Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00488

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00488

 

 

 

*****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02434 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *********ХХК-д холбогдох

6,441,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***** би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ***УНН улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслээ **** 9,500,000 төгрөгт худалдахаар тохиролцсон. Тэрээр тээврийн хэрэгслийг зээлээр авахаар болж *********ХХК-д нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж, төлбөр 2,980,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгөөгүй. Үлдэгдэл төлбөрийг маргааш нөгөөдөр гэж хойшлуулсаар, надаар банк бус санхүүгийн байгууллагын дансанд 441,000 төгрөг хийлгээд алга болсон. Би ойлгохдоо санхүүгийн байгууллага нь миний тооцоог бүрэн дуусгаад зээл авсан иргэнтэй гэрээ хийж зээлийн төлбөрийг барагдуулна гэж бодож байсан боловч тээврийн хэрэгслийн нэр шилжүүлснээс хойш байдал өөр болсон.

Би тус санхүүгийн байгууллага дээр очиж уулзан автомашинаа буцааж авъя, авсан мөнгөө буцааж өгье, 500,000 төгрөг нэмж өгье гэсэн боловч надаас 1,444,000 төгрөг нэхэж бид тохиролцоонд хүрч чадаагүй, *********ХХК шүүхэд хандахаар болсон.

Монгол Улсын Засгийн Газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хорио тогтоосон хугацаанд тус банк бус санхүүгийн байгууллага нь миний хувийн хашаанаас тээврийн хэрэгслийг шөнийн цагаар /хулгайлж/ авч явсанд гомдолтой. Хэрэгт ***-ийн гараар бичсэн хүсэлтэд тээврийн хэрэгслийг үнийг бичээгүй. *********ХХК нь миний тээврийн хэрэгслийг авч явсан тул үлдэгдэл мөнгө 6,441,000 төгрөгийг тус байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *********ХХК-ийн тайлбарын агуулга: Манай компани 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр **-***-тэй ** УНН улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг унуулах нөхцөлтэйгөөр барьцаалж, 3,500,000 төгрөгийн зээл олгосон.

Дээрх тээврийн хэрэгсэл *****-ийн нэр дээр байсан. ***** өөрийн найз ***д зарж борлуулж байгаа, бидний хооронд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоо байхгүй гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн манай компани ***д зээл олгосон.

Зээлдэгч *** 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардахад тэрээр тээврийн хэрэгслийг ***** буцааж авсан тул би зээл төлөх шаардлагагүй гэж мэдэгдсэн. *** тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *****-ийн хашаанд байгаа гэдгийг хэлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан.

*****, *** нарын хоорондын төлбөр тооцоо нь манай компанид хамаагүй бөгөөд гэрээний төлбөрөө төлөөгүй тул тээврийн хэрэгслийг гэрээний үүргийн дагуу авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********ХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 441,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч *****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********ХХК-аас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *********ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Тус компани барьцаалан зээлдүүлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ***тэй харилцан тохиролцоод УБ200709/03 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай олгож, *****-ийн өмчлөлийн *** УНН улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж, өмчлөх эрхийг ***ээс шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч ***** нь тус тээврийн хэрэгслийг ***д худалдан борлуулж байгаа, зээлийн барьцаанд тавиад үнийг гаргуулж өгөхөөр бид харилцан тохиролцсон гэх тайлбар гаргадаг.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан. Зээлдэгч *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир мөн зүйлийн 286.3 дах хэсэгт заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. *** нь надад тээврийн хэрэгсэл байхгүй, худалдан борлуулахад татгалзах зүйлгүй. ***** тээврийн хэрэгслээ авсан, мөн 3,500,000 төгрөгийг авсан гэсэн тул барьцаа хөрөнгийг мэдэгдэл хүргүүлснээс хойш 10 хоногийн дараа 6,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хэргийн 28, 29, 31 талд авагдсан тайлбар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын албан бичгээр манай компани хууль бус ажиллагаагүй хийгээгүй болох нь нотлогдоно.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг баримтлан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч ***** нь тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгөөр үнэлж, зөрүү 6,000,000 төгрөг гаргуулахаар шаарддаг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хариуцагчаас зөрүү 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *********ХХК-д холбогдуулан 6,441,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 23/

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашинаа ***д худалдахаар тохиролцож, *** нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлөхөөр болсон, ... машины нэрийг санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж авсан, автомашины мөнгө 2,980,000 төгрөг миний дансанд шилжүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөг өгөөгүй учир машинаа эргүүлэн авсан, надаар дансанд 441,000 төгрөг хийлгээд алга болсон ..., ... тус байгууллага нь зээл гаргана гэж залилан хийдэг ..., ... машиныг хүчээр аваад явсан учир үлдэгдэл мөнгийг гаргуулна гэж тайлбарлажээ. Хариуцагч тал ***ээс зээлийн үүргээ гүйцэтгэхийн шаардахад ***** машинаа буцааж авсан, би төлөх шаардлагагүй гэж мэдэгдсэн, ... *** зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулах хүсэлт гаргасан, ... *****, *** нарын хоорондын төлбөр манайд хамааралгүй, гэрээний үүргийн дагуу машиныг авч 6,500,000 төгрөгөөр бусдад худалдсан ... гэж маргасан байна. /хх-70-71/

5.***** болон *********ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй. *** нь, *********ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан байдаг. /хх-4-5/

6.Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа, эсхүл хуулийн дагуу ***, *********ХХК нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа нь тодорхойгүй. Уг асуудлаар анхан шатны шүүх талуудаас тодруулж, мэтгэлцүүлээгүй байна.

7.Нэхэмжлэгч нь автомашиныг 9,500,000 төгрөгөөр ***д худалдсан, хариуцагч тал 6,500,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан гэх тайлбарыг тус тус гаргасан бөгөөд энэ талаарх үйл баримт баримтаар тогтоогдоогүй./хх-72/

8.Нөгөөтэйгүүр, шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхтэй холбоотой холбогдох ажиллагаа явуулаагүй байна.

9.Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02434 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД