Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02328

 

                         

 

 

 

 

 

 

2021 оны 11 срын 30 өдөр

                          181/ШШ2021/02328

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Н

 

Нэхэмжлэгч: У.Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.О

 

Хариуцагч: М.Х  нарт холбогдох

 

15,007,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалсны төлбөрийн үлдэгдэл 15,007,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ цуглуулсан банкны хуулгууд нь нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа 13,973,500 төгрөг болгон багасгаж байна.

Ц.Н ын эхнэр У.Б гийн хамт түүний хамаатан Ц.О , М.Х  нартай тохирч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 хорооллын ногоон нуурын гудамж, 52 дугаар байрны 25 тоотод байрлах нэг өрөө 39,42 м.кв, 70,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зээлээр худалдан авах гэрээ хийж, орон сууцны үнийн 30 хувийг бэлнээр төлж, үлдсэн 70 хувь болох буюу 49,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 12 жилийн хугацаатай төлөх төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор Худалдаа хөгжлийн банкны 473005247 тоот дансанд сар бүр 530,500 төгрөг төлж дуусгана, зээлийн төлбөрийн үлдэгдэл 49,000,000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлсний дараа худалдах, худалдан авах гэрээ хийгдэнэ.

Тухайн гэрээ нь хувь хүмүүсийн хооронд тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн учир талууд гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажна гэсэн гэрээ байгуулж нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа нүүж орсон. Орон сууцны гэрчилгээ нь Ц.О ын нэр дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж 52 дугаар байрны 25 тоот орон сууцны зориулалттай, 39,42 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү-2203025563 дугаартай 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон юм байна лээ. 2016 оны 05 дугаар сард байрны урьдчилгаа 30 хувь болох 21,500,000 төгрөгийг эгч М.Одончимэг нь бэлнээр төлсөн. Гэхдээ энэ мөнгө төлснөө баталгаажуулахын тулд уг бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийлгэж нотариатаар батлуулсан.

Тогтоосон графикийн дагуу 2016 оны 05 дугаар сараас 54 сар, сар бүр хугацаанд нь төлсөөр нийт 26,473,500 төгрөг төлсөн. Үүнээс 2 сард нь 460,500 төгрөг, нэг сард нь 480,000 төгрөг, нэг сард нь 130,000 төгрөг, 2 сард нь 500,000 төгрөг, нэг сард нь 540,000 төгрөг, нэг сард нь 530,000 төгрөгийн төлөлт хийсэн байна лээ. Урьдчилгаа 21,500,000 төгрөгийн хамт нийт 48,973,500 төгрөгийн төлөлт хийгдэж байсан. Уг нь сар бүр 530,500 төгрөг төлж байсан боловч хариуцагч нар дундаас нь бэлнээр авч байсан тул дансаар арай бага үнийн дүн гарч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. М.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нар нь төлбөрөө бүрэн төлж байсан. У.Б , Ц.Н  хоёр Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнаас зээл авахад нь хамтран оролцоогүй, үүрэг хүлээгээгүй. Харин нэхэмжлэгч нарын 2018, 2019, 2020 онуудад төлж байсан мөнгийг хариуцагч нар өөрсдөө хэрэглэж байсан юм байна лээ. Үүнээс болж уг байр нь Хаан банканд хураагдсан юм байна лээ. Иргэн Ц.О , М.Х  нар нь нэхэмжлэгч нарт зээлээр зарсан байраа 2013 оноос Худалдаа хөгжлийн банканд орон сууцны зээлийн барьцаанд тавьж байгаад зээл аваад зээлээ төлөөд явж байсан. үүнийгээ нуулгүй хэлж байсан. Та хоёр төлбөө төлөөд явж бай, бид банкны зээлээ төлж дуусгаад чөлөөлөөд танайд бичиг баримтыг нь шилжүүлнэ гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нар нь сар бүр мөнгөө төлөөд явж байсан. Дараа нь нэхэмжлэгч нарыг 530,500 төгрөгөө манай охины Худалдаа хөгжлийн банзны болон Хаан банкны данс руу шилжүүлж бай гэснээр нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын охины данс руу шилжүүлж байсан.

Гэтэл хариуцагч нар нэхэмжлэгч нарын байрыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлөөд Хаан банкнаас бизнесийн зээл авахдаа барьцаанд тавьснаа нуусан байна лээ. Нэхэмжлэгч нарыг төлбөрөө төлөөд дуусахад талуудын хооронд байгуулсан гэрээгээр худалдах, худалдан авах гэрээ хийж нэхэмжлэгч нарын нэр дээр гэрчилгээ гаргуулж өгнө гэж гэрээгээр тохирсон байсан. 2020 оны 10 дугаар сарын эхээр Хаан банкнаас хариуцагч нарын нэр дээр бидэнд зээлээр зарсан байраа барьцаанд тавьж 55,000,000 төгрөгийн зээл авч, 645 хоног зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул зээл төлөх тухай мэдэгдэл ирсэн гэх сураг сонсогдсон тул 2020 оны 10 дугаар сараас нэхэмжлэгч нар нь байрны төлбөр төлөхөө зогсоосон юм. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны өр барагдуулах албанаас нэхэмжлэгч нарыг дуудаж уулзсан. Иргэн Ц.О , М.Х  нар Хаан банкнаас зээлээ төлөөгүй тул банкны өр барагдуулах албанаас нэхэмжлэгч нарын авсан байрыг хурааж авахаар болсныг албан ёсоор мэдэгдсэн. Ц.О , М.Х  нар нь нэхэмжлэгч нартай уулзаж зээлээр худалдсан байр хураагдаж байгаа тул хоорондоо байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээ цуцалъя, та нарын төлсөн мөнгийг бүрэн төлж барагдуулна, эхний ээлжинд байраа зарсан мөнгөнөөс банкны өрийг дараад үлдэх 35,000,000 төгрөгийг та нарт өгнө, дараа нь үлдсэн мөнгийг төлнө гэж хэлээд тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нар нь шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч нар 4 хүүхэдтэйгээ байрнаас гарахад маш хэцүү байсан. Хаан банкны өр барагдуулах албанаас орон сууцыг 70,000,000 төгрөгөөр борлуулаад хугацаа хэтэрсэн бизнесийн зээлийг хааж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг иргэн М.Х гийн зөвшөөрснөөр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарт өгч, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нар байрыг чөлөөлсөн. Сар бүр төлбөр төлж, мөнгө шилжүүлсэн зарим баримтууд үрэгдээд байхгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаж шүүхээр нотлох баримтыг бүрдүүлсэн. Урьдчилгаа 21,500,000 төгрөг, банкны баримтаар 17,896,500 төгрөг, хүсэлтээр цуглуулсан баримтаар 9,577,000 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ худалдагч талын буруугаас цуцлагдсан тул талууд шилжүүлж өгсөн зүйлээ буцаан авах үүргийн дагуу үлдэгдэл 13,973,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.О  шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.О  миний бие У.Б , Ц.Н  хоёрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 52 байрны 25 тоот нэг өрөө байрыг жилийн 8 хувийн хүүтэй зарсан. Сарын 530,500 төгрөг төлөх ёстой байсан ч сар бүрийн төлөх ёстой төлбөрийг төлөлгүй удаа дараа удаасан. Байрны эзэн болох Ц.О т 1 өрөө байрны төлбөрийг нь өгөөгүйн дээр У.Б , Ц.Н  нар нь М.Х тэй нийлж хоорондоо ярилцан хуйвалдаж 1 өрөө байрыг зараад мөнгийг нь хувааж авсан бөгөөд Ц.О  миний бие мөнгө аваагүй учир энэ хэрэгт холбогдолгүй тул У.Б , Ц.Н  нарын нэхэмжлэлийг хүлээж авахгүй болно. Ц.О  миний бие хөдөө орон нутагт улирлын чанартай ажил хийдэг тул шүүх хуралд оролцох боломжгүй тул М.Х гийн өмгөөлөгч Р.Түвшинбат оролцоно” гэжээ.

 

Хариуцагч М.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч М.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбат миний бие Ц.Н , У.Бнарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Н , У.Б  нартай тохиролцон Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хорооллын 52-р байр, 25 тоот банкны зээлтэй байрыг худалдахаар тохирсон. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэх төлбөрийг сар бүрд нь банканд төлөх хэмжээгээр нь төлөөд өөрсдийн болгож авахаар тохирсон юм. Нэхэмжлэгч нар нь тохирсны дагуу зээлийн төлбөрөө тогтсон хугацаандаа сар бүр төлөлгүй хугацаа алдах, хойшлуулах зэргээс болж банкнаас олон удаа төлбөрөө төлөх шаардлага тавьдаг байсан.

Ингээд нэхэмжлэгч нарт хэлж уг байрыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс чөлөөлж Хаан банканд бизнесийн зээлийн барьцаанд тавьсан. Ингэхдээ өмнө тохирсны дагуу сар бүр 530,500 төгрөгийг төлөөд явж байхаар тохирсон. Үүний дагуу охин Х.Мөнхзулын данс руу мөнгийг шилжүүлдэг болсон. Гэтэл нэхэмжлэгч нар нь зарим сард мөнгөө төлөхгүй байх, заримдаа 50,000 төгрөг, 200,000 төгрөг, 300,000 төгрөг зэргээр төлөх, бүр хүүхдийн мөнгө орохоор өгье гэх мэтээр төлөхөө байж эхэлсэн.

Иймээс харилцан тохирч банктай яриад дээрх байрыг зарахаар болж Vermacks гэх хөрөнгө зуучлалын компаниар 70,000,000 төгрөгөөр заруулж мөнгөө 35,000,000 төгрөгөөр хувааж авсан. Банканд тал талаасаа хүсэлт гарган зөвшөөрсний үндсэн дээр банкнаас Ц.Н ын дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүгээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Банканд төлсөн мөнгө гэж 15,007,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н , У.Б  нар харуицагч Ц.Олзбаяр, М.Х  нарт холбогдуулан 15,007,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 13,973,500 төгрөг болгож багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.О  нь У.Б, Ц.Н нар нь Хандсүрэнтэй нийлж хоорондоо ярилцан хуйвалдаж нэг өрөө байрыг зараад мөнгийг нь хувааж авсан, миний бие мөнгө аваагүй тул энэ хэрэгт хамааралгүй гэж, хариуцагч М.Х  нь гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 52 дугаар байрны 25 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 49,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу урьдчилгаа 30 хувийн бэлнээр, үлдэгдэл 70 хувийг 8 хувийн хүүтэйгээр 12 жилийн хугацаатай байгуулсан

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 530,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 530,500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 530,500 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 460,500 төгрөг , 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 530,500 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 530,500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 460,500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 130,500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 530,500 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 530,500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 530,500 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 530,500 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 540,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 30,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500,500 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 30,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 530,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, нийт 48,973,500 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болж, гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн тул хариуцагч нь 35,000,000  төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заажээ.

 

Хариуцагч нарын үүргийн зөрчилтэй холбоотой гэрээний харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болсон тул орон сууцны урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 13,973,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6, 77.8-д зааснаар шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.О , М.Х  нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.О , М.Х  нараас 13,973,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н , У.Б  нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227,817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР