Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00018

 

Б.Пийн  нэхэмжлэлтэй, Д.Ц,

Д.Н, Ц.Б нарт холбогдох  

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01241 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Пийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц, Д.Н, Ц.Б нарт холбогдох,  

 

 “30 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Д.Ц, Д.Н, Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баярсайханы П би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Ц, н.Б, н.Н нартай ..........ын 1-15в тоотод 7х5м хэмжээтэй хөргүүр хийлгэхээр тохиролцоод Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр хийсэн юм. Захиалагчийн үүргээ биелүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 7 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны .......... тоот данс руу 20 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, Хас банкнаас тус тус хийж, бүгд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нар хөргүүрийн ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Барилгын зургийн захиалгын дагуу байгууламжийг хүлээн өгснөөс хойш 1 жилийн дотор бүрэн хариуцаж, энэ хугацаанд гүйцэтгэгчийн буруугаас гарсан хохирлыг өөрийн хөрөнгө зардлаар засаж арилгана, мөн зүйлийн 4.2-т угсралтын ажилд өгөгдсөн техникийн нөхцөл БНбД-ийн шаардлагыг нарийн мөрдөж захиалагчийн шаардлагыг тухай бүрд нь биелүүлнэ гэсэн заалтуудыг зөрчиж захиалагч Б.П миний захиалсан хөргүүрт зориулалтын бус сэндвич ашиглаж, бага хүчин чадалтай мотор /5В/ тавьжээ. Хөргүүрийн өндөр нь 3.5 метр байх ба захиалгын дагуу 7х5 м хэмжээтэй хийх тохиролцоондоо хүрээгүй, шаардлага хангаагүй хөргүүр хийжээ. Үлдэгдэл ажлууд дээврээс ус гоожиж, хана руу орсон, газар шорооны ажил дутуу, мотор суурилуулж, бэхлээгүй, гагнуурын ажил зэрэг дутуу ажлуудыг нь гурван залууг 500 000 төгрөгөөр хөлсөлж хийлгэсэн. Хүчин чадлын хувьд бага мотор тавьж, стандартын бус сэндвичээр хөргүүрийг барьсан учраас горимын дагуу ажиллаагүй, үйлчлүүлэгчийн 20 хайрцаг зайрмаг хайлж, ашиглах боломжгүйн улмаас би алдагдал хүлээсэн. Б.П миний захиалсан хөргүүрийг стандартаар нь бариагүйн улмаас горимын дагуу хөлдөөж дийлэхгүй, зохих шаардлагыг хангах боломжгүйг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэст тус тус өргөдөл гаргасан ба Мэргэжлийн хяналтын газраас 70359050 дугаартай утсаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханд, шүүхээс мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилно, тэр үед бид дүгнэлт гаргана гэсэн хариу өгсөн. Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Мэргэжлийн хяналтын газрын хариу гарсны дараа стандартын талаар албан бичгээр хариу өгч болно гэсэн хариуг амаар өгсөн болно. Хөргүүрийн стандарт нийцсэн, шаардлага хангасан хэлбэрээр хийлгэхийн тулд Улаанбаатар хотын Гүн хөргөх төхөөрөмж мэргэжлийн байгууллагад хандахад 30.000.000 төгрөгөөр, 7 хоногийн дотор бүрэн ашиглалтанд оруулна гэж мэдэгдсэн тул шаардлага хангаагүй хөргүүр хийсэн н.Б, н.Н нараас 30.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 350.1.7 ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах гэснийг баримтлан хохирлыг барагдуулна уу гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба хариуцагч Д.Цгээс болон хөргүүрийн моторын үнэ 8.000.000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Ц.Б, Д.Н нараас 22.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Иргэн Б.Пийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Птэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 5*7 хэмжээтэй сендвичэн хөргүүр барихаар харилцан тохиролцсон. Бид гэрээнд заасан хэмжээтэй хөргүүрийг барьж, 2021 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хөргүүрийн сэндвичийг зориулалтын сэндвич зардаг газраас захиалан авч барьсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн барилгын зураг гэж захиалагч өгөөгүй. Өөрөө барилга барих явцад байнга ирж хамт байсан бөгөөд ийм материалаар ингэж хийнэ тэгж хийнэ гэснийх нь дагуу л хийж гүйцэтгэж дууссан. Захиалагч барилгаа хүлээн авсан. Гэтэл уг хөргүүрт зайрмаг хөлдөөчхөөд зайрмаг гэссэн учраас зориулалтын бус байна гэж шүүхэд хандаж байгаад үнэхээр гайхаж байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа уг хөргүүрийг хөлдөөсөн мах хадгална, хөргүүрийн зориулалтаар ашиглана гэж хэлсэн. Гэтэл мах хадгалахаа болиод өөр зориулалтаар ашиглах болохоороо ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэж худал ярьж, мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хөргүүрийн зориулалтаар ашиглах, гүн хөлдөөх буюу зайрмагийн хөлдөөгч гэдэг бол тус тусдаа технологи горимтой байдаг. Бид гэрээнд заасан хэмжээтэй, зориулалтын дагуу буюу мах хөргүүрийн зориулалтаар ашиглах боломжтой хөргүүрийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Барилгыг хүлээн авах үед ажлыг дутуу гүйцэтгэсэн байсан бол засуулах, доголдлыг арилгуулах боломжтой байдаг. Гэтэл захиалагч барилгаа хүлээн авах, хөргүүрийг ашиглах үедээ ажлаа дутуу хийсэн, чанаргүй байна гэх зэрэг доголдолтой холбоотой нэг ч удаа яриагүй хирнээ хөргүүрийг зориулалтын бусаар ашиглах болохоороо шаардлага хангаагүй хөргүүр хийжээ гэж ярьж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хийсэн миний нэр төрд халдаж байгаа зүйл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гардан авсан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Б.Пийн нэхэмжлэлийг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие тус барилгын захиалагч болох Б.Птэй ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, харин Н, Б нар нь тус ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Миний бие тэр ажилд туслахаар анх тохиролцсон боловч Б, Н нартай маргаантай болоод ажилд нь туслахаас татгалзаж, улмаар тус ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, Нд хэлээд гарсан. Учир нь тэдний мөнгөний зарцуулалт нь замбараагүй байснаас болж бидний хооронд маргаан гарах болсон тул би үнэгүй тусалсан болог гээд хөлс гэж авахгүйгээр орхисон. Харин Б, Н нар нь өөрсдөө хөргүүр барьж байсан туршлагатай, барьж чадна материалыг мэднэ гэсээр байгаад Б.Птэй гэрээ хийсэн атлаа зориулалтын бус барилгын материалаар тус хөргүүрийг барьсан байхаа. Миний хувьд Н, Б нараас ямар ч хөлс аваагүй, ажилд нь үнэгүй туслаад л гарсан тул миний хувьд уг нэхэмжлэлд дурдсан 30 сая төгрөгийг хариуцан төлөх боломжгүй, уг хөлсийг авсан Н, Б нар хариуцан төлөх хэрэгтэй болов уу. Уг гэрээний үнэ болох 30 сая төгрөгийн асуудлыг Б.П нь Н, Б нар нь хоорондоо ярилцаж тохиролцсон. Миний хувьд уг гэрээнд оролцоогүй гэрээ байгуулаагүй, тус захиалагчаас өгсөн гэх мөнгөнөөс ажлын хөлс болон материалын үнэ аваагүй, материал сонгоогүй тул ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Үүнийг буруутай хүмүүс болон Н, Б нараас нэхэмжилж гаргуулах нь зүйтэй болов уу. Иймээс надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01241 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар хариуцагч Ц.Б, Д.Н нараас 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Цгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа татгалзсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 307.950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142\ШШ2021\01241 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч нар ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан " шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." Гэснийг хангаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үндэслэл:1.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч нарт холбогдуулан доголдлыг арилгуулах, шинээр гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргаагүй бөгөөд доголдол арилгуулах талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй." Гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: Анх шүүхэд Ц.Б, Д.Н, Д.Ц нарыг хариуцагчаар татсан. Ц.Бтой ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийсэн.Хөргүүр хийх туршлагатай "Эрдэнэт үйлдвэр"-т ажил хийсэн гээд байхаар нь түүнд итгэж ажил хийлгэхээр болсон.Ажлаа бүрэн хийж дуусгалгүй явсны дараагаас Ц.Б, Д.Н нартай холбогдож чадахгүй, Д.Ц ахыг анх уулзуулсан болохоор "тэднийг олж өг." гэхэд Ны гэрт олон удаа очсон.Утсаар холбогдох гэж эрж хайсан.Энэ талаар Д.Ц ах сайн мэднэ. 2.Ц.Б, Д.Н нарыг олж уулзах гэж зөндөө хөөцөлдсөн талаар шүүх хуралдаанд Л.Ц ах хэлэх гэсэн боловч шүүх огт яриулаагүй. Мөн Д.Цгийн 2021 оны 09 сарын 06-ны өдрийн хариу тайлбарт "... Б, Н нар нь өөрсдөө хөргүүр барьж байсан туршлагатай, барьж чадна материалыг мэднэ гэсээр байгаад Б.Птэй гэрээ хийсэн атлаа зориулалтын бус барилгын материалаар тус хөргүүрийг барьсан..." гэсэн тайлбарыг шүүх үнэлсэнгүй. Д.Цг хариуцагчаас хассан шалтгаан нь хөргүүрийн ажлыг гүйцэтгэсэн өртгөөс нэг төгрөг аваагүй, Ц.Б, Д.Н нар гардан хийсэн гэдгийг ярьсан учраас түүнийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж оролцсон юм.Ц.Б, Д.Н нар нь өөрсдөө олдохгүй, утсаа авахгүй, гэрээр нь очихоор гэртээ байхгүй холбогдож чадаагүйг" шаардлага гаргаагүй" гэж дүгнэж байгаа нь дэндүү хийсвэр дүгнэлт боллоо. 3.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон "Хөргөлт А.С" ХХК-ний захирал Н.Дэлгэрмөрөн" фероноор ажилладаг хөргүүр нь хөлдсөн бүтээгдэхүүнийг хадгалахад буюу тодорхой хөлдүү чигээр нь байлгахад хэрэглэдэг болохоос хөлдөөгчийн үүргийг гүйцэтгэхгүй юм. Сэнсэн хөргүүр нь гүн хөлдөөх зориулалттай байдаг.Суурилуулж өгсөн моторыг хүлээлгэн өгч, баталгааны хуудас олгосон.380 вт тогоо татаагүй байсан тул дараа нь утсаар холбогдож холболтын талаар зааварчилгаа авсан....Сэндвич нь шаардлага хангахуйц байгууламж байсан..." гэж хөргүүртэй холбоотой асуудлыг мэдээд байгаа юм бол энэ хөргүүр өнөөдрийг хүртэл горимоороо ажиллаагүйд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мотор суурилуулсан Н.Дэлгэрмөрөнгөөс " моторыг 2-3 хоног ажиллуулахад хүйтэн хэмжүүрийн заалт нь 3.7 хэмээс дээшлэхгүй байгаа." талаар бичлэг явуулж байсныг үгүйсгэж, Дэлгэрмөрөн "мотор тавьснаас хойш нэг удаа холбогдоогүй..." гэж худал ярьсан. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллага " хөргүүр" стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахгүй байхад гэрч Н.Дэлгэрмөрөн үнэн бодит дүгнэлт хийлээ гэж хийсвэр дүгнэж болохгүй. ИХ-ийн 343 дугаар зүйлийн 343.2-т " Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна." Гэж заасан ба Ц.Б, Д.Н нарын хийсэн хөргүүр ажиллаагүй л байна.Хөргүүр ажиллахгүй байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарладаг. 4." Хариуцагч нарын тайлбарт дурдсан хөргүүрийн байгууламжийн түүхий эд \сэндвич\ нь тохирлын гэрчилгээнд зааснаар хөргүүрийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэгт шаардлага хангасан материал байсан гэж тодорхойлсон..." гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Хөргүүр ажиллахгүй байгаа бөгөөд сэндвич нь шаардлага хангаагүй гэдгийг газар дээр нь үзээд өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй.Хөргүүрийн байгаа байдлыг СД хэлбэрт буулгаж, шүүх хуралдаан дээр судлуулсан.Энэ талаар шүүх огт үнэлэхгүй байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байгаа. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, “ажлын үр дүн болох” тэдний барьж өгсөн “хөргүүр” ажиллахгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн 01241 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан 22.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Б, Д.Н нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Д.Ц, Д.Н, Ц.Б нараас 30 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа хариуцагч Д.Цгээс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж хариуцагч Д.Н, Ц.Б нараас 22 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.П, хариуцагч Ц.Б нар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр 5х7 хэмжээтэй хөргүүр барих ажлыг 30 сая төгрөгийн хөлстэйгөөр 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Б.П нь ажлын хөлс 30 сая төгрөгийг гүйцэтгэгч тал болох хариуцагчид бүрэн шилжүүлсэн байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөргүүрийг стандартад нийцүүлэн хийгээгүй сендвич нь шаардлага хангахгүй моторын хүчин чадал муу хөргөж чадахгүй байсан тул өөр компанитай гэрээ байгуулж шинэ хөргүүр авсан. Тэдний тавьж өгсөн хөргүүрийг 8 сая төгрөгөөр үнэлж үнийн дүнгээс хасаж 22 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн үндэслэлээр тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ үйлдвэрийн газраас хөргүүрийн зориулалттай сендвич худалдан авч барьсан, өөрсдөө мах хадгалах хөргүүр хэрэгтэй тул фреоноор ажилладаг хөргүүр тавиулна гэж санал хэлсэн учраас моторыг асууж байж хөргөлтийн компаниар суурилуулсан. Тухайн суурилуулсан компани 1 жилийн баталгаа өгсөн. Өөрсдөө гомдлын шаардлага гаргаагүй байж шаардлага хангахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд зохигчдын хооронд 5х7 хэмжээтэй хөргүүрийг 30 сая төгрөгийн өртөгтэй хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Хариуцагч Ц.Б, Д.Н нар нь  захиалагчийн захиалгын дагуу чанарын шаардлага хангасан сендвичэн хавтангаар барьж, фреоноор ажилладаг хөргүүрийг мэргэжлийн хөргөлтийн компаниар суурилуулсан, тухайн компани 1 жилийн баталгаат хугацаа гаргаж өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөргүүрийг барьсан сендвичэн хавтангийн чанарын талаар “Өнгөт төмөр” ХХК нь 18-21, 13-16, 11-13 нягтралттай хөөсөнцөр хавчуургатай 10-15 см-ийн зузаан хийцийн сендвичэн хавтан үйлдвэрлэдэг. Энэ хавтан барилгын хөгжлийн төвийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны №311/21 тоот баталгаажуулалтын гэрчилгээтэй, Орхон аймгийн иргэн Ц.Б, Д.Н нар хүнсний зориулалтайгаар 5 төрлийн хэмжээтэй сендвичийг захиалан худалдаж авсан гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн АА/056 тоот албан бичиг ирүүлсэн, мөн №237/21 дугаарын тохирлын гэрчилгээ, хөргөлт А, С ХХК-ийн батарей, ууршуулагчтай 5 HP гадна  төхөөрөмжтэй хөргүүрийг худалдан авсан  1 жилийн хугацаатай баталгаа гаргаж өгдөг. Энэхүү хөргүүр нь 5 HP хүчин чадалтай, хөлдсөн бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай батарей ууршуулагчтай хөргүүр юм. Худалдсан төхөөрөмжөө бид худалдан авагчийн байгаа газарт нь очиж суурилуулж өгдөг. 2021 оны 05 дугаар сарын 26-нд Ковид-19 цар тахлын хөл хорио тавигдсан даруйд Орхон аймагт очиж угсралт суурилалтыг хийж гүйцэтгэсэн. 380 вольтын тогны зөвшөөрөлгүй байсан тул түр тог авч шалгаж хүлээлгэж өгсөн. Баталгааг Б.П, Д.Эрдэнэтуяа гэгч хөргүүрийн эзэнд хүлээлгэн өгч шалгаж авсан. Суурилуулсны дараа 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр видео калл хийж зааварчилгаа авч тохиргоо хийж байсан. Үүнээс хойш ямар нэг хөргүүрийн талаар гомдол санал гаргаагүй гэсэн албан бичиг, баталгааны хуудас, гэрч Дэлгэрмөрөнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар сендвич шаардлага хангаагүй, моторын хүчин чадал хүрэхгүй байсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага тайлбар үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгч Б.П дээрх нотлох баримтыг үгүйсгэж няцаасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа нар хариуцагч нарт холбогдуулан доголдлыг арилгуулах, шинээр гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, доголдлыг арилгуулахаар хариуцагч нарт мэдэгдээгүй, хугацаа олгоогүй байх тул нэхэмжлэгч Б.П Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан 243.2.-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн  ажлын үр дүн байна гэж заасны дагуу хариуцагч нар хөргүүрийг барьж моторыг мэргэжлийн компаниар суурилуулж хүлээлгэж өгсөн байх ба нэхэмжлэгч Б.П нь хөргүүр хэвийн ажиллахгүй байгаа талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй болохыг зохицуулсан ба ажил гүйцэтгэх гэрээний захиалагч буюу нэхэмжлэгч хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т зааснаар шаардах эрхээ алдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ