Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00312

 

 

 

 

 

 

 

 

 

В- СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа., Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02133 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В- СӨХ-ны хариуцагч Г.Д-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болон алдангид нийт 2,418,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагч Г.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болон алдангид нийт 2,418,429 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Жиди ХХК нь Сүхбаатар дүүргийн 8-р, хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, 17-р байрыг 2013 онд ашиглалтанд оруулж, хариуцаж байсан бөгөөд нийт оршин суугчид хуралдаж, В- СӨХ-г байгуулсан. Тус байрны 1002 тоотод оршин суугч Г.Д- нь дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, харуул хамгаалалт, хог, лифт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмж ажиллуулсан гэрэл, цахилгаан, дулаан, усны СӨХ-ны зардлыг олон жилээр төлдөггүй цөөн айлуудын нэг нь бөгөөд оршин суугчид болон СӨХ-г хохироож байгаа болно. Сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн гаргасан зардлаар тухайн орон сууцны байшингийн ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцаж, зарцуулдаг тул 1002 тоот Г.Д-гийн 2019-2021 онуудын лифт, хог, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчийн талбайн цахилгаан, эрчим хүч, дулаан, ус, цэвэрлэгээ болон СӨХ-ны зардлыг огт төлөхгүй байгаа болно. Ийнхүү СӨХ нь сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг байгууллагын хувьд нийт оршин суугчид шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаргуулан авч дундын өмчлөлийн тоног төхөөрөмж, орц, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээ, камер болон гаднах гэрэлтүүлгийг сайжруулах, ажилд оруулах зардалд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 1002 тоот Г.Д-гийн гэр бүл шударга оршин суугчид, айл өрхийн төлсөн төлбөрөөр лифтээр явж, үйлчилгээг хүртэж байгаа бөгөөд хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй, бусад айл өрх, оршин суугчдын нэгэн адил иргэний үүргээ ухамсарлаж төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар оршин суугч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Иймд 2019-2021 онуудын лифт, хог, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны жижүүр, харуул, хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног, төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардал, СӨХ-ны зардал болох нийт 1,612,286 төгрөг, алданги 806,143 төгрөг, нийт 2,418,429 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж дахь 17-р байрны оршин суугч гэх Г.Ганболд нь В- СӨХ-г байгуулахдаа хуурамч бичиг баримт үйлдэж хүний нэрийн өмнөөс хуурамч гарын үсэг зурж өөрийгөө СӨХ дарга гэж тамга хийлгэн гэрчилгээ гаргуулан авсан байна. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр оршин суугчид хуралдаж, тус хурлаар Жиди ХХК, О.Ариунаагийн хариуцаж байсан буюу 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэлх хугацааны СӨХ, түүнтэй холбогдолтой оршин суугчдын төлбөрийн хамааралтай асуудлыг О.Ариунаад хариуцуулж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэн шинээр СӨХ байгуулан ажиллаж, хуульд заасны дагуу байнгын оршин суугч байрны эзэмшигч нараас бүрдсэн хүмүүсээс СӨХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилохоор болсон. Гэтэл Г.Ганболд нь хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн төдийгүй, хуульд зааснаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд тухайн байрны эзэмшигч болон байнгын оршин суугч байна гэсэн заалтыг зөрчиж, Австри Улсад олон жил амьдарч буй А.Оюунгэрэл гэх хүмүүсийг оруулан А.Оюунгэрэлийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан. Хяналтын зөвлөлийн дарга гэх Ц.Оргилболд нь би өөрийгөө хяналтын зөвлөлийн дарга гэдгийг сая л мэдлээ, энэ хурлаар ийм протокол үйлдэгдээгүй хэмээн баталсан. СӨХ байгуулахад удирдах зөвлөлийн даргаар Ш.Мөнхчулууныг томилъё гэхэд нь тэрээр зөвшөөрөөгүй тул гарын үсгийг дуурайлган зурж Г.Ганболд нь өөрийгөө СӨХ-ны даргаар томилсон хуурамч баримт үйлдсэн нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой байна. Тухайн өдөр СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоол гараагүй бөгөөд хурал уулзалтанд байнга оролцдог оршин суугчид байх нь зөв гэж 1104 тоот оршин суугч Оюунгэрэл санал гаргаж 1002 тоот оршин суугч Г.Д-, 1102 тоот оршин суугч Ж.Туул, 605 тоот Д.Отгонжаргал, 1101 тоот н.Амарбат, 1104 тоот С.Оюунгэрэл, 404 тоот Оргилболд нар удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд байхаар ярилцаж тохирсон. Гэтэл тухайн өдрийн хурлын протоколуудыг хуурамчаар үйлдсэн байна. Д.Ганболдыг нийт оршин суугчдад СӨХ-ны гишүүдийг бүх нийтэд танилцуулах, санхүүгийн тайлан гаргаж мэдээллэх, нийт оршин суугчдын хурал зохион байгуулах тухай удаа дараа шаардсан боловч нэг ч хурал зохион байгуулж байгаагүй бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр СӨХ-ны мөнгө өөрийн дураар нэмж хасан эсрэгээр шаардлага тавьсан нэр бүхий оршин суугчдын нэр төрд үндэслэлгүйгээр халдан гутаан доромжилж, сүрдүүлж дарамталсан. Үүний баримт нотолгоо бий. Мөн СӨХ хариуцаж байсан Жиди ХХК нь цахилгаан шатны төлбөр төлөөгүй байсны улмаас 2-3 хоног зогссон байсан тул В- СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүсийг Г.Ганболд нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрөө дуудан цуглуулж тус байрны дээвэр дээр гаран уулзаж, Жиди ХХК нь мөнгөө төлөхгүй явсан тул энэ зардлыг В- СӨХ-ны удирдах зөвлөлд байгаа та бүхэн төлж ажилд оруулах шаардлагатай байна. Энэ байгуулагдаж байгаа В- СӨХ-ны ашиглалтын зардлын урьдчилсан төлбөрүүд болж тооцогдохоор тохиролцъё гээд 404 тоотын оршин суугч Ц.Оргилболд, 1002 тоот Г.Д- миний бие, 1101 тоот Амарбат, 1104 тоот Оюунгэрэл, 605 тоот Д.Отгонжаргал нар нийт 1,000,000 төгрөг босгон үүнээс би 410,000 төгрөг төлөхийг зөвшөөрөн. Г.Ганболд нь хууль зөрчиж, хуурамч баримт бичиг үйлдэж, В- СӨХ-г байгуулсан нь хууль бус асуудал юм. Энэхүү хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар бэлдэж байгаа ба Д.Ганболд нь СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-гаас нийт 1,612,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В- СӨХ-нд олгож, үлдсэн 806,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч В- СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 67,186 төгрөгөөс 53,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,541 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 40,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В- СӨХ-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Отгонжаргал, П.Дэлгэрмаа, Ж.Туул нарын нэхэмжлэлтэй, В- СӨХ, Г.Ганболд нарт холбогдох, СӨХ-ны дүрэм, удирдах зөвлөлийн 2020 он 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32021/09748 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд үзэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Г.Д-, Д.О, Ж.Тнарын 4-5 этгээд нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа ба Г.Д-г иргэний үүргийг биелүүлэх тухай олон оршин суугчдын хүсэлтээр нэхэмжлэл гаргасан. В- СӨХ нь хууль ёсны дагуу байгуулагдсан ба тус баримтад Г.Д- гарын үсгээ зурсан. Г.Д- нь СӨХ-ны төлбөрийг төлөөгүй ба тагтаа хууль бусаар сунгаж, дээврийн давхарт барьсан барилгын эзнээс тус талбайн талыг авна гэж дарамталж байсан. Тэрээр энэ мэт хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд СӨХ-ны төлбөр нэхлээ, удирдах зөвлөлд оруулсангүй гэх үндэслэлээр В- СӨХ-г хууль бус гэж маргадаг. Учир нь СӨХ-ны удирдах зөвлөлд СӨХ-д их хэмжээний өр төлбөртэй хүмүүсийг оруулахгүй талаарх оршин суугчдын 100 хувийн саналаар Г.Д-, Ж.О нарын нэр бүхий 4-5 хүнийг удирдах зөвлөлд оруулаагүй буюу тэднийг өр төлбөрөө төлөхгүй байх хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд шинэ байгуулагдсан СӨХ-ны удирдах зөвлөлд оруулахгүй гэдэг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч В- СӨХ нь хариуцагч Г.Д-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болон алдангид нийт 2,418,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Д- нь 2019-2021 он хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,612,286 төгрөгийг төлөөгүй тул алданги 806,143 төгрөгийн хамт нийт 2,418,429 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч В- СӨХ-ны дарга гэх Г.Ганболд нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн СӨХ-ны тамга, тэмдгийг гаргуулан авсан, энэ асуудлыг шүүхээр шалгуулж байгаа гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 23-25-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 17 дугаар байрны оршин суугчид нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, В- СӨХ-г байгуулсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан эрхийн хүрээнд холбогдох бичиг баримт, СӨХ-ны хурлын шийдвэрийг үндэслэн В- СӨХ-г 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр СӨХ-ны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 4, 8-14-р тал/

 

Хариуцагч Г.Д- нь дээрх орон сууцны 1002 тоотын өмчлөгч болох нь талуудын тайлбар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/7826 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 66-р тал/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул хариуцагч Г.Д- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 1002 тоот орон сууцны өр төлбөрийн тооцоо, Төрийн банк ХХК-ийн гүйлгээний баримт зэргийг үндэслэн, 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,612,286 төгрөгийг хариуцагч Г.Д-гаас гаргуулж, нэхэмжлэгч В- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасанд тус тус нийцжээ. /хх-6, 84-р тал/. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлээс алданги гэх 806,143 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч В- СӨХ-ны дүрэм, удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хэдийгээр В- СӨХ, Г.Ганболд нарт холбогдох, Г.Д- нарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн талаарх баримт хэрэгт авагдсан боловч энэхүү нөхцөл байдал нь хариуцагч Г.Д-г хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд харшлахгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч В- СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ