Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Б.Б-д  холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                    Б.Б

Яллагдагч                   Б.Б

Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч  прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 1712002840032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-507 тоотод оршин суух Б.Б 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, яллагдагч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.А-ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.А-д хүлээлгэн өгч, иргэн Х.А, У.Б нарт давуу байдал олгосон гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянахад эрүүгийн 1712002840032 дугаартай, Б.Б-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/646 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар “иргэн Х.А-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг, “Олон нүүр” гэх газраас мод бэлтгэсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн шинжээч томилоогүй шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн, мөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шүүхийн тогтоолоор “дээрх захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй буюу зөрчлийг арилгаагүй, Өөрөөр хэлбэл иргэн Х.А-ийн бэлтгэсэн модонд экологи эдийн засгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргаагүй атлаа шинжээчээр томилогдоогүй гэрч Л.Д-ээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  гэрчийн мэдүүлэг  /2-р хх-ийн 222-224 хуу/ авсан, шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах гэх ажиллагааг бүрэн хийгээгүй байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна” Хэрэгт 2020 оны 05дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдсэн ба Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. уг мод байхгүй учир хэргийн материалд авагдсан гэрэл зураг болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход боломжгүй байна. 2. Мод бэлтгэх эрхийн бичгээс үзэхэд дээрх мод нь зохих зөвшөөрөл, журмын дагуу бэлтгэсэн байна.3. Х.А, У.Б нарын Булган сумын Олон нүүр гэх газраас бэлтгэсэн мод нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 зааснаар зохих зөвшөөрөл авсан нь Ойн тухай хууль зөрчөөгүй байна гэжээ. Шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийсэн байх хэдий ч тухайн үед нь машин мод зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болохыг шинжээч томилж тогтоолгох шаардлагатай бөгөөд шинжээчийг шүүхийн шатанд томилж болох хэдий ч Х.А, У.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа тухайн хэрэгт нь экологи эдийн засгийн үнэлгээ, мөн тухайн үед нь зах зээлийн ханшаар машин мод ямар үнэтэй байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхдаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөн Х.А, У.Б нарт холбогдох хэргийг прокурорын  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолуудаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа тул хэргийг прокурорт буцааж тухайн үеийн зах зээлийн ханшаар машин /портер мод/ мод ямар үнэтэй байсан талаарх дүгнэлтийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсны дараа Х.А, У.Б нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэх, мөн тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна. Харин яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан Б.Б-ын гарын үсгийн чөлөөт болон албан загвар авч шинжээч томилон тогтоогоогүй. Мөрдөгчийн зүгээс эдгээр гарын үсгийг нэг хүн зурсан эсэх талаар шинжээчид асуулт тавьж хариулт авсан байдаг ба хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гарын үсгүүдийг хэн зурсан болохыг шалгаж тогтоогоогүй гэх хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна. Учир нь мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор шинжээч томилж, түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч Э.С-ын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5721 дугаартай дүгнэлт гарсан байна. Иймд Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Б-д холбогдох 1712002840032 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баримт бичиг нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 72 дугаар хуудаст бэхжигдсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/671 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянавал:

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, яллагдагч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.А-ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.А-д хүлээлгэн өгч, иргэн Х.А, У.Б нарт давуу байдал олгосон гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд: Хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр тогтоол үйлдсэн ба Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 

1. Уг мод байхгүй учир хэргийн материалд авагдсан гэрэл зураг болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй байна. 

2. Мод бэлтгэх эрхийн бичгээс үзэхэд дээрх мод нь зохих зөвшөөрөл, журмын дагуу бэлтгэсэн байна. 

3. Х.А, У.Б нарын Булган сумын Олон нүүр гэх газраас бэлтгэсэн мод нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар зохих зөвшөөрөл авсан нь Ойн тухай хууль зөрчөөгүй байна гэжээ. 

Шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийсэн байх хэдий ч тухайн үед нь машин мод зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болохыг шинжээч томилж тогтоолгох шаардлагатай бөгөөд шинжээчийг шүүхийн шатанд томилж болох хэдий ч Х.А, У.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа тухайн хэрэгт нь экологи эдийн засгийн үнэлгээ, мөн тухайн үед нь зах зээлийн ханшаар машин мод ямар үнэтэй байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхдаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн Х.А, У.Б нарт холбогдох хэргийг прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолуудаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа тул хэргийг прокурорт буцааж, тухайн үеийн зах зээлийн ханшаар машин, портер мод ямар үнэтэй байсан талаарх дүгнэлтийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсны дараа Х.А, У.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэх, мөн тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Х.А, У.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газраас мод бэлтгэсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин яллагдагчаар татах боломжгүй юм. Учир нь тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ646/ дугаартай захирамжийн дагуу шинжээч томилж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. уг дүгнэлтээр хэргийн материалд авагдсан гэрэл зураг болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй болохыг тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг шаардахгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад заавал нотолбол зохих байдлыг хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтоохоор хуульчилсан байна. Хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй буюу гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байхад Х.А, У.Б нарын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргийг шийдвэрлэж, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй юм. Иймд тэдгээрийн бэлтгэсэн модны зах зээлд зарж борлуулагдах үнэлгээг тухайн цаг хугацаагаар тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд дээрх үнэлгээг гаргуулах нь зөвхөн Х.А, У.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авахад л ач холбогдолтой байсан. Гэвч яллагдагч Б.Б-ын үйлдсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон дээрх гэмт хэргийн улмаас бусдын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй болсон хор уршиг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 1712002840032 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байхад анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан илт үндэслэлгүй шийдвэр гаргажээ. 

Иймд Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/671 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь  2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд тухайн үеийн зах зээлийн ханшаар машин болон портер модны үнэлгээг гаргах, мөн Х.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцаасан. Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэл нь яллагдагч Х.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тэднийг дахин яллагдагчаар татах боломжгүй байна гэж үзсэн. Учир нь тэдний тээвэрлэж явсан буюу хууль бусаар бэлтгэсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргах боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Х.А, Б.Б нарын үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд экологи эдийн засгийн үнэлгээг заавал тогтоох шаардлагатай бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байх тул тэднийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгчийн захирамжид дурдсан модыг тээвэрлэж явсан автомашины үнэлгээ болон бэлтгэсэн модны зах зээлийн үнэлгээг гаргах нь энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Тухайн модны болон машины зах зээлийн үнэлгээ нь тухайн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээг хэрэглэхэд ач холбогдолтой зүйл юм. Яллагдагч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.А-ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.А-д хүлээлгэн өгч, иргэн Х.А, У.Б  нарт давуу байдал олгосон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй ажиллагааг зааж буцаасан байх тул тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн прокурорын газраас Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, яллагдагч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.А-ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.А-д хүлээлгэн өгч, иргэн Х.А, У.Б нарт давуу байдал олгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж цуглуулсан нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан асуудлууд нь эрүүгийн 1712002840032 дугаартай хавтаст хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тусгагдсан, хэрэгт байхгүй асуудлыг шинээр бий болгохоор заагаагүй байгаа болно.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу, бүрэн гүйцэт явуулах талаар заажээ.

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ

                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ