Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 149/2021/00405/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ хот, ..... дүүрэг, .... хороо,.......  гудамж, ХААДС-ийн төв байранд оршин байгаа, ..... регистрийн дугаартай, ХААДС-аны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... аймаг, ....сум, .... баг, .... гудамж, .... тоотод оршин суугаа, ..... регистрийн дугаартай, ..... овогт Н.Т-д холбогдох,

 

6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- /онлайн/ хариуцагч Н.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь ХААДС-ны дарга О.С- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуучнаар ТЭДС- одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ..... аймаг, ..... сум 6-р баг, ..... гудамж, ..... тоотод оршин суугч Н.Т- нь 5 сая төгрөгийн FT-250 маркын бага оврын трактор, анжисын хамт урьдилгаа 20% болох 1 000 000 төгрөг төлөн үлдэгдэл 80% болох 4 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 26-нд 1 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-нд 1 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 26-нд 1 000 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Бот/2016-251 тоот гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 4 000 000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-дэх заалтыг баримтлан анз тооцоход 2 000 000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, анз 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ням овогтой Т- миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ТЭДС-гаас нийт өртөг нь 5 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркийн бага оврын тракторыг, анжисын хамт урьдчилгаа болох 1 сая төгрөгийг төлж үлдэгдэл 4 сая төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаанд жил бүр 1 сая төгрөгийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ хийж худалдаж авсан нь үнэн. Миний бие нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХХААХҮЯамны ХААДС-анаас дээрх гэрээний дагуу үлдэгдэл 4 сая төгрөгөө заасан хугацаанд төлөөгүй учир 2 сая төгрөгийн хүүг нэмж тооцон нийт 6 сая төгрөгийг барагдуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авсан. Дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэл, шалтгаанууд нь :

-Тухайн үед FT-250 маркийн бага оврын тракторыг, анжистай биш хадуур тармууртай нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа холбогдох хүмүүстэй нь утсаар ярихад “Болноо болно, та урьдчилгаа болох 1 сая төгрөгөө тушаачхаад ирээд аваарай” гэхээр нь Төрийн банкны 34060122603 тоот дансанд 1 сая төгрөгөө төлөөд Дарханаас 300 000 төгрөгөөр Майти 2  маркийн ачааны машин хөлслөөд очиход “Хадуур, тармууртай нь дууссан байнаа, анжистай нь үлдсэн байна” гэсэн хариуг өгсөн. Хоёрхон хоногийн өмнө ярихад хүрээд ир гэсэн шүү гэхэд “авбал ав, авахгүй бол манайд дахиж хадуур тармууртай трактор ирэхгүй гэж хэлсэн. Бид ачааны машин хөлслөөд ирсэн болохоор аргагүйн эрхэнд ачаад ирсэн. Тухайн үед бид нараас гадна Архангай, Булган, ....., Төв аймгийн холын сумдаас ачааны машин хөлслөөд ирчихсэн хүмүүс бүгд л хадуур, тармууртайг нь авмаар байна гэдгээ хэлсэн. Гэвч энэ сан энгийн малчид, хувиараа аж ахуй эрхэлж, амь зуух гэж ядаж байгаа хүмүүсийг худлаа, ярьж чирэгдүүлж, хариуцлагагүй үйлдэл хийснийхээ төлөө уучлал ч гуйхгүй “авбал ав, ахиж манайхаар дамжиж ийм трактор орж ирэхгүй шүү” гэсэн хариуг тухайн үеийн хариуцсан мэргэжилтнүүд нь хэлж байсан.

FT-250 маркийн бага оврын трактор нь чанар болоод ажлын бүтээмж маш муу. Бид хамгийн энгийнээр аливаа цахилгаан бараа болон гар утас худалдаж авахад 6 сараас 1 жилийн баталгаа олгодог. Гэтэл энэ тракторын хувьд ямар ч чанарын баталгаа байхгүй, адаглаад шинэ техник чинь эхний 1 жилдээ эвдэрч хэмхэрч цаг хугацаа алдахгүй, ажлын бүтээмж өндөр байх ёстой. Бид тэр үед шинэ трактороор ажил төрлөө амжуулж, амьжиргаагаа дээшлүүлнэ гэж итгэж найдаж авсан. Гэвч тийм биш байсан. Бүр арай дэндүү ар араасаа эд ангиуд нь эвдрээд ямар ч урамгүй, сэлбэг хэрэгсэл хайж түүж, задалж угсарсаар байгаад хадлангаа оройтуулж, хөлсний жолооч маань хүртэл бүрэн бус техникийн улмаас трактороос үсэрч, нуруу, нугас, тархи, толгой, хөлөндөө хүнд гэмтэл авч санхүү болоод сэтгэл санааны хямралд оруулсан. Ер нь түрүү үеийн У- пад трактор нь арай л чанартай байсан. Харин сүүлийн үеийн энэ FT-250 маркийн тракторын чанар үнэхээр муу болсон гэж эдэлж хэрэглэж байгаа иргэд бүгд дуу нэгтэй дүгнэж ярьцгаадаг. Та бүхэн энэ талаар нотлохыг хүсвэл иргэдээс цахим санал асуулга явуулаад нотолж болно.

-Шинээрээ бүх дугуйнууд язарсан байсан. / Энэ талаар хариуцсан ажилтанд хэлэхэд дугуй нь хагараагүй удаан хугацаанд халуун, хүйтэнд зогссон болохоор бага зэрэг язарсан байгаа гэж хариулсан. Гэвч ирээд хэдхэн хоноод л бүгд ээлжлээд ээлжлээд хагарсан. Манайх гэхэд бүх дугуйг нь сольсон.  

- Ус нь дороо халаад радиатор нь халахаа больчихсон.  / шинэ сэлбэг 2-3 удаа худалдаж авсан/

- FT маркийн бага оврын тракторын анжис болон хадуур тармуурын чанар маш муу, бараг хүүхдийн тоглоомоос долоон дор. Хатуухан газар явахад л анжис нь хугарч эвдэрдэг. Хадуур тармуур нэртэй тэр хэрэгслийн чанар болоод ажлын бүтээмж маш муу. Тийм учраас иргэд дандаа хувь хүнээр илүү чанартай ажлын бүтээмжтэйг нь бодож хадуур, тармуур хийлгүүлдэг.

- Рулийн аппарат нь мөн дөнгөж ажилд гараад л эвдэрсэн. Сэлбэгийг нь дахин дахин авах боломжгүй бас цаг хугацаа алдахгүйн тулд цас хүйтнээс өмнө ажлаа амжуулах гагнадаг, уг төмөр нь маш хэврэг учраас гагнаас ч муу авдаг. Гэвч рулийн аппарат гагнаатай учраас замаа онож явж чаддаггүй. Энэ бол техник болоод ажиллуулж байгаа жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлж ноцтой осол аваар гарах өндөр магадлалтай. Жалга, гуу тааруул шууд трактортойгоо өнхөрч онхолдох аюултай. Уг нь арай ахуй өтгөн өвс жалга, гуугаар байдаг гэвч трактороосоо айгаад хадаж чаддаггүй.

- Диск эргэсэн, хроп эвдэрсэн, чагтан гол, цилиндрийн шаланк, гидрийн труб гэх мэт эд ангиуд нь байнга эвдэрч сэлбэг  хэрэгслийг өнгөрсөн хугацаанд олон удаа сольсон болно.

- 2016 онд шинээрээ аваад эвдрэл гэмтлүүд ар араасаа гарч зарим сэлбэг хэрэгсэл нь Дарханд байхгүй У-баатараас хүнээс захиж авчруулна гэх мэт цаг хугацаа алдсанаас болж хадлан тэжээлээ цаг хугацаанд нь авч чадалгүй цас орж, цастай хүйтэнд уул даваа мөстөж, халтиргаа гулгаа үүсч, ийм хүнд нөхцөлд ажилласны улмаас манай жолооч хүртэл амьд гарахын тулд трактороосоо үсэрч нэлээн хүнд бэртэл авсан. Үүний улмаас одоо нуруу нь өвдөж эмнэлгээр явж хөдөлмөрийн чадвараа алдахад хүрээд байна.

- Ковид 19 цар тахлын улмаас сүүлийн 2 жил хувиараа ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо байхгүй, улс даяараа хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Манай гэр бүлийн хувьд ч энэ цар тахалд нэрвэгдэж ажил, орлогогүй болж маш хүндээр тусаж байна.

Иргэдээ нэг талдаа дэмжиж тусалж байгаа нь сайн хэрэг боловч нөгөө талдаа ямар ч чанарын баталгаагүй, ажлын бүтээмж байхгүй шинээрээ эвдэрч байгаа нь хамгийн том асуудал. Монголын газар тариалангийн ажил бол цаг хугацаатай уралдаж, нойр хоолгүй зүтгэж байж ард нь гардаг ажил гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Яг үнэндээ хятад улсдаа 2 сая гаруй төгрөгийн үнэтэй ямар ч чанарын баталгаагүй эвдэрхий тракторыг 2 дахин үнэ нугалж ядарсан иргэддээ дамлан худалдаалж эргээд төлж чадахгүй бол хууль шүүхээр далайлгаж, хүү нэмж тооцон санхүү болоод сэтгэл санааны дарамтад давхар оруулж байна. Эргээд энэ бүхэн хэн хариуцлага хүлээх вэ, 2012 оны сонгуулийн үеэр 2.5 сая тушаагаа л авч байсан мөн 2016 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Бурмаа нь аж ахуй эрхэлдэг иргэдийг 50 000 төгрөг тушаалгаж үнэгүй шахуу тарааж байсан.

Миний хувьд өдий хүртэл наслахдаа хэний ч хуурч мэхэлж, зээл авсан ч цаг хугацаандаа төлөхгүй зайлж бултаж ингэж шүүхээр шүүгдэх хэмжээнд очиж байгаагүй. Гагцхүү миний бие чанар, хариуцлага, шударга ёсыг л та бүхнээс нэхэж F-250 маркийн бага оврын тракторыг эдэлж хэрэглэж байгаа өөрсдөдөө гадна бусад олон мянган жирийн өрхийн аж ахуй эрхлэгчдийнхээ өмнөөс энэхүү тайлбарыг бичиж байна.

Нэгэнт шүүхээр дамжиж ирсэн нэхэмжлэлд миний бие тайлбар хийж байгаа учраас бүх зүйлийг баримт нотолгоотой байлгахын тулд F-250 маркийн бага оврын тракторын сэлбэг хэрэгсэл болон бусад зүйлд зарцуулсан эдийн засгийн хохирлын тооцооллоо бас дор гаргаж хавсаргав.

FT-250 маркийн бага оврын тракторын сэлбэг хэрэгсэл болон түүнээс үүссэн эрүүл мэндийн хохирлын тооцоо /хамгийн багаар/

Эвдэрсэн эд анги

Хэдэн удаа

сольсон

Нэгжийн үнэ

Нийт үнэ

1

Рулийн аппарат

2

160 000

320 000

2

Радиатор

1

200 000

200 000

3

Хойд, урд дугуй

4 хойд 2, урд

2 ш дугуй

Хойд том дугуй 1 ш 400 000 төгрөг, урд жижиг дугуй 1 ш 80 000 төгрөг

800 000 +160 000=960 000

4

Хропны

араанууд /ком/

1

200 000

200 000

5

Диск нь эргэсэн

4

30 000

120 000

6

Чагтан гол

4

25 000

100 000

7

Шатхуун

2

40 000

80 000

8

Гидрийн труб, цилиндрийн

шланк

6

30 000

180 000

9

Анжис

Эхний ажил гүйцэтгэж байхдаа шинээрээ хугарсан

250 000 хамгийн багадаа

10

Рулийн аппаратнаас

үүдэлтэй жолоочийн

гэмтэл бэртэл

Рулийн аппарат нь дөнгөж ажилд гараад эвдэрч алагдсан фрезерыг дахин гагнасан боловч уг төмөр нь маш муу тул гагнас муу авсан байсан тул руль нь ажиллахаа больж жолооч тарактороос унаж бэртсэн

Тухайн үедээ 2016.09 сард жолоочийн эмнэлэг, бариачийн хөлсөнд 500 000 төгрөг

11

Бусад зардал

УБ, Дархан луу нааш цааш олон удаа сэлбэг хэрэгсэл хайхаар явсан унааны, хоол ундны зардлыг хамгийн багаар 9 000 төгрөгөөр тооцов

90 000

12

Нийт гарсан

хохирлын тооцоо

 

3 000 000

 

Дээрх зардал нь FT-250 маркийн бага оврын тракторыг худалдаж аваад эхний 2 жилд гарсан зардал, хохирол бөгөөд сүүлийн 2 жилд ковид 19 цар тахал болон мөн моторт дуу орж гэмтэл үүссэн учир ажиллуулаагүй болно. Энэ хохирлын тооцооны баримт нотолгоог Дархан-Уул аймгийн ногоон пад тракторын сэлбэг хэрэгсэл зардаг хүмүүс ч нотолно.

Миний бие дээрх хамгийн багаар тооцоолсон хохирол болох 3 000 000 төгрөгийг буцаагаад танайхаас нэхэмжилж үндсэн үлдэгдэл 4 000 000 төгрөгөөс хасуулж тооцуулан зөрүү үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2022 оны эхний улиралд төлж барагдуулах хүсэлттэй байна.

Миний бие нь 2016 онд танай Тариалан эрхлэх сангаас авсан ажлын шаардлага хангахгүй, эвдэрхий тракторыг худалдаж авсан нь манай өрхийн эдийн засгийн амьжиргааг дээшлүүлэх бус эсрэгээрээ банк болон хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж санхүүгийн хүндрэлд оруулсан тул танайхаас нэхэмжилж буй хүүний 2 000 000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Бүх шалтгаан, хүндрэл, үндэслэлүүдээ дэр дэлгэрэнгүй дурдсан болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААДС-а нь хариуцагч Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...хариуцагч Н.Т- нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ТЭДС-тай гэрээ байгуулан 5 сая төгрөгийн үнэ бүхий бага оврыг трактор, анжисны хамт хүүгүй зээлийн гэрээ байгуулж авсан. Урьдчилгаа төлбөрт 20% болох 1 000 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Гэрээнд 0,3 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн тул алдангийг гэрээний үүргийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 2 000 000 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл 4 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан. ТЭДС- татан буугдаагүй, Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сантай нэгтгэж, өр, авлагыг блансаас блансад шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэв.

 

Хариуцагч Н.Т- нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг тодруулж ... би тухайн үед тракторыг хадуурын хамт авах хүсэлттэй байгаагаа холбогдох хүмүүст нь хэлэхэд болно, урьдчилгаа 1 сая төгрөгөө тушаагаад ир гэсний дагуу Дарханаас Майти маркийн машин хөлслөөд ирэхэд тармуур дууссан гэсэн тул хоосон буцахгүйн тулд анжистайг нь авсан. Уг трактор нь чанар болоод ажлын бүтээмж маш муу, чанарын баталгаа олгоогүй. Шинээрээ бүх дугуй нь язарсан байсан. Ус нь дороо халаад радиатор нь ажиллахаа больсон. Рулийн аппарат нь дөнгөж ажилд гараад л эвдэрсэн. Диск нь эвдэрсэн, хроп, чагтан гол, цилиндрийн шланк, гидрийн труб гэх мэт эд ангиуд нь байнга эвдэрч сэлбэг хэрэгслийг нь олон удаа сольсон. Ковид цар тахлын улмаас сүүлийн 2 жил хувиараа хөдөлмөр эрхлэх боломж бололцоо байгаагүй. Нийт 3 сая төгрөгийн эд анги сольсон сэлбэг хэрэгслийн болон түүнээс үүссэн эрүүл мэндийн хохирол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээгээр 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэг талаас ТЭДС-, нөгөө талаас Н.Т- нар харилцан тохиролцож FT-250 маркийн Бага оврын трактор, анжисны хамт 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах, гэрээний 3.3-д 3.2-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байна.

Талууд гэрээг бичгээр байгуулж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх хэмжээ зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар тусгасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай ХААДС-а байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор ХААДС-а байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар, ХААДС-аны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгаж, ТЭДС-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгажээ. /хх-ийн 6 дугаар тал/

Дээрх засгийн газрын тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай тушаалаар ТЭДС-гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд блансаас блансад шилжүүлсүгэй гэж, хөрөнгө, өр төлбөр, бараа материалыг Хөдөө аж ахуйг дэмжих санд блансаас блансад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, журам, стандартын дагуу бүртгэлд тусгахыг ХААДС-анд даалгасан байна. /хх-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч ХААДС-анд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, гэрчилгээнд Отгон овогтой С-г гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчилгээнд тусгасан байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Иймд ХААДС-а нь дээрх засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шинээр байгуулагдаж, улмаар ТЭДС-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлагыг тус сандаа шилжүүлэн авснаар ТЭДС-тай байгуулсан гэрээний үүргийг тус сангийн ажлын албыг төлөөлөн гүйцэтгэх захирал О.С- шаардах эрхтэй этгээд гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гэрээний үлдэгдэл төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг тус бүр төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Хариуцагч нь худалдан авсан эд зүйлсийн талаар баталгаат хугацаа гаргаж өгөөгүй болон эд хөрөнгө доголдолтой байсны улмаас өөрийн хөрөнгөөр засварласан талаар маргаж байгаа боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар хариуцагч нь эд хөрөнгийг хүлээж авах үед дугуй хагарсан байсныг мэдсэнээр доголдлын талаар шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр талууд гэрээндээ эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж баталгаат хугацаа тогтоогоогүй боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш дээрх хугацааны дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардах эрхтэй болохыг хуульчилсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Иймд эд хөрөнгийн доголдлын улмаас учирсан хохирлыг хасаж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх ба доголдлын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэсэн тайлбар нь дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Тодруулбал эд хөрөнгө доголдолтой байсны улмаас эрүүл мэндэд хохирол учирсан талаар эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч талыг буруутай болохыг тогтоосон эсэх нь тодорхойгүй ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Талууд Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 3.3-д энэхүү гэрээний 3.2-т заасан хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрөөс хоног тутамд 0,3 хувийн алдангийг төлнө гэж тохирчээ.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаар зээлийн төлбөр төлөх хугацаа 570 хоног хэтэрсэн байх тул дээрх хуульд зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 4 000 000 х 50%=2 000 000 төгрөгийн алданги дээр үндсэн төлбөр 4 000 000 төгрөгийг нэмж нийт 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.     

 

     Нэхэмжлэгч нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Б- оролцсон болно. /хх-ийн 1-2 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Т-гээс 6 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААДС-анд олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА