Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00527

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02356 дугаар шийдвэртэй

С.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Эд холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Н.Э надтай “Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 304 тоот Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Фгаар гэрчлүүлсэн. SNS машин, хуулга сорогч вакум машин, босоо хэвтээ презирүүд, харуул ирлэгч, үртэс сорогч нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг энэ өдрөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж гар утас дээрээ тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаа байдлыг бичиж авч байсан. Тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар Н.Э тохирч 10,000,000 төгрөгийг өгөөд 20,000,000 төгрөгийг өгөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлд энэхүү гэрээнд заагдсан төлбөрийг худалдан авагч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 8 сар, 8 хоног буюу 248 хоног болж байна. 20,000,000 төгрөгт хоногийн 0,5 хувийн алданги бодоход 100,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 248 хоногоор бодоход 24,800,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 10,000,000 төгрөг болж байна. Иймд Н.Эаас гэрээний дагуу үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Эы хариу тайлбар, татгалзлын агуулга: Н.Э би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С.Бтай “Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээг хийхэд С.Б нь тус тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах зааварчилгааг манай ажлын байранд биечлэн өгнө, ажилтнуудад сургалт явуулна гэж тохирсон боловч 2020 оны 9 сард надад мэдэгдэлгүйгээр ажлын байранд ирж ажиллуулсан байсан. Ажиллуулах үед нь тоног төхөөрөмж нь болохгүй байсан гэж манай ажилтнууд хэлж байсан бөгөөд нэг ч удаа ажиллуулж чадаагүй. Түнээс хойш С.Б утсаа авахгүй алга болсон бөгөөд улмаар улсын хэмжээнд ковид-19 өвчин гарсантай холбогдуулан хорио цээр үргэлжилсний улмаас түүнтэй уулзаж чадахгүй байсан. Тоног төхөөрөмж нь ажиллах боломжгүй, С.Б нь тоног төхөөрөмжүүдээ ажиллуулж, өгнө гэчихээд алга болсон учраас 2021 оны 3 дугаар сард С.Бтай холбогдон ...өвөлжингөө хадгаллаа, энэ тоног төхөөрөмжөө ирж ав... гэхэд тэрээр ...би наанаас чинь зарчихъя гээд хэд хэдэн хүнд үзүүлж байсан. С.Б нь тоног төхөөрөмжөө ирж авахгүй, тоног төхөөрөмжүүд нь манай ажлын байрны ихэнх талбайг эзлээд байсан тул миний бие арга буюу 2021 оны 08 дугаар сард нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийн 5 ширхэг тоног төхөөрөмжийг нь 400,000 төгрөгөөр кран хөлсөлж анх авсан газар болох Бэлхийн өвөр согоотод байдаг гэрт нь аваачиж өгсөн. Одоо надад 1,000,000 төгрөг орчим үнэ бүхий 1 ширхэг презир байгаа. Харин би түүнд өгсөн 10,000,000 төгрөгөөс зөрүү мөнгөө буцаан авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Н.Эаас 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Н.Эы давж заалдах гомдлын агуулга: ... Н.Э 2021 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд эхнэр А.Ч, хүүхдүүдийн хамт Ковид-19 өвчин тусч, Ачтан эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд “Ачтан” эмнэлэгт хэвтсэн бөгөөд улмаар уушги маань бүрэн эдгэрэхгүй байсан тул СүхБ дүүрэгт байрлах “Намдуу мандал” эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн баримтыг шүүхэд хүргүүлж амжаагүй. Нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлээс татгалзаж 5 тоног төхөөрөмжийг нь буцааж өгсөн талаараа үнэн зөв тайлбарыг шүүхэд хүргүүлсэн атал хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үүргийг дурдсан байх боловч энэ нь шүүх хуралдаанд оролцсон зохигчид хамааралтай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож байсан этгээдэд хамааралтай гэж үзэж байна. Учир нь тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан зөвхөн 1 л удаа зарлагдсан байх бөгөөд миний бие дээрх хуралдаанд оролцох боломжгүй талаараа холбогдох баримтыг хүргүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1, 6.3, 6.4 дэх хэсэгт заасан байгааг шүүх анхаарч үзэлгүй хариуцагч талыг анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжоор буюу нэхэмжлэгч талтай мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарахад хүргэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.2 дахь хэсэгт тодорхой заасан. Нэхэмжлэгч тал Н.Э надаас гэрээний үүргийг гүйцэтгэлд төлбөр, алданги шаардах боловч тоног төхөөрөмжийг Н.Э надад хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүх хуралдаанд оролцогч нарын мэдээллээс харахад нэхэмжлэгч С.Б өөрөө шүүх хуралдаанд орж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Мядагбадам нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Энэ талаар хариуцагч Н.Эд анхан шатны шүүхээс нэг ч удаа мэдэгдээгүй бөгөөд миний бие ч мөн адил Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхтэй байтал энэ эрхээ эдлэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадалгүйгээр буюу хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломжоор хангагдаж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хариуцагч нь Ковид-19 цар тахал өвчнөөр өвдсөн гэдгээ тухайн үед нотлоогүй бөгөөд давж заалдах гомдолтой хавсаргаж өгсөн байгаа. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, үгүйсгэх асуудал нь өөрсдийнх нь асуудал байгаа. Тоног төхөөрөмжийг буцааж өгсөн гэх бичгийн баримт байхгүй байгаа. Иймээс шүүхээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул 20,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Би 2021 оны 08 дугаар сард нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийн 5 ширхэг тоног төхөөрөмжийг нь 400,000 төгрөгөөр кран хөлсөлж анх авсан газар болох Бэлхийн өвөр согоотод байдаг гэрт нь аваачиж өгсөн” гэж тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2020 оны 06 дугаар  сарын 23-ны өдөр “Хаалга үйлдвэрлэх тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч С.Б нь SNS машин, хуулга сорогч вакум машин, босоо хэвтээ презирүүд, харуул ирлэгч, үртэс сорогч 6 ширхэг тоног төхөөрөмжийг хариуцагч Н.Эд 30,000,000 төгрөгөөр худалдсан байна.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. /хх.3/ Талууд урьдчилгаа 10,000,000 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

7а. Хариуцагч Н.Э худалдан авсан эд хөрөнгөөс 5 ширхэг төхөөрөмжийг буцаан өгсөн болон эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Иймд худалдан авагч буюу хариуцагч Н.Э гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч С.Б хариуцагч Н.Эаас гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Гэрээний 5 дахь заалтад талууд гэрээний үүргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх.3/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн алдангийн хэмжээг 4,000,000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Н.Э “...6 тоног төхөөрөмжийн 5 ширхгийг буцааж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч уг төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

10. Мөн хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан /хх.11-12/ хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэргийн 17 дугаар талд авагдсан, хариуцагч өмгөөлөгч авах, эрүүл мэндийн шалтгаанаар хурал оролцох боломжгүй байгаа тухай хүсэлтээ албан ёсоор шүүхэд гаргаагүй байна. Иймд хариуцагчийн “...хууль зүйн туслалцаа авах эрхтэй байтал энэ эрхээ эдлэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО