Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ВА” СӨХ/ГД: /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Д/РД: /-д холбогдох,

 

2 418 429 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ВА” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Жиди” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, 17-р байрыг 2013 онд ашиглалтанд оруулж, хариуцаж байгаад ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрөө айлууд нь төлөхгүй юм.

Төл гэхээр ямар нэг шалтаг хайж, санаатай байнга дарамтлах, хүндрэл үүсгэх, компани нь дампуурч, татан буугдсан, цаашид компани хариуцахгүй болсон, иргэн би л түр хариуцаж байна гэж ойлгох хэрэгтэй. Иймд оршин суугч өөрсдөө СӨХ-гоо байгуулаад, хариуцах хэрэгтэй гэсэн санал, гомдлыг байнга тавих болсон.

Ийнхүү нийт оршин суугчид бид хуралдаж, “ВА” СӨХ байгуулж өр, төлбөрийг нь авч байраа өөд нь татахаар шийдвэрлэсэн боловч төлбөрөө төлдөггүй, ашиг сонирхлоороо холбогдсон нөгөө хүмүүс маань үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар өр, төлбөрөө төл гэсэн оршин суугчид, СӨХ-ны дарга, ня-бо нар руу дайрч, өр төлбөр нэхлээ гэж цагдаад өгч, мөрдөж шалгах, хуурамч баримт бичиг зохиож, хууль бусаар өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр дамжуулан данс хаалгах, дарамтлах болсон.

Ийнхүү цагдаагийн байгууллага нь наад өр төлбөр, гомдлоо холбогдох мэргэжлийн байгууллага, шүүхэд өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн.

Мөн тэд нийт оршин суугчдын хуралд огт суугаагүй, СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдоогүй хэрнээ, хуурамч бичиг баримт бүрдүүлж, СӨХ-ны данс хаалгаж, өөр өөрсдийгөө өргөмжилж, хууль бус бичиг баримт зохиож, гэмт хэрэг үйлдэх болсон тул шүүх, цагдаад өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг шударга оршин суугчдаас шаардах болсон тул “ВА” СӨХ нэхэмжлэл гаргаж байна. СӨХ нь цагдаад өргөдөл, гомдол гаргасан боловч бидний өргөдлийг хүлээн авахгүй байгаа болно.

Тус 17-р байрны 1002 тоотод оршин суугч Г.Д нь дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, харуул хамгаалалт, хог, лифт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмж ажиллуулсан гэрэл, цахилгаан, дулаан, усны СӨХ-ны зардлыг олон жилээр төлдөггүй цөөн айлуудын нэг нь бөгөөд оршин суугчид болон СӨХ-г хохироож байгаа болно.

Сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн гаргасан зардлаар тухайн орон сууцны байшингийн ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцаж, зарцуулдаг тул 1002 тоот Г.Дгийн 2019-2021 онуудын лифт, хог, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчийн талбайн цахилгаан, эрчим хүч, дулаан, ус, цэвэрлэгээ болон СӨХ-ны зардлыг огт төлөхгүй байгаа болно.

Ийнхүү СӨХ нь сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг байгууллагын хувьд нийт оршин суугчид шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаргуулан авч дундын өмчлөлийн тоног төхөөрөмж, орц, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээ, камер болон гаднах гэрэлтүүлгийг сайжруулах, ажилд оруулах зардалд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн 1002 тоот Г.Дгийн гэр бүл шударга оршин суугчид, айл өрхийн төлсөн төлбөрөөр лифтээр явж, үйлчилгээг хүртэж байгаа бөгөөд хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй, бусад айл өрх, оршин суугчдын нэгэн адил иргэний үүргээ ухамсарлаж төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Г.Д болон түүний гэр бүл тусгайлсан онцгой эрх ямба эдлээгүй байх гэж үзэж байна.

Г.Д нь бүр мэргэшиж, өөртэйгөө адил төлдөггүй, айл өрх, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг уруу татаж, уриалан дуудаж, бүлэглэл үүсгэж, нууцаар, шөнийн цагаар дээврийн давхар дээр уулзалт зохион байгуулж хуйвалдах болсон. ФБ ашиглан шударга оршин суугчид, СӨХ-ны дарга, ня-бо нар руу бүлэглэн дайрах болсон.

“ВА” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг төлүүлэхээр өмчлөгчөөс шаардах эрхтэй.

Ийнхүү Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар оршин суугч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу өмчийн эзэн Г.Дгаас нэхэмжлэх үндэслэлтэй, хуулийн заалттай тул манай СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.

Иймд бид 2019-2021 онуудын лифт, хог, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны жижүүр, харуул, хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног, төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардал, СӨХ-ны зардал болох нийт 1236902/Нэг сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна. Алданги тооцоогүй болно.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж 17-р байр, 1002 тоотод Г.Дгаас шүүхэд нэхэмжилснээс хойшхи сарууд болох 2021 оны 6-11 саруудын төлбөр 375,384 төгрөг, алданги 808,143 төгрөг, нийт 1,181,527/нэг сая нэг зуун наян нэгэн мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг нэмж, нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нийт 2,418,429/Хоёр сая дөрвөн зуун арван найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг болно.” гэв.

 

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Жиди” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж дахь 17-р байрыг ашиглалтанд оруулж ашиглалтыг хариуцаж байгаад 2019 оны намраас эхлэн барилгын дээвэр буюу нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын зөвшөөрөлгүй стандарт бусаар дур мэдэн давхар нэмж эхэлснээр манай 1002 тоот байр болон бусад айлуудын хана цонхонд цууралт өгч эхлэн оршин суугчид бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар барилгын ажлыг зогсоосон.

Тус орон сууц нь хэдийгээр 54 айлынх боловч ихэнх нь түрээс голдуу тул өмчлөгчид нь энэ байрандаа цөөн амьдардаг тул бүгд байрны асуудалд оролцож чадахгүй мэдээлэлгүй байдаг.

Хэдийгээр “Жиди” ХХК тус орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан боловч одоог хүртэл иргэд байгууллагуудын бараа материал цалин хөлсөө авч чадаагүй улмаас байнгын шүүхийн асуудалтай байдаг нь нууц биш бөгөөд О.Ариунаа 2013 оноос хойш 54 айлын хуримтлалын болон ашиглалтын төлбөрийг үндэслэлгүйгээр хувьдаа шамшигдуулсан байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэн оршин суугч бидний эсрэг хууль бус үйлдэл явуулж байгаа тул оршин суугчид бид дундын болон үндсэн өмчөө хамгаалах үүднээс нийлж дундаасаа СӨХ-г байгуулах хэрэгтэй, дээвэр дээр давхар нэмж байгаа үйлдлийг зогсооход цаг заваа зориулсан хэдэн үндсэн оршин суугчид санаачилга гаргасан.

Гэтэл оршин суугч гэх Г.Ганболд нь “ВА” СӨХ байгуулахдаа хуурамч бичиг баримт үйлдэж хүний нэрийн өмнөөс хуурамч гарын үсэг зурж өөрийгөө СӨХ дарга гэж тамга хийлгэн гэрчилгээ гаргуулан авсан байна.

2020 оны 08 сарын 19-нд оршин суугчид “Жиди” ХХК-ийн ажилтан О.Ариунааг санхүүгийн тайлангаа тавьж дээврийг хуучин хэвэнд нь оруулах, дээвэрт давхар нэмж барих явцад гарсан оршин суугчдын үл хөдлөх хөрөнгөнд гарсан хохирол гэмтэл, мөн уг орон сууцыг анх барьсны 3 жилийн доторх гэмтэл хохирлыг засаж залруулах, дээвэр дээр сараалж төмрүүдийг угсрах хүртэл зарцуулсан нийтийн эзэмшлийн цахилгааны зардал, цахилгаан шатны элэгдлийг төлж барагдуулах тухай хуралдсан.

Мөн тус хурлаар “Жиди” ХХК, О.Ариунаагийн хариуцаж байсан буюу 2020 оны 08-р сарын 30-ны өдрийг дуусах хүртэлх хугацааны СӨХ, түүнтэй холбогдолтой оршин суугчдын төлбөрийн хамааралтай асуудлыг О.Ариунаад хариуцуулан үлдээгээд 2020 оны 9-р сарын 1-с эхлүүлэн шинээр СӨХ байгуулан ажиллаж түүндээ СӨХ-ний тухай хуульд заасны дагуу байнгын оршин суугч байрны эзэмшигч нараас бүрдсэн хүмүүсээс СӨХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилохоор болсон.

Гэтэл Г.Ганболд нь 8-р сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газарт СӨХ бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө тухайн өдрийн хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн төдийгүй, СӨХ-ны тухай хуульд зааснаар Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд тухайн байрны эзэмшигч болон байнгын оршин суугч байна гэсэн заалтыг зөрчиж Удирдах зөвлөлд УС65041217 регистрийн дугаартай Баянгол дүүрэг, 18-р хороо, 34Г, 34 тоотод оршин суугч Амгалангийн Артур, Бүгд найрамах Австри улсад олон жил амьдарч буй А.Оюунгэрэл гэх хүмүүсийг оруулан А.Оюунгэрэлийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан.

-Хяналтын зөвлөлийн дарга гэх Ц.Оргилболд нь: “Би өөрийгөө Хяналтын зөвлөлийн дарга гэдгийг сая л мэдлээ, энэ хурлаар ийм протокол үйлдэгдээгүй” хэмээн баталсан.

-СӨХ байгуулахад Удирдах зөвлөлийн даргаар Ш.Мөнхчулууныг томилъё гэхэд нь тэрээр зөвшөөрөөгүй тул гарын үсгийг дуурайлган зурж Г.Ганболд нь өөрийгөө СӨХ-ны даргаар томилсон хуурамч баримт үйлдсэн нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой байна.

Тухайн өдөр СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоол гараагүй бөгөөд хурал уулзалтанд байнга оролцдог оршин суугчид байх нь зөв гэж 1104 тоот оршин суугч Оюунгэрэл санал гаргаж 1002 тоот оршин суугч Г.Д, 1102 тоот оршин суугч Ж.Туул, 605 тоот Д.Отгонжаргал, 1101 тоот н.Амарбат, 1104 тоот С.Оюунгэрэл, 404 тоот Оргилболд нар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд байхаар ярилцаж тохирсон. Гэтэл тухай өдрийн хурлын протоколуудыг хуурамчаар үйлдсэн байна.

Д.Ганболдыг нийт оршин суугчдад СӨХ-ны гишүүдийг бүх нийтэд танилцуулах, санхүүгийн тайлан гаргаж мэдээллэх, нийт оршин суугчдын хурал зохион байгуулах тухай удаа дараа шаардсан боловч нэг ч хурал зохион байгуулж байгаагүй бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр СӨХ-ны мөнгө өөрийн дураар нэмж хасан эсрэгээр шаардлага тавьсан нэр бүхий оршин суугчдын нэр төрд үндэслэлгүйгээр халдан гутаан доромжилж, сүрдүүлж дарамталсан. Үүний баримт нотолгоо бий.

Мөн СӨХ хариуцаж байсан “Жиди” ХХК нь цахилгаан шатны төлбөр төлөөгүй байсны улмаас 2-3 хоног зогссон байсан тул “ВА” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүсийг Г.Ганболд нь 2020 оны 09-р сарын 04-ний өдөр өөрөө дуудан цуглуулж тус байрны дээвэр дээр гаран уулзаж, “Жиди” ХХК нь мөнгөө төлөхгүй явсан тул энэ зардлыг ВА СӨХ-ны удирдах зөвлөлд байгаа та бүхэн төлж ажилд оруулах шаардлагатай байна. Энэ байгуулагдаж байгаа “ВА” СӨХ-ны ашиглалтын зардлын урьдчилсан төлбөрүүд болж тооцогдохоор тохиролцъё гээд 404 тоотын оршин суугч Ц.Оргилболд, 1002 тоот Г.Д миний бие, 1101 тоот Амарбат, 1104 тоот Оюунгэрэл, 605 тоот Д.Отгонжаргал нар нийт 1.000.000/Нэг сая/ төгрөг босгон үүнээс би 410.000/Дөрвөн зуун арван мянга/ төгрөг гарган ирээдүй 6-7 сар орчмын ашиглалтыг зардалдаа урьдчилаад төлөхийг зөвшөөрөн Г.Ганболдын 5031320643 тоот дансанд шилжүүлж нягтлан бодогч Ж.Туул хүлээн авсан тухай баримт надад гарын үсэг зуруулан өгсөн.

Удирдах зөвлөлийн дарга гэх Ш.Мөнхчулууны гарын үсгийг хуурамчаар зурж, өөрийгөө захирал хэмээн түүний өмнөөс томилж, оршин суугчдаас авсан мөнгийг хувьдаа завшиж байна гэж үзэж байна. СӨХ-ны тухай хуульд заасны дагуу улирал тутамд Удирдах зөвлөлдөө тайлан тавиагүй, хурал зохион байгуулаагүй дээр Ш.Мөнхчулуун гэдэг оршин суугчийн гаргасан гэх тушаалыг өөрт нь үзүүлэхэд энэ миний гарын үсэг биш, хуурамчаар үйлдсэн байна гэсэн.

Иймд Монгол улсын Иргэний хууль, СӨХ-ны тухай хуулийг Г.Ганболд нь ноцтой зөрчиж, хуурамч баримт бичиг үйлдэж, “ВА” СӨХ байгуулсан нь хууль бус асуудал юм.

Г.Ганболдын энэхүү хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар бэлдэж байгаа ба Д.Ганболд нь СӨХ-г төлөөлн шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх бүхий этгээд биш юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

                                                                                             

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ВА” СӨХ хариуцагч Г.Дд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны зардалд 1 612 286/нэг сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг, алдангид 806 143/найман зуун зургаан мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг, бүгд 2 418 429/хоёр сая дөрвөн зуун арван найман мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, 17-р байр, 1002 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 6/7826 лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь уг орон сууцанд 2018 оноос хойш амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., 148 дугаар зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;” гэж заасан.

 

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал нийт 1 612 286/нэг сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, 1002 тоотын өр, төлбөрийн тооцоо, “Төрийн банк” ХХК-ийн СӨХ-ны төлбөрийн хуулга, “ВА” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 8-р сарын 19-ний өдрийн №02 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 1 612 286/нэг сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 806 143/найман зуун зургаан мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас алдангид 806 143/найман зуун зургаан мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Г.Дгаас нийт 1 612 286/нэг сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВА” СӨХ-нд олгож, үлдсэн 806 143/найман зуун зургаан мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Г.Дгаас нийт 1 612 286/нэг сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВА” СӨХ-нд олгож, үлдсэн 806 143/найман зуун зургаан мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ВА” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 67 186 төгрөгөөс 53 644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13 541 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 40 746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ВА” СӨХ-нд олгосугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ