Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/00018

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Т Б  нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Д.Б холбогдох,

              130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21 503 317.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Д, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүхэд төрийг төлөөлж прокурор Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Т БХХК-ний Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Д, Д овогтой Б нар 2018 оны 12 дугаар сарын 13-нд Т Бны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс 22 706 700 /Хорин хоёр сая долоон зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаатай сар бүр 1 129 300 /нэг сая нэг зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр №130400279131-201 0105 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.

              Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сард 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Хамтран зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг сар бүр хугацаанд нь төлнө гэсэн тайлбар гар өргөдөл бичиж өгдөг боловч зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 2.3.1, 2.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.Д овогтой Бтой байгуулсан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 2. Д овогтой Боос зээлийн үндсэн төлбөр 20 040 626.51 төгрөг, зээлийн хүү 1 462 691.20 төгрөг, нийт 21 503 317.71 /хорин нэгэн сая таван зуун гурван мянга гурван зуун арван долоон төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

               Нэхэмжлэгч Т БХХК-ийн Орхон салбар нэхэмжлэлийн бууруулсан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц овогтой Д, хамтран зээлдэгч Д овогтой Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т Бны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс 22 706 700 /Хорин хоёр сая долоон зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, сар бүр 1 129 300 /нэг сая нэг зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөг эргэн төлөх нэхцөлтэйгээр №130400279131-20190105 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Д нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сард 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн төлөлт мөн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуультай холбоотой 6 000 000 /зургаан сая/ төгрөг төлөгдсөнөөс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удуу дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Хамтран зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг сар бүр хугацаанд нь төлнө гэсэн тайлбар гар өргөдөл бичиж өгсөн боловч зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 2.3.1, 2.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Д овогтой Боос зээлийн үлдэгдэл 14 040 626.51 төгрөг, зээлийн хүү 1 462 691.20 төгрөг, нийт 15 503 317.71 /арван таван сая таван зуун гурван мянга гурввн зуун арван долоон мянган төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

             Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т Бны Орхон салбараас Д.Б надад холбогдуулан хоёр шаардлага ирсэн. Үүнд: 13040279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, Зээлийн үндсэн төлбөр нийт 21 503 317.71 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага ирсэн. Иймд миний бие Д.Б нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн бууруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т Бнаас 22 706 700 төгрөгний тэтгэврийн зээлийг авахад намайг батлан даагчаар ороод өгөөч гэж аав маань хэлэхээр нь би тус зээлд гарын үсэг зурсан. Аав Ц.Давгадоржийг нас барсны дараа банк дуудан хоёр ч бичиг бичүүлж гарын үсэг зуруулж авсан ба уг бичгийн он сар нас бараагүй байхад бичүүлж авсан мэт баримт болж хэрэгт авагдсан байсан. Би тухайн тэтгэврийн зээлээс нэг ч төгрөг аваагүй, нэг ч төгрөг зээлийн гэрээний үүрэг хүлээж төлж байгаагүй. Тэтгэврийн зээлээ аав маань өөрийн тэтгэврээр төлдөг байсан болохыг банкинд төлсөн зээлийн эргэн төлөлтөөс харагдана. Тэтгэврийн зээл гэдэг нь тэтгэвэр авагч иргэнд зөвхөн олгогддог зориулалт бүхий зээл бөгөөд төрөөс тогтоолгосон өндөр насны тэтгэвэрээр зээлээ буцаан төлөх үүрэг хүлээсэн онцлог зээл бөгөөд би тэтгэврийн насны буюу тэтгэвэр тогтоолгож тэтгэвэр авч байгаагүй иргэн билээ. Иймд уг зээл зориулалтын дагуу надад олгогдох зээл биш юм. Өөрөөр хэлбэл уг тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч байх боломжгүй юм. Тухайн тэтгэврийн зээлийн зээлдэгч нь аав Ц.Давгадорж бөгөөд нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т заасан үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг сар бүр төрөөс олгодог өндөр насны тэтгэврээр төлөхөөр гэрээний талууд тохиролцон, уг тэтгэврээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангаж байсан. Гэтэл уг үүргийн гүйцэтгэлийг хангаж байсан өндөр насны тэтгэвэр нь зээлдэгч нас барснаар зогсож, тэтгэвэр олгогдохгүй болсноор үүргийн гүйцэтгэл зогссон. Үүнд би буруугүй байхад буруутай мэт хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.

                  2.Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т зааснаар зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэх заалтыг баримталжээ. Гэвч энэ заалт хэрэгжээгүй өөрөөр хэлбэл зээлийг би аваагүй, захиран зарцуулаагүй, банк надад өгөөгүй атлаа зээлдэгчийн нэгэн адил эрх эдлэх мэт заалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Зээлдэгчийн эрхээс алийг нь ч эдлээгүй атлаа үүргийг нь хүлээх мэт хандаж байгаа нь банкны хууль бус үйлдэл.

                  3. Банк зээлдэгчтэй гэрээ хийхдээ нас барвал ямар үүрэг хүлээх талаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д заалтад тусгасан бөгөөд миний аавд төрөөс нас барахад нь олгогдсон оршуулгын тэтгэмжийг хүртэл өөрт нь хэрэглэх боломжгүйгээр банк зээлийн үүргийн гүйцэтгэлд нь хамж авснаар түүний үүрэг дуусгавар болсон. Оршуулгын тэтгэмжээ ч өөртөө зарцуулж чадаагүй аавыгаа би өрөвддөг бөгөөд банк нас барсан хүний оршуулгын тэтгэмжийг нь хүртэл үүргийн гүйцэтгэлд нь тооцож хамж авсан. Оршуулгын тэтгэмжээ хүртэл өөртөө зарцуулж чадаагүй дээ миний аав. Банк зээлийн гэрээг цуцалж намайг гэрээний үүргээ биелүүлээгүй мэт үзэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байгаа мэт нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл энэхүү гэрээ зээлдэгч нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон бөгөөд гэрээний 3 дахь заалт буюу гэрээ цуцлах үндэслэлд нас барсан үйл явдал нь хамааралгүй. Гэрээний 3 дахь заалтад төлбөрийн чадваргүй болох худал баримт бүрдүүлсэн зэрэг ойлголтууд хамаарах бөгөөд энэхүү гэрээнд заасан цуцлах шалтгаан бий болсон бол хамтран зээлдэгч хариуцах талаар тодорхой тусгасан. Зээлдэгч нас барсан нь гэрээг цуцлах үндэслэл биш, харин гэрээ дуусгавар болох үндэслэл болно. Гэрээ дуусгавар болох тохиолдолд хамтран зээлдэгч хариуцлага хүлээх талаар гэрээнд огт тусгаагүй атлаа хамтран зээлдэгч мэт зүтгүүлж шийдвэр гаргуулах гэж оролдож байгаа нь хууль бус юм.

             5.Мөн аав маань Монгол Даатгал ХК-тай зээлийн гэрээний эрсдлийн талаар даатгалын 181304061130018 тоот гэрээг Т Бны зуучлалаар байгуулсан. Уг гэрээний талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа боловч даатгалаас хариуцагч мөнгө авсан эсэх талаар нэг ч баримт гаргаж өгдөггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.М би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу төрийг төлөөлж прокуророор оролцож байна.

           Т Бны Орхон салбараас Д.Боос 130000807373 зээлийн гэрээний үүрэгт 15 503 317.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

           Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг. Хуульд өөрөөр заагаагүй бол банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу нэхэмжлэгч 22 706 700 төгрөгийг зээлүүлэх, Ц.Д, Д.Б нар уг мөнгийг зээлэх гэрээг талууд бичгээр хийж, зохигч нар гарын үсэг зурсан нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээгээр нотлогдож байна. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. Зээлдэгч Ц.Дийн Т Бан дахь 130400279131 дугаартай дансанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр банкнаас 22 706 700 төгрөгийн зээл олгов гэсэн харилцагчийн дипозит дансны хуулга хэрэгт авагдсан байх тул банк 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22 706 700 төгрөгийг зээлдэгч Ц.Дид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч Д.Б нь би зээл аваагүй, ямар учиртай зээл авч байгааг мэдээгүй, зээлийн гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Д.Б нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд тус тус 22 706 700 төгрөгийн зээл олгож байгаа талаар бичигдсэн ба хамтран зээлдэгчээр Д.Б гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, Д.Б нь ..тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгчээр орж байна. Зээлийн гэрээтэй уншиж танилцсан, ямар нэг эрсдэл гарвал төлж барагдуулна гэх утга бүхий өргөдөл гаргаж байсан, зээл авсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч Ц.Д нь 15 000 000 төгрөгийн Д.Бын Хаан банкны 5120074571 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт ... зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан тул Ц.Дийн дансанд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус нийцсэн гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Зээлдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба банк хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Боос зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцнэ. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Зээлийн гэрээний 2.3.1-д хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийн эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т ...үүрэг гүйцэтгүүлэгч ч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан байх тул банк Д.Боос үүргээ гүйцэтгэхийг шаардах, зээлийн гэрээний үүрэгт 15 503 317 төгрөг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк үндсэн зээлийн үлдэгдэлд 14 040 626 төгрөг, зээлийн хүү 1 462 691 төгрөг нийт 15 503 317 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагч Д.Боос 15 503 317 төгрөгийг гаргуулан Т Бны Орхон салбарт олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т БХХК-ний Орхон салбар нь хариуцагч Д.Бод холбогдуулан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21 503 317.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 15 503 317.71 төгрөгийг хариуцагч Д.Боос гаргуулахаар өөрчилсөн байна.

            Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Зээлдэгч Ц.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 130400279131-20190105 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан Т Бнаас 22 706 700 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, зээлдэгч Ц.Дийн тэтгэврийг барьцаалан зээл авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн тэтгэвэрийн зээлийн гэрээ, тэтгэвэрийн зээлийн өргөдөл зэргээр нотлогддог.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Т Бшаардах эрхтэй.

             Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй энэ хуулийн 3.1.2-т заасан Монгол Улсын иргэн хамаарна” гэж, 4.2. “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана”, 4.4. “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн зургаан сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөрөөс 6 000 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан байдаг.  

          

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: зээлдэгч Ц.Д нас барсан, Д.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна гэж тайлбарладаг.

             Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Банк надад зээл олгоогүй, зөвхөн аавын хэлсний дагуу гарын үсэг зурсан, энэ зээл нь тэтгэвэрийнх бөгөөд би өндөр настны тэтгэвэр тогтоолгоогүй, зээлийн эргэн төлөлт нь тэтгэвэрээр төлөгдөх учиртай тул би үүнд хамааралгүй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.“Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242.3. “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан учир нэхэмжлэгч Т БХХК-ний Орхон салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Боос үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Д.Б зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн. Тэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр оролцож байгаагаа мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээтэй уншиж танилцсан талаар Т Бинд өргөдөл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний гар бичмэл /эх хувиар/-ээр нотлогдож байна.

            Зээлдэгч Ц.Дийн дансанд зээлийн төлбөр шилжиж орсноор банк зээл олгосон болох нь нотлогдож байгаа бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бод 15 000 000 төгрөгийг Ц.Доос тухайн өдөр шилжүүлсэн болох нь Т Бны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогддог.   

             Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан байдаг.

            Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл тэтгэвэрийн зээл нь ипотикийн болон өөр бусад хэрэглээний зээлээс ялгаатай.

             Зээлийн гэрээний 1.2.1-д банк, зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн 130400279131 тоот тэтгэвэрийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар төлүүлнэ, 1.3-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэвэрийн дэвтэр болон тэтгэвэрийн картыг банкинд хадгалуулна, 2.1.5-т зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ, 2.1.6-д зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй гэж тус тус заажээ.

            Гэрээний дээрх заалт нь ирээдүйд авах тэтгэвэрээ барьцаалж, зээл авсан зээлдэгчийн хувийн байдалтай холбоотой байх бөгөөд зээлдэгч Ц.Д нас барснаар үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болно. Тодруулбал: зээлдэгч Ц.Д 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан бөгөөд дээрх гэрээний заалт ёсоор нэг сарын тэтгэвэрийг суутгасан /2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр/, зээлдэгч Ц.Дийн тэтгэвэрээс 2019 оны 1, 2 дугаар сарын тэтгэвэрийг зээлийн төлбөрт суутгасан, Д.Б 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 800 000 төгрөгийг тэтгэвэрийн зээл гэсэн утгаар төлсөн, төрөөс 6 000 000 төгрөгийн зээлийг төлсөн болох нь дансны хуулга, зээл эргэн төлөлтийн хүснэгтээр батлагдаж байна. Хэдийгээр зээлдэгч Ц.Д нь Монгол даатгал ХК-тай даатгалын гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд даатгалын нөхөн төлбөр аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

             Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэвэрийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох тул зээлийн үндсэн төлбөр 14 040 626.51 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Д.Боос гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлдэгч Ц.Дийг нас барснаас хойш үүссэн хүүний төлбөр 1 462 691.20 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу шүүх хуралдаанд төрийг төлөөлж, прокурор Ц.М оролцож байгаа болохыг дурдав.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 467 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 228 153 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.-д заасныг баримтлан хариуцагч Д.Боос 14 040 626.51 /арван дөрвөн сая дөчин мянга зургаан зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан Т БХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 462 691.20 /нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 467 /хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 228 153 /хоёр зуун хорин найман мянга нэг зуун тавин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т БХХК-ний Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ