Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01700

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01700

 

 

Э.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Цгийн хариуцагч “М.М ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Моннис групп” ХХК-д 2012 онд ажилд байгаад 2018 оны 12 дугаар сард “М.М ” ХХК-д томилогдож ажиллаж эхэлсэн. Дөнгөж ажиллаж эхлэхэд байгууллага дээр татварын шалгалт болон аудитын шалгалтууд зэрэг болж байсан. Шалгалтаар бүх мэдээлэл, материалуудыг гаргуулж байсан бөгөөд “М.М ” ХХК-д ажиллахаас өмнөх нягтлангийн механик алдаа болон тайлан гаргахад гаргасан алдааг татварын шалгалтаар илрүүлсэн. Гэтэл ерөнхий захирал чи орж ирээд засчихлаа гээд намайг буруутгасан. Гэтэл тэр нь 2016 оноос 2017 оны баримтын шалгалт байсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс яригдаж эхлээд гүйцэтгэх захирал солигдсон. Гүйцэтгэх захирал солигдсоноос хойш үргэлжлүүлэн ажиллах тал дээр асуудал үүссэн. Ерөнхий захирал удаа дараа өрөөнд орж ирж чамайг халах гэж байгаа, чи ажлаа өг, яг одоо яв гэх мэтээр маш олон хүмүүсийн өмнө хэлж байсан. Ажиллаж байх хугацаандаа банкнаас зээл авах гээд байгууллагаас тодорхойлолт авъя гэтэл намайг удахгүй ажлаас халах гэж байгаа учраас тодорхойлолт гаргаж өгөхгүй гээд хоёр долоо хоног хөөцөлдөж байж гаргуулж авч байсан. Цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгсний дараа жилийн эцсийн балансаа гаргаж өгөөд ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг тавьсан. Байгууллагаас ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь ажлаа хүлээлгэж өгье, санхүүгийн ажлыг нэг өдөр хүлээлгэж өгөх боломжгүй дараагийн нягтлан орж ирэхээр юмаа зааж өгөөд явъя гэж хэлсэн боловч он гараад 1 сар хүртэл ямар ч дагалдан нягтлан орж ирээгүй. “М.М ” ХХК-ийн санхүүгийн менежер н.Наранцацралтад ажлаа хүлээлгэж өгье, өргөдлөө өгөөд гэнэт халагдсаны тэтгэмж авахаар тохиролцсон. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 21-ний оройны 17 цаг 30 минут болж байхад ерөнхий захирал өөрөө болон гүйцэтгэх захирал н.Мөнхбаатар, хүний нөөцийн захирал н.Батцэцэг нар өрөөнд орж ирж намайг дуудаж хурлын өрөө рүү дагуулж ороод “Намайг ажлаа хийж чаддаггүй, чадамжгүй учраас ажлаас чөлөөлж байна, чи яг одоо ажлаа хүлээлгэж өгөөд яв, өргөдлөө бичиж өгөхгүй байгаа учраас тэтгэмж өгөхгүй” гэж хэлээд 18 цагт бүх компьютер, и-мэйлийг хааж, ил байсан бичиг баримтуудыг тоолж аваад намайг ажлаас гаргасан. Намайг 2012 оноос хойш ажиллаж байх хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гээд бичгээр сануулга өгч байгаагүй. Буруутгасан процесс нь надад хамааралгүй байсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал солигдсоноор ажлын байрандаа удаан ажиллах боломжгүй болсон. Өөрийн биеэр ажлаас гарч байгаагаа бичиж өг гэж шаардсан. Өөрийн хүсэлтээр гэж бичиж өгөхгүй бол цаашид мэргэжлээрээ санхүүгийн чиглэлээр ажиллах боломжгүй болгоно, чи ямар ч компанид ажиллаж чадахгүй, насаараа ажилгүй явмаар байна уу гэж хүний нөөцийн захирал н.Батцэцэг надад тулгасан. Ерөнхий захирал уурлаад, дараагийн ажлын байранд маш сайхан тодорхойлолт бичиж өгнө гэх дарамт шахалтад орж өргөдлийг бичиж өгсөн гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ц өөрөө өргөдлөө өгсний үндсэн дээр манайх Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Э.Цг ямар нэгэн байдлаар дарамталсан удирдлагын шийдвэр гэж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болохоор ажлаа хүлээлгэж өг гэж амаар хэлсэн. Байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй гэсэн санаа зорилго байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна, үүнийг цааш сунгахгүй гэх санаа зоригийг ажил олгогчийн зүгээс илэрхийлсэн. Дарамталж шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол үүнийг шүүхээр биш өөр хуулийн байгууллагаар тогтоолгох ёстой. Байгууллага өөрийнх нь хүсэлтээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл дээр маргах байх гэж үзэж байна. Мөн Э.Ц нь өргөдөл дээрх гарын үсэг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөндлөнгийн нөлөөлөл байгаа гэж үзэж байгаа бол үүнийг тусад нь тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар хариуцагч М.М ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч намайг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй, өөрийн гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн удирдлагын зүгээс намайг хамт олны дунд удаа дараа ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй гэж нэр хүндийг гутааж намайг энэ компанид ажиллахад сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Миний бие аргагүйн эрхэнд дарамтанд орон өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ бичиж өгсөн нь үнэн, намайг удаа дараа ингэж дарамталж хавчиж байсныг гэрчлэх гэрчүүд, нотлох баримтууд байгаа. Хэрэв намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадваргүй гэж үзсэн бол Хөдөлмөрийн хуулийн өөр зүйл хэсгийг үндэслэн намайг халах байсан, жирийн иргэн миний хувьд энэ том компанийн эсрэг шүүх дээр хэрэг үүсгэн маргахад амаргүй байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр компанийн талд гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч “М.М ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн 3 дугаар талд авагдсан “М.М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 тоот тушаалын 1 дэх заалтад “... Ерөнхий нягтлан бодогч Энхсайхан овогтой Цэнгэлмаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Хариуцагч байгууллага нь ажилтыг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журам-ын 20.1 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн гэж тайлбарласан.

Шүүх “... нэхэмжлэгч нь  шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.  Нэхэмжлэгч нь “М.М ” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн т/20/29 тоот тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасан ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажилтанд өгөх үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй зэргээс үзэхэд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар бүрэн мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдыг хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба  хэргийн дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                   Б.НАРМАНДАХ