Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 38

 

Ш.Д, З.О нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                    Б.Б 

Шүүгдэгч                    Ш.Д, 

Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Ш.Д, З.О нарт холбогдох 1912005830092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, статистикч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш.Д 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, тус аймгийн Цэнхэр суманд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр  хүүхдүүдийн хамт, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Өлзийт тээл гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З.О 

Шүүгдэгч Ш.Д нь тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ойжуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс мод бэлтгэн, ойн санд 58.500 төгрөгийн хохирол учруулж, ажлын газрынхаа эзэмшлийн 25-67 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, шүүгдэгч З.О нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ш.Дын Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр  куб хэмжээтэй 15 ширхэг хуурай шинэс модонд АРА-032222 серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 11 дүгээр сард нөхөн олгож, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Дын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Оыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Дын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 85600 төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг хуурай шинэс 1.5 м3 модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Даас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д, шүүгдэгч З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д, З.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д, З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бгийн гаргасан эсэргүүцэлд: Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Ш.Д нь тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ойжуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.5 метр куб хэмжээтэй, 15 ширхэг хуурай шинэс мод бэлтгэн ойн санд 58 500 төгрөгийн хохирол учруулж, ажлын газрынхаа эзэмшлийн 25-67 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Шүүгдэгч З.О нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ш.Дын Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Өлийн даваа гэх газраас зөвшөөлгүйгээр бэлтгэсэн 1.5 метр күб хэмжээтэй, 15 ширхэг хуурай шинэс модонд АРА-032222 серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2019 оны 11 дүгээр сард нөхөн олгож, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Ш.Д, З.О нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д, З.О нарт холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ш.Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Оыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д, З.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Ш.Д нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 175.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэгээс тодорхой харагдана.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ш.Дын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж, 10 дахь заалтад “... шүүгдэгч Ш.Д, З.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй” гэж тус тус заасан байна. Дээрх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн зарим дүгнэлтүүд нь тогтоох хэсгийн зарим заалтуудтай зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангахгүй байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШТ/169 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Оыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ш.Д, З.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Ш.Д нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 175.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ш.Дын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж, 10 дахь заалтад “... шүүгдэгч Ш.Д, З.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй” гэж тус тус заасан байна. Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн зарим дүгнэлтүүд нь тогтоох хэсгийн зарим заалтуудтай зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Бгийн гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Ш.Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийг төрийн албан хаагч байхдаа үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хэрэг нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийсэн тодорхойлох хэсэгт түүнийг төрийн албан хаагч байхдаа зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэсэн атлаа тодорхойлох хэсгийн зүйлчлэлд дүгнэлт хийсэн хэсэг, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... төрийн албан хаагч...гэсэн хүндрүүлэх шинжийг орхигдуулж дүгнэлт хийж, түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно. 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Д, З.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ