Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 41

 

Ж.Б, Х.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                       Прокурор                                С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ц.Б, С.П 

                       Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, С.П нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б, Х.Б нарт  холбогдох 1912002140244 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Баартын бургаст гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Б 

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Шоононгийн ар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.Б

Шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багаас иргэн Э.Ш-ын өмчлөлийн 6 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: хохирогч Э.Ш “... 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө өөрийн цэнхэр хадагтай хонгор азаргатай 48 тооны адуугаа алдсан. Миний Цэнхэр хадагтай хонгор азаргатай адуу гэрийн ойролцоо байнга байдаг хол явдаггүй адуу. Алддаг шөнө морь аргамжаад аргамжааны цаахна талд байж байсан. Тэгээд өглөө босоод би адуугаа хайгаад олоогүй. Тэрнээс хойш би адуугаа хайсаар байгаад 2018 оны 12 сарын 31-нд Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Баянхошуу гэх газраас цэнхэр хадагтай хонгор азаргатай адуугаа олж авахад 11 тооны адуу дутсан байсан...” гэж, гэрч Л.Б “...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө цэнхэр хадагтай хонгор азаргатай хөх гүү, хонгор гүү, шарга гүүтэй адуугаа алдсан. Манай адуу гэрээс хол явдаггүй адуу болохоор нэг шөнийн дотор ингэж хол явна гэж байхгүй хүн хөөгөөд явчихлаа гээд манай нөхөр Э.Ш, хүү Ш.Д нар адуугаа хайгаад олоогүй. Тэгээд Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг ногоон зам гэх газар сураг гараад араас нь явж байгаад Алаг-Уул багийн Баян хошуу гэх газраас манай нөхөр Э.Ш олж аваад ирэхдээ манай адууны хамаг шилмэл тарган гүүнүүд нь алга болсон байна нийтдээ 11 тооны адуу байхгүй байсан...” гэж, гэрч Ц.Цэрэннадмид “...Архангай аймгийн төвд Х.Бтай таарахад Э.Ш ахын алдсан 10 гаран тооны адуунд намайг хардаад шалгаж байна гэхэд Х.Б би Э.Ш ахын хонгор азаргатай адууг тууж Ж.Б ахын авчирч 9-ыг авсан юм даа яагаад 10 гаруй болов гэж ярьж байсан...” гэж, гэрч Ш.Дийн өгсөн “...2018 оны 12 сарын эхээр хүзүүндээ цэнхэр хадагтай хонгор азаргатай 48 тооны адуугаа алдаад сураг гарахгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Алаг-Уул багийн төвийн хажууд сураг гарахад нь хайж явж байгаад Алаг-Уул багийн Хануй голийн Баянхошуу гэх газраас манай аав Э.Ш алдсан Хонгор азаргатай адуугаа олоход 11 тооны адуу дутсан байдалтай байсан...” гэж, гэрч С.Д “...Манайх Э.Шынхтай нэг нутагт ойролцоо байдаг 2018 оны 12 сарын дундуур Э.Ш хонгор азаргатай адуугаа алдчихлаа гээд хайгаад явж байсан надтай 2 удаа таарсан...” гэж, гэрч Ж.Б “...Х.Б 2018 оны 10 сард ярихдаа хоёулаа Шын адууг хулгай хийе, Ш надад хоншооргүй зан гаргасан, би чадмаар байна гэж ярьсан. Түүнээс хойш 2018 оны 12 сард над руу залгаж ярихдаа та хүрээд ирээ миний мотоцикл Хүүшийн аманд эвдэрчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь мотоциклтой яваад очиход Х.Б нэлээн арвин адуу туусан манай хаваржааны зүг явж байсан, уг адууны азарга нь хонгор зүсмийн биеэр дунд зэргийн адуу байсан, нийтдээ 40 орчим тооны морьдгүй шахуу адуу байсан...гэж тус тус мэдүүлжээ.

  Харин шүүгдэгч Х.Б, Ж.Б нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 6 тооны адуу туусан талаар мэдүүлсэн байдаг. Хохирогч Э.Ш болон гэрч Л.Б, Ц.Ц, Ш.Д, С.Даваадорж, Ж.Б нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн хохирогч Э.Шын 6 тооны адуу хулгайд алдагдсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул хэргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Мөн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, тус зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан, прокурор шүүгдэгч нарыг бусдын 6 тооны адуу хулгайлсан гэсэн атлаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлалгүй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 03 сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, яллах дүгнэлт үйлджээ гээд 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Х.Б нарт холбогдох 1912002140244 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамжийг прокурор болон яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Ж.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогч Э.Ш болон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн хохирогч Э.Шын 6 тооны адуу хулгайд алдагдсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул хэргийн прокурорт буцаах зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь шүүгдэгч Х.Б нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багаас иргэн Э.Шын өмчлөлийн 6 тооны адууг хулгайлан гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа өөрийн унаж явсан мотоциклыг эвдэрлээ гэж Ж.Бг дуудсан байдаг юм. Шүүгдэгч Х.Б нь хохирогч Э.Шын 48 тооны адууг хулгай хийгээгүй бөгөөд адууны захаар бэлчиж байсан 6 тооны адууг хулгай хийсэн төдийгүй Ж.Б нь Х.Бын хулгай хийсэн 6 тооны адууг буцааж гэрийнх нь зүг туусан байдаг юм. Хохирогч шүүх хурал дээр өөрийн адуугаа тасарч явдаг талаар мэдүүлээд 11 тооны адуу дутсан байсан, харин 5 сард азарган үрээ нь дөрвөн байдас тастаад хураагаад явсан байсан бөгөөд дандаа тасарчхаад байдаг адуу гэж шүүх хуралдаан дээр мэдүүлдэг юм. Шүүгдэгч Ж.Б нь Х.Бтай бүлэглэж бусдын адууг хулгай хийгээгүй харин шүүгдэгч Х.Б нь бусдын 6 тооны адууг хулгай хийсэн байдаг юм. Иймд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой байна. Мөн шүүгдэгч Х.Бын хулгайн үйлдэл нь 2018 оны 12 дугаар сард үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон өөрчлөлт нь хамаарахгүй учир прокурорын яллагдагчаар татсан тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/689 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Шын 6 тооны адууг алдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, тус зүйлийн тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан, прокурор шүүгдэгч нарыг бусдын 6 тооны адуу хулгайлсан гэсэн атлаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлалгүй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, яллах дүгнэлт үйлджээ.” гэж дүгнэн хэргийг Архангай аймгийн Прокурорт буцаасныг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулах боломжтой байсаар байхад үндэслэлгүйгээр буцаасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Э.Шын бэлчээрт байсан адуу байхгүй болж, түүнээс 2 тасарч, адуу нь эргэж ирсэн үйл явдал тогтоогддог, харин Х.Б, Ж.Б нарын адууг бүгдийг хулгайлж туусан талаар үйл баримт тогтоогддоггүй, Х.Б 6 тооны адуу тасалж км орчим тууж, Ж Бд өгсөн, түүнийг Ж.Б эргүүлж туусан талаараа мэдүүлдэг. Мөн үүнийг үгүйсгэсэн нотлох баримт байдаггүй. Гэсэн атал шүүх шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх агуулгаар хэргийг буцааж байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар байхгүй. Миний хувьд энэ хэргийг өөр прокуророос шилжүүлж аваад тухайн үед мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Анх энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн 48 тооны адуунаас 37 тооны адуу олдсон. Дахиад 6 сарын дараа байх 5 тооны адуу нь гүйж ирсэн гэдэг. Энэ нь хэрэгт авагдсан байдаг. Иймээс зүйлчлэлийг өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 тооны адуу хулгайлсан гэдгээр зүйлчилж шүүхэд өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нь тогтоогддог учраас анхан шатны шүүх үүнийг шийдвэрлэх боломжтой байсан боловч шүүгчийн захирамжаар хүндрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Тэгэхээр анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэхдээ нотлогдоогүй байдлыг үнэлсэн гэж харж байгаа. Шүүгдэгч Ж.Бгийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг. Гэтэл Ж.Бгийн мэдүүлгийг үндэслэл муутай байна гэж харж, энэ хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хохирогч Э.Ш 48 тооны  адуу алдсан гэдэг боловч дараа нь 37 тооны адуугаа олж авсан байдаг. Мөн дараа нь 11 тооны адуу олдохгүй байна гэдэг бөгөөд 5 тооны адуугаа олж аваад, харин 6 тооны адуугаа олж аваагүй ийм асуудал байдаг. Э.Шын адуу бэлчээрээсээ шилрээд яваад өгдөг талаар тэрээр шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Мөн 1 үрээ нь 4 байдсыг нь хураагаад явсан бөгөөд тэдгээр адууг мөн олж авсан байдаг. Үндсэндээ 42 тооны адуугаа олж авсан байдаг. Гэтэл анх Х.Б 6 тооны адуу хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Х.Б нь 6 тооны адуу хулгай хийчхээд Ж.Бг мотоцикл эвдэрчихлээ гэж дуудсан байдаг.  Ж.Б очоод хөгшин хүнийг хулгайн хэрэгт оруулчихлаа,  чи яаж хулгай хийж болдог юм бэ гээд буцаагаад 6 тооны адууг нь Э.Шын гэрийн зүг туусан байдаг.  Гэтэл 6 тооны адуу нь очоогүй байдаг. Тиймээс энэ хоёр хүний мал хулгай хийж туусан хэрэгт холбогдоод байгаа юм. Х.Бын хувьд хулгай хийж, Ж.Бгийн хувьд буцаан туусан ч тэдгээр 6 тооны адуу нь очоогүй учраас төлж барагдуулсан.  Хохирогч зүгээс одоо гомдол санал байхгүй. Учир нь 42 тооны адуугаа олж авсан бөгөөд яаж олж авсан талаараа шүүх хуралдаанд мэдүүлдэг. Гэтэл хэрэг дотор хэргийн болсон үйл явдлыг нүдээр харж гэрчлээгүй гэрч  н.Ц, н.Д, н.Б нарын мэдүүлгээр шүүх олон тооны адуу хулгай хийсэн, тэгэхдээ хамтран  хулгай хийсэн гэж үзэх гээд байгаа нөхцөл байдал харагдаж байна. Шүүгчийн зүгээс прокурорын 6 тооны адуу хулгай хийсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй байна гэж үзээд буцааж байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг хүндрүүлж байна. Ж.Бгийн хувьд 6 тооны адууг хулгай хийгээгүй бөгөөд хийгээгүй үйлдлийг нь тулгаж хүлээлгэх гэсэн, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулаад байгаа юм уу, ажиллагаа дутуу гэж шүүгчийн дүгнэсэн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс Х.Бын 6 тооны адууг хулгай хийсэн яллах дүгнэлтийн хүрээнд түүнийг шийтгэх боломжтой. Ж.Бгийн хувьд анх шалгагдаж байхдаа хулгай хийгээгүй гэж үнэнээ хэлж байсан бөгөөд сүүлд нь хэнээс ч дуулсан юм гэм буруугаа хүлээвэл хөнгөн шийтгэл оногдуулна гэхээр нь хулгай хийсэн гэж хэлсэн байдаг.  Энэ талаар ч өөрөө маргадаггүй. Ж.Бгийн хувьд уг нь би гэрийн зүг рүү нь туусан боловч очоогүй байсан, энэ үйлдэлдээ би гэм буруугаа хүлээж байна гэж хэлдэг. Тэгэхээр өмгөөлөгч миний хувьд Ж.Б болон Х.Б нарт холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэр хэмжээний хувьд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Хэргийг заавал буцаах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг шүүгч захирамжаар дурдсан. Үүнд 6 тооны адуу хулгайлсан үйлдэлд дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах хэрэгтэй гэсэн. Өмгөөлөгч миний хувьд  тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх зүйл заалтыг хэрэглэх ёстой гэж бодож байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлахгүйгээр шүүхээс  алдааг засах боломжтой юм. Тухайн заалтыг журамлалаа гэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй, дордуулахгүй эсэх нь энэ хоёрын үйлдлээр харагддаггүй. Яагаад гэхээр болсон үйл явдал нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиас өмнө 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон ийм асуудал байгаа. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн  үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Б өмгөөлөгчтэй агуулга адилхан гомдол гаргасан байгаа.  Анхан шатны шүүх хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлгээр үүнийг үгүйсгэсэн баримт байна гэж үзээд гэрч н.Б, н.Д нарын мэдүүлгийг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж буцаасан байна. Гэтэл анхан шатны шүүгчийн захирамжид дурдаад байгаа энэ гэрч нар яг адууг туугаад явж байхыг харсан гэрч нар биш бөгөөд хохирогч Э.Ш 48 тооны  адуу алдсан гэдгийг дам сонссон хүмүүс байдаг. Э.Ш анхан шатны шүүх хурал дээр тодорхой хэлсэн. Тэрээр манай адуунууд тасарч явдаг бөгөөд тасрахаар нь нийлүүлж хураадаг гэж анхан шатны хурал дээр яригдсан нөхцөл байдал байна. Урьд өмнө хэргийг ямар байдлаар шалгасныг нүдээрээ хараагүй болохоор мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцахад Х.Б, Ж.Б нарыг мэдүүлэг өгөх үед цагдаагийнхан та нар авсан гэдэг зүйл ярихад нь тухайн үед сандраад мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгчид ярьдаг. Гэхдээ бид хараагүй учраас үнэхээр нэг талыг барьж шалгасан гэж хэлж чадахгүй. Энэ нөхцөл байдал тухайн үед яригдсан учир гомдол санал гаргаж, нэлээн ажиллагаа хийгдсэн. Тэгээд 48 тооны адуу нь 6 тооны адуу болох асуудал яригдсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хүртэл хийгдсэн бөгөөд тухайн үед тодорхой хэмжээгээр нотлогдсон асуудал байгаа юм. Ийм асуудал дээр анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дордуулж, хүндрүүлэх нөхцөлөөр буцаагаад байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, С.П нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Х.Б нарыг бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багаас иргэн Э.Шын өмчлөлийн 6 тооны адууг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

    Хохирогч Э.Ш болон гэрч Л.Б, Ц.Ц, Ш.Д, С.Д, Ж.Б нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн хохирогч Э.Шын 6 тооны адуу хулгайд алдагдсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, мөн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, тус зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан, прокурор шүүгдэгч нарыг бусдын 6 тооны адуу хулгайлсан гэсэн атлаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлалгүй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 03 сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 689 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                     Д.БЯМБАСҮРЭН

                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ