Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00015

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01302/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 72.873.337 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нар оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* ХХК-ны захирал *******аас:

******* ХХК нь ******* ХХК-ний захирал *******тай 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 дугаартай 20,000,000 төгрөг зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шатахууныг бөөний компаниас худалдан авч түүний ашгийг нэмж 20,000,000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед 16,856,000 төгрөгийн шатахууныг *******т зээлээр өгсөн. Түүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн хүүний төлбөрт 2,539,000 төгрөг төлсөн байдаг. Зээлийг төлөхийг мэдэгдэж хэд хэдэн удаа уулзсан. *******ийн хүсэлтээр зээлийн гэрээг бичгээр сунгаж байсан. Иймээс үндсэн зээлд 16,856,000 төгрөг, зээлийн хүү 31,726,225 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 24,291,112 төгрөг, нийт 72,873,337 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хүүг тооцоолоход 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцсон. Гэрээг бичгээр сунгаж байсан тул Иргэний хуулийн 281.1-д заасан дагуу зээлийн хүү тооцох эрхтэй. Иймээс үндсэн зээл 16,856,000 төгрөг зээлийн хүү 31,726,225 төгрөг, алданги 24,291,112 төгрөг, нийт 72,873,337 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* тайлбартаа :

******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талаас түлш шатахууны үнийг төлсөн санагдаж байна. Тэрнээс биш 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18/05 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр аваагүй. Харин 16,856,000 төгрөгийн шатахууны үнийг төлсөн.

Тухайн үед уурхайн үйл ажиллагаанаас ямар ч ашиг олоогүй 100 хувь шатсаны улмаас түлшний үнэ 16,856,000 төгрөгийг төлж чадаагүй боловч хүүг нь төлж явж байсан. Гэтэл анх зээлсэн мөнгөн дүнгээс 4,3 дахин их мөнгө буюу 72,873,337 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх боломжгүй байна. Иймд зээлийн хүү 31,726,255 төгрөг, алданги 24,291,112 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үндсэн зээл 16,856,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр :

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 14,317,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,556,337 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,417 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүхэд ******* ХХК-с 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 18/04 тоот зээлийн гэрээг үндэслэн шатахуун худалдан авахын тулд зээл авсан зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэтэл хамтран ажиллах гэрээний шатахууны үнийн төлбөрт гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас өөр гэрээг үндэслэн шийдвэрлэсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн ч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг шүүх шатахуун авсан үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоног тутамд төлөх үүрэг үүссэн байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэр гаргахдаа үндэслэх хэсгээ хууль зүйн талаас хэрхэн үнэлсэн эсэх нь ойлгомжгүй байна.

Зээлдэгч тал нь биднээс шатахуун худалдан авахаар ******* ХХК-с зээл авсан. ******* ХХК нь НИК ХК-тай шатахуун бөөнөөр худалдан авах гэрээний дагуу ******* ХХК-д борлуулалтын үнээр нь шатахуун нийлүүлж төлбөрийг зээлийн төлбөрөөс шилжүүлсэн.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч хүүгийн төлбөрт 2018 оны 10 сарын 10 өдөр 840,000 төгрөг, 2018 оны 11 сарын 15 өдөр 856,000 төгрөг, 2018 оны 12 сарын 17 өдөр 843,000 төгрөг, нийт 2,539,000 төгрөгийн 3 удаагийн давтамжтай төлсөн.

Шаардлага хангасан гэрээ байгуулсан, гэрээний харилцаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний харилцаа үүсээгүй байхад шүүх хүчин төгөлдөр бус харилцаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ : 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч талын ...бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талуудын хүсэл зориг бүрэн тусгагдсан, хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулсан, зээлдэгч удаа дараа гэрээг сунгах хүсэлт бичгээр гаргасан баримтуудыг хэргийн материалд хавсаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох бичгийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй зэргээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 16,856,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээл болон зээлийн хүүнээс төлөлт хийгдээгүй тул зээл 16,856,000 төгрөг, хүү 31,726,225 төгрөг, алданги 24,291,112 төгрөг, нийт 72,873,337 төгрөгийг гаргуулж өгнө үү гээд, нэхэмжлэлд зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээ,зээлийн нэмэлт гэрээ, зээл,зээлийн хүү,алдангийн тооцоолол зэргийг хавсаргажээ. /хх-1-12/

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... ******* ХХК-д дизелийн түлш нийлүүлэхээр № 18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, захиалагч тал төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөрийг зээлийн гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгасны дагуу мөн өдрөө 18/05 тоот зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөөгүй тул нийт 72,873,337 төгрөг шаардаж байна гэж, /хх-56/

Хариуцагч ******* ХХК-н төлөөлөгч ******* нь талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу түлш шатахууны үнэ 16,856,000 төгрөг төлсөн, харин 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18/05 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр зээлж аваагүй. Тухайн үед уурхайн үйл ажиллагаанаас ямар ч ашиг олоогүйн улмаас түлшний үнэ 16,856,000 төгрөгийг төлж чадаагүй боловч хүү-г нь төлж байсан.

Анх зээлсэн мөнгөн дүнгээс 4,3 дахин их мөнгө буюу 72,873,337 төгрөг нэхэмжилсэн байх тул энэхүү шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү 31,726,255 төгрөг, алданги 24,291,112 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, үндсэн зээл 16,856,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус тус гарган маргасан байна. /хх-22,56/

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар талууд тохиролцсоны дагуу 16,856,000 төгрөгийн 8 тн дизел түлш нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж,

Мөн ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн гэрээг талуудын хооронд бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч тал үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, зээлийн гэрээний агуулга, зорилго нь өөр, зээлдэгчийн өмчлөлд зээлийн төлбөрийг шилжүүлсэн байхыг шаардаж, түүнийг хэрхэн эргүүлэн төлөх харилцааг зохицуулсан бөгөөд төлбөрийг шилжүүлээгүй байдлыг гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна.

Учир нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ, №18/05 тоот зээлийн гэрээ/хх- 2-5/, мөн хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 25, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зээл, зээлийн хүү төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гэх гар бичмэл /хх-6,7/, 16,856,000 төгрөгийн үнэ бүхий 8 тн түлш нийлүүлснийг хүлээн авсан, гэрээний хугацаанд төлөх байсан боловч хугацаандаа төлж чадаагүй тул зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сарын 5 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж тооцон зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхөөр 2018 оны 09 дүгээр 25-ны өдөр тохиролцсон, талуудын гарын үсэг бүхий гэрээ /хх-8/, хариуцагч нь зээлийн хүү гэж 2,539,000 төгрөг төлсөн гэх үйл баримтуудаас үзэхэд :

Талуудын хооронд анх түлш нийлүүлсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч энэхүү гэрээний үүргийг дуусгавар болгож зээлийн гэрээ- байгуулсан нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, энэ нь хэрэгт авагдсан гэрээ-р/хх-8/ тогтоогдож байна.

Тодруулбал, гэрээний талууд нь анх байгуулсан ажил гүйцэтгэх /хх-5/ гэж нэрлэсэн түлш нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн байх бөгөөд уг үүргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ \хх-8\-ндээ солих талаар тохиролцсон урьдчилсан нөхцөл хамтдаа байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-н энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэх нэршил бүхий түлш нийлүүлэх худалдах- худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх тул хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн талууд зээл олгосон хугацаа, эргэн төлөх нөхцөл, зээлийн хүүгийн хувь, анз зэрэг нөхцөлүүдийг зээлийн гэрээ-нд тусгаж, тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 16,856,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, талууд маргаагүй, харин зээлийн хүү болон алданги төлөхгүй хэмээн маргажээ.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчлан зохицуулсан.

Хэргийн үйл баримт, талуудын хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд гэрээний зүйл болох 16,856,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй нь талуудын хооронд зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талд уг үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эсхүл гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх хохирлыг шаардах эрх тус тус үүсдэг.

Иймд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, баталгаа, гэрээ зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэрэгт үндэслэн тооцоог хийлээ.Үүнд:

Зээлийн гэрээний үүрэг 16,856,000 төгрөг, зээлийн хүү 14,301,000 төгрөг/16,840,000 төг - 2,539,000 төг төлсөн = 14,301,000 төг болно/, алданги 8,428,000 төгрөг/гүйцэтгээгүй үүргийн 50 хувь/ нийт 39,585,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,288,337 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 39,585,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,288,337 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 417 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 355 875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 731 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.АМАРСАНАА

                                                                       ШҮҮГЧ                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                       ШҮҮГЧ                 Х.БАЙГАЛМАА