Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00004

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01037/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1144 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай,

Хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Цогтбаатар хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******аас:

Миний бие өөрийн эхнэр *******тай 2004 онд танилцаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 03 сарын 15-нд хүү *******, 2009 оны 12 дугаар сарын 22-нд охин *******, 2014 оны 01 сарын 16-нд хүү *******, 2016 оны 01 сарын 21-нд охин ******* нар төрсөн. Хамтын амьдралын энэ хугацаанд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн 1 жил энэ хүн гэнэт 1 хүнтэй хамт гэрээсээ яваад хамтран амьдарч байна.

Үр хүүхдүүдээ хайхрахгүй, гэрт ирэхээрээ хүүхдүүдээ загнаж, элдвээр хэлдэг. Хүүхдийн эрхийг маш ноцтой зөрчиж байгаа. Энэ хүнийг би 4 хүүхдүүдээ бодоод өдийг хүртэл хүлээсэн боловч цаашид энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

...******* миний бие *******тай 2004 онд танилцан 2006 онд гэр бүл болсон. 2008.03.15-нд хүү *******, 2009.12.22-нд охин Ц.*******, 2014.01.16-нд хүү Ц.*******, 2016.01.21-нд охин Ц.******* нар төрж, 4 хүүхдийн эцэг эх болж 14 жилийн хугацаанд эцэг эхийн хайр халамжаар дутаахгүй өсгөсөн. 14 жилийн хугацаанд ******* нь зөгийгөө арчлах, хооллох, бал цохих зэрэг ажлаар байнга зуны 3 сар гэрээсээ хол ажилладаг. ******* нь нэг бус удаа гэр бүлийн гадуур хүүхнүүдтэй орооцолдож, намайг олон жил зовоож зоддог, архи уудаг байсан.

Хөршийн ******* гэх эмэгтэйтэй хамтарч ажиллах нэртэй олон жилийн өмнөөс л холбогдож өөрийн гэр бүлээ умартан архи уух, гэр орноос нь салахгүй, машин тэргээ засуулах бариулах гэх мэтчилэн бидний гэр бүлийг хутган үймүүлсээр ирсэн билээ. *******ын ааш зан нь өөрчлөгдөж намайг элдвээр хэлж, зодож, хөөх нь энүүхэнд болсон учир би тэвчилгүй гэрээсээ яваад айл айл хэсэж амьдарч байна. Хэд, хэдэн удаа гэр бүлдээ эргэн ирж үр хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүссэн боловч мөн л өөрийн гэрээсээ хөөж туудаг. 4 хүүхэдтэйгээ ярьж холбоо барих гэхээр нөхөр ******* нь хүүхдүүдийг маань яриулахгүй байх блоклох зэргээр надаас холдуулахыг зорьдог.

******* миний бие нь 4 хүүхдийнхээ мөнгийг нөхөр *******т бүгдийг нь өгдөг боловч хоол хүнсээр дутмаг байх нь ажиглагдсан. Бид энэ 15 жилийн хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй амьдарсан. Эхний 10-аад жил зөгий хоршооллын манаачаар байранд нь амьдарч байгаад сүүлийн 5 жил нөхөр *******ын эцэг эхийн байранд амьдарч байгаа билээ. Нөхөр ******* нь архи ууж, уурлах бүрдээн намайг эцэг эхийн гэр орноос зайл гэж хөөдөг. ******* миний бие нь 4 хүүхдээ 14 жил өсгөж, хүмүүжүүлж, холдож үзээгүй амьдарсан билээ. Би өөрийн 4 хүүхдэдээ хайртай, 4 хүүхдээсээ болон нөхрөөсөө салах бодолгүй байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд миний бие нь айлын ногоон дээр ажиллах, самарт явах зэргээр ажиллаж үр хүүхдээ хувцаслаж мөнгөн тусламж өгдөг байсан.

******* миний хувьд хүнтэй сууж гэр бүл болоогүй айл айл хэсэж амьдардаг. Ажил хийхийг хичээдэг. Иймд бидний амьдрал байдлыг минь харж үзэж 4 хүүхэд хань ижлээсээ салгахгүй байхыг хүсье. ******* миний бие нь 4 хүүхдийнхээ төлөө хичээж амьдарна. Гэр бүлээ цуцлуулахгүй, 4 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1144 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт *******ын /РД:/, овогт ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн *******, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.*******, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн Ц.*******, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.******* нарыг эцэг *******ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн *******, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн Ц.*******, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн Ц.*******, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Ц.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх *******гаар сар бүр тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байгаа тухайгаа бичиж өгсөн. Мөн нөхөр ******* нь хөрш айлын ******* гэх эмэгтэйтэй олон жилийн өмнөөс харилцаатай болж, архи дарс ууж гэр бүлээ умартах болсон талаар нь ч бичсэн.

Би амьдрахын эрхэнд ууланд самар түүхээр явах хооронд шүүх хурлыг хийгээд миний санал хүсэлтийг ч харгалзахгүй *******ын талд шийдвэр гаргасан байна.

Гэр бүлийн хоёр хүний нэг нь салахгүй гэхэд шүүх эвлэрүүлэх хугацаа өгдөг, мөн хүүхдүүдийг хэнийх нь асрамжид өгөх талаар шинжээч томилж нөхцөл байдлын үнэлгээ гаргуулж байж асуудлыг шийддэг.

Мөн гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд эхнэр, нөхөр хоёрыг хоёуланг нь байлцуулж байж шийддэг тухай сонссон тул эдгээр асуудлыг шийдвэрлэсний дараа шүүх хурлыг хийх байх гэж бодож байтал намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж надад хуулиар олгогдсон эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх хурал үнэн зөв шийдвэр гаргасан. Хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1144 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Гэрлэгчид 2004 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсноо 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн хамтын амьдрал эхэлсэн байна.

Хамтран амьдрах хугацаанд 2008 онд хүү *******, 2009 онд охин Ц.*******, 2014 онд хүү Ц.*******, 2016 онд охин Ц.******* нар төрсөн байна.

Гэрлэгчдийн гэрлэсэн болон хүүхдүүдийн төрсөн талаарх бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Эхнэр ******* сүүлийн нэг жил гэнэт нэг хүн дагаад гэрээсээ явчихсан, одоо тэр хүнтэйгээ хамтран амьдарч байгаа, хааяа ирэхээрээ хүүхдүүдээ загнаж, элдвээр хэлдэг, цуг амьдрах боломжгүй болсон гэж тодорхойлжээ.

Хариуцагч ******* би 4 хүүхдэдээ хайртай, хүүхдүүдээсээ болон нөхрөөсөө салах бодолгүй байна, айлын ногоон дээр ажиллаж, самарт явах зэргээр мөнгө төгрөг олж хүүхдүүдээ хувцаслаж, мөнгөн тусламж өгдөг, гэрлэлтээ цуцлуулахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 7 наснаас дээш настай 3 хүүхдээс нь санал авахад хүүхдүүд бүгд аавынхаа асрамжид, ерөнхий боловсролд хамрагддаг бөгөөд цаашид аавынхаа асрамжид байхаар саналаа илэрхийлжээ. Гэрлэгчид өмнө нь анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр өөрсдөөс шалтгаалах дутагдлаа засаж, өрх гэрийн түшиг тулгуур байж, асуудалд алсын хараатай хандаж, цаашид гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулж сайн сайхан амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх агаад гэрээгээр тохиролцсоны дагуу эвлэрээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Хариуцагч ******* нь 2018 оноос гэрээсээ явж өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа ажээ.

Хариуцагч ******* татгалзлаа баталсан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах болон оршин сууж буй хаяг, байршлаа өөрчилсөн тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, түүнд шүүх хуралдаанд оролцох тухай товыг багийн засаг даргад мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ.Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж зааснаар шүүх хуралдааны тов хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Мөн хуулийн 131.3-т гэрлэгчид хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэснээр хариуцагч *******гийн оролцоогүйгээр шүүх хуралдаан явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Иймд хариуцагчийн гэрлэгчдийн хэн аль нь салахгүй гэхэд шүүх эвлэрүүлэх хугацаа өгдөг, хүүхдүүдийн асрамжийн талаар шинжээч томилж, нөхцөл байдлын үнэлгээ гаргуулаагүй, гэрлэгчдийг байлцуулж байж шүүх хуралдаан хийх байсан, миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                                       ШҮҮГЧ                                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                       ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА