Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00009

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00828/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1069 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нар,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 51,314,325 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Саруул онлайнаар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ах бид хоёрын төрсөн эцэг болох ******* нь 2003 оны 08 сарын 04-нд ******* шүүгчийн шийдвэрээр гэр бүлээ цуцалж, тухайн үед 2,6 настай ах бид хоёр ээж *******ийн асрамжид үлдэж, байр, гэр оронгүй үлдсэний улмаас Дархан дахь ээжийнхээ аав болох ******* өвөөгийндөө ирж амьдарсан. 2003-2008 оны хугацаанд Өмнөговь ШШГА-р дамжуулан заримдаа л хүүхдийн тэтгэлэг авч байсан. Тэтгэлэг авч байх өдийг хүртэлх 20-д жилийн хугацаанд эцэг болох Д.Ганзоригоос байр, орон гэр ч ав чадалгүй ээж минь өөрийнхөө аав, ээж, ах эгч, дүү нарынхаа дэм, тусламжаар ах бид 2-г өсгөж, ахын оюутан байх хугацааны төлбөрийг хийсээр ахыг их сургуулийг нь төгсгөж байсан. 1 удаа буюу 2016 онд ахыг оюутан байхад авга ах *******аас 1 200 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг авч тухайн үед Өмнөговь ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч д баримтжуулан 2 хүүхдийн тэтгэлгээс нь хасуулж байсан. Тиймээс 2003-2018 оны тэтгэлгээс үлдэгдэл болох 3 363 650 төгрөг гаргуулж авна.

Миний ээж ******* нь нийтийн хоолны инженерийн технологич багш мэргэжилтэй ажиллаж байгаад 2012-2021 оны хугацаанд нойр булчирхайн хорт хавдрын улмаас олон удаагийн мэс засал, химийн тарианд орж, группт асаргаанд ороод байна. Ээж минь 2 хүүгээ өсгөн, ах ийг сургуулийг нь төгсгөн, ах одоогоор ажилд орсон боловч ган ахын цалин ээж, эмээ, дүү, ах бид 5-ын ам бүлийн аж амьдрал, байрны түрээс, сургалтын төлбөр гээд хаанаа ч хүрэлцэхгүй, мөн ээжийн эмчилгээний зардал гээд хүрэлцэхгүй байна. Ах бид 2 Улаанбаатар хотод миний оюутан байх хугацааны 5 жилд 1 өрөө байр Улаанбаатар хотод сургуулийнхаа хажууд түрээслэн амьдарч байна. Очиртуг миний бие төрсөн эцэг болох *******оос хайр халамж, дэмжлэг, туслалцаа авч үзээгүй өслөө. Тиймээс *******оос эцгийн үүргээ биелүүлж тэжээн тэтгүүлэх, харж хандах эрхийг ойлгуулж хуулийн дагуу, ах бид 2-ын тэтгэмжийн үлдэгдэл, түрээслэн амьдарч буй байрны төлбөр, сургалтын төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн нийт 44 163 650 төгрөгийг даруй гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр эцэг *******оос нэхэмжилж байна.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие *******тэй 1996 онд гэрлэж бидний дундаас хүү ******* 1995 онд, ******* 2000 онд тус тус төрсөн. ******* нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн багахан маргаан бүрд үг хэлүүлэхгүй амиа хорлох гэж сүрдүүлж байсан. Надтай сууснаас хойш 4 удаа балконоор унах, өөрийгөө хутгалах, автомашинд мөргүүлэхээр гарч гүйх, хамгийн сүүлд 2003 онд ваннтай усанд хэвтэж, өөрийнхөө гарын судсыг зүсэж цусаа ханасан байх үед нь ажлын газрын хүнтэй хамт байрны цонхоор орж амийг нь аварсан. ******* нь 10 жилийн сурагч байх үедээ гэрийнхэнтэйгээ муудалцаж өөрийгөө гэдэс нь тус газраа хутгалж байсныг гэр бүлийнх нь сүүлд хэлж байсан.

Энэ хэцүү байдлаас гарахын тулд би 2003 онд гэрлэлтээ цуцлуулж 2 хүүдээ хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг төлсөн. ******* би 2006 онд ходоодны хавдар оношоор Багануур ХК-наас гарч Улаанбаатар хот руу нүүж эмчлүүлсэн. ******* нь өвчтэй байх үеийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа өргөдөл гаргасан байсан. ШШГГ-ын ажилтнуудын тооцооллын дагуу, үл маргах журмаар миний цалин дээрээс сар бүр тэтгэмжийг ШШГГ суутгаж авч байсан. 2018 оны 10-р сард бага хүү ******* 18 нас хүрсэн тул ШШГГ-аас тэтгэмжийн суутгалыг албан ёсоор миний ажиллаж байгаа байгууллагад мэдэгдэж зогсоосон. Надад тухай үед нь ШШГГ-аас утсаар мэдэгдсэн. Том хүү *******ийг 2019 онд их сургууль төгссөний дараа нь амьдралд нь дэмжлэг болгон өөрийнхөө ажиллаж байгаа компанид ажилд оруулж дэмжлэг үзүүлсэн.

Би 2006 онд тэй гэр бүл болсон. Бидний дундаас охин 2006 онд төрсөн, одоо Хүнсний технологийн коллежид сурдаг, хүү 2014 онд төрсөн одоо ЕБС-ын 2-р ангид сурч байгаа. Эхнэр нь 2016 онд Солонгос улсад ажиллахаар явж, тэндээ шинээр гэр бүлийн амьдрал зохиосон. ******* би 2016 оноос хойш өрх толгойлж 2 хүүхдээ өсгөж байгаа болно. ******* би ШШГГ-ын тогтоолын дагуу тэтгэмжийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нараас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Багануур дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2003 оны 8 сарын 4-ний өдрийн 448 дугаартай Шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөх хэсгийн биелэгдээгүй, үлдэгдэл тэтгэмжийн 26,775,570 төгрөг, *******, ******* нарын оюутан байх хугацааны 2018-2023 он хүртэлх байрны түрээс 30 000 000 төгрөгийн 50% болох 15 000 000 төгрөг, Суралцсан хугацааны сургалтын төлбөр *******ий 2013-2018 оныг хүртэл 8 486 250 төгрөгийн 50% болох 4 243 125 төгрөг, ******* ийн 2018-2022 оны хүртэл 10 591 260 төгрөгийн 50% болох 5 295 630 төгрөг, нийт 51 314 325 төгрөгийг эцэг болох *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1069 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2-д тус тус зааснаар хариуцагч *******оос 12 619 785 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 694 540 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 530 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216 867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Бидний төрсөн эх Д. Цэнгэл нь 2012 оноос нойр булчирхайн хорт хавдартай болж олон удаагийн мэс засал, химийн тарианд орж группд асаргаанд орсон. Бид төрсөн эцэг *******оос гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 д заасны дагуу тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон тул гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 т заасан эцэг, эх нь хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн тохиолдолд *******, ******* нар нь Нийслэлийн Баянгол дүүргийн 24-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 8-р байрны 85 тоот байрыг хөлсөлж байсан, тухай орон сууцны өмчлөгч , нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр 2018 оноос хойш 1 сарын 500.000 төгрөгөөр түрээсэлж нийт зардлын 50 хувь болох 15.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөв хэрэглээгүй байна. Уг байрыг , нар 2013 онд ипотекийн зээлээр авсан гэдэг. 2020 онд улсын бүртгэлийн Ү-2205034245, 000782522 дугаартай гэрчилгээ гарсан байдаг.

2. ******* нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 8 сарын 4-ний өдрийн 448 дугаартай шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй. 2009, 2010, 2011 онуудад хүүхдийн тэтгэлэг огт төлөлгүй 2003-2018 оны хооронд хүүхдийн тэтгэлгийг байнга үлдэгдэлтэй байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 т заасан тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн нь тогтоогдож байгаа тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 т заасны дагуу гаргуулах.

3. Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоон дээр уг тооцоонд *******ийн ах *******ын 2016 онд *******ий сургалтын төлбөрт төлсөн гэх 1,200,000 төгрөгийн баримт байхгүй тул төлсөн тооцоонд оруулаагүй болно гэдэг гэтэл *******ий сургалтын төлбөр төлсөн баримт дээр 2016 онд ******* гэж байхгүй. Шүүх хөдөлбөргүй баримт дээр тулгуурлаж шийдвэр гаргах ёстой.

4. ******* нь 2 хүүхдээ бага балчир наснаас нь хаяж хүүхдүүдийн эхэд сэтгэл зүйн, болон бие махбодын дарамт учруулж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Бидний эцэг гэх хүн бидэнтэй огт холбогдож хувцас хоол унд орон байраар хангаж байгаагүй. Бидний бага насанд аав гэдэг хүн байгаагүй бид эцгийн хайр халамж, үг сургаал сонсож байгаагүй. Шүүхэд хандахад хүртэл худал мэдүүлж байна. ******* миний бие өөрийнхөө хүчээр ажилд шалгалт өгч орсон байхад хариу тайлбартаа намайг ажилд оруулсан мэтээр бичсэн байна. Үнэхээр худалч хуурамч хүн байна ичиж байна. Өөрийн нагац эгч Хувцагаан гэдэг хүнээр өмгөөлүүлсэн байсан. Энэ хүнийг тухайн компанид ажилладаг гэж би мэдэхгүй байсан, мэдсэн дороо ажлаасаа гарсан. Иймд хуулийн дагуу шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хувцагаан, Б.Саруул нар дам заалдах гомдлын хариу тайлбартаа:

Давж заалдах гомдол гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Түрээсэлсэн гэх орон сууц нь 2021.03.11-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ, 2020.06.17-нд ҮХЭХЭрхийн гэрчилгээ авсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан учраас 2018 оноос уг орон сууцыг түрээсэлсэн гэдэг нь нотлогдоогүй.

Нөгөө талаар *******, ******* нар уг байранд амьдардаг нь үнэн бол Өмнөговь аймгаас ирж уг байранд амьдардаг бол тэр байрны хөлсийг 2021.03.11-нээс хойш төлсөн байх. ******* нь хичээлийн чөлөө завсар ажил хийж орон сууцны төлбөрөө төлсөн гэсэн тайлбар хийсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон нэмэлт зардалд хамаарахгүй бөгөөд 2018 онд нэхэмжлэгч нар бүгд насанд хүрсэн байсан.

2. Хариуцагч *******ийг өвчтэй байхад авга ах ******* нь *******ий сургалтын төлбөрт 1,200,000 төгрөг өгч Өмнөговь аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч д баримтжуулан 2 хүүхдийн тэтгэлгээс хасуулж байсан гэж нэхэмжлэгч нар өргөдөлдөө бичиж үүнийг хасч тооцох нь зөв гэж хэлж, тэр нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байхад бичсэн бичиг, хэлсэн үгнээсээ буцаж байгаа нь мөнгө л олж байвал юу ч гэж хэлж юу ч гэж бичихээс буцахгүй болсон гэж үзэхгүй байна.

3. Хүүхдүүддээ туслаагүй, орон байраар хангаагүй, харж хандаагүй биднийг багад минь хаяж явсан гэх мэтээр удаа дараа өргөдөлдөө бичсэн боловч үнэхээр эх Цэнгэл нь амиа хорлоно гэж янз бүрийн үйлдэл хийснээс хэн хэн нь амьд мэнд байхдаа салахаас өөр аргагүй болсон тухайгаа эх нь хүүхдүүддээ үнэн зөвөөр нь ярьж ойлгуулахын оронд эцгийг нь аль муухайгаар хэлж эцэг үрийг өстөн болгож байгаад харамсаж байна.

Харин анхан шатны шүүх *******ийн сургалтын нийт төлбөр 9,609,690 төгрөг төлөх ёстой байхад 10,591,260 төгрөгийн 50 хувь 5,295,630 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь техникийн алдаа байх учир үүнийг зөвтгөж өгнө үү.

Үүнээс өөрөөр анхан шатны Шүүхийн шийдвэр нь хуулийг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй учир нэхэмжлэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа өөрийн төрсөн ах ******* болон өөрийн шүүхээр тогтоогдсон тэтгэмжийн үлдэгдэл төлбөр 3,363,650 төгрөг мөн сургалтын төлбөр 10,800,000 төгрөг болон суралцаж байх үеийн амьдран суусан байрны төлбөр 30,000,000 төгрөг нийт 44,555,650 төгрөг гаргуулахаар төрсөн эцэг *******т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний ах ******* шаардлагаа тодорхойлон хамтран нэхэмжлэгчээр оролцсон байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж хэргийг Гэр бүлийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд түүнийг гаргуулахаар шүүхэд хандах эрхийг хуульчилсан.

Хуулийн энэхүү заалтыг явцууруулан тайлбарлавал санаатайгаар зайлсхийсэн гэх агуулгыг шүүхэд нэхэмжлэгч тал нотолсон, ийм нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардана.

Гэвч шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэр гарсан тохиолдолд Монгол улсын иргэн нэгдүгээрт үр хүүхдээ тэжээн тэтгэх Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг хуульчлан биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэн үлдэгдэл төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Мөн тэжээн тэтгүүлэгч хэдий 18 насанд хүрсэн боловч өөрийн гэсэн цалин орлогогүй тул тэжээн тэтгүүлэгчээс сургалтын төлбөрөө гаргуулахыг шаардсаныг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан гарсан зардлыг хариуцуулах тухай заалтад хамаатуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Харин Гэр бүлийн тухай хуулийн дагуу тэжээн тэтгүүлэгч нь суралцаж байх хугацаандаа байр хөлсөлсөн зардлыг гаргуулж шийдвэрлээгүй шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулиар эцэг эх төрсөн болон үрчилсэн үр хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргийг мөн тэжээн тэтгүүлэгч нар энэ талаар шаардлага гаргах эрхийг хуульчилсан.

Энэхүү харилцаа хуулиар тодорхойлогдсон боловч сайн дурын үндсэн дээр явагддаг бөгөөд түүний хэмжээ хязгаарыг хуульчлах тогтоох боломжгүй юм.

Харин тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүний төлөөний этгээд шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хуульд заасан.

Энэ нөхцөл байдлыг онцгой гэж хуульд тодотгон оруулсан нь гарсан, гарах ердийн зардал гэх ойлголтоос өөр юм.

Тэжээн тэтгэгч ******* мөн өөрийн асрамжид насанд хүрээгүй 2 хүүхэдтэй тэднийгээ асрамжилдаг байдлыг шүүх анхаарах ёстой.

Иймд байр хөлслөхөд зарцуулсан гэх зардлыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл байдал үүсэж зайлшгүй зардал гарсан гэж үзээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.530 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                                                                                                  ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                  ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ