Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02356

 

                         

 

 

 

 

 

 

2021 оны 12 срын 02 өдөр

                          181/ШШ2021/02356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.Э-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Н.Э  надтай Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 304 тоот Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаагаар гэрчлүүлсэн. SNS машин, хуулга сорогч вакум машин, босоо хэвтээ презирүүд, харуул ирлэгч, үртэс сорогч нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг энэ өдрөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж тоног төхөөрөмжийг ажиллуулж гар утас дээрээ ажиллуулж байгаа байдлыг бичиж авч байсан. Тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар Н.Э  тохирч 10,000,000 төгрөгийг өгөөд 20,000,000 төгрөгийг өгөөгүй өдий хүрсэн.

Гэрээний 5 дугаар зүйлд энэхүү гэрээнд заагдсан төлбөрийг худалдан авагч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл 8 сар, 8 хоног буюу 248 хоног болж байна. 20,000,000 төгрөгт хоногийн 0,5 хувийн алданги бодоход 100,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 248 хоногоор бодоход 24,800,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 10,000,000 төгрөг болж байна.

Иймд Н.Э аас гэрээний дагуу үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийг баримталж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах ёстой. Худалдаж авч байгаа хүн эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар доголдолтой байх юм бол нэн даруй шалгах үүрэгтэй. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр доголдолтой тоног төхөөрөмж авсан бол Иргэний хуульд зааснаар 6 сарын дотор буцаан өгөх боломжтой байсан. Энэ хугацаанд буцааж өгсөн зүйл байхгүй. Иймд Иргэний хуулийн 243, 262, 255, 254 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээ тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Э  миний бие иргэн С.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын тус шүүхэд надад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Н.Э  миний бие нэхэмжлэлд дурдсанчлан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр С.Б тай Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээг хийхэд С.Б  нь тус тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах зааварчилгааг манай ажлын байранд биечлэн ирж өгнө, ажилтнуудад сургалт явуулна гэж тохирсон боловч 2020 оны 9 сард надад мэдэгдэлгүйгээр ажлын байранд ирж ажиллуулсан байсан. Ажиллуулах үед нь тоног төхөөрөмж нь болохгүй байсан гэж манай ажилтнууд хэлж байсан бөгөөд нэг ч удаа ажиллуулж чадаагүй. Түнээс хойш С.Б  утсаа авахгүй алга болсон бөгөөд улмаар улсын хэмжээнд ковид-19 өвчин гарсантай холбогдуулан хорио цээр үргэлжилсний улмаас түүнтэй уулзаж чадахгүй байсан.

Тоног төхөөрөмж нь ажиллах боломжгүй, С.Б  нь тоног төхөөрөмжүүдээ ажиллуулж, өгнө гэчихээд алга болсон учраас 2021 оны 3 дугаар сард С.Б тай холбогдон ...өвөлжингөө хадгаллаа, энэ тоног төхөөрөмжөө ирж ав... гэхэд тэрээр ...би наанаас чинь зарчихъя гээд хэд хэдэн хүнд үзүүлж байсан. С.Б  нь тоног төхөөрөмжөө ирж авахгүй, тоног төхөөрөмжүүд нь манай ажлын байрны ихэнх талбайг эзлээд байсан тул миний бие арга буюу 2021 оны 8 дугаар сард нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийн 5 ширхэг тоног төхөөрөмжийг нь 400,000 төгрөгөөр Кран хөлсөлж анх авсан газар болох Бэлхийн өвөр согоотод байдаг гэрт нь аваачиж өгсөн. Одоо надад 1,000,000 төгрөг орчим үнэ бүхий 1 ширхэг презир байгаа. Харин би түүнд өгсөн 10,000,000 төгрөгөөс зөрүү мөнгөө буцаан авах ёстой билээ. Гэтэл энэ мэтээр худал тайлбар гаргаж мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад                         

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Н.Э д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч талын өмчлөлд буй SNS машин, Хуулга сорогч вакум машин, босоо, хэвтээ презирүүд, харуул ирлэгч, үртэс сорогч нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд гэрээнд хүү тохироогүй, зөвхөн төлбөр төлөх хуваарийг тохиролцсон байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь гэрээний урьдчилгаа болгож 10,000,000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр буюу шилжүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ болох 20,000,000 төгрөгийг Н.Э аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нийт 6 тоног төхөөрөмжнөөс 5 ширхэгийг нь буцааж өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д ... гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь алданги 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хэт ихэсхэд нөлөөлсөн, мөн нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай уялдаж шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар 6,000,000 төгрөгөөр  багасгаж, хариуцагчаас 4,000,000  төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд, хариуцагчаас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б т олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Н.Э д 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн 9811-8809 дугаарын утсаар болон түүний оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Н.Э аас 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР