Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/02207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б Сургууль/РД: /-д холбогдох,

 

95 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Э.Эрдэнэхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсолонго, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь Монгол Улсын Б Сургуулийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаа хангамж, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/0.4 кВ-ын 400 кВа чадалтай дэд станцийг угсарч суурилуулах ажил гүйцэтгэсэн.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “ЭЛ-64/2019-I” дугаар батлагдсан зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ЦАХ-049/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд захиалагч, барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч нь Монгол Улсын Б сургууль гээд холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж манай компанийн гүйцэтгэсэн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийг хүлээн авсан. Монгол Улсын Б Сургууль нь эдгээр хөрөнгийг эзэмшин, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Манай компани уг ажлыг нийт 220 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд нийт 125,000,000 төгрөгийг хүлээн авсан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж тус тус заасан.

Монгол Улсын Б Сургууль нь манай компанийн хийж гүйцэтгэсэн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байгаа тул “Түнтгэр нөөлөгт инженер” компанийн эдгээр ажлыг гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр болох 95,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тайлбар: “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ “Н” ХХК болгон өөрчлөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.” гэв.

 

Хариуцагч Монгол Улсын Б Сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсолонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Б Сургууль “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын цогц барилгыг барьж хүлээлгэн өгөх, Захиалагч санхүүжилт буюу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээр дурьдсан гэрээний 4-т УБ хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхи Тэрэлжийн цогцолбор газарт 1,667.4 м.кв талбайтай 15,717.8 шоо эзэлхүүнтэй 3 давхар төмөр бетон суурь бүхий дотор дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамжийг шийдсэн үндсэн барилгыг гадна дулаан, гүний худаг, цахилгааны хангамж, бохирын шугам, халаалт, дулааны узель зам талбай, гэрэлтүүлэг, авто зогсоол, гадна тохижилтын ажил, 168 м.кв талбайтай гадна инженерийн шугам сүлжээний барилга, 72 м.кв талбайтай ажилчдын байрны барилга, харуулын байрны цогц барилгын ажлыг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

“Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хавсралт 1-т заасны дагуу санхүүжилт буюу төлбөрийг ажлын гүйцэтгэл болон Гүйцэтгэгчийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу тухай бүрт нь шилжүүлж байсан. Гүйцэтгэгчид нийт нэг тэрбум таван зуун наян нэгэн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун тавин/1,581,255,250/ төгрөгийг шилжүүлсэн ба энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багтсан болно. Талуудын тооцоо нийлсэн баримтаар МУБИС гүйцэтгэгчээс ерэн сая есөн зуун тавин зургаан мянга хоёр зуун жаран найман/99,956,982/ авлагатай байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна талын цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийн ажлын төлбөрийг “Мөнгөн гануу” ХХК-тай байгуулсан дээр дурьдсан гэрээний хавсралт 1-д заасны дагуу шилжүүлсэн байх тул уг обьектийг үндэслэлгүй олж авсан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. “МУБИС”, “Н” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдан, эрх зүйн харилцаа үүсээгүй тул МУБИС нэхэмжлэгчийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Мөнгөн гануу” ХХК-иас гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлсөө нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд ерэн таван сая/95,000,000/ төгрөгийг МУБИС-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Монгол Улсын Б Сургуулийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая бичгийн нотлох баримтыг судаллаа. Холбогдох гэрээнүүдийн заалтуудыг уншиж мэдүүллээ. Одоо бол тодорхой ойлгомжтой болсон байх гэж үзэж Нэгдүгээрт Монгол улсын Б сургууль болон Мөнгөн гануу нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байна. Нэхэмжлэгч тал ч зөвшөөрч байна. Мөн одоогийн нэхэмжлэгч тал 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг ч гэсэн хүлээн зөвшөөрч байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 90 хувийн төлбөр төлчихөөд үлдэгдэл төлбөр дээр өөр эрх зүйн харилцаа үүсэх тийм ямар ч боломж байхгүй.

Яагаад гэвэл Ажил гүйцэтгэх гэрээний 5.8-т заасан Хэрвээ цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол тэрийгээ шаардах эрхтэй. Тэгэхээр Ажил гүйцэтгэх гэрээгээр эцсийн ажлын үр дүнг захиалагчдаа хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Улсын комиссын актад гарын зурснаар та нар эцсийн үр дүнг хүлээлгэж өгчихлөө гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл Ажил гүйцэтгэх гэрээний дагуу эрх зүйн харилцаа байгаа.

Хоёрдугаарт Мөнгөн гануу компанитай Б сургууль тооцоо нийлээд 99 сая төгрөгийн авлагатай гэж гарсан. Тэгэхээр Мөнгөн гануу компани болон “Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нарын хооронд л эрх зүйн харилцааны маргаан байгаа. Ийм учраас шүүх холбогдох нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК хариуцагч Монгол Улсын Б Сургуульд холбогдуулан үндэслэлгүйгээр эзэмшсэн хөрөнгийн үнэ 95 000 000/ерэн таван сая/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Б Сургууль нь гэрээ байгуулагдан, эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Түнтгэр нөөлөгт инженер” ХХК нь нэрээ “Н” ХХК болгон өөрчилсөн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Мөнгөн гануу” ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий 1-ийн 1.1, 2-ын 2.2, 3-т зааснаар нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Налайх 1-р хороо, Горх-Тэрэлжийн нутагт ЦДАШ, Дэд станцын зураг, 35 кВ-ын ЦДАШ-ын угсарч суурилуулах, 35 кВ-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0,04 кВ-ын 400 кВа чадалтай дэд станцын угсарч суурилуулах ажлыг 45/дөчин тав/ хоногт багтаан гүйцэтгэх, “Мөнгөн гануу” ХХК нь нийт 220 000 000/хоёр зуун хорин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Монгол Улсын Б Сургууль/цаашид “МУБИС” гэх/ нь “Мөнгөн гануу” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болох нь МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ий 1, 2, 4-т зааснаар “Мөнгөн гануу” ХХК нь МУБИС-ийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын батлагдсан зураг төсвийн дагуу Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын дугуй бургастай аманд байршилтай газарт баазын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, МУБИС нь ажлын хөлсөд 2 470 000 000/хоёр тэрбум дөрвөн зуун далан сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” болон МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ий Ерөнхий нөхцөлийн 7-ийн 7.1-т “... ажлыг туслан гүйцэтгүүлж болох боловч ... ажил, үүргийг бусдад шилжүүлж болохгүй ...” гэжээ.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно ... ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.” гэж заасан.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь МУБИС-ийн Оюутны хөгжил хээрийн баазын 35/0.4 кВ-ын 400 кВа хүчин чадал бүхий гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Цах-049/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх ба “Мөнгөн гануу” ХХК нь захиалагчийн хувьд нэхэмжлэгчид хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан.

 

Хариуцагч МУБИС нь МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-д заасан Оюутны хөгжил хээрийн баазын 35/0.4 кВ-ын 400 кВа хүчин чадал бүхий гадна цахилгааны ажлыг нэхэмжлэгчээс хүлээж авсан байх боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “Мөнгөн гануу” ХХК-тай Гэрээг байгуулж, “Мөнгөн гануу” ХХК Гэрээгээр нэхэмжлэгчид хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь МУБИС/201904026 дугаар “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-д зааснаар “Мөнгөн гануу” ХХК-тай байгуулсан Гэрээний дагуу уг Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч болон “Мөнгөн гануу” ХХК нарын хооронд, мөн МУБИС болон “Мөнгөн гануу” ХХК-ийн хооронд Гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь “Мөнгөн гануу” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ, “Мөнгөн гануу” ХХК нь МУБИС-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэх үндэслэлгүй байх тул МУБИС нь “Мөнгөн гануу” ХХК-иас, нэхэмжлэгч нь “Мөнгөн гануу” ХХК-иас Гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 95 000 000/ерэн таван сая/ төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч Монгол Улсын Б Сургуулиас 95 000 000/ерэн таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч Монгол Улсын Б Сургуулиас 95 000 000/ерэн таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ