Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/02284

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 срын 25 өдөр

                          181/ШШ2021/02284

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н Ш Ш Г Г т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.Дулмаа

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Ц.Туяа, гэрч Д.Санж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С  нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00282 дугаартай шийдвэрээр иргэн Х.Д д 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах, иргэн Х.Д гаас Италийн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг гаргуулан иргэн Б.С д олгохоор шийдвэрлэсэн. Иргэн Х.Д  нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гарган улмаар Н Ш Ш Г Г -ын  149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч И.Гомбожав шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцан явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21370202/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21370202/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг тус тус гардуулж өгсөн.

 

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 21370202/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэж 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Италийн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор хураан авсан. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.2.3-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7/9 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг баталж хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК нь Б.С-ын өмчлөлийн төлбөрт хураагдсан Итали улсад үйлдвэрлэгдсэн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг нийт 41,244,300 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4-149/13756 дугаартай албан бичгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж байгаад гомдолтой байна.

Н Ш Ш Г Г  нь дээрх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа нь өмчлөлийн өмчлөх эрх зөрчигдөж, нөгөө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдахгүй байх, хөрөнгө зах зээлийн бодит үнээр дуудлага худалдаанд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр төлөгч Б.С-ын төлбөрт хураагдсан хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00282 дугаар шийдвэрээр Б.С-оос 45,453,150 төгрөгийг гаргуулж Х.Д д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.С д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн арилжааны банк дахь данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч дансандаа мөнгөгүй талаар хариу ирүүлсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийг банканд барьцаалсан байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 282 дугаар шийдвэрт дурдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох 2 ширхэг улаан шүрэн хөөрөг, 1 ширхэг улаан шүрэн бүтээлийг төлбөр авагч Х.Д гаас гаргуулж төлбөр төлөгчөөр таниулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрийг оролцуулан бүтээсэн үнэт эдлэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт, дурсгалт зүйлийг хураан авна гэж заасны дагуу тус хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан эрх үүргийг тайлбарлан өгч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.С-ын зүгээс уг хөрөнгүүдийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Х.Д гийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж, шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн.

 

Талууд харилцан тохиролцож үнэлгээг тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/9 тоот шинжээч томилох тухай тогтоол үйлдэж хөрөнгүүдийн үнэлгээг Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Д.Санжид эрх үүргийг тайлбарлан тогтоолгоход уг хөрөнгийн нийт үнэлгээг 41,244,300 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний задаргааг шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбар дээр дэлгэрэнгүй бичсэн байгаа. Уг үнэлгээний тайланг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 05 минутад хүлээн авч төлбөр авагч Х.Д д 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4-149/13755 тоот албан бичгээр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Б.С д хөрөнгийн үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу утсаар танилцуулж зарлан дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4-419/13756 дугаартай мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчийг биечлэн ирүүлж хөрөнгийн үнэлгээний тайланг хуулбарлаж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.С-ын Итали улсаас авчирсан бүтээл 100,000,000 төгрөг гэж байгаа боловч үүнийг нь нотолсон баримт байхгүй. Мөн Итали улсаас яаж орсон ирсэн, татвар төлсөн талаарх баримтууд байдаггүй. Иймд Бэсгэ ХХК-ийн үнэлгээ бодит гарсан гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбартай санал нэг байна” гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ ярих хэрэгтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маргаагүй учраас энд ярих шаардлагагүй гэж үзэж байна. Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Д.Санж гэдэг хүний хөрөнгийн үнэлгээний талаар тайлбарласан тайлбарыг маш сайн ойлголоо. Дуудлага худалдаа нээгдэх анхны үнэлгээг л тавьж өгсөн. Үнэ хаялцуулах дуудлага худалдаа дээр 41,244,300 төгрөгөөс дээшээ байж болно, доошоо байж болно. Бид өчнөөн хурал дээр маргаан шийдвэрлүүлээд явдаг. Хөдлөх хөрөнгө болох хийцийн мөнгөн аяга дээр тухайн орон нутгийн дархчуудаас асууж, уулзаж байгаад эд зүйл дээр харьцуулж, мөн Олон Улсын үнэлгээний стандартын 104, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталж 6 сараас доош худалдах үнийг нь баримталж үнэлгээг гаргасан гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн гаргасан үнэлгээ бодит байдалд нийцсэн үнэлгээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хөрөнгөө 100,000,000 төгрөг гэж үнэлж байгаа бол өөрсдөө зарах боломжтой байсан. 2020 оноос эхэлж анхан шатны шүүх хурал болсон энэ үед л шүрэн бүтээлийн асуудал яригдаж л байсан. 100,000,000 төгрөгөөр шүрэн бүтээлээ зараад Х.Д гийн өрийг барагдуулаад үлдэгдэл мөнгөө Б.С  өөрөө авч болно шүү дээ” гэв.

  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Италийн 500 граммтай шүрэн бүтээл, Италийн 2 ширхэг 30 граммтай, алтан нуух, алтан халбагатай гэх хөөргийг 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Б.С ос 45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д д олгож, шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны 241 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 21370202/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Италийн 500 граммтай шүрэн бүтээл, Италийн 2 ширхэг 30 граммтай, алтан нуух, алтан халбагатай гэх хөөргийг хураан авсан болох нь нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д “Үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрийг оролцуулан бүтээсэн үнэт эдлэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт, дурсгалт зүйлийг хураан авна.” гэж заасны дагуу битүүмжлэх ажиллагаа гүйцэтгээгүй, шууд хураан авах ажиллагаа явуулсан нь хуульд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул үнэлгээг тогтоолгохоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Бэсгэ ХХК нь Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн 32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн 42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийт 41,244,300 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Д.Санж нь “...Италийн шүрэн хөөргийг нэг граммыг нь 217,200 төгрөгөөр тооцсон, Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг нэг граммыг 51,900 төгрөгөөр үнэлсэн. Италийн 500 граммтай шүрэн бүтээл нь уг байдлаараа зарагдахгүй тул задалж хөөрөг хийх зарах үнэлгээ буюу задалсан хөөрөгний үнэлгээ 51,900 төгрөгөөр үнэлсэн” гэж тайлбарласан.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 500 граммтай шүрэн бүтээлийн үнэлгээг гаргахаар даалгасан байхад задалж хөөрөг хийнэ гэж зах зээлийн үнэлгээг хэт бага үнэлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, нэг улсаас гаралтай, адил чанарын шүрэн хөөрөгний 1 грамм шүрний үнэлгээ 217,200 төгрөг байхад шүрэн бүтээлийн 1 грамм шүрний үнэлгээ нь 51,900 төгрөг байгаа нь бодит байдалд нийцэхгүй төдийгүй зах зээлийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Д.Санж нь 1 грамм шүрний зах зээлийн үнэлгээ нь 200,000 төгрөгөөс 500,000 төгрөг гэж тайлбарласан атлаа Б.С-ын шүрэн хөөрөг болон шүрэн эдлэлийн үнэлгээ бага байгаа талаар үнэлгээний тайланд харьцуулах хэлбэрээр дурьдаагүй байна.

 

            Иймд, Бэсгэ ХХК нь Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн 32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн 42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийт 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бэсгэ ХХК ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Италийн  500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн  32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн  42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийт 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй  болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХБАЯР