Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/00247

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00247

 

Г.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ш ш г г-т холбогдох

Дуудлага худалдаа хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 632 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, төлбөр төлөгчийн эрх ашиг хөндөгдсөн учир З.Гэсэрбадам нь шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг Улсын дээд шүүх эцэслэн хянаж, тогтоол гаргаагүй байхад Н ш ш г г- хэрэг хянан шийдвэрлэх явцад дахин дуудлага худалдаа явуулсан нь төлбөр төлөгч нарын эрхийг илтэд зөрчсөн. Мөн тус дуудлага худалдааг огт мэдэгдээгүй. Улсын дээд шүүхийн тогтоол 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байхад Н ш ш г г- 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаа явуулсан байсан. Барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 25-р байр, 191 тоот 69.23 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж заасныг зөрчсөн.

2019 оны 11 дүгээр сарын 21-нд болсон 2 дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан зүйлийг баримтлаагүй. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хуульд заасан журмаар гаргаагүй учир гомдол гаргах эрхээр хангаагүй. Улсын дээд шүүхэд гомдол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа зарласан нь төлбөр төлөгч нарын эрхийг илтэд хөндсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус, хуульд нийцээгүй хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа нь нэг талын эрх ашигт илтэд үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд /14 хоногийн дотор/ танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг огт танилцаагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 632 дугаартай шийдвэрээр Г.О-, З.Гэсэрбадам нараас 101,370,000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн л хуулийн дагуу явагдаагүй. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 25-р байр, 191 тоот, 69.23 м.кв талбай бүхий орон сууцыг 97,500,000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ нь зах зээлийн үнийн дүнгээс эрс багаар үнэлэгдэж Г.О-, З.Гэсэрбадам нарын эрх ашгийг ихээр хөндөж байгаа тул албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч Г.О-, З.Гэсэрбадам нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул барьцаа хөрөнгө болох Г.О-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220602786 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 25-р байрны 191 тоот хаягт байрлах 69.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК хураагдсан хөрөнгийг 129,854,000 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/1759 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, тус албадан дуудлага худалдаагаар 97,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/9894 дүгээр албан бичгээр танилцуулж, төлбөр төлөгч нар гарын үсэг зурсан баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байдаг. Төлбөр төлөгч З.Гэсэрбадам 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1962 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00578 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-гийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр оролцож чадаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдааныг хурал давхцсан байх тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, нотлох баримт гаргасан боловч үл тоон шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан нь мэтгэлцэх эрхээр хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

3.   Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н ш ш г г-т холбогдуулан албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4.   Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Н ш ш г г- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 512 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг шийдвэрт заасан Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш /17011/, Махатма ганди гудамж, 25-р байр, 191 тоот хаягт байрлах, 69.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хураасан /хх-8, 38, 44, 48-49, 50-51/ үйл баримт тогтоогдсон байна. Энэ ажиллагааны талаар төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хөрөнгө битүүмжилсэн, хураасан ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

5. Мөн нэхэмжлэгч Г.О- болон төлбөр авагч нар нь дээрх 191 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг орон сууцыг 129,854,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хариуцагч байгууллагын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 4/7760 мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01818 дугаар шийдвэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-55-56, 64-66/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт нийцсэн, шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээг хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагаас хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч Г.О-д 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр /хх-56/ мэдэгджээ.

Иймд нэхэмжлэгч Г.О- нь дээрх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.О- нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо уг үнэлгээний талаар мэдэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байжээ. Иймд анхан шатны шүүх гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

6. Мөн хариуцагч байгууллагаас нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдах дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч Г.О-д 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 4/7760 тоот /хх 56/ бичгийн баримтаар тогтоогджээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэсэн буюу барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж, худалдан борлуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн дээрх шийдвэрт гомдол гаргах хугацааг анхан шатны шүүх зөв тодорхойлж, нэхэмжлэгч Г.О-г хариуцагчийн явуулсан арга хэмжээ, шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.О-гийн гаргасан албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан /хх26/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан /хх-96/, шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн /хх106/ зэргээс үзэхэд зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН