Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

Иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвдорж,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнай, Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэг нарт холбогдох эрүүгийн 201618010106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн харъяат, 0000 оны 08-р сарын 04-ний өдөр төрсөн, 00 настай, боловсрол дээд,  биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонт 00 гудамжны 00-0 тоотод оршин суух, өөрт ногдох хөрөнгөтэй, төрөөс авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнай /РД: ЖТ-,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 0000 оны 11-р сарын 19-ний өдөр төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Ар хустай 00 тоотод оршин суух, өөрт ногдох 0 ханатай гэртэй, төрөөс авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэг / РД: ЧЕ-/,

Үйлдсэн хэргийн талаар :

Шүүгдэгч Ү.Баярмагнай нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг “Эко” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, А.Зулцэцэг нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахай сэдэлтээр Г.Батболдын 2 168 000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг А.Зулцэцэгтэй бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон,

Шүүгдэгч А.Зулцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг “ЭКО” зочид буудалд найз Г.Батболд, Л.Тэрбиш, М.Атартулга, А.Зулцэцэг нарын хамт үйлчлүүлж байхдаа шунахай сэдэлтээр Г.Батболдын 2 168 000 төгрөг байрлуулсан ХААН банкны виза картыг болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг Ү.Баярмагнайтай бүлэглэн хулгайлж, виза картнаас дээрх мөнгийг авч ашиглан бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ А.Зулцэцэгтэй бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн12-13 хуудас/,  Хохирогч Г.Батболдын мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/, Гэрч Л.Тэрбишийн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч М.Атартулгын мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/, Хохирогч Г.Батболдын Хаан банкны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53 хуудас/, Хаан банкны АТМ-ын дүрс бичлэгийн тандалтын зураг /хх-ийн 147-150 хуудас/, яллагдагч Ү.Баярмагнайн мэдүүлэг /хх-ийн 131 хуудас/, Яллагдагч А.Зулцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 41-43 хуудас/, яллагдагч А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад хүрэлцэн ирэхээр цагдаагийн тасагт баталгаа гаргасан баримт /хх-ийн 54 хуудас/, яллагдагч А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нарын мөрдөн байцаалтад хүрэлцэн ирэхгүй байгаа талаарх мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 55-62 хуудас/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогч Г.Батболдын тайлбар /хх-ийн 7 хуудас/, хохирогч Г.Батболдын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,  2016 оны 08 дугаар  сарын 23-ны өдрийн хохирогч Г.Батболдын мэдүүлэг, А.Зулцэцэгийн ял шалгах хуудас /хх-ийн 88 хуудас/,  Ү.Баярмагнайн ял шалгах хуудас /хх-ийн 89 хуудас/,  Хаан банкны дансны хуулга  /хх-ийн 156  хуудас/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168 хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Гүн мэдрэмж” ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-ийн 169 хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хохирогч Г.Батболдын хохирол хүлээн авсан гэсэн баримт / хх-ийн 170 хуудас/,   2017 оны 04-р сарын 11-ний өдрийн хохирогч Г.Батболдын хүсэлт, Ү.Баярмагнайн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалвал:

 

Нэг : Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар нь  бүлэглэн 2016 оны 08 сарын 30-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших “Эко” нэртэй зочид буудалд хохирогч Г.Батболдын 2 168 000 төгрөгийн үлдэгдэл бүхий ХААН банкны виза картыг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

1. Хохирогч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 07-р сарын 30-ны өдөр өөрийн найз болох Бабарак гэх найзыгаа өнгөрсөн гэж сонсоод шууд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу унаагаар гарсан. Би Сайхан сумд ирээд буудал хайж байгаад гадна талдаа төмрөн хашаатай дотроо бор өнгийн модон хийцийн буудалд ороод 1 өрөө аваад төлбөр тооцоог нь хийчээд талийгаачийн эгчтэй ярьж байгаад гэрийг нь олсон. Талийгаачийн гэрийг олоод ороход Баярмагнай гэх залуу эхнэртэйгээ талийгаачийн гэрт ирчихсэн байсан. Тухайн үед бид нар талийгаачийн ар гэрийнх нь ажилд туслаад нэлээн орой болсон байхаар нь Атартулга, Тэрбиш, Баярмагнай эхнэртэйгээ нийлээд бид тавуулаа миний буусан буудалд ороод 0.75 литрийн соёрхол аваад хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь босоод бид хэд талийгаачийн ажил явдал руу нь очсон. Тухайн үед Баярмагнай эхнэртэйгээ алга болчихоор нь бид хэд хаашаа явсан юм бэ гэхэд хөдөө сүүнд явчихсан гэсэн. Тэгээд нэг их удалгүй Баярмагнай эхнэртэйгээ талийгаачийн гэрт сүү олдсонгүй гэж хэлээд ороод ирсэн. Талийгаачийн ажил явдал дээр байсаар байгаад 12 цагийн үед Атартулга, Тэрбиш, Баярмагнай эхнэртэйгээ ингээд бид тав гараад Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байдаг Батболд гээд өмгөөлөгчийн гэрт нь очсон. Би тэр залууг анх удаа харж байсан бөгөөд Баярмагнайн эхнэрээс бусад хүмүүс нь таньж байсан. Батболд өмгөөлөгчийнд орохдоо бид нар 3 шил 0.75 литрийн соёрхол авч орсон. Тэгээд бид нар гэрт нь ороод архиа ууж эхэлсэн ба Баярмагнайн эхнэр бараг уугаагүй. Тэгээд ууж байгаад цаг харсан чинь 16 цаг болж байсан байх би тухайн үед уусан архи маань нөлөөлөөд унтаад өгсөн байсан. Би унтаж байгаад 21 цагийн үед сэрэхэд Баярмагнай эхнэртэйгээ байхгүй Тэрбиш, Атартулга, Батболд 3 унтаж байсан. Би босоод өөрийнхөө хувцсыг үзтэл миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт нар алга болчихсон байна гэж хэлэхэд бид нар аваагүй мэдэхгүй байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би Баярмагнай руу залгахад эхнэр нь авахаар нь миний бичиг баримт болон виза картыг минь өглөө гэхэд авчирч өгөөрэй гэтэл би чиний юмыг аваагүй шүү гэж хэлээд тасалсан. Би дахиад байж байгаад залгахад Баярмагнайн эхнэр авахад утсаа чанга яригч дээр тавьж байгаад миний бичиг баримт болон виза картыг маргааш өглөө 10 цаг гэхэд өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана шүү гэж хэлэхэд бид Эрдэнэтэд явж байна. Манай нөхөр виски авч уугаад байхаар нь гайхаад байсан чинь чиний картыг авцан юм шиг байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Баярмагнайтай яръя гэж хэлэхэд эхнэр нь согтуу унтаж байна гэж хэлсэн. Баярмагнайн эхнэр за би маргааш 10 цаг гэхэд бүх мөнгийг чинь дансанд чинь шилжүүлье гэж хэлээд алга болсон. Би тэгээд маргааш нь над руу ярина гэж хэлэхээр нь хүлээгээд байсан чинь огт залгаагүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

2. Хохирогч Г.Батболдын мөрдөн байцаалтад 2 дахь удаа  өгсөн “...Нилээн хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгэхдээ өөрийн гэсэн ухаантай, биеэ авч явах чадвартай байсан. Тасартлаа уусан зүйл байхгүй. Ер нь би өөрийгөө мэдээд халаад эхлэхээрээ больчихдог юм. Тэгээд унтаад өгсөн...Би Зулцэцэгт бэлэн мөнгөтэй картаа юу боллоо гэж хадгалуулахав. Би өгөөгүй, миний бичиг баримт цамцны энгэрийн карманд байсан. Тэрнээс би Зулцэцэгт өгөөгүй... Миний дансанд 20 000 төгрөг л үлдсэн байсан. Би өглөө нь сэрээд миний бичиг баримт байхгүй мэдэж Баярмагнай руу залгахад эхнэр Зулцэцэг нь аваад Баярмагнай унтаж байна гэсэн чинь миний баримт бичиг карт алга болчихсон байна гэж хэлэхэд Зулцэцэг аваад мэдэхгүй гээд салгасан. Салгахаар нь би эргүүлээд залгаж миний карт, бичиг баримтыг өгөхгүй бол цагдаад өргөдөл өгнө шүү гэсэн чинь уучлаарай маргааш өглөө 10 цагт 500 000 төгрөг шилжүүлээд бичиг баримттай өгнө гэж хэлсэн. Би утсаа чанга яригч дээр тавиад ярихад Тэрбиш, Атартулга нар сонссон мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

3. Хохирогч Г.Батболдын мөрдөн байцаалтад 3 дахь удаа өгсөн “...2016 оны 07-р сарын 31-ний өдөр бид нар буяны ажил дээр байж байгаад Батболд гэх өмгөөлөгч залуугийнд очиж архи уусан. Тэндээс гараад байрлаж байсан ЭКО нэртэй буудалд орж үргэлжлүүлэн архи уугаад тэгээд би тэндээ унтаад өгсөн байсан юм. Болсон явдал бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЭКО гэх буудалд болсон. ЭКО гэх буудалд уугаад унтаад босоод ирэхэд Баярмагнай, Зулцэцэг 2 миний бичиг баримт, виза картыг аваад явсан байсан... Миний 2 168 000 төгрөг байсан виза карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 хуудас/,

4. Гэрч Л.Тэрбишийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Атартулга, Батболд, Баярмагнай, Баярмагнайн эхнэр Зулцэцэг нарын хамт Улаанбаатар хотоос 206 оны 07-р сарын 30-ны өдөр манай найз нас бараад ажил явдалд нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумд ирцгээсэн.Ажил явдал нь дуусаад Батболд, Баярмагнай, эхнэр Зулцэцэг бид 5 хамт ЭКО гээд буудалд орцгоосон. Бид нар Сэлэнгийн Сайхан сумд нийтдээ 3 хоносон. Сүүлд хонохдоо ЭКО буудалдаа нилээд хэмжээний архи, согтууруулах ундаа ууцгаасан бараг 8-9 шил архи ууцгаасан. Буудалд байхад Баярмагнай, Зулцэцэг нар нь хажуу талын буудалд орж унтана гээд гараад явцгаасан.  Би шөнө дунд 02 цагийн үед очиж байгаа буудалд нь очиход байхгүй байхаар нь буцаад буудалдаа орж амарсан. Өглөө нь Батболдын хавтастай бичиг баримт алга болсон гэж Батболд өөрөө миний карт бичиг баримтыг Баярмагнай, Зулцэцэг нар аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд өглөө нь Батболд Атартулга бид нар Баярмагнайн утас руу залгахад утас холбогдохгүй байсан. Би сүүлд хотод очоод ярихад Баянхонгор аймагт байна. Хамтдаа цагдаагийн газар очъё гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

5. Гэрч Л.Тэрбишийн мөрдөн байцаалтад 2 дахь удаа  өгсөн “...Батболд өөрийнхөө бичиг баримтыг алга болсон талаар маргааш өглөө нь сэрээд мэдсэн. Тэрнээс тэр оройноо бид нар мэдээгүй. Өглөө нь Батболд буудалд сэрээд миний карт бичиг баримт алга болчихсон гэж Атартулга бид хоёрт хэлсэн... Батболд өглөө сэрээд бичиг баримтаа алга болсныг мэдээд Баярмагнай руу залгасан чинь Зулцэцэг нь утсыг нь авсан чинь Батболд миний бичиг баримт, картыг яагаад аваад явчихсан юм бэ гээд хэлсэн чинь би аваагүй гээд утсаа салгасан. Тэгээд Батболд нь дахиж залгаад миний бичиг баримт, картыг өгөхгүй бол би цагдаад хэлнэ шүү гэж хэлсэн чинь битгий цагдаад хэлээрэй маргааш өглөө нь 500 000 төгрөг шилжүүлье бичиг баримтыг чинь өгье гэж хэлсэн. Баярмагнай авчихсан байна гэж ярьсан. Батболд утсаар ярихдаа утсаа чанга яригч дээр нь тавиад Атартулга бид хоёрын хажууд ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

6. Гэрч М.Атартулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Улаанбаатар хотоос би, Баярмагнай, Тэрбиш, Батболд, Зулцэцэг нарын хамт Сайхан сумд найзынхаа ажил явдалд туслах гэж ирцгээсэн. Хөтөлд ирээд бид нар найзынхаа ажил явдалд тусалж байгаад орой нь ЭКО гээд буудалд бууцгаасан байсан юм. Буудалд бид нар буюу Баярмагнай, Зулцэцэг, Тэрбиш, Батболд 0.75 шилтэй архи ууцгаасан. Буудалд ороод унтацгаасан. Би шөнө Баярмагнай, Зулцэцэг нарыг буудлаас хэдэн цагийн үед гарсан талаар мэдэхгүй байна. Унтаад өгсөн. Өглөө нь сэрээд Батболд миний карт, бичиг баримтыг байхгүй байна гэж хэлсэн. Буудалд сэрэхэд Батболд, Тэрбиш, бид гурав сэрсэн. Баярмагнай, Зулцэцэг нар нь өглөө буудалд байхгүй болохоор нь Батболдын карт, бичиг баримтыг аваад явчихсан гэж бодоод Баярмагнайн утас руу залгасан чинь эхнэр Зулцэцэг нь аваад Батболд нь миний карт бичиг баримтыг аваад явсан байна одоо авчирч өг гэж ярьсан чинь аваагүй гэж хэлээд утсаа салгасан. Дахиж Баярмагнай руу залгаад утсаа чанга яригч дээр нь тавиад Тэрбиш, бид хоёрыг сонсож байхад Баярмагнай картыг нь чинь авчихсан байна. Би мөнгийг чинь шилжүүлье гээд Зулцэцэг нь өөрөө хэлсэн. Гэтэл Батболд 10 цаг гэхэд мөнгө, карт, бичиг баримтыг нь авчирч өгөхгүй бол цагдаад хэлнэ гэхэд битгий цагдаад хэлээрэй би шилжүүлнэ гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

7.  Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн12-13 хуудас/,

8. Хохирогч Г.Батболдын Хаан банкны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53 хуудас/,

9. Хаан банкны АТМ-ын дүрс бичлэгийн тандалтын зураг /хх-ийн 147-150 хуудас/ зэрэг баримтуудаар болон

10.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Баярмагнайн өгсөн “...Эрхэм хүндэт шүүгч нартаа Үнэнбатын Баярмагнай би 2016 оны 07 дугаар сарын сүүлээр хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр яръя. Улаанбаатар хотод А.Зулцэцэг бид хоёр өглөө гэртээ байж байхад Хөтөлөөс манай найз нас барсан гэж утсаар ярьсан. Би А.Зулцэцэгт манай найз нас барсан байна. Би ажил явдалд нь оролцохгүй бол болохгүй гэхэд А.Зулцэцэг хамт явна гэж хэлээд бид хоёр хамт явах гээд бэлдээд байж байсан. Манай М.Атартулга, Г.Батболд, Л.Тэрбиш гэх гурван найзын хамт явъя гээд нэг машинаар бид нар хамт явсан. Замдаа архи уусан. Хохирогч Г.Батболд бид нартай уулзахаасаа өмнө согтуу байсан.  Бид нар Хөтөлд ирсэн өдрөө ажил явдалд нь сайн тусалж амжаагүй. Маргааш нь бүгдээрээ  ар гэрийнхэнтэй нь уулзъя гээд тал тал тийшээ салсан. Хөтөлд А.Зулцэцэг, Л.Тэрбиш бид гурав нэг буудалд хоносон. Маргааш нь уулзаад ар гэрт нь хандив өгсөн. Тэгээд өдөр 13 цагийн үед  “Эко” буудалд бүгд орсон. Тэр буудалд таних, танихгүй Хөтөлийн хүмүүстэй нийлж архи уусан. Миний мөнгө дууссан байсан. Би  Г.Батболдыг мөнгөтэй байгаа гэж мэдээгүй. Г.Батболд “Эко” буудлаас 5-6 шил архи авсан. Г.Батболд бид хоёр тооцоог нь хийх гэж очсон. Эхлээд би картаа уншуулах гэхэд миний картны мөнгө дууссан байсан. Г.Батболд картаа уншуулахад буудлын хүн нь пин код нь хэд вэ гэхэд Г.Батболд 0817 гэж хэлсэн. Миний картын дугаар 0804 байсан. Бид хоёр 08 сард төрсөн байсан болохоор би тэр пин кодыг нь мэдэж авсан байсан. Бид хоёр тооцоогоо хийчихээд буудлын өрөө рүү орох гэж байхад А.Зулцэцэгтэй тааралдахад Г.Батболд найзынхаа картыг хадгалчих гээд А.Зулцэцэгт өгсөн. А.Зулцэцэг өрөөнд ороод картыг нь миний цүнхний арын халаасанд хийж байгаа харагдсан. Бид нар өдөр буудлаас гараад зүлгэн дээр ярьж суусан. Би цүнхээ аваад найзынхаа ажил явдал дээр очоод эгчид нь дугтуйнд мөнгө хийж өгөөд юу хэрэгтэй байна гэхэд сүү хэрэгтэй байна гэсэн. Надад мөнгө байхгүй байсан болохоор Г.Батболдын картыг уншуулсан. Би Г.Батболдын картнаас 400 000 төгрөг аваад хэнд ч хэлээгүй. Ойр зуурын зүйлд тэр мөнгөө хэрэглэж байгаад буцаад буудалдаа очсон. Намайг буудалд буцаад очиход нөгөө хэд бас архи уусан байсан. Тэр үед орой болсон байсан. Би А.Зулцэцэгийг дуудаад нөгөө хүмүүсдээ хэлэх гэхэд Г.Батболд нилээн согтсон хүний яриа бараг ойлгохооргүй болсон байсан. Л.Тэрбиш тэр хоёр арай гэж буудалд орж хэвтсэн. М.Атартулга нь арай гайгүй байхаар нь бид хоёр гадуур буудал хайгаад олохгүй бол хот явлаа намайг энэ жил ажил явдалд оролцож болохгүй гэж хэлж байна лээ гээд М.Атартулгад 100 000 төгрөг үлдээгээд бид хоёр хот явсан. Би явж байх замдаа А.Зулцэцэгт тэр картыг өгөөд миний данс руу 1 000 000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. А.Зулцэцэг шилжүүлээд хэний мөнгө юм гэж надаас асуухаар нь би хүнд пүүз зарна гэж мөнгө авсан гэж худлаа хэлсэн. А.Зулцэцэг пүүзийг нь хэзээ авчирч өгөх юм гэхэд нь дараа авчирч өгнө таньдаг хүн гэж хэлсэн. Бид хоёр замдаа явж байгаад  дэлгүүрээс архи, тамхи, чихэр зэрэг зүйлийг би тэр картаар авсан. Би хот руу гэр лүүгээ харьж байх замдаа А.Зулцэцэгт саяны татуулсан карт Г.Батболдын карт байсан гэж хэлсэн. А.Зулцэцэг яаж байгаа юм бэ болж байгаа юм уу гэж хэлсэн. Би бид хоёр өгөө, аваатай байдаг юм аа хамаагүй Г.Батболдод байх юм бол ууж идээд дуусгачихна гэж хэлсэн.  Би наймаа хийгээд ганц, хоёр эргэлдүүлээд өгчихье гэж дотроо бодсон байсан. Хотод ирж унтаад өглөө босоод А.Зулцэцэгээс миний түрүйвчинд байсан мөнгийг яасан юм бэ гэж асуухад А.Зулцэцэг би  Г.Батболдын данс руу хийсэн гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ нэг эргэлдүүлээд өгчихнө. Би Г.Батболдод утсаар яриад хэлчихнэ. Г.Батболд  ойлгоно багын найз гэж хэлсэн. Би А.Зулцэцэгийг уурлаад байхаар нь тэр өдөр Мөнгөн завъяа руу орж 690 000 төгрөгөөр монетан хослол авч өгөөд өөртөө нэг жижиг гар цүнх авсан. Би хүмүүсээс авах ёстой байсан авлагуудаа авч бараагаа аваад Баянхонгор аймаг руу явсан. Баянхонгор яваад нэг хонож байхад Г.Батболд надтай ярьсан. Би яасан гайгүй юу гэхэд  Г.Батболд бичиг баримт, карт яасан бэ гэж хэлэхээр нь би авсан, дотор нь байсан мөнгийг нь бас би авсан гэж хэлсэн. Г.Батболд  найзынхаа бичиг баримт картыг авчирч өг гэж хэлсэн. Би Баянхонгор аймагт байна чамд мөнгө хэрэгтэй байгаа бол 500 000 төгрөг шилжүүлье гэж  Г.Батболдод хэлсэн. Бичиг баримт чинь надад байгаа гээд би утсаа таслахаас нь өмнө нь ганц хоёр хоног хүлээж бай найз нь ганц хоёр хоногийн дараа бүх мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Г.Батболд утсаа тасалсан. Маргааш нь Хөтөлийн цагдаагийн газрын Саруул гэж байцаагч залгасан. Би А.Зулцэцэгт бид хоёрыг Г.Батболд цагдаад өгсөн байна очихгүй бол болохгүй гээд тэр өдөртөө Баянхонгороос ирэх гэхэд хүмүүст бараагаа тараагаад мөнгийг нь авч чадаагүй мөнгөгүй болсон байсан. Бид хоёр А.Зулцэцэгт авч өгсөн байсан хослолыг ломбарданд тавиад тэр өдөртөө шууд Хөтөл рүү гарсан. Нөгөөдөр өглөө нь эрт цагдаагийн газар очоод байцаагчтай нь уулзаад байцаалт өгсөн.  Г.Батболдтой уулзахад  найз нь согтуудаа ороод гомдол гаргасан байна лээ одоо ороод хэлчихье гэсэн. Г.Батболд архи үнэртүүлчихсэн байсан. Байцаагч дээр ороод гомдолгүй гээд хэлсэн чинь цагдаагийн газар Г.Батболдыг ойшоогоогүй, цагдаагийн газар ямар хүүхдийн тоглоомын газар юм уу гэж хэлээд бид хоёроос байцаалт авсан. Байцаалт аваад батлан даалтад гарахаар болсон. Батлан даалтад гараад А.Зулцэцэг бид хоёр их хэрүүлтэй байсан. Батлан даалтад гараад бид хоёр хэрэлдээд  салсан. Ямар ч байсан мөнгө, мөнгөө олчихоод уулзана шүү гээд хоёр тийшээ салаад явсан. А.Зулцэцэг хот руу явсан. Би Булган аймаг руу явсан. Бид хоёр уулзаагүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 20 гаргаад уулзсан. Чи яасан мөнгөө олсон уу гэхэд жаахан мөнгө байна ахиад олох хэрэгтэй байна. Ганцаараа наймаа хийгээд болохгүй байна гэж хэлсэн. Би бас 600 000- 700 000 төгрөг олсон байсан. Тэгээд хоёулаа нийлж байгаад мөнгийг нь хурдан олж өгөхгүй бол болохгүй байх гээд бид хоёр Замын-Үүд орсон. Замын-Үүд ороод хохирогчийн мөнгийг бүрэн болгоод Вагонд суугаад хот руу явж байхад  Вагон дотор А.Зулцэцэгийн түрүйвч нь алга болсон.  Би яасан бэ яагаад алдчихаж байгаа юм гээд энэ асуудлаас бас хэрүүл болсон. Замын-Үүд явахаасаа өмнө бид хоёр нэг байр түрээслэе гэж ярьсан. Тэгээд байр түрээслэсэн байсан. Замын-Үүдээс ирээд ахиад наймаа хийж мөнгө олохоор болсон. Бид хоёр банкинд хүнд юм өгнө гээд юмаа өгч байгаад банкин дээр баригдсан. Бид хоёрт санаатайгаар ярилцаж оргон зайлъя гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Бид хоёр хууль мэдэхгүй. Тийм зүйл болсон... Монгол улсын шүүхээс бид хоёрыг  нэг удаа өршөөж өгөөч гэж гуйж байна. Би хууль цааз ямар хатуу байдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ...” гэх мэдүүлэг,

11. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Зулцэцэгийн өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ бид хоёр гэртээ байхад Л.Тэрбиш гэдэг найз нь залгаад манайд ирсэн. Манай гэрт ирээд ажил явдал болсон найз нь өнгөрсөн гээд Ү.Баярмагнайг авч явна гэж хэлсэн. Ү.Баярмагнай явна гээд байхаар нь би битгий яв гэж хорьсон. Л.Тэрбиш авч явна бид нар багын найз гэж эд нар уйлаад бөөн юм болсон.  Бид хоёр ажил явдал дээр нь очоод цагаан идээ, мөнгө төгрөг өгчихөөд цаашаа Баянхонгор явж наймаа хийе гэсэн зорилготой явсан. Замаараа М.Атартулга, Г.Батболд хоёрыг авсан. Эд нар Г.Батболдыг хочлоод Бундуй гэж нэрлээд байсан. Би  Г.Батболд гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй байсан. Бундуй, М.Атартулга нарыг авч явна гээд дөрвүүлээ явсан.  Эд нар Хөтөл рүү ирэх замдаа 4-5 шил архи уусан.  Бид нар Хөтөлд ирсэн өдрөө талийгаачийн гэрээр нь орж уулзчихаад Хөтөлд байдаг бас Батболд гэдэг найзынх нь гэрт ороод архи авч уусан. Би Ү.Баярмагнайд ийм газар баймааргүй байна хоёулаа ажил явдлыг нь хурдан дуусгаад явъя гэж хэлсэн. Ү.Баярмагнай тэгвэл буудал авъя гээд Ү.Баярмагнай, Л.Тэрбиш бид гурав “Эко” буудлын хажуу талын буудлыг нь аваад нэг хоносон. Маргааш нь Л.Тэрбиш, Ү.Баярмагнай бид гурав талийгаачийн ар гэрт  нь 100 000 төгрөг, сүү, шар тос аваачиж өгсөн. Тэгээд Хөтөлөөр жаахан наймаа хийж явсан. Эд нар талийгаачийн байрны гадаа архи ууж байхад нэг цагдаа ирээд та нар энд яагаад архи уугаад байгаа юм гэж хэлсэн чинь Г.Батболд бүгдээрээ буудал явъя гэж хэлээд “Эко” буудалд орсон. Эд нар “Эко” буудалд орохдоо 1 шил архи авсан ууж байсан. Би архинаас нэг ч удаа уугаагүй. Эд нар архи уугаад уйлаад хоёр хоног хэцүү байсан. Г.Батболд, Ү.Баярмагнай хоёр рестарон руу орж тооцоогоо хийгээд тэврэлдэж гарч ирээд май А.Зулцэцэгээ энэ картыг далд хийчих гэж  тэр картаа өгсөн.  Бичиг баримтаа өгөхөөр нь миний цүнх  цахилгаан байхгүй задгай болохоор алдчих байх гэж айсандаа Ү.Баярмагнайн цахилгаантай цүнх рүү хийсэн. Би эд нарыг уйлалдаж, дуулалдаж байх хооронд нь тэрийгээ мартсан байсан. М.Атартулга, Л.Тэрбиш хоёр нь хонь авч найзынхаа ажил явдалд өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг аваад Ү.Баярмагнай бас 2 залуугийн хамт хонинд явсан. Хонинд яваад хонио үзээд хонио авах гэсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Ү.Баярмагнай  хонь заавал авна. М.Атартулгын цалин орсон гэж хэлээд эд нар нилээн халсан байсан. Би тийм үү М.Атартулга гэхэд М.Атартулга тийм гэж хэлсэн. М.Атартулга, Л.Тэрбиш бид гурвыг орхичихоод эд нар машинаараа яваад өгсөн. Явж ирээд хонь авч өгөхөө болъё талийгаачийнхаа ажил явдалд 100 000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд Ү.Баярмагнай   тэд нарт  мөнгө цацаад найздаа 20 000 төгрөг, нөгөө найздаа 5000-10000 төгрөг өгөөд байсан. Би гайхаад чи хаанаас мөнгөтэй болсон юм гэхэд пүүзний мөнгө гэж хэлсэн. Би нөгөө хоёр жолоочоос нь асуухад тийм пүүзний мөнгө гэж хэлсэн. Ү.Баярмагнай намайг  АТМ орчихоод ирье гэж авч гарсан.  АТМ-ээс 1 000 000 төгрөг өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Би юун мөнгө юм гэж асуухад пүүзний урьдчилгаа мөнгө гэж хэлсэн. Ү.Баярмагнай өмнө нь Хөтөлд ирээд пүүз найздаа зарж байсан. Пүүзний урьдчилгаа мөнгө гэж 1 000 000 төгрөг данс руугаа шилжүүлээд бэлэн 400 000 төгрөг авсан. Тэгээд 400 000 төгрөг аваад буцаж очоод найзынхаа дуртай  юмыг авч өгнө гээд нэг виски, ликер хоёр авч өгөөд оршуулчихаарай гээд өгсөн.  Мөн дугтуйнд 100 000 төгрөг хийгээд ар гэрт нь өгсөн. Тэд нартай нилээн юм ярьж сууж байгаад бид хоёр хот руу орой 23-24 цагийн үед явсан. Хотод очоод надад энэ мөнгө Г.Батболдын мөнгө гэж хэлсэн. Би ямар Г.Батболд гэсэн чинь Бундуй гэж хэлсэн. Би яаж байгаан тэнэг юм бэ авч болж байгаа юм уу гэсэн. Би маргааш өглөө нь 8 цагийн үед босч Экспресс банкинд очиж түрүйвчин дотор байсан 300 000 төгрөг, дансанд нь байсан 800 000 төгрөг, нийт  1 100  000 төгрөгийг Г.Батболдын данс руу хийсэн. Би мөнгө хийчихээд Тэрбиш руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би Г.Батболдынх нь утсыг мэдэхгүй. Би утсаар яриад мөнгийг чинь хийсэн авчихаарай гэж хэлэх гэж байсан. Тэгээд Ү.Баярмагнай 12-13 цагийн үед сэрээд  түрүйвчээ үзээд мөнгө нь байхгүй байсан болохоор над руу чарлаад мөнгө яасан гэхээр нь би буцаагаад хийсэн гэж хэлсэн. Ү.Баярмагнай яах гэж хийсэн юм надад Г.Батболд барааны мөнгө зээлнэ  гэж хэлсэн. Г.Батболд намайг яах ч үгүй бид хоёр багын найз гээд байхаар нь би чи хүний мөнгөөр яах гэж байгаа юм гэж хэлсэн.  Ү.Баярмагнай би бараа авмаар байна гэж хэлэхээр нь чи өөрт нь эрүүл байхад нь хэлээд аваач ингэхээр хулгай гээд бөөн юм болох биш үү гэж хэлсэн. Ү.Баярмагнай тийм юм байхгүй гэж гараад картнаас нь буцаж мөнгийг нь татуулаад Мөнгөн завъяа ороод надад монетан хослол авч өгсөн. Би архи авч уугаад мөнгийг нь үрээд байгаа юм чинь монетан хослол авахуулаад мөнгийг нь өгөхдөө буцаагаад ломбарданд өгчихье гэсэн бодолтой ээмэг, бөгж авахуулсан. Би тэрийг авахуулчихаад хамтдаа Баянхонгор руу явсан. Баянхонгорт очоод байж байхад талийгаачийн эгч нь эхлээд залгасан. Эгч нь залгаад та нар найзынхаа картыг аваад мөнгийг нь татуулсан байна гэж хэлсэн. Би манай нөхөр согтуудаа авсан байна лээ гээд үнэнийг нь хэлээд одоо буцааж хийнэ гэсэн чинь та нар хурдан хий гэж хэлсэн.  Бид хоёр тэр үед нь мөнгө байхгүй байсан. Цагдаад өгнө гэж хэлсэн. Дараа нь Л.Тэрбиш нь залгасан. Тэр үед М.Атартулга надтай яриагүй.  Цагдаад өгсөн гэж байна очиж үнэн зөвийг нь хэлье гээд ээмэг бөгжөө ломбарданд тавиад зардал хийж Хөтөл рүү ирсэн. Хөтөлд ирээд мэдүүлэг өгөхдөө бид хоёр эхлээд нэг эмэгтэй мөрдөн байцаагчид байцаалт өгсөн. Дараа нь Баттулга мөрдөн байцаагч руу шилжсэн. Дараа нь Сундуйсүрэн байцаагч руу шилжээд дараа нь Сэргэлэн мөрдөн байцаагч руу шилжсэн.  Бид хоёрын мэдүүлэг яг үнэн зөвөөрөө биш Баттулга байцаагчийн байцаалт дээр мэдүүлэг дутуу бичигдсэн байгаа. Бид хоёр гараад утсаа шидэлцээд муудалцаад салсан. Салахад миний 99924364 гэдэг дугаар Ү.Баярмагнайн нэр дээр байдаг байсан. Салсан учраас би утсаа сэргээж чадаагүй.  Миний  9978 дээрх дугаар бас холбогдохоо больсон. Оргон зайлж байгаад 2 сарын өмнө, уулзахынхаа 7 хоногийн өмнө дугааруудаа сэргээгээд хоорондоо холбоо барьж эхэлсэн. Бид хоёр үнэтэй байр түрээслээгүй  сарын 200 000 төгрөгний үнэтэй байр түрээсэлсэн. Бид хоёр хоорондоо оргон зайлсан юм чинь 2 000 000 төгрөгийг нь бүрдүүлээд Г.Батболдод өгчихье  гэж ярьсан. Бид хоёр оргон зайлж ийм хүнд ял дээр унана гэж бодоогүй. Би анх удаа ийм байдалд орж байна. Надад Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дэх зүйл хэсэг хэцүү санагдаж байна... Хууль хатуу байдаг юм байна. Жижиг зүйлээс болж том ял дээр уналаа. Ахиж ийм алдаа гаргахгүй. Бид хоёрын ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Хохирогч Г.Батболдын картанд 2016 оны 07-р сарын 31-ний өдрийн 19 цаг 50 минутанд 2 168 483.26 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 400 000 төгрөгийг 21 цаг 19 минутанд, 1 000 000 төгрөгийг 21 цаг 21 минутанд, 400 000 төгрөгийг маргааш нь буюу 08-р сарын 01-ний өглөөний  06 цаг 32 минутанд, 170 600 төгрөгийг 06 цаг 32 минутанд, 63 200 төгрөг нийт 2 006 0800 төгрөгийг шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг картнаас авч зарцуулсан байна.

Хохирогч Г.Батболд  2016 оны 08-р сарын 01-ний өдрийн 10 цагийн үед утсаар ярьснаас хойш 10 цаг 55 минутанд 1 100 000 төгрөгийг Г.Батболдын карт руу шилжүүлж, буцаагаад 10 цаг 55 минутанд Ү.Баярмагнайн карт руу 1 000 000 төгрөгийг, 11 цагт 200 000 төгрөгийг, 12 цаг 14 минутанд 28 400 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үлдэгдэл нь 5 683 төгрөг болсон байна. Мөнгө картнаас авсан цаг минутаас харахад  шүүгдэгч А.Зулцэцэгийн “...маргааш өглөө Г.Батболдыг ярихаар нь 1 100 000 төгрөг түүний карт руу шилжүүлсэн Баярмагнайг уурлахаар нь буцаагаад мөнгийг нь Баярмагнайн карт руу хийсэн...” гэх мэдүүлэг болон хохирогч Г.Батболдын “...08-р сарын 01-ний өдрийн 10 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ХААН банкны салбар дээр очиж дансаа шалгахад  5 000  төгрөг үлдчихсэн байсан...” гэх мэдүүлэгтэй  тохирч байна.

Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар нь хохирогч Г.Батболдын картыг хулгайлахдаа үгсэн тохиролцоогүй боловч картнаас мөнгийг авч зарцуулахдаа санаа нэгдсэн байгаа тул бүлэглэн  гүйцэтгэгчид  гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Баярмагнай “...хохирогч Г.Батболдтой сайн найзууд мөнгө зээлэх талаар ярилцаж байсан надад мөнгө зээлнэ гэж байсан. Манай эхнэр А.Зулцэцэгт коридорт таараад өөрөө картаа хадгалуулсан...” гэж мэдүүлж байгааг хохирогч Г.Батболдын мөрдөн байцаалтад хууль сануулж өгсөн “...Би Дархан-Уул аймагт сурж байхад манай доод ангид байсан залуу байгаа юм. Би нэг их харьцаад байдаггүй, зүгээр зүс таних төдий. Би талийгаачийн ажил явдал дээр таараад ийм зүйл болчихлоо... А.Зулцэцэгт бэлэн мөнгөний картаа юу боллоо гэж хадгалуулахав. Би өгөөгүй миний бичиг баримт цамцны энгэрийн карманд байсан. Тэрнээс би А.Зулцэцэгт өгөөгүй...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн гэрч Л.Тэрбишийн  хууль сануулж өгсөн “ ...Г.Батболд өглөө сэрээд бичиг баримтаа алга болсныг мэдээд Баярмагнай руу залгасан чинь Зулцэцэг утсыг нь авсан чинь Батболд миний картыг яагаад аваад явчихсан юм бэ гэж хэлсэн чинь би аваагүй гээд утсаа салгасан. Тэгээд Батболд дахиж залгаад миний бичиг баримтыг өгөхгүй бол би цагдаад хэлнэ шүү гэж хэлсэн чинь битгий цагдаад хэлээрэй маргааш өглөө 500 000 төгрөг шилжүүлье бичиг баримтыг чинь өгье гэж хэлсэн. Баярмагнай авчихсан байсан байна гэж ярьсан. Батболд нь утсаар ярихдаа утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад Атартулга бид 2-ын хажууд ярьсан...” гэх мэдүүлгээр ч Г.Батболд банкны картаа А.Зулцэцэгт хадгалуулаагүй болох нь нотлогдож байна.

Дээрх байдлуудыг дүгнээд  шүүгдэгч Ү.Баярмагнайг шүүгдэгч  А.Зулцэцэгтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Зулцэцэгийг шүүгдэгч  Ү.Баярмагнайтай бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Батболд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн “...Гантулга овогтой Батболд миний бие Үнэнбат овогтой Баярмагнай, Атарцэцэг овогтой Зулцэцэг нараас хохирол болох 2 100 000 төгрөгөөс 1 500 000 төгрөг өмнө авсан байсан, үлдсэн 600 000 төгрөгийг гүйцээж өгсөн бөгөөд авсан болно. Иймд надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлтээр шүүгдэгч нар нь бусдад учруулсан  хохирлоо төлж  барагдуулсан гэж үзлээ.  Иймд шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар бусдад төлөх төлбөргүй болно гэж үзлээ.

Хоёр: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнай А.Зулцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав : Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар нь  дээрх хулгайн гэмт хэрэгтээ шалгагдаж байхдаа 2016 оны 08-р сарын 22-ны өдрөөс 2017 оны 01-р сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч мөрдөн байцаалтаас оргон зайлсан тохиолдолд оногдуулах шийтгэлийн талаар хангалттай танилцуулсан болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Баярмагнайн өгсөн “...мөрдөн байцаалтаас орговол хорих ял авна гэдгийг тайлбарлаж өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Зулцэцэгийн “...мөрдөн байцаагч оргон зайлвал хорих ялтай гэдгийг хэлж өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Ү.Баярмагнай, шүүгдэгч А.Зулцэцэг нарыг Сайхан сумын иргэн  Д.Отгон, Ж.Гүррагчаа нарын батлан даалтад өгч Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасныг танилцуулж  шүүгдэгч нараар /хх-ийн 26, 27 хуудас/ гарын үсэг зуруулсан баримт болон, Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгаас 2016 оны 08-р сарын 24-ний өдрөөс эхлэн Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарын 99924364, 99788471 дугаарын утас руу залгаж байсан талаар мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 55-62 хуудас/-үүд,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай 5/04 дугаартай тогтоол, 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол, эрэн сурвалжлах ажиллагааг эрүүгийн төлөөлөгч нараар гүйцэтгүүлэх тухай мөрдөн байцаагчийн даалгавар, яллагдагч нарыг АSAP санд эрэн сурвалжилсан баримт, Сайхан сумын Цагдаагийн тасгийн даргын Төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаа эсэх талаар лавлагаа ирүүлэх тухай албан тоот,  түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох  тухай 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн 5/03 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газар, прокурорын тогтоол . Яллагдагч А.Зулцэцэг, Ү.Баярмагнай нар нь 2016 оны 08-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад хүрэлцэн ирэх талаар цагдаагийн тасагт баталгаа гаргасан баримт  /хх-ийн 54 хуудас/ зэргээр хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч нар үгсэн тохиролцож, мөрдөн байцаалтаас бүлэглэн зайлсхийгээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Баярмагнайн өмгөөлөгчийн хамт өгсөн “...А.Зулцэцэг бид 2 хохирлоо төлөх гэж мөнгө хайгаад явсан... Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн дугаараа хаяад дахиад шинэ дугаар авсан юм. Би 99547888 дугаарыг мөрдөн байцаагчид өгөөгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Зулцэцэгийн “...Баярмагнай бид 2 мөнгө байхгүй юм чинь очиж яах юм бэ гээд очоогүй, Баярмагнай бид 2 мөрдөн байцаалтын шатанд Баярмагнай болохоор 99788471, би 99924364 гэсэн дугааруудыг өгсөн байсан. Энэ хоёр дугаарыг 2016 оны 09 сараас хойш мөрдөн байцаалтын шатанд өгсөн дугаараа солиод өөр дугаарууд барьсан...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарыг прокурорын хяналтаас оргосон гэж яллаж байгаа байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.Харин шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нар нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ бүлэглэж мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ү.Баярмагнай, А.Зулцэцэг нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанарыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч А.Зулцэцэг нь  Баясгалангийн Ялгуунсаран гэх 5 настай охинтой гэж мэдүүлж байгааг “Гүн мэдрэмж” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-169 хуудас/ давхар нотолж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасан “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг асран хамгаалалтад өгнө  гэж заасны дагуу 5 настай гэх охин Б.Ялгуунсаранг түүний эмэг эх О.Амарцэцэгийн асрамжид шилжүүлж  шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Ү Баярмагнай, шүүгдэгч А.Зулцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус бүр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Харнууд овгийн Үнэнбатын Баярмагнайг, А.Зулцэцэгтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч А.Зулцэцэгтэй бүлэглэн  мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Амарцэцэгийн Зулцэцэгийг Ү.Баярмагнайтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүгдэгч Ү.Баярмагнайтай бүлэглэн мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийх гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Зулцэцэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 55.11 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайг  03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 55.11 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулцэцэгийг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайд  Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд  ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд,  хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Зулцэцэгт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 03 жил 04 сарын 10 хоногийн ялд,  хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар тус тус  тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайд оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн ялыг, шүүгдэгч А.Зулцэцэгт оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баярмагнайн цагдан хоригдсон 73 хоногийг, шүүгдэгч А.Зулцэцэгийн цагдан хоригдсон 60 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулцэцэгийн 05 настай охин Б.Ялгуунсаранг эмэг эх О.Амарцэцэгийн асрамжид шилжүүлсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

9.Шүүгдэгч Ү.Баярмагнайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Зулцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлий 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоод гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА

                                    ШҮҮГЧИД                     Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                                              А.НАРАНТУЯА