Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00271

 

 

 

 

 

 

       2022         02         16                                             271

 

 

Ц.Н, У.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02328 дугаар шийдвэртэй,

Ц.Н, У.Бнарын нэхэмжлэлтэй,

Ц.О, М.Хнарт холбогдох,

Гэрээний үүрэгт 13,973,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж, хариуцагч Ц.О, хариуцагч М.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн Р.Түвшинбат, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.Н эхнэр У.Буянзаяагийн хамт Ц.О, М.Хнартай тохирч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцыг зээлээр худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож, уг гэрээгээр Ц.О, М.Хнар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 хорооллын ногоон нуурын гудамж, 52 дугаар байрны .... тоотод байрлах 1 өрөө, 39,42 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Н, У.Бнарын өмчлөлд шилжүүлэх, Ц.Н, У.Бнар нь орон сууцны үнэд 70,000,000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд уг мөнгөн хөрөнгийн 30 хувийг бэлнээр төлж, үлдсэн 70 хувь буюу 49,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 12 жилийн хугацаатай, Худалдаа хөгжлийн банкны 473005247 тоот дансанд сар бүр 530,500 төгрөгөөр төлж дуусгах, зээлийн төлбөрийн үлдэгдэл 49,000,000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлсний дараа худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон.

Хувь хүмүүсийн хооронд тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн учир талууд гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажна гэсэн гэрээ байгуулж нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа нүүж орсон, орон сууцны өмчлөл О Ц.Оын нэр дээр байсан.

2016 оны 05 дугаар сард байрны урьдчилгаа 30 хувь болох 21,500,000 төгрөгийг эгч М.Одончимэг нь бэлнээр төлсөн. Гэхдээ энэ мөнгө төлснөө баталгаажуулахын тулд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичиг хийлгэж, нотариатаар батлуулсан.

Тогтоосон графикийн дагуу 2016 оны 05 дугаар сараас 54 сар, сар бүр хугацаанд нь төлсөөр нийт 26,473,500 төгрөг төлсөн ба сар бүр 530,500 төгрөгийг банкинд төлж байх үед хариуцагч нар дундаас нь бэлнээр мөнгө авч байсан.

У.Буянзаяа, Ц.Н нар нь Ц.О, М.Хнарыг Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкнаас зээл авахад нь хамтран оролцоогүй, үүрэг хүлээгээгүй.

2020 оны 10 дугаар сарын эхээр Хаан банкнаас хариуцагч нар уг орон сууцыг барьцаанд тавьж 55,000,000 төгрөгийн зээл авч, 645 хоног зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул зээл төлөх тухай мэдэгдэл ирсэн тул 2020 оны 10 дугаар сараас нэхэмжлэгч нар нь байрны төлбөр төлөхөө зогсоосон.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны өр барагдуулах албанаас нэхэмжлэгч нарыг дуудаж уулзсан. Иргэн Ц.О, М.Хнар Хаан банкнаас зээлээ төлөөгүй тул банкны өр барагдуулах албанаас нэхэмжлэгч нарын авсан байрыг хурааж авахаар болсныг албан ёсоор мэдэгдсэн.

Ц.О, М.Хнар нь нэхэмжлэгч нартай уулзаж, зээлээр худалдсан байр хураагдаж байгаа тул орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, эхний ээлжид байр зарсан мөнгөнөөс банкны өрийг дараад, үлдэх 35,000,000 төгрөгийг та нарт өгнө, дараа нь үлдсэн мөнгийг төлнө гэж хэлж байсан.

Хаан банкны өр барагдуулах албанаас орон сууцыг 70,000,000 төгрөгөөр борлуулаад хугацаа хэтэрсэн бизнесийн зээлийг хааж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг иргэн М.Хандсүрэнгийн зөвшөөрснөөр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарт өгч, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нар байрыг чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нар орон сууцны төлбөрт урьдчилгаанд 21,500,000 төгрөг, банкны баримтаар 17,896,500 төгрөг болон 9,577,000 төгрөгийг төлсөн байна.

Иймд буцаан авах үүргийн дагуу үлдэгдэл 15,007,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13,973,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Оын татгалзал, тайлбарын агуулга: Ц.О миний бие У.Буянзаяа, Ц.Н хоёрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 52 байрны .... тоот, 1 өрөө орон сууцыг худалдсан ба нэхэмжлэгч нар Худалдаа хөгжлийн банкинд сарын 530,500 төгрөгөөр төлбөрийг төлөх ёстой байсан боловч уг төлбөрөө төлөхгүй удаа дараа зөрчил гаргасан.

У.Буянзаяа, Ц.Н нар нь миний өмчлөлийн 1 өрөө орон сууцны төлбөрийг төлөөгүйгээс гадна М.Хандсүрэнтэй нийлж орон сууцыг худалдан борлуулж, мөнгийг хуваан авсан. Ц.О миний бие мөнгө аваагүй тул энэ хэрэгт холбогдолгүй гэжээ.

3. Хариуцагч М.Хандсүрэнгийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Н, У.Бнартай 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тохиролцон тэдэнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хорооллын 52 дугаар байр, .... тоот орон сууцыг банкны зээлтэй нь хамт худалдахаар болсон.

Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэх төлбөрийг сар бүр Худалдаа хөгжлийн банканд төлж байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь зээлийн төлбөрөө тогтсон хугацаанд, сар бүр төлөлгүй хугацаа алдах, хойшлуулах зэргээс болж банкнаас олон удаа төлбөр төлөх шаардлага тавьдаг байсан.

Худалдаа хөгжлийн банкны зээлээс чөлөөлж, Хаан банканд бизнесийн зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нэхэмжлэгч нарт хэлж байсан. Ингэхдээ өмнө тохирсны дагуу сар бүр 530,500 төгрөгийг төлөөд явж байхаар тохирсон ба охин Х.Мөнхзулын данс руу мөнгийг шилжүүлдэг болсон. Гэтэл нэхэмжлэгч нар нь зарим сард мөнгөө төлөхгүй, зарим сард төлөх хэмжээнээс дутуу төлбөр шилжүүлж байсан.

Орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан өгсөн ба гэрээний үүрэг дуусгавар болсон. Банканд төлсөн мөнгө гэж 15,007,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.О, М.Хнараас 13,973,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н, У.Бнарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227,817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нарт 35,000,000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тус байранд амьдарсан бөгөөд гэрээ цуцлагдах үндэслэл нэхэмжлэгчийн буруугаас болсон. Учир нь нэхэмжлэгч нар нь цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас уг байр зарагдсан.

Мөн нэхэмжлэгч нар миний өмчлөлийн байранд удаан хугацааны турш амьдарсан, энэ хугацааны түрээсийн төлбөрт дүйцэх төлбөрийг төлөөгүй, миний зүгээс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх тайлбарыг гаргасан байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэний буруутай үйл ажиллагаанаас болж цааш үргэлжлэх боломжгүй болсон талаар шүүх дүгнээгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөний улмаас талуудад учирсан бодит хохирлыг тогтоогоогүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай, танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн байна. Миний бие тухайн үед хөдөө орон нутагт ажиллаж байсан бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан. Гэтэл шүүх хуралдааныг намайг байлцуулахгүй, хариуцагч нарын зүгээс мэтгэлцэх боломжийг хангаагүй шийдвэрлэж байгаа нь зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Би М.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбатад итгэмжлэл олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкнаас хариуцагч нар нь орон сууцыг барьцаалж, бизнесийн зээл авсан байсан. Энэ зээлийн гэрээ, барьцааны гэрээнд нэхэмжлэгч нар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй.

Орон сууц зээлээр худалдах авах, худалдан авах гэрээнд заасны дагуу 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл тасралтгүй нийт 48,973,500 төгрөг төлсөн. Үүнд хариуцагч талаас маргадаггүй.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны өр барагдуулах албанаас нэхэмжлэгч нарыг дуудаж уулзсан ба тэр үед банкны барьцаанд орон сууц хураагдах гэж байгааг мэдсэн.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай уулзаад орон сууц хураагдлаа, эхний ээлжид байрыг 70,000,000 төгрөгөөр зараад банкны зээлийг төлж үлдсэн мөнгө буюу 35,000,000 төгрөгийг нь та нарт өгье гэж хэлсэн.

Шүүх хуралдааны товыг зарласан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг утсаар залгаж мэдэгдэж, хүргүүлсэн ч шүүх хуралдаанд ирээгүй. Харин ч анхан шатны шүүх дээр хариуцагч нарыг оролцуулж тайлбар мэдүүлэг сонсох гээд шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүх хуралдаанд хариуцагч талаас ирээгүй учраас миний хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Зохигч хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг асууж лавлах үүрэгтэй. Мөн хэргийн оролцогч нар шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байхдаа хаягаа өөрчлөх юм бол шүүхэд мэдэгдэх ёстой. Хэргийн оролцогч нарт эрх, үүрэг танилцуулсан, мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн бүхий л баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч М.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон боловч тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Н, У.Бнар хариуцагч Ц.О, М.Хнарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул уг гэрээний дагуу төлсөн 13,973,500 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэг талаас Ц.Н, У.Бнар, нөгөө талаас Ц.О, М.Хнар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.О М.Хнар нь 49,000,000 төгрөгийн зээлийг Ц.Н, У.Бнарт олгохдоо “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 473005247 тоот дансанд сар бүрийн 20-ны өдөр 530,500 төгрөгийг төлж төлбөр хийх, хугацаа 12 жил байх, зээлийн төлбөрийн хугацаа бүрэн дуусгавар болсны дараа худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохиролцсоныг анхан шатны шүүх талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Учир нь зээл гэж тодорхойлсон мөнгөн хөрөнгө 49,000,000 төгрөг болон зээлийн урьдчилгаа гэсэн тохиролцоог нэгтгэж дүгнэвэл орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг талууд 70,000,000 төгрөг гэж тодорхойлсон байх ба энэ талаар талууд маргаагүй. Харин 49,000,000 төгрөгийн төлбөрийг төлж дууссаны дараа талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар тохиролцсоныг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцлийн талаар харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна.

4. Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээний үүрэгт нийт 48,973,500 төгрөгийг төлсөн, орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлсэн, орон сууц банкны төлбөрт хураагдсан, хариуцагч нар нэхэмжлэгч нарт 35,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Орон сууц худалдах, худалдан авах үүргийн хэлцлээс татгалзах болсон шалтгаан нь гэрээний аль талын үүргийн зөрчилтэй холбоотой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь Ц.Оын эзэмшлийн, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 473005247 тоот дансанд сар бүрийн 20-ны өдөр 530,500 төгрөгөөр төлбөр төлөх үүргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэхдээ ялимгүй зөрчил гаргасан нь тус банкнаас Ц.Отай байгуулсан зээлийн гэрээг цуцлах үндэслэл болоогүй байна. Харин хариуцагч нар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Хаан банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авахдаа барьцаанд уг орон сууцыг барьцаалсан, зээлийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр барьцааны зүйл болох орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хураалгасан байна.

 

Иймд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар орон сууц өөрсдийнх нь өмчлөлд шилжин ирэх боломжгүй болсон үндэслэлээр  гэрээнээс татгалзсан байна. Хариуцагч тал татгалзлын үр дагавар болох төлбөрөөс 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн үйл баримт тогтоогджээ. Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний талууд хэн алинаасаа авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд дутуу төлбөрөө нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчид нийт 48,973,500 төгрөг төлсөн, хариуцагч нь буцааж 35,000,000 төгрөг төлсөн байх тул төлөгдөөгүй үнийн дүн 13,973,500 төгрөг болох талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул шийдвэр хуульд нийцжээ.

 

5. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч Ц.Оын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Шүүх нэхэмжлэлийг Ц.От 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулж өгсөн, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ.

Хариуцагч Ц.О нь 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдөр тайлбар гаргахдаа шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн, М.Хандсүрэнгийн өмгөөлөгч Р.Түвшинбатыг оролцуулах талаар тайлбарлажээ. /хх 63/

Хариуцагч Ц.О болон өмгөөлөгч Р.Түвшинбат нарын шүүхэд мэдүүлсэн хаягаар анхан шатны шүүх 2021 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр мэдэгдэл шуудангийн баримтаар шүүхэд буцаж ирсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын шүүх хуралдаан оролцох, зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулсан байх бөгөөд хариуцагч нарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч заасан хаягт байхгүй гэсэн үндэслэлээр шуудангаас уг баримт буцаж ирсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар Ц.О нь зохигчийн хувьд шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Шүүх хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сар 28 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад хариуцагч Ц.О нь эрх зүйн туслалцаа авах, шүүхэд тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй болно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА