Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00019

 

*******ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00405/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай,  

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа цахимаар, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Хуучнаар *******гаас ******* нь 5 сая төгрөгийн FT-250 маркын бага оврын трактор, анжисын хамт урьдчилгаа 20 хувь болох 1,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 80 хувь болох 4,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Бот/2016-251 тоот гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 4,000,000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 2,000,000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, анз 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

******* миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийт өртөг нь 5 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркийн бага оврын тракторыг, анжисын хамт урьдчилгаа болох 1 сая төгрөгийг төлж үлдэгдэл 4 сая төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаанд жил бүр 1 сая төгрөгийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийж худалдаж авсан нь үнэн.

Тухайн үед FT-250 маркийн бага оврын тракторыг, анжистай биш хадуур тармууртай нь худалдаж авах хүсэлтэй байсан боловч хадуур, тармууртай нь дууссан гэсэн хариуг өгч аргагүй эрхэнд авсан. Гэвч шинээрээ бүх дугуйнууд язарсан байсан, ус нь дороо халаад радиатор нь халахаа больчихсон, техникийн чанар маш муу гэх мэт байдлаар эвдрэл гэмтлүүд ар араасаа гарч зарим сэлбэг хэрэгсэл нь Дарханд байхгүй Улаанбаатараас хүнээс захиж авчруулах зэргээр цаг хугацаа алдсанаас болж хадлан тэжээлээ цаг хугацаанд нь авч чадалгүй цас орж, цастай хүйтэнд уул даваа мөстөж, халтиргаа гулгаа үүсч, ийм хүнд нөхцөлд ажилласны улмаас манай жолооч хүнд бэртэл авсан.

Ковид 19 цар тахлын улмаас сүүлийн 2 жил хувиараа ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо байхгүй, улс даяараа хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Манай гэр бүлийн хувьд ч энэ цар тахалд нэрвэгдэж ажил, орлогогүй болж маш хүндээр тусаж байна.

FT-250 маркийн бага оврын тракторын сэлбэг хэрэгсэл болон түүнээс үүссэн эрүүл мэндийн хохирлын тооцоо хамгийн багаар 3,000,000 төгрөг болсон. Уг хохирол болох 3,000,000 төгрөгийг 4,000,000 төгрөгөөс хасуулж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2022 оны эхний улиралд төлж барагдуулах хүсэлтэй, харин хүүний 2,000,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.  

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  

Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо :  

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэт нөгөө талд үйлчилсэн гэж үзэж байна.

Шүүх, хариуцагчийг нотлох баримтгүй гэж үзсэн. Тухайн үед Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотоос уг тракторын сэлбэг хэрэгсэл худалдаж авч байсан гэрчүүд болох ******* болон ******* нар нь биеэр оролцож чадахгүй ч утсаар болон онлайнаар хуралд оролцох боломжтой гэдгийг хэлэхэд хүлээж аваагүй. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед бүх зүйл онлайнаар явагдаж болох боломжийг үгүйсгэсэн.

2016 онд хийсэн гэрээний 7 дахь хэсгийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэн гарсан хохирлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ" гэсэн заалтыг нэхэмжлэгч тал зөвхөн 2021 он дуусахаас өмнө үндсэн төлбөр болох 4 сая төгрөгийг барагдуулсан тохиолдолд хүү болох 2 сая төгрөгийг тооцохгүй байхаар дээд удирдлагууд шийдвэрлэсэн гэж тайлбарладаг.

Сүүлийн 2 жил шахам Монгол улсын эдийн засаг тэр дундаа өрхийн аж ахуй эрхэлж буй хүмүүст маш хүндээр туссан дэлхий нийтийг хамарч олон сая хүний амь хохирч байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг мэдсээр байж 2021 он дуусахад 21 хоног дутуу байхад 4 сая төгрөг төлж барагдуулахгүй бол хүүнээс чөлөөлөх боломжгүй гэсэн шийдвэр нь үнэндээ ард иргэдийг огт бодоогүй, цаг үеэ мэдрээгүй, зөвхөн өөрсдийнхөө талд гаргасан шийдвэр байсан гэж үзэж байна.

Уг тракторын чанарын талаар санал асуулга, судалгаа явуулаад өгөөч гэх хүсэлтийг хүртэл нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Иймд дээрх үндэслэлүүдэд тулгуурлан шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хариуцагч ******* нь ... уг трактор нь чанаргүй, шинээрээ эвдэрдэг, сэлбэг хэрэгсэл нь өндөр үнэтэй, ажлын бүтээмж муу, энэ тракторын чанарын талаар судалгаа авч өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй,... зэрэг нөхцөл байдлууд байхад анхан шатны шүүх зөвхөн гэрээг үндэслэж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр бус, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги-ийг багасгаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргээс үзэхэд: нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагадаа : 5 000,000 сая төгрөгийн үнэ бүхий FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа 20 хувь болох 1 000,000 төгрөгийг төлж, зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр авсан, гэрээний үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулна гэжээ,

Хариуцагч ******* нь 5 000,000 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийж худалдаж авсан үнэн.

Гэхдээ FT-250 маркын бага оврын трактор нь чанар болон ажлын бүтээмж маш муу, шинээрээ бүх дугуйнууд нь язарсан байсан, бүх дугуйг нь сольсон, шинэ сэлбэг 2-3 удаа худалдаж авсан, эд ангиуд нь байнга эвдэрч, сэлбэг хэрэгслийг өнгөрсөн хугацаанд олон удаа сольсон, уул даваа мөстөж, халтиргаа гулгаа үүссэн хүнд нөхцөлд ажилласны улмаас жолооч маань хүнд бэртэл авч, эрүүл мэндийн хохирол үүссэн, мөн цар тахлын улмаас сүүлийн 2 жил хувиараа ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо байхгүй, ажил,орлогогүй маш хүндээр туссан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж,тэрээр тракторын сэлбэг хэрэгсэл болон үүссэн эрүүл мэндийн хохирлыг багаар тооцоход 3,000,000 төгрөг, үүнийг үндсэн төлбөр 4,000,000 төгрөгөөс хасуулж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2022 оны эхний улиралд төлж барагдуулах хүсэлтэй, хүүний 2,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ.

Хариуцагч ******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5,0 сая төгрөгийн үнэтэй FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ бичгээр байгуулсан /хх-8-11,12/, тэрээр урьдчилгаа 1,000,000 төгрөг төлж FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин алданги/хүү гэх/ төлөх үндэслэлгүй, худалдан авсан эд хөрөнгө нь эвдрэл гэмтэлтэй байсны улмаас өөрийн хөрөнгөөр засварласан, сэлбэг хэрэгсэл авч тавьсан тул 4,000,000 төгрөгөөс учирсан хохирол 3,000,000 төгрөг хасуулж, үлдэх 1,000,000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.

Энэхүү хэргийн маргааны үйл баримт тогтоогдсон, маргааны зүйл нь худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй, тухайлбал, худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч ******* нь эд хөрөнгийн үнийн урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 4,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь худалдан авсан эд хөрөнгө нь чанаргүй, эвдрэл гэмтэлтэй байсны улмаас өөрийн хөрөнгөөр засварласан, сэлбэг хэрэгсэл авч тавьсан гэж маргадаг ба тухайлбал, эд хөрөнгийг хүлээн авах үед дугуй нь язарсан байсан гэх боловч энэ талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд гэрээндээ эд хөрөнгийн баталгаат хугацаа болон хэдий хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах талаар тодорхой тусгаагүй, гэрээгээр зохицуулаагүй хэдий ч энэ талаар шаардлага гаргах эрх нь хуулиар зохицуулагдсан байх тул зохигчийн хэн аль нь хуулийн дагуу шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Иймд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй, мөн эд хөрөнгийн доголдлын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэх тайлбар нь энэхүү гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан бага оврын ракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 3.3-д ...алданги төлөх-өөр тохирсон, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй, нийцсэн байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Гэвч хэргийн 8-11 дүгээр талд авагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 7-д давагдашгүй хүчин зүйлээс болсон асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэсэн заалт, хариуцагч *******гийн анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлийн талаар гаргасан тайлбар зэргээс үзвэл :

Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэл, шалтгаанаа тухайн эд хөрөнгийн чанарын шаардлагатай холбоотой, тухайлбал, эд хөрөнгийг хүлээн авах үед дугуй нь язарсан байсан, тэр даруй нь хариуцсан албан тушаалтанд нь хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй байх,

Мөн гэрээндээ давагдашгүй хүчин зүйлээс болсон асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж тохирсон байх боловч энэ талаар арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй ,

-худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, ямар нэгэн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байх зэрэг нөхцөл байдлууд болон хэргийн үйл баримтыг харгалзан давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч *******гээс гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг,нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2020.04.24-ны өдрийн А-134 тоот тушаал/хх-5/, Монгол Улсын засгийн Газрын 2020.01.8-ны өдрийн 16 дугаартай ******* байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол/хх-6/, *******-ны улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-7/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлээгүй тул хариуцагч *******гээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 6,000,000 төгрөг... гэснийг 5,000,000 төгрөг ... гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар ..., хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гэснийг 94 950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.АМАРСАНАА

                                                                      ШҮҮГЧ                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                      ШҮҮГЧ                        Х.БАЙГАЛМАА