Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/02434

 

 

 

 

 

 

 

 

2021        12          09  

181/ШШ2021/02434

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, А.З-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, давхар, тоотод байрлах, “М” ХХК -д холбогдох,

 

6,441,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.З 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 72-63 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй тоёота приүс маркийн автомашинаа иргэн Б-д зарж борлуулахаар тохиролцож, Баатарсүх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авахаар болж “М” гэх санхүүгийн байгууллага дээр очиж миний автомашины нэрийг санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж авсан боловч автомашины мөнгийг тухайн өдрөө 2,980,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж, үлдэгдэл мөнгөө маргааш өгнө гээд маргааш өдөр нь 500,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгөөгүй тул би автомашинаа эргүүлэн авч үлдэгдэл мөнгөө нэхэж байсан. Тухайн үед би ойлгохдоо санхүүгийн байгууллага нь миний тооцоог бүрэн дуусгаад зээл авсан иргэнтэйгээ гэрээ хийж зээлээ барагдуулдаг зарчмын дагуу ажил явагдана гэж бодож байсан ч нэр шилжүүлсний дараанаас байдал өөр болж эхэлсэн.

Автомашины үлдэгдэл мөнгийг маргааш, нөгөөдөр, долоо хоногийн дараа өгнө гэх зэргээр хойшлуулан явсаар нэмээд нийлүүлээд өгнө гэж надаар санхүүгийн байгууллагын данс руу 441,000 төгрөг хийлгээд алга болсон тул би санхүүгийн байгууллага дээр очиж уулзан автомашинаа буцааж авъя, авсан мөнгөө буцааж өгье, 500,000 төгрөг нэмж өгье гэсэн боловч надаас нэмж 1,444,000 төгрөг нэхэж бид тохиролцолд хүрээгүй тул санхүүгийн байгууллага шүүхэд хандаад шийдүүлнэ гэж хэлж байсан боловч шүүхэд хандалгүй намайг тагнан мөшгиж миний автомашиныг шөнөөр ирж хүч хэрэглэн авч явж, бүрэн өөртөө шилжүүлээд байна.

М ХХК нь ломбард байж цахим орчинд банк бус санхүүгийн байгууллага учраас зээл гаргана гэж хэлээд залилан хийдэг. Монгол Улсын Засгийн Газрын 183 дугаар тогтоолын хүчинтэй хугацаанд миний хувийн хашаанаас автомашиныг шөнийн цагаар хулгайлж авч явсан. Нэхэмжлэгч болон худалдаж авсан Х.Б хоёрын гараар бичсэн зүйл хэргийн материалд их байдаг. Үүнийг өөрөө бичээгүй ломбардны хүн зааж бичүүлсэн ба автомашины үндсэн үнийг огт бичүүлээгүй байсан. Ломбард өнөөдрийг хүртэл хуульгүй явж байна, сүүлд журамд нь бага хэмжээний өөрчлөлт орсон. Ломбард нь автомашиныг авч явсанд үнэхээр гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Иймд нэгэнт миний автомашиныг авч явсан тул үлдэгдэл мөнгө болох 6,441,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“М” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдөр иргэн Х овогтой Б-тэй 72-63 УНН улсын дугаартай Тоёота Приүс маркийн автомашин барьцаалж унуулах нөхцөлтэйгөөр фидуцийн гэрээний үндсэн 3,500,000 төгрөгийн зээл олгосон. Уг автомашин нь А.З-ийн нэр дээр байсан ба “А.З нь өөрийн найз Х.Б-д зарж борлуулж байгаа нь үнэн бөгөөд бид хоёрын хооронд уг машинтай холбоотой төлбөр тооцоо байхгүй” гэсэн А.З-ийн бичгээр гаргасан хүсэлт дээр үндэслэж Х.Б-д зээл олгосон болно.

Х.Б нь уг зээлийн гэрээний эргэн  төлөлтийн графикийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлж зөрчиж эхэлсэн. Зээлдэгчтэй манай зүгээс  удаа дараа холбогдож зээлийн төлөлтийг хийхийг шаардахад уг автомашиныг  А.З буцааж авсан  байгаа тул би зээл төлөх шаардлагагүй гэж мэдэгдсэн.

          2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х.Б-д зээлийн гэрээтэй холбоотой мэдэгдэл хүргүүлэхэд уг төлбөрийг миний зүгээс барагдуулах боломжгүй, уг зээлийн гэрээний төлбөрт барьцаа хөрөнгө болох 7263 УНН улсын дугаартай Приус маркийн автомашинаар хангуулах хүсэлт гаргаж уг автомашин нь А.З-ийн  дүүргийн нутаг дэвсгэр дэх хашаанд нь байгаа болохыг хэлж, гэрээний үүргийг дуусгавар болгохыг хүссэн.

          Иргэн А.З, Х.Б нарын хоорондын төлбөр тооцоо нь манай байгууллагад хамаагүй бөгөөд гэрээний төлбөрөө төлөөгүй байсан тул автомашиныг гэрээний үүргийн дагуу авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч А.З нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 441,000 төгрөг, нийт 6,441,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

            “М” ХХК нь барьцаалан зээлдүүлэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х.Б-тэй харилцан тохиролцож, №УБ200709/03 тоот “Барьцаат зээлийн гэрээ” /Фидуцийн гэрээ/ байгуулан 3,500,000 төгрөгийг, 1 сарын 7 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай олгож, А.З-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн 7263 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч А.З-д 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн, А.З нь зээлийн хүүд 441,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээний хуулбар, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

           

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М” ХХК нь ломбард атлаа банк бус санхүүгийн байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж иргэдийг залилдаг. Автомашиныг хулгайгаар авч явсан тул зөрүү мөнгө 6,000,000 төгрөг, хүүд төлсөн 441,000 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч татгалзлаа “Зээлийн гэрээний хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан” гэж тус тус тайлбарлаж байна.

 

            Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч буюу субъектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон байдаг ба барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан.

           

            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд “М” ХХК нь барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах буюу фидуцийн гэрээ байгуулах эрхгүй байна.

 

            Иймд “М” ХХК, Х.Б нарын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

            “М” ХХК-ийн олгосон зээл Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарах учиртай бөгөөд мөн хуулийн 286.3.-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж заажээ.

 

            Хариуцагч “М” ХХК нь А.З-ийн өмчлөлийн автомашиныг 6,500,000 төгрөгөөр тооцож барьцаалсан гэх боловч гэрээнд энэ талаар тусгагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч баримтаар няцаагаагүй, тухайн автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч А.З-ийн автомашины төлбөр 9,500,000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг хасч, автомашины үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.З-д олгох үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “М” ХХК-д төлсөн зээлийн хүү 441,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож болно” гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 441,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь диспозитив зарчимд нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 441,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нэхэмжлэгч А.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.З-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ