Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1057

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00862/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......... хот, ....... дүүрэг, ....... хороо, ....... хотхон ......  тоотод оршин суугаа, утас ......, ...... регистрийн дугаартай, ...... овогт О.Э-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....... аймаг, ...... сум, ...  баг, ..... хороолол, ..... тоотод оршин суугаа, утас ..... , ....... регистрийн дугаартай, ...... овогт Г.Г-т холбогдох

 

6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө-, хариуцагч Г.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие О.Э- нь Г.Г-ээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу Баянзүрх худалдааны төв дээр уулзаж тус төвийн 58 дугаар павилоныг 6 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 5 200 000 төгрөгийг 5045611547 тоот дансаар, 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд павилоныг 3 сар ажиллуулаад сард 280 000 төгрөг төлдөг байсан. Тэгтэл 12 сар гарч тэр заалыг өөрчилж том заал болгосон бөгөөд би ажилгүй болсон. Г.Г-ээс буцааж мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Баянзүрх худалдааны төвийн дарга нь манайх заал зарах ёсгүй түрээслэх ёстой түрээсийн байр гэсэн. Иймд Г.Г-ээс 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Болсон үйл баримт мөнгө авсан өгсөн талаар талууд маргаангүй байгаа. Маргааны зүйл болсон “ХТ-” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн 58 дугаар лангуу нь Г.Г-ийн өмчлөлийн зүйл байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өмнөх түрээслэгч эд хөрөнгө эзэмших эрх боломжоо О.Э-д шилжүүлэхдээ Иргэний хуулийн 260.1, 260.3-д заасныг зөрчсөн байна гэж миний зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 260.1-д үүргийг агуулгад харшлаагүй бол эрх шаардлага, бусад хөрөнгө худалдан авахад эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний талаарх хуулийн заалтууд нэгэн адил хамааралтай байдаг ба эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлж өгөх талаар 260.1 дэх хэсэгт заасан байдаг. Өөрөөр хэлбэл ХТ-т ХХК ямар ч түрээслэгчид лангуугаа түрээслээд явах эрх нь нээлттэй. Яагаад О.Э- түрээсийн гэрээ байгуулаад мөнгө өгөх ёстой вэ, Г.Г-ийн хувийн байдлыг харахаар худалдааны байгууллагад ажилладаг хүн байна. Хуульд зааснаар эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байтал бусдыг өмчийг худалдан борлуулаад байна. Эрхийг авахдаа ямар нэг маргаангүй зүйлийг зарах ёстой гэтэл ковидын үед лангууг өөрчлөөд байхгүй болсон байна. Таны хийсэн үйлдэл залилах гэмт хэргийг шинжийн агуулаагүй боловч Иргэний хуулийн 260 дугаар зүйлийг зөрчсөн байх тул 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г- нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх би 2019 оны 10 сард иргэн О-ээс зарын дагуу Баянзүрх дүүргийн худалдааны төвийн 58-р лангууг 5 500 000 төгрөг өгч түрээслэх эрхийг нь өөртөө шилжүүлж авч үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан. Ингээд Дархан-Уул аймаг руу шилжин амьдрахаар болсон тул 2020 оны 2-р сард зар өгч иргэн О.Э-д 5 200 000 төгрөгөөр би анх өөр дээрээ шилжүүлж авч байсантай адил түрээслэх эрхийг шилжүүлж өгсөн үйл явдал болсон. Нэхэмжлэл дээр бичсэн шиг би О.Э- гэдэг хүнийг хууран мэхэлж зарсан гэх зүйл огт болоогүй энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад залилангийн гэмт хэргийн шинжгүй байна гээд хаасан байдаг мөн анх энэ хүнийг тус лангууг шилжүүлж авч байхад энэ эзэмших эрхийн гэрчилгээтэй шүү, өмчлөгч нь компани байдаг гэдгийг маш сайн хэлж байсан түүнчлэн энэ нь нийтэд илэрхий ойлгомжтой асуудал байхад намайг хуурч зарсан мэтээр өгсөн мөнгөө буцаад нэхэмжилж байгаад харамсаж байна. Тус лангуу нь миний буруугаас болж өөрчлөгдөөгүй, компани өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж заал болгосон байхад надаас болсон мэтээр буруутгаж байгаад гайхаж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч О.Э- нь Г.Г-ээс залилан мэхэлсэн учраас лангууны үнэ 6 000 000 төгрөг гаргуулъя гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн газраас энэ хэргийг залилах гэмт хэргийг шинжгүй байна гэж үзсэн. Энэ бол залилангийн гэмт хэргийн шинж байхгүй, иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гээд төстэй байдлаар үзээд байна. Энэ хэлцэл нь өөрөө санаатай хийсэн хэлцэл байдаг. Эрүүгийн шугамаар шалгаад гэмт хэрэг биш байна гэж үзсэн учир энэ бол санаатай үйлдэл байхгүй

Хариуцагчийг хууран мэхлээд өөрийн өмч мэт ойлгуулаад зарсан гээд байдаг. Гэтэл өөрөө түрээсийн гэрээг шилжүүлж авахдаа 2019 оны 2 сарын 14-ний өдөр О.Э- нь “ХТ-” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа. Энэ хүн бичиг үсэг тайлагдсан л хүн байх. Түрээслэх эрхээ анхнаасаа шилжүүлсэн үйл баримт харагдаж байна. Жишээ нь юнител, мобиком зэрэг үүрэн холбооны сүлжээ компаниудын утасны дугаар тухайн компанийн өмч хэр нь амьдрал дээр дугаараа шилжүүлэх асуудал нээлттэй байдаг. Газар эзэмших эрхээ шилжүүлж болдог. Ийм хэлцлүүд амьдрал дээр хүлээн зөвшөөрөгдөөд л явж байдаг. Талууд Иргэний хуулийн 189 дугаар зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын дагуу хоорондоо ярилцаад тохиролцоод эрхээ шилжүүлсэн байгаа. Энэ хоёр хэн нь үнэн яриад байгаа нь тодорхой гэж бодож байна. Одоо болохоор лангууг бараатай нь аваагүй гээд байна. Өнөөдөр ч гэсэн зах дээр битүү тийм байгаа шүү дээ. Энэ кейс дээр яривал мөн л яг адил нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Г.Г-т холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч О.Э- нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж...би 2019 оны 2 сард фэйсбүүк дээр Баянзүрх захын лангуу зарна гэсэн зарыг анх харсан. Би Ховдод амьдардаг. 2 хүүхэд маань хотод оюутан тул орлого олж байхаар утсаар холбогдсон. 6 000 000 төгрөгөөр зарна гэхээр нь эхний удаад нь 800 000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр хүнд зарагдах гээд байна гэхээр нь ах дүү нараасаа цуглуулж 5 200 000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Хоосон лангуу аваад чихэр, печень зараад ажиллуулж байтал Ковид өвчин гарч түр ажиллахаа больсон. Энэ хооронд засвар орж зах өөрчлөлт оруулснаас болж би лангуугүй болсон. Би өөрийн өмчлөлд худалдаж авсан гэж захынханд хэлэхэд бид түрээсэлдэг, худалддаггүй гэсэн. Би цагдаагийн газарт өргөдөл гаргахад иргэний шүүхээр яв гэсэн. Тухайн үед Г- надад ингээд таны өмч боллоо гэж хэлж байсан. Гэтэл худалдах эрхгүй зүйлийг надад худалдсанд гомдолтой байна. Иймд Г.Г-ээс 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэж тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... би зарын дагуу ОЭ-ээс 5 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд ажиллуулж байгаад Дархан явах болсон тул мөн зарын дагуу худалдсан. Би Баянзүрх захтай байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэх эрхээ бусдад шилжүүлж болно гэсэн байсан тул шилжүүлсэн. Би түрээслэх эрхтэй гэж хэлэхэд ойлголоо л гэж байсан. Би өмчлөх талаар хэлээгүй гэж тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Г.Г-тэй харилцан тохиролцож Баянзүрх худалдааны төвд байрлалтай хүнсний 58 дугаар павилоныг 6 000 000 төгрөгөөр худалдан авч ХТ-т ХХК-тай Ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулан 2020 оны 2 сараас 2020 оны 5 сар хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаад Ковид 19 өвчний улмаас үйл ажиллагаагаа зогсоож улмаар ажлын байргүй болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нь павилоны үнэнд 6 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар О.Э-ы Г.Г-т холбогдуулан гаргасан павилоныг зарах эрхгүй байж 6 000 000 төгрөгөөр залилсан үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасныг тус дүүргийн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4094 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор ...залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг бүртэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. / хх-ийн 18 дугаар тал/

Дээрх прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гаргасан О.Э-ы гомдлоор тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж улмаар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай прокурорын тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал гэсэн үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэвч маргааны зүйл болох Баянзүрх худалдааны төвийн хүнсний павилон нь ХТ-т ХХК-ийн өмчлөлийн эд зүйл бөгөөд зөвхөн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг болох нь ХТ-т ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлбэл байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Э- нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Ажлын байр түрээслэх гэрээний 2.4-д Түрээсийн талбайн ашиглалттай холбоотойгоор дараах зүйлийг хязгаарлах буюу хориглох, 2.4.1-д Гэрээний хугацаанд түрээсийн талбай, эд хөрөнгийг бусдад барьцаалах, өр төлбөрт өгөх, битүүмжлэх, түүнчлэн түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, дамжуулан түрээслэх гэж заасны дагуу ХТ-т ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн дарга, нягтланд хэлж тэдний зөвшөөрлөөр бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Гэвч дээрх гэрээнд зөвхөн түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч бусдад төлбөртэйгээр шилжүүлэх талаар тусгаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч Г.Г-ээс 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Г-ээс 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА