Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00313

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч М- Сургуульд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Э.Эрдэнэхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 95,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Түнтгэр нөөлөгт инженер ХХК нь М- Сургуулийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, 35 к.вт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/0.4 к.вт-ын 400 к.вт чадалтай дэд станцийг угсарч суурилуулах ажил гүйцэтгэсэн. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор Түнтгэр нөөлөгт инженер ХХК нь гэрээт ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд батлагдсан зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд захиалагч, барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч нь М- сургууль гээд холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж манай компанийн гүйцэтгэсэн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийг хүлээн авсан. М- сургууль нь эдгээр хөрөнгийг эзэмшин, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Манай компани уг ажлыг нийт 220,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд нийт 125,000,000 төгрөгийг хүлээн авсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж тус тус заасан. М- Сургууль нь манай компанийн хийж гүйцэтгэсэн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байгаа тул Түнтгэр нөөлөгт инженер ХХК-ийн эдгээр ажлыг гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр болох 95,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- сургууль М- ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын цогц барилгыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч санхүүжилт буюу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-т заасны дагуу санхүүжилт буюу төлбөрийг ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэгчийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу тухай бүрт нь шилжүүлж байсан. Гүйцэтгэгчид нийт 1,581,255,250 төгрөгийг шилжүүлсэн ба энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багтсан болно. Талуудын тооцоо нийлсэн баримтаар манай байгууллага 99,956,982 төгрөгийн авлагатай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан ажлын төлбөрийг М- ХХК-тай байгуулсан гэрээний хавсралт 1-д заасны дагуу шилжүүлсэн байх тул уг обьектийг үндэслэлгүй олж авсан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. М- сургууль, Н- ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдан, эрх зүйн харилцаа үүсээгүй тул М- сургууль нэхэмжлэгчийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд М- ХХК-аас гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлсөө нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч М- Сургуулиас 95,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1.Хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх бодитой тогтоогоогүй. Нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралт, дэд станцыг М- сургууль одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. М- Сургууль нь барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Н- ХХК ажиллаж байсныг анхнаасаа мэдэж байсан, төслийн менежер нь зөвшөөрсөн бөгөөд цахилгааны шугамын барилгын ажлын явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь байнга холбоотой ажилласан. Цахилгааны шугамыг ашиглалтад хүлээн авах, улсын комисс ажиллуулах хүсэлтийг М- сургууль хүргүүлж, улмаар нэхэмжлэгч Н- ХХК-иас ашиглалтад хүлээн авсан үйл баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч нь цахилгааны шугамын ажил эхлэхээс дуусах хүртэл хугацаанд хариуцагчтай ажил хэргийн байнгын холбоотой ажиллаж, ажлын үр дүнг М- сургуульд хүлээлгэн өгсөн бөгөөд ажлын үр дүнг ерөнхий гүйцэтгэгч М- ХХК-д хүлээлгэн өгөөгүй нөхцөл байдлыг харгалзаагүй. Цахилгааны шугамын ажлыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгч М- ХХК-д төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг үнэлээгүй. Тодруулбал, М- сургууль болон М- ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 2,470,000,000 төгрөг, үүнээс олгосон санхүүжилтийн дүн 1,581,255,250 төгрөг, Н- болон М- ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 220,000,000 төгрөг үүнээс олгосон санхүүжилтийн дүн 125,000,000 төгрөг. М- сургууль болон М- ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 7.1-д Гүйцэтгэгч төслийн менежерийн зөвшөөрснөөр ажлыг туслан гүйцэтгүүлж болох боловч захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээнд заасан ажил, үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасныг хэсэгчлэн, ... ажлыг туслан гүйцэтгүүлж болох боловч ... ажил, үүргийг бусдад шилжүүлж болохгүй ... гэжээ хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Н- ХХК нь ерөнхий гүйцэтгэгч М- ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд хариуцагчаас томилогдсон төслийн менежертэй ажил хэргийн байнгын холбоотой ажиллаж, цахилгааны ажлыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ нь төслийн менежерийн зөвшөөрснөөр ажлыг туслан гүйцэтгүүлж болно гэсэн гэрээний хүрээнд хийгдсэн бөгөөд ажил, үүргийг бусдад шилжүүлсэн харилцаа огт биш юм. Шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, маргасан асуудлаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь М- сургууль болон М- ХХК-ийн хооронд, Н- ХХК болон М- ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хөрөнгө хүчээр бий болсон цахилгааны шугамыг эзэмшин ашиглаж байгаа тул үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

4.2.Нотлох баримтыг анхан шатны шүүх зохих ёсоор үнэлж дүгнээгүй. Барилгын ажлыг эхлүүлэх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвшөөрөл, хариуцагч болох М- Сургуулийн улсын комисс ажиллуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/574 дүгээр албан бичгээр хүргүүлсэн хүсэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн акт зэрэг нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнээгүй, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй.

4.З.Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлсөн байх магадлалтай нь дараах баримтаас харагддаг. Шүүх холбогдох нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой ... /шүүхийн шийдвэрийн 3 дугаар тал/ тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгсэхгүй болох ёстой ... /шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар тал/, ийм учраас шүүх холбогдох нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгох ёстой ... /шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр тал/. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М- сургуулиас 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, эрх зүйн зөв дүгнэлт хийсэн. М- сургууль нь М- ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид захиалагч бөгөөд М- ХХК нь гүйцэтгэгч юм. М- ХХК нь цаашаа хэд хэдэн компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийсэн. Үүний нэг нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр одоогийн Н- ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийсэн. Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд бид хажуугаас нь орж ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болгох боломжгүй. Иргэний хуульд зааснаар үүргээ ерөнхий гүйцэтгэгчийн өмнө туслан гүйцэтгэгч хариуцна. Бид захиалагчийн хувьд М- ХХК-д 100 хувь төлбөрөө төлсөн. Харин туслан гүйцэтгэгч болох Нэмүү инженер ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч нь ерөнхий гүйцэтгэгчээс шилжүүлж авах ёстой мөнгөө шаардах эрхтэй. Захиалагчаас шаардаж авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч М- сургуульд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М- сургууль нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр М- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М- ХХК нь М- сургуулийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил, цахилгаан гэрэлтүүлэг, цахилгаан хангамж гэх мэт ажлыг гүйцэтгэх, М- сургууль нь барилга угсралтын ажлыг нийт 2,470,000,000 төгрөгөөр санхүүжүүлж, ажлыг хүлээн авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 53-75-р тал/. Анхан шатны шүүх тус гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

Дээрх гэрээний гүйцэтгэгч тал болох М- ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н- ХХК-тай /Түнтгэр нөөлөгт инженер ХХК/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, М- сургуулийн оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилгын гадны цахилгаан хангамж, 35 к.вт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг угсарч суурилуулах ажлыг нэхэмжлэгч Н- ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд нийт 220,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 129-131-р тал/

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч М- сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан М- ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар цахилгааны шугамын ажлыг гүйцэтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр дээрх цахилгааны шугамын ажлыг ашиглалтад хүлээн авч холбогдох этгээдүүд гарын үсгээ зуржээ. /хх-ийн 13-15-р тал/

 

Нэхэмжлэгч Н- ХХК нь цахилгааны шугамын ажлыг хариуцагч М- сургуульд хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 95,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Н- ХХК нь М- ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувьд дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн, манай байгууллага нь М- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, тус төлбөрт нэхэмжлэгч Н- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс багтсан гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 1-2, 31-32-р тал/

 

Нэхэмжлэгч Н- ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 220,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх үүргийг М- ХХК хүлээсэн байх бөгөөд ажлын үр дүнг хариуцагч Монгол Улсын Боловролын Их сургууль хүлээн авсан байгаа нь ажлын хөлсийг шууд хариуцах үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд хариуцагч байгууллагыг бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгодог. Хариуцагч М- сургуулийн хувьд М- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга угсралтын ажил гүйцэтгүүлсэн, улмаар нэхэмжлэгч Н- ХХК нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар М- ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр цахилгааны шугамын ажлыг гүйцэтгэсэн буюу хариуцагч байгууллага нь ерөнхий ажил гүйцэтгэгч М- ХХК-тай хэлцэл байгуулах замаар дээрх хөрөнгийг олж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчлөв.

 

Нэхэмжлэгч Нэмүүн иженер ХХК нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч М- сургуульд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н- ХХК-аас төлсөн 632,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ