Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00610

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00610

 

 

 

БНСУ-ын иргэн Ю.К.Н /Y.K/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02366 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ю.К.Н /Y.K/-ийн хариуцагч “Ю.Б.Э.П /Y.K/” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир, Н.Энхтэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Юн Кён Ну-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ю.К.Н /Y.K/ нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25 тоот худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн “Б.К” ХХК-ийн өмч болох Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-2203020293 тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, Ү-2203020096 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудыг “Өндөр буянт холдинг” ХХК-д худалдсан. “Өндөр буянт холдинг” ХХК нь гэрээний дагуу дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөрт 3,446,240 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 тоот актаар тооцоо нийлэхэд 530,916 ам.долларын үлдэгдэлтэй байсан. Дээрх үлдэгдлийг баталгаажуулан төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Үүний дараа “Өндөр буянт холдинг” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “Ю.К.Н /Y.K/” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас нийт 7 орон сууцыг үлдэгдэл төлбөрт тооцон өгөхөөр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг байгуулсан. “Ю.К.Н /Y.K/” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн дээрх 7 орон сууцыг шилжүүлэн өгсөн. Гэтэл дээрх орон сууцууд бүрэн ашиглалтад орсон боловч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан учир “Өндөр буянт холдинг” ХХК болон “Ю.К.Н /Y.K/” ХХК нарт холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаартай магадлал, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор шүүх талуудын хоооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, “Өндөр буянт холдинг” ХХК нь 530,916 ам.долларт тооцон Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууц өгөх санал тавьсныг “Б.К” ХХК зөвшөөрч Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтуудаар нотлогдсон тул 530,916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд заасан үүргээ “Өндөр буянт холдинг” ХХК биелүүлсэн байна гэж үзсэн. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун орон сууцны ХД-73 дугаар байрны 18, 24, 33, 178, 180, 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Юу Кён Ну/Yun Kyungro/-г тогтоож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

2.а. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Юу Кён Ну нь 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 орон сууцны төлбөрийг төлөөгүй тул түүнд орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй. Иймд гэрээ тус бүрийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу Юн Кён Ну нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор төлбөрөө төлөөгүй тул HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот гэрээнүүд цуцлагдсан.

2.б. Маргаан бүхий 6 орон сууцны өмчлөх эрх хууль ёсны дагуу гуравдагч этгээдэд шилжсэн. Тиймээс нэхэмжлэгч Юн Кён Ну-г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоовол хууль ёсны дагуу өмчлөх эрх олж авсан гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг илтэд хөндсөн үйлдэл болох юм. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн төлбөрийг төлөөгүй атал өмчлөх эрх шаардаж буй нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн  20.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Юн Кён Ну /Yun Kyungro/-ийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хэппи таун /Happy Town/ орон сууцны ХД-73 дугаар байр, 18 тоот, 24 тоот, 33 тоот, 178 тоот, 180 тоот, 184 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Юн Кён Ну /Yun Kyungro/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,168,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а. Шаардах эрхгүй этгээдийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухай:

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/02366 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Юн Кён Ну-г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэхдээ хариуцагч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулж, нэхэмжлэгч Юн Кён Ну болон “Ю.К.Н /Y.K/” ХХК-ий хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг “Б.К” ХХК нь шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Б.К” ХХК манай компанитай худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгэж орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаагүй. Тус компани болон нэхэмжлэгч Юн Кён Ну аль аль нь орон сууцны төлбөрийг төлөөгүй.

4.б. Шүүх төлбөр төлөгдөөгүй, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй талаар дүгнээгүй:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Happy town” хотхоны ХД-73 дугаар байрны 18, 24, 33, 178, 180, 184 тоотууд бүхий 6 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохын тулд нэхэмжлэгч этгээд нь шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, гэрээнүүдийн 2.1, 2.2 дахь заалтуудын дагуу төлсөн байх ёстой боловч манай компанид худалдан авагч Юн Кён Ну болон шүүхийн шийдвэрт дурдсан өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг хуулийн этгээдүүд болох “Б.К” ХХК, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хэн алинаас төлбөр төлж байгаагүй. Ийнхүү төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлын улмаас манай компани үйл ажиллагаагаа цаашид хэвийн явуулж эх үүсвэрээ санхүүжүүлэхээр гэрээ тус бүрийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулагдснаас хойш 3 сарын дотор төлбөр төлөгдөөгүй тул HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 тоот гэрээнүүд цуцлагдсан гэж үзэж орон сууцнуудыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болно.

4.в. “Ю.К.Н /Y.K/” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш тухай:

Манай компани нь орон сууцнуудын өмчлөх эрхийг 2016 онд гуравдагч этгээдэд хуулийн дагуу шилжүүлсэн ба тухайн эд хөрөнгүүдийн одоогийн өмчлөгч нь “Ю.К.Н /Y.K/” ХХК биш. Тодруулбал, хэргийн материалд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд авагдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч байх шаардлагатай юм. Гэтэл өмчлөх эрхгүй этгээдийг хариуцагчаар татсан нь нэхэмжлэлийн шаардлагын биелэгдэх боломжийг үгүйсгэж байхаас гадна гэрээний нэг тал бус этгээдийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

4.г. Нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй тухай:

Маргаан бүхий гэрээнүүд нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй тул 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд болно. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрх нэхэмжлэгчид анхнаасаа үүсээгүй талаар шүүх дүгнээгүй.

4.д. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцлийг харгалзан үзээгүй тухай:

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг манай компанитай байгуулсан бөгөөд 2014 оны 01 дүгээр улиралд орсноос хойш нэхэмжлэл гаргасан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацааг” даруй 8 орчим жилээр хэтрүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/02366 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг дэх “... “Б.К” ХХК нь уг гэрээнүүдийн үүргийг шаардах эрхтэй байна” гэсэн дүгнэлт, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэсэн хэсгүүдэд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг залруулж өгнө үү гэжээ.

 

5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Б.К” ХХК-тай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, төлбөрөө төлөөгүй байсан, төлбөр төлөөгүй учраас гуравдагч этгээдэд манайх худалдсан гэх зүйл ярьж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйлүүдийг тайлбарлаж байна. “Б.К” ХХК-ийн захирал Юн Кён Ну гэх хүн. “Б.К” ХХК “Өндөр буянт холдинг” ХХК нар гэрээ байгуулаад, “Б.К” ХХК-ийн өмч болох 40 хувийн гүйцэтгэлтэй орон сууцуудыг шилжүүлж өгсөн байсан. “Өндөр буянт холдинг” ХХК нь үлдэгдэл мөнгө болох 630,000 ам.долларыг өгч чадахгүй болохоороо “Юу Би Эйч проперт”и ХХК-ийн барьж байгаа Happy town хотхоны 6 орон сууцыг оронд нь өгөхөөр тохиролцож “Ю.К.Н /Y.K/” ХХК-тай гэрээ байгуулж, акт үйлдэж хүлээж авсан. Актанд төлбөр тооцооны ямар ч асуудал байхгүй гэж тамга дараад хариуцагч өгсөн орон сууцаа хүлээгээд авсан, манай хүмүүс орон сууцанд амьдарч байгаа. “Ю.К.Н /Y.K/” ХХК нь банкны барьцаанд тавьсан бол гаргуулах талаар ярих байсан. Гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Нэгэнт Улсын Дээд шүүхийн тогтоолоор өмнө нь маргаж байгаад “Б.К” ХХК мөнгөө төлчихсөн байна. Нөгөө тал нь байраа хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэдгийг дүгнэсан. 2015 оноос хойш шүүхээр явж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Юн Кён Ну хариуцагч “Ю.К.Н /Y.K/” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Хаппи таун хотхон, хд 73 дугаар байрны 18 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 24 тоот 56.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 33 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 178 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 180 тоот 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 184 тоот 62.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны төлбөрийг төлөөгүй тул түүнд орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй... Маргаан бүхий 6 орон сууцны өмчлөх эрх хууль ёсны дагуу гуравдагч этгээдэд шилжсэн… нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлан татгалзжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

3.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн HPT13A12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPT13A17 дугаар гэрээнүүдийн дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардсан байна.

 

5. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнүүд “Ю.К.Н /Y.K/” ХХК болон Юн Кён Ну нарын хооронд байгуулагдсан боловч дээрх орон сууцнуудыг “Өндөрбуянт холдинг” ХХК нь 530,916 ам долларын өрөнд “Б.К” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолоор тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Юн Кён Ну “Б.К” ХХК-аас олгосон эрхийн дагуу шаардаж байгаа гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Эд хөрөнгө өмчлөх эрхтэй этгээд, эсхүл уг этгээдээс эрх олгогдоогүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэлийн агуулгад хамаарах хуулийн хүрээнд тайлбарласан байна.  

 

6. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ю.К.Н /Y.K/” ХХК-ий гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 3,168,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН