Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 36

 

Б.Б-д холбогдох эрүүгийн 

  хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Нарийн бичгийн дарга   Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 1912006680026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Баахан булаг гэх газар оршин суух, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэх газраас иргэн Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Базаррагчаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянахад эрүүгийн 1912006680026 дугаартай, Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж  дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 тоот хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай саналд яллагдагч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж яллагдагч Б.Б-д танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл байхгүй тул прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг бүрэн хянаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч хор уршгийг нөхөн төлөөгүй нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх хэдий ч хор уршгийг буюу мал эрж хайсны зардал зэргийг нөхөн төлөөгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Б-ийн хүсэлтийг прокурор хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг бүрэн хянаж байж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана гэх заалтыг зөрчсөн байна. 

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй байна гээд 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох 1912006680026 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичих, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/549 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэх газраас хохирогч Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлан 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 549 дугаартай захирамж гаргасан бөгөөд захирамжид: 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл байхгүй тул прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг бүрэн хянаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч хор уршгийг нөхөн төлөөгүй нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх хэдий ч хор уршгийг буюу мал эрж хайсны зардал зэргийг нөхөн төлөөгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Б-ийн хүсэлтийг прокурор хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг бүрэн хянаж байж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана гэх заалтыг зөрчсөн байна. 

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: 

1. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй байхаар хуульчилсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “... энэ зүйлд заасан олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно...” гэж заасан. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул яллагдагч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрийн хооронд хохирогч Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүх прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Яллагдагч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд мөн шүүх хуралдааны явцад хохирогчийн нэхэмжилж буй бусад зардал болох 2.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн нэхэмжилж буй мал эрж хайсны зардал нь гэмт хэргийн шууд хор уршиг биш юм. 

Иймд яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/549 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцэлд тодорхой бичигдсэн учир товч нэмэлт тайлбар хэлье. 

1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар тайлбарлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг заасан. Үүнд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор хуульд заасан байдаг. Тиймээс шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон гэмт хэргийн хувьд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйлд хэдийгээр нийтэд тустай ажил байхгүй ч  гэсэн 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Тэгэхээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. 

2. Хохирол хор уршгийн асуудал яригдаж байгаа. Шүүгдэгч Б.Базаррагчаа нь хохирогч Б.Г-ийн хурдан удмын адууны хохирол болох 2.500.000 төгрөгийг төлсөн. Мөн шүүхийн шатанд хохирогч Б.Г-ийн нэмж нэхэмжилсэн мал ирж хайсны зардал гэж нэхэмжилсэн хор уршиг болох мөнгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн байдаг. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг хор уршиг гэж үзэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би гүүнүүдээрээ өрхийн амьжиргаагаа залгуулдаг, тэдгээрийн үр төл  болох даага, шүдлэн нар байсан бол эдгээр үр төлийн зардал болон ирж хайсан зардлаа оруулаад 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Энэ зардлыг мал эрж хайсны хор уршиг гэж нэхэмжилсэн. Нэхэмжлээд байгаа адууны үр төлийн зардал гэж нэхэмжлээд байгаа мөнгө тухайн хэрэгт шалтгаант холбоогүй бөгөөд гэмт хэргийн шууд хор уршиг биш юм. Өөр талаас нь тайлбарлахад жишээ нь  хурдан удмын адуу хулгайлж, түүний хөлийг нь гэмтээж,  тухайн адуу нь уралдах боломжгүй болсон нөхцөл байдалд түүнийг хор уршиг гэж дүгнээд байгаа юм. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэх газраас хохирогч Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Б-г шүүх үзэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө бичгээр илэрхийлээгүй байна гэх үндэслэлийг шүүх тавьсан. Б.Б нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд  10 гаруй хоногийн дараа цалингийн зээл аваад хохирлоо төлөхөө эх үүсвэрээ тодорхойлон илэрхийлсэн байдаг. Мөн хохирогчийн нэхэмжлээд байгаа зардал нотлох баримтаар нотлогдоогүй байсан. Мал эрж хайсны зардал болон миний мал өсөж үржинэ гэх нөхөн үржихүйн талаас нь нэхэмжлээд байгаа нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байсан. Үүнийг шүүх хор уршиг гэж үзэн бичгээр илэрхийлж, нотариатаар батлуулж ирээгүй тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болно гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт нотлогдоогүй байгаа зүйлийг урьдчилан дүгнэж, нотариатаар батлуулах нь тохиромжгүй байна. Үүнийг үндэслэлгүй байна гэж үзсэн. 2020 оны Эрүүгийн хууль хэрэглээн дээр ялын байдалд өөрчлөлт орсон бөгөөд нийтэд тустай ажил хийх ял нь байхгүй болсон нь үнэн. Гэхдээ Б.Б-ийн холбогдсон хэргийн зүйчлэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял оногдуулахаас биш, харин 2020 оны Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял оногдуулахгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийг буцаан хэрэглэх ёстой. Б.Б өөрөө шүүх хуралдаанд хохирлоо төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлнө гэсэн хугацаандаа 2.500.000 төгрөгийг хохирогч Б.Г-д төлсөн. Хохирогчийн эхнэрийн данс руу нь хохирлын мөнгийг хийсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Тийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г 2018 оны 05 дугаар сарын 23-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэх газраас иргэн Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл байхгүй тул прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Дэл гэх газраас иргэн Б.Г-ийн 5 тооны адууг хулгайлан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн цаг үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зөв юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг бүрэн хянаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч хор уршгийг нөхөн төлөөгүй нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  нь үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч хохирогчид хохирол төлсөн талаар тайлбарлаж байгаа хэдий ч анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, шинжлэн судлаагүй нотлох баримт, тайлбарыг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй юм. 

              Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.       

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                           Г.УЛАМБАЯР

                                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ