Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/02366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн Ю /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ЮБЭ” ХХК/РД: 5574765/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир, Н.Энхтэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ю/Yun Kyungro/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ю/Yun Kyungro/ нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25 тоот худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн “Бэгдү констракшн” ХХК-ийн өмч болох СҮхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-2203020293 тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, Ү-2203020096 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудыг “Өндөр буянт холдинг” ХХК/РД: 2047764/-д худалдсан. “Өндөр буянт холдинг” ХХК нь гэрээний дагуу дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөрт 3 446 240 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн./Хавсралтын 6 дугаарт/

Үүнээс 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 тоот актаар тооцоо нийлэхэд 530 916 ам.долларын үлдэгдэлтэй байсан, дээрх үлдэгдлийг баталгаажуулан төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон./Хавсралтын 7 дугаарт/

Үүний дараа “Өндөр буянт холдинг” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “ЮБЭ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15 дугаар хороололд байрлах Happy town хотхоны ХД-73 байрнаас нийт 7 орон сууцыг үлдэгдэл төлбөрт тооцон өгөхөөр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнүүдийг байгуулсан./Хавсралтын 8 дугаарт/

Үүнд:

1. Орон сууц захиалгаар бариулах тухай HPT13A12 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 1 орцны 4 давхарт 18 тоот

2. Орон сууц захиалгаар бариулах тухай HPT13A13 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 1 орцны 5 давхарт 24 тоот

3. Орон сууц захиалгаар бариулах тухай HPT13А14 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 1 орцны 7 давхарт 33 тоот

4. Орон сууц захиалгаар бариулах тухай НРТ13А15 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 3 орцны 4 давхарт 178 тоот

5. Орон сууц захиалгаар бариулах тухай НРТ13А16 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 3 орцны 4 давхарт 180 тоот

6. Орон сууц захиалгаар бариулах тухай HPT13A17 тоот гэрээгээр “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 3 орцны 5 давхарт 184 тоот

“ЮБЭ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж, орон сууц хүлээлцэх акт” үйлдэн дээрх орон сууцуудыг шилжүүлэн өгсөн./Хавсралтын 9-14 дугаарт/

Мөн “Өндөр буянт холдинг” ХХК нь 2014 оны 02 сарын 05 өдрийн 14/142 дугаартай албан бичгээр “ЮБЭ” ХХК-ийн барьж буй Happy town орон сууцны HPT13A11, HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот орон сууц захиалгын гэрээнүүд хийгдсэн нь үнэн ба орон сууц ашиглалтанд ороход үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэдгээ илэрхийлсэн байдаг./Хавсралытн 15 дугаарт/

Мөн 2015 оны 02 сарын 04 өдрийн 15/126 дугаартай албан бичгээр ЮБЭ ХХК-ийн барьж буй Happy town орон сууцны HPT13A11, HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот орон сууц захиалгын гэрээнүүд хийгдсэн ба дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг баталгаажуулсан байдаг./Хавсралтын 16 дугаарт/

Гэтэл дээрх орон сууцууд бүрэн ашиглалтанд орсон боловч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан учир “Өндөр буянт” ХХК болон “ЮБЭ” ХХК нарт холбогдуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор шүүх талуудын хоооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, “Өндөр буянт” ХХК нь 530 916 ам.долларт тооцон Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууц өгөх санал тавьсныг “Бэгдү констракшн” ХХК зөвшөөрч Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014.11.25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтуудаар нотлогдсон тул 530 916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013.10.16-ны гэрээнд заасан үүргээ “Өндөр буянт” ХХК биелүүлсэн байна гэж үзсэн./Хавсралтын 17 дугаарт/

Хариуцагч “ЮБЭ” ХХК нь 181/ШШ2018/01766 тоот шийдвэртэй хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18/35 тоот албан бичгээр “HPT13A11, HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17” тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг “Бэгдү констракшн” ХХК-ийн захирал Yun Kyungro-тай байгуулж, хүлээлгэн өгсөн ба өмчлөх эрхийн гэрчилгээг тус иргэний нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн харуицагч “ЮБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани “Өндөр буянт холдинг” ХХК-д өгөх өглөгийн хүрээнд Бэгдү констракшн ХХК-д 7 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцож, энэ дагуу Бэгдү констракшн ХХК-ийн зөвшөөрлөөр гэрээ байгуулан Орон сууцыг эзэмшилд нь шилжүүлэн өгсөн” гэдгээ илэрхийлсэн байдаг.

Ийнхүү гурван шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн. Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчин хохироож байна.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 18 тоот, ХД-73 дугаар байрны 24 тоот, ХД-73 дугаар байрны 33 тоот, ХД-73 дугаар байрны 178 тоот, ХД-73 дугаар байрны 180 тоот, ХД-73 дугаар байрны 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Юу Кён Ну/Yun Kyungro/-г тогтоож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Югийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн үйл баримтыг харуулах зорилгоор анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацааны талаар маш тодорхой үйл баримтууд өрнөөд явсан нь нотлох баримтаас харагдаж байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолын 6 дугаар хуудсанд талууд гэрээнд заасан үүргээ өөр үүргээр солих боломжтой тул 530 метр квадрат 536.915 ам.доллар 7 орон сууцыг “Өндөр буянт холдинг” ХХК нь “Бэгдү констракшн” ХХК-д өгөхөөр тохирч 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ чинь өөрөө нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээг Улсын дээд шүүхээс дүгнэсэн. Энэ гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 236.1.3, 189.1-т заасныг зөрчихгүй гэсэн. 7 орон сууцыг хүлээн авахыг “Бэгдү констракшн” ХХК зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг юу гэж дүгнэсэн бэ? гэхээр “Өндөр буянт холдинг” ХХК үүргээ биелүүлээд 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулаад “Бэгдү констракшн” ХХК-д байруудыг хүлээлгэж өгөөд үүрэг дууссан гэсэн. “ЮБЭ” ХХК-тай байгуулсан гэрээгээр “Өндөр буянт холдинг” ХХК-ийн үүрэг дуусгавар болж байна. Хууль хэрэглээний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн хавтаст хэрэгт Ю-аас “Өндөр буянт холдинг” ХХК-д гэрээ байгуулсан болохоо илэрхийлээд явуулсан албан бичиг байгаа. Мөн хамгийн гол нотлох баримт бол хавтаст хэргийн 245 дугаар хуудсанд байгаа. “ЮБЭ” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18/35 тоот албан тоотыг явуулсан. Энэ албан бичгийг хаашаа явуулж байгаа вэ гэвэл өмнөх иргэний хэрэг маргааны хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэлд байруудыг дурдаад, Орон сууц захиалан бариулах гэрээг “Бэгдү констракшн” ХХК-ийн захирал Ю-тай байгуулж орон сууцнуудыг хүлээлгэн өгсөн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус иргэний нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн албан бичиг байгаа. Дээрх орон сууцнуудын төлбөрийн асуудлыг “Өндөр буянт холдинг” ХХК-тай харилцан тохиролцож шийдвэрлэсэн болно гэж байгаа. Нэгэнт харилцан тохиролцоод шийдвэрлэсэн. Хариуцагч өөрөө шүүхэд төлөхөө илэрхийлээд, шилжүүлэхээ илэрхийлээд явсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. 2013 оны 10 сард гэрээ байгуулагдсан мөн албан бичиг өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамгийн сүүлийн байдлаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ахиад нэхэмжлэл гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд энэ хэргийн тухайд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн үйл баримтыг тодорхойлох нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Мөн Иргэний хуулийн 79.1-т зааснаар хариуцагч өөрөө шаардах эрхээ хүлээн зөвшөөрсөн албан бичиг байгаа. Хөөн хэлэлцэх дууссан, дууссантай холбоотойгоор иргэний хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн тайлбар өөрөө үндэслэлгүй. Тийм учраас хэрэгт авагдсан баримтыг үндэслэж шүүхээс үнэн зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “ЮБЭ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд БНСУ-ын иргэн Ю нь “ЮБЭ” ХХК-д холбогдуулан “Happy town” хотхоны ХД-73 дугаар байрны 18 тоот, ХД-73 дугаар байрны 24 тоот, ХД-73 дугаар байрны 33 тоот, ХД-73 дугаар байрны 178 тоот, ХД-73 дугаар байрны 180 тоот, ХД-73 дугаар байрны 184 тоот хаягуудад тус тус байршилтай Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Юу Кён Ну нь 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 орон сууцны төлбөрийг төлөөгүй тул түүнд орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй. Өмчлөгчөөр тогтоолгохын тулд нэхэмжлэгч нь тухай хөрөнгийн өмчлөх эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу олж авсан байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 орон сууцны өмчлөх эрхийг олж авах урьдчилсан нөхцөл болох төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал:

“ЮБЭ” ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, “Happy town” хотхоны ХД-73 дугаар байрны 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 орон сууцыг худалдах зорилгоор БНСУ-ын иргэн Юу Кён Ну-тай HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот Орон сууц захиалгаар бариулах 6 гэрээг байгуулсан. Эдгээр гэрээний 1.3-т орон сууцны м.кв-ийн үнийг 1,880,000 төгрөгөөр тооцон байр тус бүрийн нийт үнийг 1.3 болон 2.1 дэх заалтуудад тусгаж өгсөн.

  • HPT13A12 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 18 тоот 46.4 м.кв орон сууцыг 87.232.000 төгрөг,
  • HPT13A13 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 24 тоот 56.64 м.кв орон сууцыг 106.483.200 төгрөг,
  • HPT13A14 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 33 тоот 46.4 м.кв орон сууцыг 87.232.000 төгрөг,
  • HPT13A15 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 178 тоот 46.4 м.кв орон сууцыг 87.232.000 төгрөг,
  • HPT13A16 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 180 тоот 61.91 м.кв орон сууцыг 116.390.800 төгрөг,
  • HPT13A17 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр ХД-73 дугаар байрны 184 тоот 62.56 м.кв орон сууцыг 117.612.800 төгрөг хэмээн тохиролцож гэрээнд тусгаж өгсөн.

Мөн эдгээр гэрээний 6.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон буюу талууд харилцан үүрэг хүлээсэн 2 талт гэрээ юм.

Гэтэл худалдан авагч Ю нь гэрээ байгуулсан HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот гэрээний дагуу 6 орон сууцны төлбөрийг төлөх ёстой байтал огт төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээ тус бүрийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу Ю нь төлбөрөө гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор төлөөгүй тул HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот гэрээнүүд цуцлагдсан.

Хоёрдугаарт: Маргаан бүхий 6 орон сууцны өмчлөх эрх хууль ёсны дагуу гуравдагч этгээдэд шилжсэн. БНСУ-ын иргэн Ю-тай байгуулсан HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний төлбөр төлөгдөөгүй тул манай компани бизнесийн хувийн үйл ажиллагаагаа хангахын тулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15 дугаар хороолол, “Happy town” хотхоны ХД-73 дугаар байрны 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан.

Тиймээс нэхэмжлэгч Ю-г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоовол хууль ёсны дагуу өмчлөх эрх олж авсан гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг илтэд хөндсөн үйлдэл болох юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн төлбөрийг төлөөгүй атал өмчлөх эрх шаардаж буй нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “ЮБЭ” ХХК-ийн М.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Хариуцагч нь хариуцагчаар татагдах зохимжгүй хэрэгт хариуцагчаар татагдсан. Хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч Ю-тай орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг байгуулсан. Түүнээс нэхэмжлэгчийн үндэслээд байгаа “Өндөр буянт холдинг” ХХК болон “Бэгдү констракшн” ХХК нарын хооронд байгуулсан гэрээнүүдэд одоогийн хэргийн нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь ямар нэгэн байдлаар хамааралгүй. Оролцогч талууд биш. Тэдгээр гэрээнүүдийг үндэслээд хариуцагч нэхэмжлэгчид орон сууцнуудыг өгөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч орон сууц шаардах эрхгүй. Нэхэмжлэгч тухайн гэрээнүүдийн дагуу ямар нэгэн байдлаар хариуцагч талд төлбөр төлсөн зүйл байдаггүй. Төлбөр төлөх үүргийг гэрээний 2 дугаар зүйлд тодорхой заасан. Гэрээ батлагдах үед төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний үндэслэх хэсэгт өр шилжсэн байдаг ч юм уу, ямар нэгэн тийм үндэслэл огт зааж дурдаагүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгаа. Нэхэмжлэгч тал төлбөрөө ийнхүү төлөөгүй учраас хариуцагч бизнесийн үйл ажиллагаанд хохирох ёсгүй. Зардлаа нөхөх ёстой гэх үндэслэлээр орон сууцуудыг худалдан борлуулсан. Өмчлөх эрхийг 2016 оны 12 сард шилжүүлсэн байдаг. Өмчлөгч биш байж өмчлөх эрхийг хариуцагчийн зүгээс гаргаж өгөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх 6 ширхэг Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд нь хүчин төгөлдөр болоогүй байдаг. Яагаад вэ гэхээр Иргэний хуулийн 109.2, 145.2-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх хэлцлүүдийг нотариатаар гэрчлүүлэх, бичгээр байгуулах гэж тодорхой заасан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл мөн хуулийн дагуу гэрчлэгдсэн гэрээний дагуу хийгддэг. Тийм гэрчилсэн зүйл байхгүй. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй хэлцлийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь эрх, үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгчид анхнаасаа шаардах эрх үүсээгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ю/Yun Kyungro/ хариуцагч “ЮБЭ” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хэппи таун/Happy Town/ орон сууцны ХД-73 дугаар байрны 18 тоот, ХД-73 дугаар байрны 24 тоот, ХД-73 дугаар байрны 33 тоот, ХД-73 дугаар байрны 178 тоот, ХД-73 дугаар байрны 180 тоот, ХД-73 дугаар байрны 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ЮБЭ” ХХК нь нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн төлбөрийг төлөөгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Бэгдү констракшн” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өндөрбуянт холдинг” ХХК-тай № 10/25 “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан болох нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн № 10/25 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Тус № 10/25 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1-т зааснаар “Бэгдү констракшн” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-д Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, /14250/ Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамжинд орших өөрийн өмчлөлийн Ү-2203020096, Ү-2203020293 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 70/дал/ хувийн гүйцэтгэлтэй 37-р орон сууцны барилга, 40/дөч/ хувийн гүйцэтгэлтэй 38-р орон сууцны барилгыг нийт 3 446 240/гурван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун дөч/ ам.доллараар худалдах, худалдах авах үүргийг тус тус хүлээсэн болох нь № 10/25 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

“Бэгдү констракшн” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, “Өндөрбуянт холдинг” ХХК нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор тогтоогдсон болох нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор “Бэгдү констракшн” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-д Гэрээний зүйл болох 37-р орон сууцны барилга болон 38-р орон сууцны барилгыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

“Өндөрбуянт холдинг” ХХК нь Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байх ба 530 916/таван зуун гучин мянга есөн зуун арван зургаа/ ам.долларт тооцон “Бэгдү констракшн” ХХК-д Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2/хоёр/ өрөө, 7/долоо/ ширхэг орон сууцыг төлбөрт өгөхөөр 2013 оны 10 дугаар сарын 16-ны 7/долоо/ ширхэг Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

“Бэгдү констракшн” ХХК нь “Өндөрбуянт холдинг” ХХК-иас 7/долоо/ ширхэг орон сууцыг хүлээн авсан болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-нд талуудыг Ю, “ЮБЭ” ХХК гэсэн байх ба уг гэрээнүүдээр хариуцагч нь нэхэмжлэгчид Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2/хоёр/ өрөө, 6/зургаа/ ширхэг орон сууцыг худалдах, худалдан авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-д талуудыг Ю, “ЮБЭ” ХХК гэсэн байх боловч уг гэрээнүүд нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн “Бэгдү констракшн” ХХК-д төлөх 530 916/таван зуун гучин мянга есөн зуун арван зургаа/ ам.долларыг төлж барагдуулах зорилгоор, “ЮБЭ” ХХК нь “Бэгдү констракшн” ХХК-ийн захирал Ю-тай байгуулсан гэрээ болох нь “ЮБЭ” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 18/35 албан бичгийн хуулбар, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн № 14/142, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 15/126 албан бичгийн хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.  

 

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-үүд нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 530 916/таван зуун гучин мянга есөн зуун арван зургаа/ ам.долларын үүргийг гүйцэтгэхтэй холбоотой байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Бэгдү констракшн” ХХК нь уг гэрээнүүдийн үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх тул “Бэгдү констракшн” ХХК-ийн нэрийн өмнөөс хариуцагчаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ийн үүргийг шаардах эрхгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн  20.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю/Yun Kyungro/-ийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Хэппи таун/Happy Town/ орон сууцны ХД-73 дугаар байр, 18 тоот, 24 тоот, 33 тоот, 178 тоот, 180 тоот, 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүх Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн  20.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю/Yun Kyungro/-ийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Хэппи таун/Happy Town/ орон сууцны ХД-73 дугаар байр, 18 тоот, 24 тоот, 33 тоот, 178 тоот, 180 тоот, 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ю/Yun Kyungro/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 168 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ