Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/01241

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц

Хариуцагч: Д.Н

Хариуагч: Ц.Б нарт холбогдох,

30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Д.Ц, Д.Н, Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.С, гэрч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баярсайханы П би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Ц, н.Б, н.Н нартай Яргуйт толгодын 1-15в тоотод 7х5м хэмжээтэй хөргүүр хийлгэхээр тохиролцоод “Ажил гүйцэтгэх гэрээ” бичгээр хийсэн юм. Захиалагчийн үүргээ биелүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 7 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5094376331 тоот данс руу 20 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, Хас банкнаас тус тус хийж, бүгд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нар хөргүүрийн ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Барилгын зургийн захиалгын дагуу байгууламжийг хүлээн өгснөөс хойш 1 жилийн дотор бүрэн хариуцаж, энэ хугацаанд гүйцэтгэгчийн буруугаас гарсан хохирлыг өөрийн хөрөнгө зардлаар засч арилгана, мөн зүйлийн 4.2-т угсралтын ажилд өгөгдсөн техникийн нөхцөл БНбД-ийн шаардлагыг нарийн мөрдөж захиалагчийн шаардлагыг тухай бүрд нь биелүүлнэ гэсэн заалтуудыг зөрчиж захиалагч Б.П миний захиалсан хөргүүрт зориулалтын бус сэндвич ашиглаж, бага хүчин чадалтай мотор /5В/ тавьжээ. Хөргүүрийн өндөр нь 3.5 метр байх ба захиалгын дагуу 7х5 м хэмжээтэй хийх тохиролцоондоо хүрээгүй, шаардлага хангаагүй хөргүүр хийжээ. Үлдэгдэл ажлууд дээврээс ус гоожиж, хана руу орсон, газар шорооны ажил дутуу, мотор суурилуулж, бэхлээгүй, гагнуурын ажил зэрэг дутуу ажлуудыг нь гурван залууг 500 000 төгрөгөөр хөлсөлж хийлгэсэн. Хүчин чадлын хувьд бага мотор тавьж, стандартын бус сэндвичээр хөргүүрийг барьсан учраас горимын дагуу ажиллаагүй, үйлчлүүлэгчийн 20 хайрцаг зайрмаг хайлж, ашиглах боломжгүйн улмаас би алдагдал хүлээсэн. Б.П миний захиалсан хөргүүрийг стандартаар нь бариагүйн улмаас горимын дагуу хөлдөөж дийлэхгүй, зохих шаардлагыг хангах боломжгүйг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэст тус тус өргөдөл гаргасан ба Мэргэжлийн хяналтын газраас 70359050 дугаартай утсаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханд, шүүхээс мэргэжлийн хяналтын газрыг шижээчээр томилно, тэр үед бид дүгнэлт гаргана гэсэн хариу өгсөн. Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Мэргэжлийн хяналтын газрын хариу гарсны дараа стандарын талаар албан бичгээр хариу өгч болно гэсэн хариуг амаар өгсөн болно. Хөргүүрийн стандарт нийцсэн, шаардлага хангасан хэлбэрээр хийлгэхийн тулд Улаанбаатар хотын “Гүн хөргөх төхөөрөмж” мэргэжлийн байгууллагад хандахад 30 000 000 төгрөгөөр, 7 хоногийн дотор бүрэн ашиглалтанд оруулна гэж мэдэгдсэн тул шаардлага хангаагүй хөргүүр хийсэн н.Б, н.Н нараас 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 350.1.7 “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах” гэснийг баримтлан хохиролыг барагдуулна уу гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба хариуцагч Д.Цгээс болон хөргүүрийн моторын үнэ 8 000 000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Ц.Б, Д.Н нараас 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Пийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Птэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 5*7 хэмжээтэй сендвичэн хөргүүр барихаар харилцан тохиролцсон. Бид гэрээнд заасан хэмжээтэй хөргүүрийг барьж, 2021 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хөргүүрийн сендвичийг зориулалтын сендвич зардаг газраас захиалан авч барьсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн барилгын зураг гэж захиалагч өгөөгүй. Өөрөө барилга барих явцад байнга ирж хамт байсан бөгөөд ийм материалаар ингэж хийнэ тэгж хийнэ гэснийх нь дагуу л хийж гүйцэтгэж дууссан. Захиалагч барилгаа хүлээн авсан. Гэтэл уг хөргүүрт зайрмаг хөлдөөчихөөд зайрмаг гэссэн учраас зориулалтын бус байна гэж шүүхэд хандаж байгаад үнэхээр гайхаж байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа уг хөргүүрийг хөлдөөсөн мах хадгална, хөргүүрийн зориулалтаар ашиглана гэж хэлсэн. Гэтэл мах хадгалахаа болиод өөр зориулалтаар ашиглах болохоороо ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэж худал ярьж, мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хөргүүрийн зориулалтаар ашиглах, гүн хөлдөөх буюу зайрмагны хөлдөөгч гэдэг бол тус тусдаа технологи горимтой байдаг. Бид гэрээнд заасан хэмжээтэй, зориулалтын дагуу буюу мах хөргүүрийн зориулалтаар ашиглах боломжтой хөргүүрийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Барилгыг хүлээн авах үед ажлыг дутуу гүйцэтгэсэн байсан бол засуулах, доголдлыг арилгуулах боломжтой байдаг. Гэтэл захиалагч барилгаа хүлээн авах, хөргүүрийг ашиглах үедээ ажлаа дутуу хийсэн, чанаргүй байна гэх зэрэг доголдолтой холбоотой нэг ч удаа яриагүй хирнээ хөргүүрийг зориулалтын бусаар ашиглах болохоороо шаардлага хангаагүй хөргүүр хийжээ гэж ярьж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хийсэн миний нэр төрд халдаж байгаа зүйл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гардан авсан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Пийн нэхэмжлэлийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие тус барилгын захиалагч болох Б.Птэй ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, харин Н, Б нар нь тус ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Миний бие тэр ажилд туслахаар анх тохиролцсон боловч Б, Н нартай маргаантай болоод ажилд нь туслахаас татгалзаж, улмаар тус ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, Нд хэлээд гарсан. Учир нь тэдний мөнгөний зарцуулалт нь замбраагүй байснаас болж бидний хооронд маргаан гарах болсон тул би “үнэгүй тусалсан болог” гээд хөлс гэж авахгүйгээр орхисон. Харин Б, Н нар нь өөрсдөө хөргүүр барьж байсан туршлагатай, барьж чадна материалыг мэднэ гэсээр байгаад Б.Птэй гэрээ хийсэн атлаа зориулалтын бус барилгын материалиар тус хөргүүрийг барьсан байхаа. Миний хувьд Н, Б нараас ямар ч хөлс аваагүй, ажилд нь үнэгүй туслаад л гарсан тул миний хувьд уг нэхэмжлэлд дурьдсан 30 сая төгрөгийг хариуцан төлөх боломжгүй, уг хөлсийг авсан Н, Б нар хариуцан төлөх хэрэгтэй болов уу. Уг гэрээний үнэ болох 30 сая төгрөгийн асуудлыг Б.П нь Н, Б нар нь хоорондоо ярилцаж тохиролцсон. Миний хувьд уг гэрээнд оролцоогүй гэрээ байгуулаагүй, тус захиалагчаас өгсөн гэх мөнгөнөөс ажлын хөлс болон материалын үнэ аваагүй, материал сонгоогүй тул ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжпэлийг зөвшөөрөхгүй байна. Үүнийг буруутай хүмүүс болон Н, Б нараас нэхэмжилж гаргуулах нь зүйтэй болов уу. Иймээс надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П хариуцагч Д.Ц, Д.Н, Ц.Б нарт холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Ц, Ц.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн ба хариуцагч Д.Н хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хариуцагч Д.Цгээс татгалзаж, хөргүүрийн моторын үнийг 8 000 000 төгрөгт тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хариуцагч Д.Н, Ц.Б нараас 22 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч Д.Н, Ц.Б нар нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 22 000 000 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.П хариуцагч Ц.Б нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр 5х7 хэмжээтэй хөргүүрийн ажил гүйцэтгэх, хугацааг 05 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохирсон бөгөөд ажлын нийт хөлс 30 000 000 төгрөг, үнийн дүнгийн 30 хувийг ажил эхлэхэд, ажлын дундуур 40 хувийг, ажил дуусахад 30 хувийн төлбөрийг авах, барилгын зургийн дагуу /захиалагчийн дагуу/ байгууламжийг хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн дотор бүрэн хариуцаж, энэ хугацаанд гүйцэтгэгчийн буруугаас гарсан хохиролыг өөрийн хөрөнгө зардлаар засч арилгана, захиалагч тал хэрэгцээт мөнгийг саатуулахгүй өгнө, гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 сарын 05-ны өдөр байхаар тохирсон байна.

Дээрхи гэрээний дагуу захиалагч тал болох нэхэмжлэгч Б.П 30 000 000 төгрөгийг хариуцагч талд бүрэн шилжүүлсэн бөгөөд мөнгөн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хөргүүр стандартад нийцээгүй тул гомдолтой байна. Сэндвич шаардлага хангаагүй, моторын хүчин чадал хүрэхгүй байсан тул бид өөр хөргөлтийн компанитай гэрээ байгуулж шинэ хөргүүр авсан. Хариуцагч нарын тавьж өгсөн хөргүүрийн зах зээлийн ханшийг судлаад 8 000 000 төгрөгт тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч 22 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б, Д.Н нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч Ц.Б, Д.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Сэндвичийг үйлдвэрийн газраас хөргүүрийн зориулалттай гэж худалдан авсан. Хөргүүр барихад гарсан зардал нь эдний өгсөн мөнгөнд шингэсэн бидэнд ашиг гэж гараагүй. Моторыг асууж байж хөргөлтийн компаниар суурилуулсан. Өөрсдөө анхнаасаа фреоноор ажилладаг хөргүүр сонирхож байна. Мах хадгалах тул сэнсэн хөргүүр хатаагаад хоргодол гаргана тийм болохоор фреоноор ажилладаг байх гэсэн санал хэлсэн тухайн мөнгө нь ч компаний дансанд шилжүүлсэн байдаг. Тухайн суурилуулсан газар 1 жилийн баталгаа өгсөн бөгөөд өөрсдөө гомдлын шаардлага гаргаагүй байж шаардлага хангахгүй гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгч Б.П 5х7 хэмжээтэй хөргүүрийг 30 000 000 төгрөгийн өртөгтэй байхаар захиалсан. Ажил гүйцэтгэгч буюу хариуцагч Ц.Б, Д.Н нар захиалгын дагуу чанарын шаардлага хангасан сэндвичэн хавтангаар барьж, хөргүүрийн компанид өөрсдийнх нь захиалгаар фреоноор ажилладаг хөргүүрийг суурилуулсан. Гарсан зардал нь төсөвт өртөгтэйгөө таарч байгаа бидний хувьд ашиг гэж гараагүй тул анх ажил санал болгосон зуучилж өгсөн Д.Цтэй маргалдаж тухайн ажлаас Д.Ц нь гарсан гэж мэдүүлдэг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.“Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 343.2.”Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.“Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.“Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ”, 352.2. “Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй” 352.2.1. “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх”; 352.2.2. “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” эрхтэй байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч нарт холбогдуулан доголдлыг арилгуулах, шинээр гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргаагүй бөгөөд доголдол арилгуулах талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй энэ талаархи нотлох баримт хэрэгт байхгүй.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хөргөлт А.С ХХК-ний захирал Н.Д ...фреоноор ажилладаг хөргүүр нь хөлдсөн бүтээгдэхүүнийг хадгалахад буюу тодорхой хэмд хөлдүү чигээр нь байлгахад хэрэглэдэг болохоос хөлдөөчийн үүргийг гүйцэтгэхгүй юм. Сэнсэн хөргүүр нь гүн хөлдөөх зориулалттай байдаг. Суурилуулж өгсөн моторыг хүлээлгэн өгч баталгааны хуудас олгосон. 380 вт тогоо татаагүй байсан тул дараа нь утсаар холбогдож холболтын талаар зааварчилгаа авсан. Түүнээс надад мотортой холбоотой гомдол санал хэлээгүй. Сэндвич нь шаардлага хангахуйц байгууламж байсан. Моторыг 13 500 000 төгрөгөөр худалдаж, суурилуулж өгсөн. Төлбөрөө бүрэн авсан гэж мэдүүлдэг.

Хариуцагч нарын тайлбарт дурдсан хөргүүрийн байгууламжийн түүхий эд /сэндвич/ нь тохирлын гэрчилгээнд зааснаар хөргүүрийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэгт шаардлага хангасан материал байсан гэж тодорхойлдог, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлага хангаагүй гэдэг тайлбарыг нотлосон баримтгүй, доголдлыг арилгуулахаар хариуцагч нарт мэдэгдээгүй, хугацаа олгоогүй байх тул нэхэмжлэгч Б.П Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т заасны дагуу шаардах эрхгүй байна.

ИЙмд нэхэмжлэгч Б.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хариуцагч Д.Цгээс татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн бууруулсан шаардлага болох 22 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б, Д.Н нараас гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Пээс шүүхэд төлөөлөх эрхийг Д.Эд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгосон бөгөөд уг итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар хариуцагч Ц.Б, Д.Н нараас 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Цгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э татгалзсан болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 307 950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ