| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00416/и |
| Дугаар | 133/ШШ2021/00554 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2021/00554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Д-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА ЕБС 4-р С холбогдох
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.М, гэрч С.М, Б.Л, Н.Ц, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуульд бага ангийн багшаар томилогдож ажиллаж байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сараас өөрийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Миний бие боловсролын байгууллагад нийт 15 жил багшилж ирсэн. Гэтэл 4 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны Б/59 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэж, намайг ажлаас чөлөөлөгдсөн учир ажил хийлгэхгүй гэсэн. Тухайн тушаалын үндэслэл дээрээ намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэжээ. Миний хувьд сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрлөх эрхэд халдаж, улмаар багш миний хувьд энэ жил 2 дугаар ангийг хариуцаж байсан бөгөөд манай ангийн хүүхдүүдийн эрх ашгийг бас хөндөж, хохироож байгаад гомдолтой байна. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын Б/59 тоот Хогнуузын Даваажаргалыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь хариу тайлбартаа: Х.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тус сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн.
1. Бага боловсролын багш Х.Д нь байгууллагын дотоод журмын 8.2.1-т заасан боловсролын баримт бичгийг цаг тухайд нь хөтлөөгүй хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах бууруурах үйлдэл гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон.
2. Бага боловсролын багш Х.Д нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2 дахь заалтыг давтан зөрчсөн.
3. Багш Х.Д-ын дүнг буруу бичсэн 7А ангийн 21 суралцагчийн хувийн хэргийг Боловсрол соёл урлагийн газарт захиалга өгсөн боловч хуулийн хугацаа болоогүй тул нөхөн бичилт хийгдээгүй хүлээгдэж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл[1] гаргажээ. Уг агуулгаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь хариу тайлбартаа[2] “Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.Дтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээг[3] бичгээр байгуулжээ.
Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байр/албан тушаал/-ны нэрийг бага ангийн багш гэж, гүйцэтгэх ажил, үүргийг багшийн үүрэг гэж, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг ТҮБД-3-3 шатлал 713,468 төгрөг гэж, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж тус тус тусган, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар харилцан маргаагүй болно.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.1.2, 5.1.3, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.1, 8.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгч Х.Д-ыг бага ангийн багшийн ажлаас чөлөөлжээ.
Уг тушаал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”, 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг тус тус иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг.
Иймд ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь “ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай” ажилтан Х.Д-ын гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.
Ажилтан Х.Д нь ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр[4] шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
Иймд шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь ажилтан Х.Д-ыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ “Хариуцсан 5А ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн улсын шалгалтын дүнг хувийн хэрэгт буруу бичсэн, 2021 оны 08 дугаар сарын 13,16,17-ны өдрүүдэд ажил тасалсан” гэж тайлбарлажээ.
Ажилтан Х.Д нь “Суралцагчийн хувийн хэргийн дүнг буруу бичсэн сахилгын зөрчилдөө урьд цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байхад давхардуулан ажлаас халсан, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй учир ажил таслаагүй, бага ангийн сургалтын менежер Д.Пүрэвсүрэнгээс чөлөө авсан” гэж маргажээ.
Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, иргэний хэрэгт гарган өгч, материалд авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийлээ.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь хэсэгт “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар[5] тус сургуулийн багш, ажилтны 2021 оны ээлжийн амралтын хуваарийг баталжээ.
Энэхүү ээлжийн амралтын хуваарьт багш нарын ээлжийн амралт эхлэх огноог 06 дугаар сарын 02-ны өдөр, ажилдаа орох огноог 08 дугаар сарын 13-ны өдөр, амрах хоногийг эхлэн ажлын 48 өдөр гэж тусгажээ. Эдгээр багш нарын нэрсийн жагсаалтын 29 дэх заалтад багш Х.Д-ын нэр тусгагджээ.
Гэвч ажил олгогчоос ажилтны 2021 оны ээлжийн амралтын хуваарийг батлахдаа Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт авах өдөр нь бүх нийтээр амрах өдөр байхаар заасныг тооцоогүй, эрх зүйн алдаатай болжээ.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно”, 8.4 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор[6] баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүх нийтээр амарна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн нийт багш нарын ээлжийн амралтын хугацаа нь тэдгээрийн төрийн албанд ажилласан хугацаанаас үл хамааран ялгамжгүйгээр ажлын 48 хоног юм.
Үүнээс үзэхэд ажилтан Х.Д нь 2021 оны 06 дугаар сард ажлын 20 хоног, 07 дугаар сард ажлын 18 хоног, 08 дугаар сард ажлын 10 хоног, нийт ажлын 48 хоног амарч, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бус 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байжээ.
Ажил олгогч нь ээлжийн амралтын хуваарийг батлахдаа 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг ажлын өдөрт тооцсон алдаа нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах эрх зүйн үндэслэл биш.
Иймд нэхэмжлэгч Х.Д-ыг “2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажил тасалсан” гэж үзсэн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн төлөөлөгч Ч.Ч-ын хариу тайлбарыг зөвтгөх боломжгүй.
Мөн түүнчлэн ээлжийн амралтын хугацаа дуусгавар болсны дараах 2021 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ажил тасалсан болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа уг шалтгаанаа “ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй, бага ангийн сургалтын менежер Д.П-с чөлөө авсан” гэж буй нэхэмжлэгч Х.Д-ын тайлбарыг ч зөвтгөх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь нэхэмжлэгч Х.Д нь ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй, бага ангийн сургалтын менежер Д.П-с чөлөө авсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг “2021 оны 08 дугаар сарын 13,16,17-ны өдрүүдэд ажил тасалсан” тул ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул ажилтан “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил тасалсан” эсэх үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Дээрх нөхцөл байдлаас ажилтан Х.Д-ыг 2021 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү сахилгын зөрчил нь ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуультай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.1.2-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан” эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш байна.
Учир нь хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад дурьдсан “гурваас дээш өдөр ажил тасалсан” гэдэгт 4 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан байхыг ойлгох бөгөөд ажилтан Х.Д-г 2 өдөр ажил тасалсан нь уг заалтын урьдчилсан нөхцөлийг хангахгүй.
Иймд нэхэмжлэгчийг 2021 оны 08 дугаар сарын 13,16,17-ны өдрүүдэд ажил тасалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй болжээ.
Үүгээр ажилтны 2 өдөр ажил тасалсныг шүүх зөвтгөөгүй бөгөөд уг сахилгын зөрчилд нь ажил олгогчоос ажлаас халахаас өөр төрлийн сахилгын шийтгэлийн хэлбэр/сануулах, цалин бууруулах гэх мэт/-ийг ногдуулах нь зохистой байжээ.
Гэвч ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц “ажил тасалсан” үйл баримтад бус “боловсролын баримт бичгийг буруу хөтөлсөн” үйл баримтад давхар тулгуурлажээ.
Хариуцагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-н шалгалт явуулсан 2116000152 дугаартай зөрчлийн хэргийн материалыг ирүүлжээ.
Энэхүү зөрчлийн хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[7], мөн өдрийн огноотой шийтгэлийн хуудас[8] болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн дунд анги удирдсан багш Б.Л-н боловсруулж, сургалтын менежер С.М-н хянасан “2019-2020 оны хичээлийн жилийн 5А ангийн боловсролын мэдээллийн дүн, хувийн хэргийн дүнгийн тулгалт, зөрүүтэй дүнгийн мэдээлэл”[9] зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Д нь хариуцсан 5А ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт дуу хөгжим, биеийн тамир, англи хэл зэрэг хичээлийн улсын шалгалтын дүнг буруу бичсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх бөгөөд уг зөрчлөө хүлээн зөвшөөрч маргаагүй.
Иймд бага ангийн багш Х.Д-ын хариуцсан ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт зарим хичээлийн улсын шалгалтын дүнг буруу бичсэн сахилгын зөрчил гаргажээ.
Учир нь сахилгын зөрчил нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэрэг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэжээ.
“Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1.3 дахь заалтад “Тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, бусад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан” бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл[10] байхаар,
“Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.1 дэх заалтад “Боловсролын баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв хөтлөөгүй, хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, суралцагчийн дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах, бууруулах үйлдэл гаргасан тохиолдолд нөхцөл байдлыг судалж, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шат дараалсан арга хэмжээ авна”[11] гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дээрх заалтаас үзэхэд ажилтан Х.Д-ын суралцагчийн хувийн хэрэгт улсын шалгалтын дүнг буруу бичсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Учир нь суралцагчийн хувийн хэрэг нь тэдний сурлагын үнэлгээ болон хөгжил өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулсан албан ёсны баримт бичиг тул үнэн зөв, бодитой байх учиртай.
Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 5А ангийн нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт тусгагдсан мэргэжлийн хичээлийн улсын шалгалтын дүн нь боловсролын мэдээллийн баазаас зөрүүтэй бичигдэж, бодит байдалд нийцээгүй, үнэн зөв хөтлөгдөөгүй, хуурамч гэж үзэхээр болжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр албан бичгээр[12] “...Анги удирдсан багш Х.Д нь хувийн хэргийг сургалтын менежерт өгөөгүй, удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээлгэж өгөхгүй байгаа тул уг асуудлыг хянан шалгаж, шалтгааныг тодруулж өгнө үү” гэж Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ.
Уг албан бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаар нэхэмжлэгч Х.Д-ын суралцагчийн хувийн хэрэгт улсын шалгалтын дүнг буруу бичсэн зөрчлийг илрүүлсэн нь 2116000152 дугаартай зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна.
Тодруулбал Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа дараах нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчээ. Үүнд:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургалтын менежерээр ажиллаж байсан Ч.Цагаанцоожийн гэрчийн мэдүүлэгт[13] “2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдөр гэхэд Х.Д-аас бусад багш сурагчийн хувийн хэргээ өгсөн. Удаа дараа хувийн хэргийг шаардсан боловч өгөөгүй. Боловсролын салбарт ийм багш нар бүү байгаасай гэж хүсч байна”,
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежер Ё.Б-н гэрчийн мэдүүлэгт[14] “Х.Д нь 2020 онд 5А ангийн дүнг өгөөгүй. Тулгалт хийх гээд хувийн хэргийг нь удаа дараа нэхсэн боловч хүлээлгэж өгөөгүй. Ер нь хувийн хэрэгт бичсэн дүн мэдээллийн системд илгээсэн дүнгээс зөрүүтэй байх магадлалтай. Цахим журналтай болсноор сурагчдын төгсөлтийн дүн БСШУЯ-ны дэргэдэх мэдээлэл технологийн төвд цахимаар хадгалагддаг. Цаашид ийм багш боловсролын системд битгий байгаасай гэж хүсч байна”,
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал Ц.Ч-н гэрчийн мэдүүлэгт[15] “Ажил авсны дараа боловсролын баримтад түүврээр хяналт, шалгалт хийхэд 6А ангийн хувийн хэрэг байгаагүй. Сургалтын менежер Б.П, С.М, Ё.Б нараар дамжуулан удаа дараа шаардахад багш өгөөгүй”,
4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежер С.М-н хохирогчийн мэдүүлэгт[16] ”Сурагчийн хувийг хэргийг албан өрөөндөө хадгалдаг. 6А ангийн хувийн хэрэг надад байхгүй. Тухайн үеийн сургалтын менежер нь хүлээлгэж өгөөгүй. Шалтгааныг асуухад анги удирдсан багшаас шаардахад хүлээлгэж өгөөгүй гэсэн. Тухайн багшид маш олон удаа хандсан боловч өгөөгүй. Сүүлд нь амлалт бичүүлэн гарын үсэг зуруулан авсан боловч одоо болтол өгөөгүй. Уул нь өөрөө өгчихнө, одоо аваад ирнэ, маргааш гээд яваад байхаар нь өгчих юм санаад байсан. Гэтэл өгөөгүй өдий хүрсэн тул мэргэжлийн байгууллагад хандсан. Сурагчдын хувийн хэргийн бичилт хийгдэх болсон, төгсөлтийн дүн, зан байдал гэх мэт бичилт хийгдэх шаардлагатай байгаа тул хувийг хэргийг яаралтай авах хэрэгтэй байна” гэж тус тус мэдүүлжээ.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Х.Д нь суралцагчийн хувийн хэрэгт буруу дүн бичсэн сахилгын зөрчлөө нуун дарагдуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал, сургалтын менежер нараас удаа дараа шаардсаар байхад удирдсан ангийнхаа сурагчдын хувийн хэргийг 2019-2020 оны хичээлийн жил дуусахад зохих журмын дагуу хөтлөөгүй, бага ангийн сургалтын менежерт хүлээлгэн өгөөгүй байна.
Анги удирдсан багш Х.Д нь сурагчдынхаа хувийн хэргийг хүлээлгэж өгөлгүйгээр удаашруулж, 2020-2021 оны хичээлийн жил дуусч, 6А ангийн сурагчдын хичээлийн дүн, зан байдлын тодорхойлолтыг хувийн хэрэгт тэмдэглэх зайлшгүй шаардлага гарсны улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр холбогдогч Х.Д нь авч, хохирогчоор томилогдсон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежер С.М-д хүлээлгэн өгчээ. Энэхүү үйл баримтыг гэрчилсэн мэдүүлгийг[17] гэрч С.М нар нь шүүх хуралдаанд гаргасан.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-т холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ[18] нэхэмжлэгч Х.Д нь удирдсан ангийнхаа сурагчдын хувийн хэрэгт дүн буруу бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа уг зөрчлөө чухам хэзээ гаргасан талаар мэдүүлээгүй байна.
Дээр дурьдсан байдлаар нэхэмжлэгч Х.Д нь сахилгын зөрчлөө нуун дарагдуулж, ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдэд хандахаас өөр аргагүй болгосон байхад ажил олгогчоос ажилтны дээрх зөрчил гаргасан хугацааг шалган тодруулах боломжтой байсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04/249 дүгээр албан бичгээр[19] нэхэмжлэгч Х.Д-д хариуцлага тооцохыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас шаарджээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр дүнг гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдсэн дээрх албан бичгийн дагуу хариуцагчаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар[20] уг асуудлыг хэлэлцүүлжээ.
Улмаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас нэхэмжлэгч Х.Дыг бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Х.Д нь “суралцагчийн хувийн хэргийн дүнг буруу бичсэн зөрчлөө 2020 оны 06 дугаар сард гаргасан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч уг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар “ажлын хариуцлага алдаж, мэргэжил аргазүйн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч Х.Д-д 2 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Цалингийн хувь бууруулсан уг сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч, үндсэн цалингаасаа суутгал хийлгэсэн болохоо нэхэмжлэгч Х.Д хүлээн зөвшөөрсөн болно.
Гэвч “суралцагчийн хувийн хэрэгт дүн буруу бичсэн” нэхэмжлэгч Х.Д-ын сахилгын зөрчил нь 2020 онд бус Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-с 2021 онд явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогджээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогдсон дээрх сахилгын зөрчилд нь ажил олгогчоос ажилтныг ажлаас халсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй.
Хэдийгээр хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас нэхэмжлэгч Х.Д-ын “2 өдөр ажил тасалсан”-ыг сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан нь буруу боловч суралцагчийн хувийн хэрэгт дүн буруу бичсэн зөрчил нь “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” мөн тул ажил олгогч санаачилж, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг заасан урьдчилсан нөхцөл хангагдаж байна.
Хуулийн дээрх дээрх заалтын урьдчилсан нөхцөлийг хангаж буй сахилгын ноцтой зөрчилтэй холбогдуулан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй.
Иймд нэхэмжлэгч Х.Д-ын хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажлаас буруу халсны олговор олгох эрх зүйн үндэслэл нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх явдал юм.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон ажилтан олгогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтын дагуу зохих суутгалыг хийж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой.
Шүүхээс нэхэмжлэгч Х.Д*ыг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоогоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-н хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
[1] 1-р хавтаст хэргийн 1 хуудас
[2] 1-р хавтас хэргийн 18 хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 35-39 хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 1 хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 26-28 хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 67 хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 68 хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 223 хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 38 хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 46 хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 60 хуудас
[13] 1-р хавтаст хэргийн 63-64 хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 65-66 хуудас
[15] 1-р хавтаст хэргийн 79-81 хуудас
[16] 1-р хавтаст хэргийн 81-82 хуудас
[17] 2 хавтаст хэргийн 13 хуудас
[18] 1-р хавтаст хэргийн 61-62 хуудас
[19] 1-р хавтаст хэргийн 33 хуудас
[20] 1-р хавтаст хэргийн 21-25 хуудас