Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1144

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01037/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг ... сум, ... багийн ... хороолол, ... тоотод оршин суух ... овогт С.Ц/РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг ... сум, ... тоотод оршин суух ... аюуш овогт Т.А /РД:.., утас:.../-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие өөрийн эхнэр Т.Атай 2004 онд танилцаж, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 01 сарын 25-ны өдөр албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 03 сарын 15-нд хүү Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд охин Ц, 2014 оны 01 сарын 16-нд хүү Д, 2016 оны 01 сарын 21-нд охин О нар төрсөн. Хамтын амьдралын энэ хугацаанд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн 1 жил энэ хүн гэнэт 1 хүнтэй хамт гэрээсээ яваад хамтран амьдарч байна. Үр хүүхдүүдээ хайхрахгүй, гэрт ирэхээрээ хүүхдүүдээ загнаж, элдвээр хэлдэг. Хүүхдийн эрхийг маш ноцтой зөрчиж байгаа. Энэ хүнийг би 4 хүүхдүүдээ бодоод өдийг хүртэл хүлээсэн боловч цаашид энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан  байхгүй. 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно.” гэжээ.

 

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“... Т овогтой А миний бие С овогтой Ц-тай 2004 онд танилцан 2006 онд гэр бүл болсон. 2008.03.15-нд хүү Ц.Б, 2009.12.22-нд охин Ц.Ц, 2014.01.16-нд хүү Ц.Д, 2016.01.21-нд охин Ц.О нар төрж, 4 хүүхдийн эцэг эх болж 14 жилийн хугацаанд эцэг эхийн хайр халамжаар дутаахгүй өсгөсөн. 14 жилийн хугацаанд Ц нь хувиараа зөгийн аж ахуй эрхэлсээр ирсэн. Энэ хугацаанд нөхөр Ц нь зөгийгөө арчлах, хооллох, бал цохих зэрэг ажлаар байнга зуны 3 сар гэрээсээ хол ажилладаг. Ц нь нэг бус удаа гэр бүлийн гадуур хүүхнүүдтэй орооцолдож, намайг олон жил зовоож зоддог, архи уудаг байсан. Хөршийн Г.Б гэх эмэгтэйтэй хамтарч ажиллах нэртэй олон жилийн өмнөөс л холбогдож өөрийн гэр бүлээ умартан архи уух, гэр орноос нь салахгүй, машин тэргээ засуулах бариулах гэх мэтчилэн бидний гэр бүлийг хутган үймүүлсээр ирсэн билээ. Ц-ын ааш зан нь өөрчлөгдөж намайг элдвээр хэлж, зодож,  хөөх нь энүүхэнд болсон учир би тэвчилгүй гэрээсээ яваад айл айл хэсэж амьдарч байна. Хэд, хэдэн удаа гэр бүлдээ эргэн ирж үр хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүссэн боловч мөн л өөрийн гэрээсээ хөөж туудаг. 4 хүүхэдтэйгээ ярьж холбоо барих гэхээр нөхөр Ц нь хүүхдүүдийг маань яриулахгүй байх блоклох зэргээр надаас холдуулахыг зорьдог. А миний бие нь 4 хүүхдийнхээ мөнгийг нөхөр Ц-т бүгдийг нь өгдөг боловч хоол хүнсээр дутмаг байх нь ажиглагдсан. Бид энэ 15 жилийн хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй амьдарсан. Эхний 10-аад жил зөгий хоршоололын манаачаар байранд нь амьдарч байгаад сүүлийн 5 жил нөхөр Ц-ын эцэг эхийн байранд амьдарч байгаа билээ. Нөхөр Ц нь архи ууж, уурлах бүрдээн намайг эцэг эхийн гэр орноос зайл гэж хөөдөг. А миний бие нь 4 хүүхдээ 14 жил өсгөж, хүмүүжүүлж, холдож үзээгүй амьдарсан билээ. Би өөрийн 4 хүүхдэдээ хайртай, 4 хүүхдээсээ болон нөхрөөсөө салах бодолгүй байна.Сүүлийн 1 жилийн хугацаанд миний бие нь айлын ногоон дээр ажиллах, самарт явах зэргээр ажиллаж үр хүүхдээ хувцаслаж мөнгөн тусламж өгдөг байсан. Г.Б гэх хөрш эмэгтэйд болон нөхөр Г-д нь гэр бүл үймүүлж тайван байдлыг алдагдуулж бидний амьдралд хэт их оролцож байгааг хэлсэн боловч хохь чинь гээд зодохыг завдсан. Миний хувьд маш их гомдолтой явдаг. А миний хувьд хүнтэй сууж гэр бүл болоогүй айл айл хэсэж амьдардаг. Ажил хийхийг хичээдэг. Иймд бидний амьдрал байдлыг минь харж үзэж 4 хүүхэд хань ижилээсээ салгахгүй байхыг хүсье. А миний бие нь 4 хүүхдийнхээ төлөө хичээж амьдарна. Гэр бүлээ цуцлуулахгүй, 4 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   С.Ц  хариуцагч Т.А-д   холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг  дараахь байдлаар  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Ц, хариуцагч Т.А нар 2004 онд танилцан, 2006  оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна. /хэргийн 6 дугаар хуудас/

 

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд охин Ц.Ц, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд хүү Ц.Д, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ц.О нар төрсөн. /хэргийн 7-10 дугаар хуудас /

 Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т  ... гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүрэгтэй.. гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлийг .. сүүлийн нэг жил гэнэт л нэг хүн дагаж гэрээсээ яваад хамтран амьдарч байгаа, ирэх үедээ хүүхдүүдээ загнаж элдвэээр хэлдэг, одоо цуг амьдрах боломжгүй ...гэж, хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Ц-ын ааш араншин өөрчилөгдөн, намайг элдвээр хэлж, зодож, хөөх нь энүүхэнд болсон учир би тэвчилгүй гэрээсээ яваад айл айл хэсэж амьдарч байна. Хэд хэдэн удаа гэр бүлдээ эргэн ирж, үр хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүссэн боловч мөн л өөрийн гэрээсээ хөөдөг. Хажуу айлын хөрш эмэгтэй гэр бүл үймүүлж байгаа, би энэ талаар хэлсэн боловч тэр эмэгтэйн нөхөр хохь чинь гэсэн. Би гомдолтой, гэрлэлтээ цуцлуулахгүй ... гэж маргаж байна.

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл гэрлэгчид гэр бүлийн хамтын амьдралыг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, харилцан ойлголцож эвлэрэн хэлэлцэх талаар санал, санаачилга гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандан гэр бүлийн маргааны талаар эвлэрэн хэлэлцсэн байна. /Хэргийн 5 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзалын үндэслэл болгож байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч Т.А шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шүүх нэхэмжлэгч С.Ц, хариуцагч Т.А нар гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэжлүүлэх боломжгүй байдал үүссэн гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.  

 

2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.Ц, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн Ц.Д, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.О нар одоо эцэг С.Ц-ын асрамжид, ерөнхий боловсролд хамрагдаж байгаа.  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэснээр шүүхээс Ц.Ц, Ц.Б, Ц.Д нарын .. эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй амьдрах тухай саналыг өмгөөлөгч байлцуулан авахад насанд хүрээгүй хүүхдүүд аавтайгаа амьдарна гэж саналаа илэрхийлсэн  байна .

Иймд 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.Ц, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн   Ц.Д, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.О нарын одоогийн ээнэгшин дассан орчинг өөрчилөх, аав, ах, эгчтэйгээ хамт амьдарна гэсэн саналыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эцэг М.Цын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.

Насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг С.Ц-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа  явдал  бөгөөд  эцэг  С.Ц, Т.А  нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй  гэж хуульчилснаар насанд хүрээгүй хүүхдүүд  Б, Ц, Д, О нарт тэдний оршин сууж буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хуульд заасны дагуу эх Т.А-гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан 131 дүгээр зүйлийн 131.1-д зохигчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч Т.А-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй мөн оршин суугаа газрын хаяг байршилаа өөрчилсөн тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т  гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно гэснээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хариуцагчийг шүүх хуралдаанд ороллцуулах боломжоор хангаж, түүнд шүүх хуралдаанд оролцох тухай товийг багийн засаг даргад мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хүргүүлсэн болно.

Иймд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэснээр шүүх хуралдааныг хариуцагч Т.А-гийн оролцоогүйгээр явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

 Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч С.Ц-ын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ... овогт С.Ц/РД:.../, ... овогт Т.А /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.Ц, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн Ц.Д, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.О нарыг эцэг С.Ц-ын асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны            03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Ц.Б, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.Ц, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн Ц.Д, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.О нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  эх Т.А-гаар сар бүр тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн     57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гаас  улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-т олгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ