Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 25-р байр, 191 тоотод оршин суух, Пагж овогт Галсангийн О/РД: ВЯ67011203/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Ш газарт холбогдох,

 

Дуудлага худалдаа хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 02-р сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 632 дугаартай шийдвэрээр Г.О, З.Гэсэрбадам нараас 101.370.000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь мөн л хуулийн дагуу явагдаагүй, төлбөр төлөгчийн эрх ашиг хөндөгдсөн учир З.Гэсэрбадам нь шүүхэд хандсан уг хэрэг маргаан нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хянагдсан, Улсын дээд шүүхэд гомдол гарган хянагдаагүй буюу улсын дээд шүүх эцэслэн хянаж, тогтоол гаргаагүй байхад Нийслэлийн шүүхийн Ш газар дахин дуудлага худалдаа явуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад дахин дуудлага явуулсан нь төлбөр төлөгч нарын эрхийг илтэд зөрчсөн. Мөн тус дуудлага худалдааг огт мэдэгдээгүй буюу 2021 оны 03 сарын 18-ны өдөр ирэн суллахыг шаардсан. Улсын дээд шүүхийн тогтоол 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байхад Нийслэлийн шүүхийн Ш газар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаа явуулсан байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 25-р байр, 191 тоот 69.23 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаанд оруулахдаа дараах хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

- Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.

- 2019 оны 11 дүгээр сарын 21-нд болсон 2 дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан зүйлийг баримтлаагүй байна. Учир нь дуудлага худалдааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ гэжээ. Үүнд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-69.2.5 дахь хэсэгт заасан баримт бичгийг хүргүүлсэн байхаар 2017 оны 7 дугаар сарын 1 өдрөөс мөрдөж эхэлсэн хуульд нарийвчилсан зохицуулалт болгон оруулжээ.

- Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хуульд заасан журмаар гаргаагүй учир гомдол гаргах эрхээр хангаагүй.

- Улсын дээд шүүхэд гомдол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн Ш газар дуудлага худалдаа зарласан нь төлбөр төлөгч нарын эрхийг илтэд хөндсөн.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус хуульд нийцээгүй хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт илтэд үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд

1. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-нд эс зөвшөөрсөн хариуг гардан авсан.

2. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн Ш газарын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эс зөвшөөрсөн хариуг гардан авсан.

3. “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд/14 хоногийн дотор/ танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг огт танилцаагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 632 дугаартай шийдвэрээр Г.О, З.Гэсэрбадам нараас 101,370,000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн л хуулийн дагуу явагдаагүй.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 25-р байр, 191 тоот, 69.23 м.кв талбай бүхий орон сууцыг 97,500,000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ нь зах зээлийн үнийн дүнгээс эрс багаар үнэлэгдэж Г.О, З.Гэсэрбадам нарын эрх ашгийг ихээр хөндөж байгаа тул албадан дуудлага худалдааны үнэлгээд хүчингүйд тооцуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн Ш газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Огийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр З.Гэсэрбадам, Г.О нарас 100.657.950 төгрөгийг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш/17011/, Махатма ганди гудамж, 25-р байрны 191 тоот хаягт байрлах 69.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 17290538 тоот тогтоолоор үүсгэсэн.

Төлбөр төлөгч Г.О, З.Гэсэрбадам нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул барьцаа хөрөнгө болох Г.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220602786 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш/17011/, Махатма ганди гудамж, 25-р байрны 191 тоот хаягт байрлах 69.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК хураагдсан хөрөнгийг 129.854.000 улсын үнэлсэн болохыг төлбөр төлөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн болно.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/1759 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, тус албадан дуудлага худалдаагаар 97.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/9894 дүгээр албан бичгээр танилцуулж, төлбөр төлөгч нар гарын үсэг зурсан баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байдаг.

Төлбөр төлөгч З.Гэсэрбадам 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч “барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1962 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00578 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О хариуцагч Нийслэлийн шүүхийн Ш газарт холбогдуулан албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн Ш газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр З.Гэсэрбадам, Г.О нараас 100 000 000/нэг зуун мянга/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 657 950/зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгож, З.Гэсэрбадам, Г.О үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш/17011/, Махатма ганди гудамж, 25-р байр, 191 тоот хаягт байрлах, 69.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 512 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрийн болон 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 512 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17290538 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш/17011/, Махатма ганди гудамж, 25-р байр, 191 тоот хаягт байрлах, 69.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц/цаашид “191 тоот орон сууц” гэх/-ны өмчлөгч болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00632 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 191 тоот орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хураасан болох нь 179/01 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолын болон 179/12 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь 191 тоот орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01818 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 191 тоот орон сууцыг 129 854 000/нэг зуун хорин есөн сая найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн болох нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 4/7760 мэдэгдлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01818 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь 191 тоот орон сууцны үнэлгээний талаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн байх боловч 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

          Нэхэмжлэгчийн өмчлөлийн 191 тоот орон сууцны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн ... шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор ... Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдах дуудлага худалдааны талаар нэхэмжлэгчид 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн болох нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 4/7760 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн явуулсан арга хэмжээ, шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд түүнд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Огийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Огийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ