Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ММ” ХХК/РД: /-д холбогдох,

           

Ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ц би 2012 оноос Моннис интернэшнл болон түүний охин компаниудад тооцооны нягтлан болон ерөнхий нягтлангаар 8 жил тасралтгүй ажиллахдаа өөрийн ажлаас гадна бусад охин компаниудын тайланг гаргаж ажилладаг байсан. 2018 оны 12 сараас охин компани болох ММ ХХК-д ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон.

Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. 2019 оны 8 сард манай компанийн гүйцэтгэх захирал солигдож, Г.Мөнхбаатар томилогдсноос хойш багаа бүрдүүлж өөрийн хүмүүсийг авч ажиллуулах зорилгоор намайг ажлаа өг гэж шахаж, дарамталж эхэлсэн. Миний зүгээс хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай биелүүлж, байнга илүү цагийн хөлс авахгүйгээр илүү цагаар ажиллаж байсан.

Миний зүгээс уг дарамтыг тэвчин ажилласаар байсан гэтэл ерөнхий нягтлан бодогчийн 1 орон тоотой байж миний ажлыг хүчээр дарамталж авсныхаа дараа ажиллуулах хүнээ ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал дээр тушаал гарган миний дагалдангаар 2 сар ажиллуулсан. Уг үйлдлүүд нь бүр хэрээс хэтэрч 2020.02.21-ний өдөр ажлын байран дээр ирж бүх зүйлийг хураан авч яг одоо ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бич гэж албан тулгалт дарамт үзүүлсний улмаас ямар ч аргагүй байдалд орж энэ тухайгаа удирдлагын дарамтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэж хажууд нь бичиж өгсөн. Ингээд ажилдаа ахиж ирэх хэрэггүй тушаалаа гарахаар аваарай гэсэн би ажлаас халагдсан тушаалаа 2020.03.16-ны өдөр очиж авсан.

Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах дараах тохиолдлуудыг дурдсан. Үүнд:

40.1 Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

40.1.6. сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

40.1.7. контрактад заасан үндэслэл буй болсон, эдгээр үндэслэлүүдээс аль нь ч үүсээгүй тул намайг хууль бусаар шахаж дарамталж хүчээр өргөдөл бичүүлсэн.

Удирдлагын уг хууль зөрчсөн үйлдлээс болж Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэсэн заалтууд зөрчигдсөн.

Миний зүгээс хуулийн дагуу чөлөөлсөн бол хөдөлмөрийн хуулинд заасан ажлаас халагдсны тэтгэмж авах байсан тул энэ эрхийг минь давхар зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хууль, гэрээ, дотоод журамд заасны дагуу ажлаа хийж байгаа ажилтныг Монгол улсын хууль дүрмийг үл тоон хууль бусаар дарамт шахалтанд оруулж хүчээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн уг үйлдэлд туйлын их гомдолтой байгаа тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 44 624 813/дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “ММ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Ц нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний үндсэн дээр хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч “ММ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 44 624 813/дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ММ” ХХК нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн L/18/255 дугаар Хөдөлмөрийн гэрээний болон № А0248739 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цуцалсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:, 38.1.1-т “ажилтан санаачилсан;” гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “ММ” ХХК-ны захиргаанд “... 2019 оны 10 сараас хойш удаа дараа тавьсан удирдлагын шийдвэрээр ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан болох нь уг өргөдлөөр тогтоогдож байна.

 

Дээр дурдсан нэхэмжлэгчийн өргөдлийн үгийн шууд утга, гэрч Г.Тэмүүлэнгийн “... Э.Ц бид хоёр нэг өрөөнд суудаг байсан ... дарамтаас болж өргөдлөө өгч гарсан ...” гэх гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр L/18/255 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр L/18/255 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.

 

Гэрч Ц.Анужингийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 дугаар тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 дугаар тушаалыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 дугаар тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан байх боловч ажлаас буруу халсан гомдол буюу нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэлийг хүлээн авсан тус шүүхийн дардсаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цгийн ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 44 624 813/дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цгийн ажлаас үндэслэлгүйгээр халсан хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 44 624 813/дөчин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ