Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00277

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00277

 

 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/02284 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Б.С-о нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00282 дугаартай шийдвэрээр иргэн Х.Дулмаад 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах, иргэн Х.Дулмаагаас Италийн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг гаргуулан иргэн Б.С-од олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21370202/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21370202/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг тус тус гардуулж өгсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 21370202/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэж 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Италийн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор хураан авсан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.2.3-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7/9 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг баталж хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК нь Б.С-ын өмчлөлийн төлбөрт хураагдсан Итали улсад үйлдвэрлэгдсэн 500 грамм шүрэн бүтээл 1 ширхэг, Италийн 2 ширхэг тус бүр нь 30 гр-тай алтан нуух, алтан халбагатай хөөрөг бүхий нийт 3 ширхэг бүтээлийг нийт 41,244,300 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4-149/13756 дугаартай албан бичгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж байгаад гомдолтой байна.

НШШГГ- нь дээрх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр төлөгч Б.С-ын төлбөрт хураагдсан хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00282 дугаар шийдвэрээр Б.С-оос 45,453,150 төгрөгийг гаргуулж Х.Дулмаад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.С-од шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн арилжааны банк дахь данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч дансандаа мөнгөгүй талаар хариу ирүүлсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийг банканд барьцаалсан байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 282 дугаар шийдвэрт дурдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох 2 ширхэг улаан шүрэн хөөрөг, 1 ширхэг улаан шүрэн бүтээлийг төлбөр авагч Х.Дулмаагаас гаргуулж төлбөр төлөгчөөр таниулж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.С-ын зүгээс уг хөрөнгүүдийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Х.Дулмаагийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж, шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн.

 Талууд харилцан тохиролцож үнэлгээг тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/9 тоот шинжээч томилох тухай тогтоол үйлдэж хөрөнгүүдийн үнэлгээг Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Д.Санжид эрх үүргийг тайлбарлан тогтоолгоход уг хөрөнгийн нийт үнэлгээг 41,244,300 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.С-од хөрөнгийн үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу утсаар танилцуулж зарлан дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4-419/13756 дугаартай мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Х.Дулмаагийн тайлбарын агуулга:

Б.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.С-ын Итали улсаас авчирсан бүтээл 100,000,000 төгрөг гэж байгаа боловч үүнийг нь нотолсон баримт байхгүй. Мөн Итали улсаас яаж орсон ирсэн, татвар төлсөн талаарх баримтууд байдаггүй. Иймд Бэсгэ ХХК-ийн үнэлгээ бодит гарсан гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбартай санал нэг байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бэсгэ ХХК ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн 32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн 42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийт 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч талаас буцаан гаргуулахгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалттай нийцэхгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй орхисон байх тул зөвтгөх нь зүйтэй.

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч Б.С-о  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Италийн 500 граммтай шүрэн бүтээл, Италийн 2 ширхэг 30 граммтай, алтан нуух, алтан халбагатай гэх хөөргийг 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 282 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны 181/ГХ2021/00241 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Баярцэнгэл, Б.С-о нараас 45,000,000 төгрөг гаргуулан төлбөр авагч Х.Дулмаад олгох ажиллагааг явуулж, барьцаалагдсан Италийн 500 граммтай шүрэн бүтээл, Италийн 2 ширхэг 30 граммтай, алтан нуух, алтан халбагатай гэх хөөргийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 38-44, 47, 59 /

 

Мөн төлбөр төлөгч Б.С-оос НШШГГ-т ...өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 2 ширхэг цул шүрэн хөөрөг, 1 ширхэг цул шүрэн бүтээл, нийт 3 ширхэг шүрэн эдлэлийг 100,000,000 төгрөг... гэж, төлбөр авагч Х.Дулмаа нь төлбөр төлөгчийн дээрх 3 ширхэг шүрэн эдлэлийг 100,000,000 төгрөгөөр үнэлж өр төлбөртөө өгч төлбөр барагдуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Бэсгэ ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 61, 63 /

3. Шинжээч Бэсгэ ХХК нь Италийн 500 граммтай шүрэн бүтээл, Италийн 2 ширхэг 30 граммтай, алтан нуух, алтан халбагатай гэх хөөргийн зах зээлийн үнэлгээг Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн 32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн 42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийтэд нь 41,244,300 төгрөгөөр тогтоосон ба энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 12, 64, 67-82 /

4. Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин Д.Санж нь ...1 грамм шүрний зах зээлийн үнэлгээ нь 200,000 төгрөгөөс 500,000 төгрөг гэж тайлбарласан атлаа Б.С-ын шүрэн хөөрөг болон шүрэн эдлэлийн үнэлгээ бага байгаа талаар үнэлгээний тайланд харьцуулах хэлбэрээр дурдаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 133-135 /

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бэсгэ ХХК ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Италийн 500 граммтай шүрэн бүтээлийг 25,171,500 төгрөг, Италийн 32 граммтай шүрэн хөөргийг 6,950,400 төгрөг, Италийн 42 граммтай шүрэн хөөргийг 9,122,400 төгрөг, нийт 41,244,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Энэ талаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргаагүй.

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байгааг залруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/02284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-од олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ