Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00003

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00862/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******аас:

Миний бие ******* нь *******ээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу Баянзүрх худалдааны төв дээр уулзаж тус төвийн 58 дугаар павилоныг 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 5,200,000 төгрөгийг 5045611547 тоот дансаар, 800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд павилоныг 3 сар ажиллуулаад сард 280,000 төгрөг төлдөг байсан. Тэгтэл 12 сар гарч тэр заалыг өөрчилж том заал болгосон бөгөөд би ажилгүй болсон. *******ээс буцааж мөнгөө авья гэхэд өгөөгүй. Баянзүрх худалдааны төвийн дарга нь манайх заал зарах ёсгүй түрээслэх ёстой түрээсийн байр гэсэн. Иймд *******ын *******ээс 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

Анх би 2019 оны 10 сард иргэн *******ээс зарын дагуу Баянзүрх дүүргийн худалдааны төвийн 58-р лангууг 5,500,000 төгрөг өгч түрээслэх эрхийг нь өөртөө шилжүүлж авч үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан. Ингээд Дархан-Уул аймаг руу шилжин амьдрахаар болсон тул 2020 оны 2-р сард зар өгч иргэн *******д 5,200,000 төгрөгөөр би анх өөр дээрээ шилжүүлж авч байсантай адил түрээслэх эрхийг шилжүүлж өгсөн үйл явдал болсон. Нэхэмжлэл дээр бичсэн шиг би ******* гэдэг хүнийг хууран мэхэлж зарсан гэх зүйл огт болоогүй энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад залилангийн гэмт хэргийн шинжгүй байна гээд хаасан байдаг мөн анх энэ хүнийг тус лангууг шилжүүлж авч байхад энэ эзэмших эрхийн гэрчилгээтэй шүү, өмчлөгч нь компани байдаг гэдгийг маш сайн хэлж байсан түүнчлэн энэ нь нийтэд илэрхий ойлгомжтой асуудал байхад намайг хуурч зарсан мэтээр өгсөн мөнгөө буцаад нэхэмжилж байгаад харамсаж байна. Тус лангуу нь миний буруугаас болж өөрчлөгдөөгүй, компани өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж заал болгосон байхад надаас болсон мэтээр буруутгаж байгаад гайхаж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Бадамханд давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь залилан мэхэлсэн учраас 6,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад дээрх шаардлагын хүрээнд хянаж дүгнэлт хийлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь залилан мэхлүүлсэн буюу иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцлийн хүрээнд хянаж дүгнэхээр байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Залилан мэхэлсэн гэх асуудлыг өмнө нь нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан бөгөөд залилан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан прокурорын тогтоол нотлох баримтаар байсаар байхад энэ талаар тодорхой дүгнэлт иргэний хэрэгтэй холбогдуулж тайлбарлаагүй.

Талуудын хооронд тус павилоныг анхнаасаа Хан талст ХХК-ны өмч гэдгийг хэн хэн нь маш сайн мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын дагуу талууд харилцан тохиролцоод түрээслэх эрхээ шилжүүлдэг.

Энэ нь түрээсийн гэрээний 2.4.1-т түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, дамжуулахыг хориглоно гэсэн байдаг. Түрээсийн гэрээг компанийг төлөөлж нягтлан бодогчтой байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч *******ээс шилжүүлж авахдаа 2020 оны 2-р сарын 14-ний өдөр компанитай түрээсийн гэрээ байгуулж тус гэрээний нөхцөлөөс үзэхэд байгууллагын өмч гэдэг нь маш тодорхой харагдаж байхад залилан мэхэлж авсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1057 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх захын лангуу зарна гэсэн зарын дагуу *******ийн эзэмшлийн лангууг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд захын удирдлагаас засвар оруулж, өөрчилснөөс би лангуугүй болсон. Тус лангууг худалдаж авсан талаар хэлэхэд манайх лангуу түрээсэлдэг болохоос худалддаггүй гэсэн юм Иймд хариуцагч ******* нь худалдах эрхгүй зүйлийг надад хууран мэхэлж худалдсан тул 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ******* тус лангууг би бусдаас худалдаж авсан, амьдралын шаардлагаар зарын дагуу түрээслэх эрхээ *******д шилжүүлсэн, өөрийн өмчлөлийн зүйл гэж хэлээгүй, энэ талаар тухайн үед нэхэмжлэгч нь ойлгож байсан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл мөн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаар талуудын хооронд дээрх харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл худалдагч ******* худалдан авагч *******д түрээслэх эрхээ тодорхой үнэлж худалдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно.

Талуудын шүүхэд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүд, Хан талст ХХК-ий шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл худалдагч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч ******* нь лангуу түрээслэх эрхийг худалдаж авсан өдрөө түрээслүүлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогчтой ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан нь түрээслэх эрх бусдаас худалдаж авснаа анхнаасаа мэдэж байсан болохыг нотолно.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар худалдагч ******* эрхийн доголдолтой эрх шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Талуудын хооронд хэлцэл хийгдсэнээс хойш 3 сарын дараа түрээслүүлэгч захын байршилд засвар хийж, өөрчлөлт оруулсан нь талуудын хооронд хийгдсэн хэлцэлтэй шалтгаант холбоогүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч ******* хууран мэхэлж хэлцэл хийсэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийхдээ талууд харилцан чөлөөтэй тохиролцсон байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******ээс 6,000,000 төгрөг гаргуулах тухай *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                                          ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                                                      ШҮҮГЧ Л.АМАРСАНАА