөдрийг хүртэл шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд одоог хүртэл хариу аваагүй байна. Яагаад С.П шүүгчээс байцаалт авахгүй байгааг ойлгохгүй байна. Мөн өнөөдөр яагаад С.П нь С.Бийг өмгөөлөөд сууж байгааг мэдмээр байна гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч болон хохирогч нарын хувьд айл саахалт хүмүүс бөгөөд 20 гаруй жил нэг нутагт нутаглаж байсан хүмүүс юм. Гэтэл өнөөдөр энэ хэргийг алдуул мал завшсан гээд байгааг ойлгохгүй байна. Мөн тухайн алдагдсан малыг алдуул малын бүртгэлд бүртгэсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Энэ хэргийн гол гэрч болох н.Содном нь шүүгдэгч С.Бийг эргүүлийн пост дээр хонь ачаад явж байхад нь таарсан байдаг бөгөөд малын эм, тамгаар  шалгаж үзээд хадам аавдаа хэлсэн байдаг. Ингээд 10 дугаар сарын 30-нд н.Х мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл н.Х-ийн өгсөн мэдүүлэгт бичсэн гарын үсэг нь түүнийх биш байдаг. Үүнийг өнөөдөр хохирогч Ё.Э хавтаст хэргээс хараад нөхрийнхөө  гарын үсэг нь биш байна гэдгийг хэлсэн. Талийгаач н.Х нь нэрээ жижигхэн, бүтнээр бичдэг байсан гэдэг. Гэтэл мөрдөн байцаагчийн авсан мэдүүлэгт н.Хгийн гарын үсгийг таталсан байдлаар бичсэн байдаг. н.Хгийн гэрчийн мэдүүлгийг нь өөрчилсөн байна гэж хохирогч талын зүгээс ярьж байна. Гэрч н.С нь цаг хугацааны хувьд 12-13-ны үед эргүүлийн пост дээр С.Бтэй таарсан талаар мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт тухайн хугацааг нь 17-ны өдрөөр бичсэн байна. Гэтэл 30-нд хохирогч Н, гэрч н.Х нараас хэн хонийг хулгайлсан талаар мэдэхгүй гэх мэдүүлгийг мөрдөн байцаагчийн зүгээс зохиож авсан байх магадлалтай байна. Үнэхээр С.Бэд холбогдох хэргийн зүйчлэлийг шударга бус байна гэж үзвэл шалгах зүйлс маш их байна. н.Х нь 10 дугаар сарын 30-нд мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 11 дүгээр сарын 02-нд амиа алдсан байдаг. Хохирогч Ё.Эгийн хувьд шүүгдэгч С.Бийн хонь хулгайлсан үйлдлийг цагдаагийн газарт илчилнэ гэж хэлснээс үүдэн нөхөр амиа алдчихлаа гэсэн харуусалтай байдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын ерөнхий прокурорт хүртэл хүсэлт гаргаж байсан. Хохирогч Ё.Эгийн хүсэлтийн агуулга нь энэ малын хулгайн гэмт хэргийг хүн амины гэмт хэрэгтэй нь хамтран шалгуулахаар шат шатанд хүсэлт гаргасан. Энэ хоёр хэрэг хоорондоо уялдаа холбоотой хэргүүд байгаа юм гэсэн үндэслэлээр хандаж байсан. Шүүгдэгч С.Б нь пост дээр тухайн ачиж явсан хонинуудыг өмгөөлөгч С.Пгийн мал гэж хэлсэн байдаг. Тэгтэл өмгөөлөгч С.П хүн амины хэрэг дээр манай хонь биш гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл С.П нь энэ хэрэгтэй холбоотой хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгчхөөд өнөөдөр хүн өмгөөлөөд сууж байдаг яасан ёс зүйгүй хүн бэ гэж хэлмээр байна. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлж байсан. Би Архангай аймагт шүүх шударга шүүдэг гэж боддог  боловч энэ хэрэг дээр үнэхээр эргэлзээтэй юмнууд гарч ирж байна. Энэ хэрэг бол алдуул малын хэрэг биш юм. Тухайн хэрэг гарах үед шүүгдэгч С.Б нь хүн амины хэрэгт холбогдоод байгаа дүү н.Нын хамт байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй байсан байдаг. Тэгээд саахалт айлынхаа найман хонийг сорчилж машин дээрээ ачаад аваад явсан байдаг. Шүүгдэгч С.Бийн мэдүүлэгт би тухайн үед согтуу байсан, би юу ачиж байгаагаа мэдээгүй гэсэн байдаг. Тухайн найман хонинд өөрийнх нь  нэг ч хонь байдаггүй. Ийм цэвэр малын хулгайн идэвхтэй үйлдлийг алдуул мал завшсан гэж шийдэж болохгүй. Би анхан шатны шүүхийг алдуул малаар шийдэж байгаад хуульч хүний хувьд үнэхээр харамсаж байна. Тэгэхээр та бүхнээс энэ хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. С.Бийн үйлдэл бол  алдуул мал завшсан үйлдэл биш бөгөөд тухайн хонинуудыг алдсан талаар алдуул малын бүртгэлд ч бүртгэгдээгүй байдаг. Өнөөдөр хохирогчийн хэлж байгаагаар пост дээр өөрийнхөө хонийг таниад С.Бийг авсан гэдгийг тодорхой мэдсэн байдаг. Талийгаач н.Хгийн өгсөн гэх мэдүүлэг дээрх гарын үсэг нь түүний өөрийнх нь биш байх магадлалтай байна. Тэгэхээр энэ нь маш ноцтой зүйл болж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ ноцтой асуудлуудыг шалгуулахын тулд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд давж заалдах гомдолтой танилцсан. Шүүхийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Хавтаст хэргийн хүрээнд буюу  С.Бэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож байгаад өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Давж заалдах гомдлын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байна. Шүүхийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тул давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өнөөдөр хохирогч талын хэлж байгаа алдуул мал завшсан, хүн амины хэрэг хоёр нь хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр хэргүүд юм. Тэгэхээр энэ хоёр хэргийг хооронд нь хамааруулах гээд байгаа нь зохимжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан С.Бийн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч, хохирогч нарын...С.Бийн үйлдэл хулгайн гэмт хэрэг бөгөөд С.Нэргүйн хамт үйлдсэн, хүн амины хэрэгтэй хамт шийдвэрлэх ёстой, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Хгийн мэдүүлгийг өөрчилсөн, гарын үсэг нь биш, манай нөхөр ингэж мэдүүлэг өгөөгүй тул мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Бийн үйлдсэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Хгийн мэдүүлгийг өөрчилсөн, гарын үсэг нь биш талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, хохирогч Ё.Э мэдүүлгийнхээ эх сурвалжийг баталсан баримт шүүхэд гаргаагүй  байна.

Мөн хохирогч манай нөхөр хохирогчийн мэдүүлэгт өгсөн зүйлийг хэлээгүй, яриагүй гэж байгаа боловч түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй төдийгүй, тухайн үед Хг хохирогчоор мэдүүлэг өгөхөд хохирогч Ё.Э хамт байгаагүй, Х хохирогчоор ямар мэдүүлэг өгсөн болохыг Ё.Э мэдэх боломжгүй юм.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ