Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2022/00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01302/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... аймаг, ...... сум, .......  баг, .... хороолол, ..... тоот хаягт оршин байгаа, ........... регистрийн дугаартай, ХТ-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ...... сум, .... баг, ... хороолол ... байр ...  тоот хаягт оршин байгаа, .... регистрийн дугаартай, ДЗГ- ХХК-д холбогдох

 

72 873 337  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагчийн төлөөлөгч Т.Т-, хариуцагчийн өмгөөлөгч П.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХТ-ХХК-ны захирал П.Б- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХТ-” ХХК нь “ДЗГ-” ХХК-ний захирал Т.Т-тай 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 дугаартай 20,000,000 төгрөг зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгээс хонгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шатахууныг бөөний компаниас худалдан авч түүний ашгийг нэмж 20,000,000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед 16,856,000 төгрөгийн шатахууныг Т.Т-т зээлээр өгсөн. Түүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн хүүний төлбөрт 2,539,000 төгрөг төлсөн байдаг. Зээлийг төлөхийг мэдэгдэж  хэд хэдэн удаа уулзсан. Т.Т-ийн хүсэлтээр зээлийн гэрээг бичгээр сунгаж байсан. Иймээс үндсэн зээлд 16,856,000 төгрөг, зээлийн хүү 31,726,225 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 24,291,112 төгрөг, нийт 72,873,337 төгрөгийг ДЗГ- ХХК-аас нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хүүг тооцоолоход 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцсон. Гэрээг бичгээр сунгаж байсан тул Иргэний хуулийн 281.1-д заасан дагуу зээлийн хүү тооцох эрхтэй. Иймээс үндсэн зээл 16,856,000төгрөг зээлийн хүү 31,726,225 төгрөг, алданги 24,291,112 төгрөг, нийт 72,873,337 төгрөгийг “ДЗГ-” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Т- түүний өмгөөлөгч П.Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ХТ-ХХК, ДЗГ- ХХК-ийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талаас түлш шатахууны үнийг төлсөн санагдаж байна. Тэрнээс биш 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18/05 тоот зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр аваагүй. Харин 16 856 000 төгрөгийн шатахууны үнийг төлсөн. Уг түлшийг миний бие уурхай дээр нь хамт ажиллаж байсан хүмүүс маань хүлээж авсан. Тухайн үед уурхайн үйл ажиллагаанаас ямар ч ашиг олоогүй 100 хувь шатсаны улмаас түлшний үнэ 16 856 000 төгрөгийг төлж чадаагүй боловч хүүг нь төлж явж байсан. Гэтэл анх зээлсэн мөнгөн дүнгээс 4,3 дахин их мөнгө буюу 72 873 337 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх боломжгүй байна. Иймд зээлийн хүү 31 726 255 төгрөг, алданги 24 291 112 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үндсэн зээл 16 856 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ХТ-ХХК нь хариуцагч ДЗГ- ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 16 856 000 төгрөг, түүний хүү 31 726 225 төгрөг, алданги 24 291 112 төгрөг нийт 72 873 337 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулж гаргасан тайлбартаа ...ХТ-ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ДЗГ- ХХК-д дизелийн түлш нийлүүлэхээр №18/04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, захиалагч тал төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөрийг Зээлийн гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгасны дагуу мөн өдрөө 18/05 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөрөө төлөөгүй тул шатахууны үндсэн төлбөр 16 856 000 төгрөг, түүний хүү болох 31 726 225 төгрөг, алданги 24 291 112 төгрөг нийт 72 873 337 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн №18/04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч ХТ-ХХК, нөгөө талаас захиалагч ДЗГ- ХХК нар нь харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Дархан-Уул аймаг, Шарын гол сум Буянтын уурхайд 1 тн дизелийн түлшийг 2 100 000 төгрөгөөр тооцон нийлүүлж, нийлүүлсэн хэмжээгээр нийт төлбөрийг тооцон захиалагч тал төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. хх-ийн 3 дугаар тал

Дээрх Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д захиалагч тал төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол Хавсралт 1-д зээлийн гэрээгээр зохицуулж төлнө гэж тусгасны дагуу талууд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №18/05 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар олгох, зээлийн сарын хүү 5 % байхаар, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцжээ. хх-ийн 2 дугаар тал

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар ХТ-ХХК нь захиалагч ДЗГ- ХХК-тай тохиролцсоны дагуу 16 856 000 төгрөгийн дизелийн түлш нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал, хэдийгээр талууд шатахуун нийлүүлэх гэрээг бичгээр байгуулж Ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү гэрээгээр хэн нэгний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэж өгөх харилцаа биш бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч тал үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч нь шатахууны төлбөрт 2 539 000 төгрөгийг төлсөн талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хэдийгээр 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчийн өмчлөлд шатахуун шилжүүлсэн тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

       Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний агуулга зорилго өөр бөгөөд зээлдэгчийн өмчлөлд зээлийн төлбөрийг шилжүүлсэн байхыг шаардаж, түүнийг хэрхэн эгүүлэн төлөх харилцааг зохицуулсан бөгөөд төлбөрийг шилжүүлээгүй байдлыг гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй ба харин талуудын хооронд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог худалдах худалдан авах харилцаа үүссэн гэх үндэслэлтэй тул зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

       Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ДЗГ- ХХК-аас шатахууны үнэ 16 856 000 төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 2 539 000 төгрөгийг хасч 16 856 000 -2 539 000 = 14 317 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХТ-ХХК-д олгож, 58 556 337 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ДЗГ- ХХК-аас 14 317 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХТ-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 556 337 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 417 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229 535  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА