Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1069

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00828/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... аймаг, ....... сум, ..... баг, ..... хороолол, ..... байр, .... тоотод оршин суугаа, .... регистрийн дугаартай, ...... овогт Г.О-,

 

Нэхэмжлэгч: ...... хот, ... дүүрэг, ..... хороо,....... хороолол, ..... байр, ........тоотод оршин суугаа, ......... регистрийн дугаартай, ....... овогт Г.Б- нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... аймаг, ....... баг, ...... хороолол, .... байр, ....... тоотод оршин суугаа, .....регистрийн дугаартай..... овогт П.Г-т холбогдох

 

Нийт 51 314 325 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Х-, Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б- анх бид хоёрын төрсөн эцэг болох П.Г- нь 2003 оны 08 сарын 04-нд Д.Оюунбат шүүгчийн шийдвэрээр гэр бүлээ цуцалж, тухайн үед 2,6 настай ах бид хоёр ээж Д.Ц-ийн асрамжид үлдэж, байр, гэр оронгүй үлдсэний улмаас Дархан дахь ээжийнхээ аав болох Д- өвөөгийндөө ирж амьдарсан. 2003-2008 оны хугацаанд Өмнөговь ШШГА-р дамжуулан заримдаа л хүүхдийн тэтгэлэг авч байсан. Тэтгэлэг авч байх өдийг хүртэлх 20-д жилийн хугацаанд эцэг болох Д.Г-оос байр, орон гэр ч ав чадалгүй ээж минь өөрийнхөө аав, ээж, ах эгч, дүү нарынхаа дэм, тусламжаар ах бид 2-г өсгөж, ахын оюутан байх хугацааны төлбөрийг хийсээр ахыг их сургуулийг нь төгсгөж байсан. 1 удаа буюу 2016 онд ахыг оюутан байхад авга ах П.Ганбаатараас 1 200 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг авч тухайн үед Өмнөговь ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Будхүүд баримтжуулан 2 хүүхдийн тэтгэлгээс нь хасуулж байсан. Тиймээс 2003-2018 оны тэтгэлгээс үлдэгдэл болох 3 363 650 төгрөг гаргуулж авмаар байна.

Миний ээж Д.Ц- нь нийтийн хоолны инженерийн технологич багш мэргэжилтэй ажиллаж байгаад 2012-2021 оны хугацаанд нойр булчирхайн хорт хавдрын улмаас олон удаагийн мэс засал, химийн тарианд орж, группт асаргаанд ороод байна. Ээж минь 2 хүүгээ өсгөн, ах Б-ийг сургуулийг нь төгсгөн, ах одоогоор ажилд орсон боловч ган ахын цалин ээж, эмээ, дүү, ах бид 5-ын ам бүлийн аж амьдрал, байрны түрээс, сургалтын төлбөр гээд хаанаа ч хүрэлцэхгүй, мөн ээжийн эмчилгээний зардал гээд хүрэлцэхгүй байна. Ах бид 2 Улаанбаатар хотод миний оюутан байх хугацааны 5 жилд 1 өрөө байр Улаанбаатар хотод сургуулийнхаа хажууд түрээслэн амьдарч байна. О- миний бие төрсөн эцэг болох П.Г-оос хайр халамж, дэмжлэг, туслалцаа авч үзээгүй өслөө. Тиймээс П.Г-оос эцгийн үүргээ биелүүлж тэжээн тэтгүүлэх, харж хандах эрхийг ойлгуулж хуулийн дагуу, ах бид 2-ын тэтгэмжийн үлдэгдэл, түрээслэн амьдарч буй байрны төлбөр, сургалтын төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн нийт 44 163 650 төгрөгийг даруй гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр эцэг П.Г-оос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Д.Ц-тэй 1996 онд гэрлэж бидний дундаас хүү Г.Б- 1995 онд, Г.О- 2000 онд тус тус төрсөн. Д.Ц- нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн багахан маргаан бүрд (би архи, тамхи огт хэрэглэдэггүй) үг хэлүүлэхгүй амиа хорлох гэж сүрдүүлж байсан. Надтай сууснаас хойш 4 удаа балконоор унах, өөрийгөө хутгалах, автомашинд мөргүүлэхээр гарч гүйх, хамгийн сүүлд 2003 онд ваннтай усанд хэвтэж, өөрийнхөө гарын судсыг зүсэж цусаа ханасан байх үед нь ажлын газрын хүнтэй хамт байрны цонхоор орж амийг нь аварсан. Д.Ц- нь 10 жилийн сурагч байх үедээ гэрийнхэнтэйгээ муудалцаж өөрийгөө гэдэс нь тус газраа хутгалж байсныг гэр бүлийнх нь сүүлд хэлж байсан.

Энэ хэцүү байдлаас гарахын тулд би 2003 онд гэрлэлтээ цуцлуулж 2 хүүдээ хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг төлсөн. П.Г- би 2006 онд ходоодны хавдар оношоор Багануур ХК-наас гарч Улаанбаатар хот руу нүүж эмчлүүлсэн. Д.Ц- нь өвчтэй байх үеийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа өргөдөл гаргасан байсан. ШШГГ-ын ажилтнуудын тооцооллын дагуу, үл маргах журмаар миний цалин дээрээс сар бүр тэтгэмжийг ШШГГ суутгаж авч байсан. 2018 оны 10-р сард бага хүү Г.О- 18 нас хүрсэн тул ШШГГ-аас тэтгэмжийн суутгалыг албан ёсоор миний ажиллаж байгаа байгууллагад мэдэгдэж зогсоосон. Надад тухай үед нь ШШГГ-аас утсаар мэдэгдсэн. Том хүү Г.Б-ийг 2019 онд их сургууль төгссөний дараа нь амьдралд нь дэмжлэг болгон өөрийнхөө ажиллаж байгаа компанид ажилд оруулж дэмжлэг үзүүлсэн.

Би 2006 онд Я.М-тэй гэр бүл болсон. Бидний дундаас охин Г.Э- 2006 онд төрсөн, одоо Хүнсний технологийн коллежид сурдаг, хүү Г .А- 2014 онд төрсөн одоо ЕБС-ын 2-р ангид сурч байгаа. Эхнэр Я.М- нь 2016 онд Солонгос улсад ажиллахаар явж, тэндээ шинээр гэр бүлийн амьдрал зохиосон. П.Г- би 2016 оноос хойш өрх толгойлж 2 хүүхдээ өсгөж байгаа болно. П.Г- би ШШГГ-ын тогтоолын дагуу тэтгэмжийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.О-, Г.Б- нар нь шүүхэд нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Бидний эцэг болох П.Г- нь 1995 оноос бидний ээж Д.Ц-тэй гэр бүл болж, 1996 оны 12 сарын 28-нд ах Б-, 2000 оны 10 сарын 06-нд О- бид 2 төрсөн. Ээж Ц-ийг эцэг болох Г- нь удаа дараа зодож, сэтгэл санааны дарамтад оруулж, өөрөөсөө үе дүү (12 насаар дүү) М- гэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсны улмаас ээж маань ах бид 2-г өөрийн асрамжид авч, гэрлэлтээ 2003 оны 8 сарын 4-нд цуцлуулсан байгаа. Ээж Д.Ц- нь "БС- ХХК”-д технологич, 131-р Цэцэрлэгт ахлах тогооч, “Бодь суварга ТМСГ-д Нийтийн хоолны багш зэрэг ажлуудыг хийж ах бид 2-г өсгөн айлын гэр, хашаа, хажуу өрөө байр зэргийг түрээслэн амьдарч байгаад 2012 оны 5 сараас Нойр булчирхайн Хорт Хавдар оношоор өдийг хүртэл явж, ажил хийх чадваргүй болж, олон удаагийн мэс засал, химийн эмчилгээнд орж ах бид хоёрыг өөрийн аав, ээж, ах, дүү нарын дэмээр өсгөсөн. Бидний эцэг П.Г- бидэнд орон байр, гэр ч өгч байгаагүйн улмаас ээжийг группт ороход 2013 оноос бид Дарханд ээжийн аав болох Д- өвөөгийндөө ирж амьдарсан. Г- нь ах бид хоёрт ямар ч туслалцаа үзүүлж, утсаар холбогдож, уулзалгүй явсаар эцгийн хайр халамжийг үзэлгүй өслөө. Хүүхдийн тэтгэмжийн багахан мөнгө ирдэг, хаанаа ч хүрдэггүй, гүйцэд төлж ч дуусгаагүй байгаа.

Хэдийгээр бид насанд хүрсэн ч П.Г-оор овоглон 2 хүү нь болж төрсний хувьд П.Г-ийг эцсийн үүргээ биелүүлж, бидэнд шаардлагатай хүүхдийн тэтгэмжийн үлдэгдэл, сургалтын төлбөр, байрны түрээсийн төлбөрийг 50%-иар тооцон гаргуулах хүсэлттэй байгаа. Ах Б- нь өөрийн хүсэлтээр одоогийн zangia.mn-ээр дамжуулан онлайнаар анкетаа өгч, биечлэн ярилцлаганд орж эцэг П.Г-ийн туслалцаагүйгээр "ЭР- ХХК”-д 2018 оны 8-р сард ажилд орсон. Иймд Багануур дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2003 оны 8 сарын 4-ний өдрийн 448 дугаартай Шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөх хэсгийн биелэгдээгүй, үлдэгдэл тэтгэмжийн 26,775,570 төгрөг, Г.Б-, Г.О- нарын оюутан байх хугацааны 2018-2023 он хүртэлх байрны түрээс 30 000 000 төгрөгийн 50% болох 15 000 000 төгрөг, Суралцсан хугацааны сургалтын төлбөр Г.Б-ий 2013-2018 оныг хүртэл 8 486 250 төгрөгийн 50% болох 4 243 125 төгрөг, Г.О-    ийн 2018-2022 оны хүртэл 10 591 260 төгрөгийн 50% болох 5 295 630 төгрөг, нийт 51 314 325 төгрөгийг эцэг болох П.Г-оос гаргуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч П.Г-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын өмгөөлөгч Б.С-, М.Х- нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Г.Б- 2014 он, Г.О- 2018 онд тус тус 18 нас хүрч, насанд хүрсэн. 2018 онд хүү Г.Б- миний ажиллаж байгаа компанийн ажилд орох анкетад миний аав ажилладаг гэж бөглөсөн байсан. Уг анкетын дагуу сонгон шалгаруулалт хийж байсан хүний нөөцийн ажилтан надтай холбогдон хүүг ажилд авч болох эсэх талаар тодруулга авсан. Үнэн учир байдлаа хэлж тусалж дэмжихийг хүссэний дагуу хүүг маань нүүрс баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ажилд авсан. Одоо тогтмол цалингийн орлоготой болсон.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О-, Г.Б- нар нь хариуцагч П.Г-т холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөх хэсгийн биелэгдээгүй үлдэгдэл, алдангийн хамт, сургалтын төлбөр, байрны түрээсийн төлбөр нийт 44 163 650 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 3 363 000 төгрөг, алданги 23 412 570 төгрөг нийт 26 775 570 төгрөг, Г.Б-, Г.О- нарын оюутан байх хугацааны 2018-2023 он хүртэлх орон сууц хөлсөлсний төлбөр 30 000 000 төгрөгийн 50% болох 15 000 000 төгрөг, суралцсан хугацааны сургалтын төлбөр Г.Б-ий 2013-2018 оныг хүртэл 8 486 250 төгрөгийн 50% болох 4 243 125 төгрөг, Г.О-ийн 2018-2022 оны хүртэл сургалтын төлбөр 10 591 260 төгрөгийн 50% болох 5 295 630 төгрөг, нийт 51 314 325 төгрөгийг хариуцагч П.Г-оос гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч нар нь насанд хүрсэн тул байрны түрээсийн төлбөр, сургалтын төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 448 дугаартай шүүхийн шийдвэрээр Р- овогт П.Г-, .... овогт Д-гийн Ц- нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй Г.Б-, Г.О- нарыг эх Д.Ц-ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Г-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж ...хариуцагч П.Г- нь хоёр хүүхдийн тэтгэлгийг 2003 оноос төлж байсан боловч цаг хугацаанд нь буюу сар сард нь төлдөггүй байснаас гадна Г.О-т олгох тэтгэлэг 2018 онд, Г.Б-д олгох тэтгэлэг 2014 онд дууссан боловч одоо тэтгэлгийн нийт үлдэгдэл 3 363 000 төгрөг байна. Иймд тэтгэлгийг 2009, 2010, 2011 онуудад төлөөгүй байдал нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргасан тэтгэлгийн тооцоогоор тогтоогдож байна. Иймд тухайн сард олгох тэтгэлэгт алданги тооцож үлдэгдэл 3 363 000 төгрөгийг алдангийн хамт  26 775 571 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэгч Г.Б- нь Дархан-Уул аймаг дахь ТС-д суралцан сургалтын төлбөрт 2013 оноос 2018 он 8 486 920 төгрөг, Г.О- нь 2018 оноос 2022 он хүртэл ШУТИС-д суралцан төлбөрт нийт 10 591 260 төгрөг тус тус төлсөн. Уг төлбөрийн 50 хувийг гаргуулах, суралцаж байх хугацаандаа .. хот ... хороо, ... бүс, .....гудамж, ... тоот, 35,26 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг хөлсөлж байсан 2015 оноос 2023 он хүртэл сарын 500 000 төгрөгөөр тооцоход 30 000 000 төгрөгийн 50 хувь болох 15 000 000 төгрөгийг гаргуулах гэж тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төрсөн эх Д.Ц-ийг 2012-2021 оны хугацаанд нойр булчирхайн хорт хавдрын улмаас олон удаагийн мэс засал, химийн тарианд орж, группт асаргаанд орсон. Ээж маань 2 хүүгээ өсгөн ах Г.Б-ийг сургууль төгсгөн ах одоогоор ажилд орсон боловч ганц ахын цалин байрны түрээс, сургалтын төлбөр, ээжийн эмчилгээний зардал гээд хаанаа ч хүрэлцэхгүй байна гэж дурдаж, нотлох баримтаар Д.Ц-ийн эрүүл мэндийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хавдар судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар зэргийг ирүүлжээ. /хх-ийн 17-20 дугаар тал/

 

Хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл, алдангийн хамт гаргуулах шаардлагын тухайд

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болохоор зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь насанд хүрсэн хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөөгүй байх тул дараах байдлаар тэтгэлгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан хүүхдийн тэтгэлгийн тооцоогоор Г.Б-д 2003 оноос 2014 он хүртэл, Г.О-т 2003 оноос 2018 он хүртэл тэтгэлэг төлсөн байх ба тэтгэлгийн үлдэгдлийг 3 363 000 төгрөг гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/

Хариуцагч нарын өмгөөлөгч нь хариуцагч П.Г-ийг өвчтэй байх хугацаанд түүний төрсөн ах П.Ганбаатар 1 200 000 төгрөг төлснийг хасч тооцуулна гэж тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа ... уг төлбөрийг авснаа хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Будхүүд баримтжуулан 2 хүүхдийн тэтгэлгээс хасч тооцсон гэж дурдсан боловч дээрх хүүхдийн тэтгэлгийн тооцоонд оруулаагүй талаар тооцоо гаргасан 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч тооцоондоо дурдсан байх тул үлдэгдэл төлбөрөөс хасч 3 363 650 – 1 200 000 =2 163 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө, 50.3-д Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар тэтгэлгийн үлдэгдэл 2 163 650 төгрөг дээр түүний 50 хувийг нэмж 2 163 650 + 1 081 825 =3 245 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Сургалтын төлбөр гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Г.Б-, Г.О- нар нь сургалтын төлбөр гаргуулах шаардлагатай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тодорхойлолт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн гүйлгээний жагсаалтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 128-130 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.Б- нь 2013 оноос 2018 онд Дархан-Уул аймаг дахь ТС-д суралцан сургалтын төлбөрт 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 8 486 920 төгрөгийг, нэхэмжлэгч Г.О- нь сургалтын төлбөрт 2018 онд 2 172 500 төгрөг, 2019 онд 2 981 020 төгрөг, 2020 онд 2 389 310 төгрөг, 2021 онд 2 718 870 төгрөг нийт 10 261 680 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэмэлт тэтгэлэгт тооцож хариуцагч П.Г-оос нэхэмжлэгч тус бүрийн төлсөн тэтгэлгийн 50 хувь болох нэхэмжлэгч Г.Б-д 4 243 460 төгрөг, нэхэмжлэгч Г.О-т 5 130 850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Орон сууц хөлсөлсний төлбөр 30 000 000 төгрөгийн 50 хувь болох 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нар нь тус шаардлагатайгаа холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 34-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Д.О-, Д.Ом- нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Ом-, Г.О-, Д.Ц- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 13-16, 46-96, 125 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь суралцаж байх хугацаандаа дээрх орон сууцыг хөлсөлж амьдарч байсныг үгүйсгэхгүй боловч тухайн зардал нь Гэр бүлийн тухай хуулийн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон нэмэлт зардалд хамаарахгүй байх тул орон сууц хөлсөлсний төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудын тооцооллын дагуу үл маргах журмаар миний цалин дээрээс сар бүр тэтгэмжийг суутган авч байсан. 2018 оны 10 сард бага хүү Г.О- 18 насанд хүрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг зогсоосон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолын дагуу хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо 2016 оноос хойш өрх толгойлж 2 хүүхдээ өсгөж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Цалин хөлс бусад орлогын суутгал зогсоох тухай тогтоол, ЭР-ын анкет зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 43-44,140148-151 дүгээр тал/

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ЭР-ын анкет зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар ирүүлсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод хариуцагч П.Г-ийг 2 хүүхдийн хамт оршин суудаг, өрх толгойлсон эцэг гэсэн бүртгэлтэй талаар дурдсан байна. Гэвч уг нотлох баримт нь хүүхдийн төлөөгүй тэтгэлгийн үлдэгдэл болон нэмэлт зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2-д тус тус зааснаар хариуцагч П.Г-оос 12 619 785 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-, Г.О-  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 694 540 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 530 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216 867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА