Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 77

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0222/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Ц-д холбогдох, 2018000000216 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ын Ц-.

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шөнийн 01 цагийн үед  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол 13 дугаар байрны гадаа байрлуулсан М.М-ийн эзэмшлийн 24-92 ДАХ улсын дугаартай “Т.Приүс-20” маркийн машины  нүүрсэн янданг хулгайлан  авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан,  мөн Б.Б-ийн эзэмшлийн **** *** улсын дугаартай машины  нүүрсэн янданг хулгайлан  авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Г-ын Ц-г бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Ц-г 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Ц- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.Б-ийн хохиролд 400.000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 07К29, 12329 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг нүүрсэн янданг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.М-, Б.Б- нарт буцаан олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно ” гэж заасны дагуу шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1,1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

            Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд  ямар нэг эргэлзээгүй буюу  тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Ц-г 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шөнийн 01 цагийн үед  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол 13 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн М.М-ийн 24-92 ДАХ улсын дугаартай “Т.Приүс-20” маркийн машины нүүрсэн янданг хулгайлан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн., мөн иргэн Б.Б-ийн **** *** улсын дугаартай машины нүүрсэн янданг хулгайлан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Г.Ц-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

- Хэргээс үзвэл шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3.т  заасан ...шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3.т заасан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно ... гэж заасныг буюу  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд заавал хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ аваагүй .,

-Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг  журамлан шүүгдэгчид “хорих” ял оногдуулахгүйгээр тэнсэх байтал шууд тэнсэж шийдвэрлэсэн., тэнссэн тохиолдолд  7.1 дүгээр зүйлийн 4., 5 дугаар заалтыг давхар хэрэглэх.,  тэнссэн хугацаанд хяналт тавих эрх бүхий байгууллагыг заагаагүй  байгаа нь  шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  байх бөгөөд  энэ талаар  давж заалдах шатны шүүх зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах... тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Г-ын Ц-д холбогдох, 2018000000216 дугаартай 1 хавтас, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэрэгт холбогдох эд мөрийн баримт Давж заалдах шатны шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА