Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

 

 

                          2021/ШЦТ/214

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

                 Улсын яллагч: Б.Буяндалай

                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн

                 Шүүгдэгч: Ж.Б, Х.Б

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Б, М овогт Хын Б нарт холбогдох 1912002140244 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Хын Б/РД:АР................/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Жгийн Б/РД:АР..................../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                 Шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Шын өмчлөлийн 48 тооны олон тооны адууг хулгайлж, 43.150.000/дөчин гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

    

     *Эрүүгийн 1912002140244 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

             *Хохирогч Э.Шын өгсөн:

 “...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө өөрийн цэнхэр хадагтай хонгор азаргатай содон гэвэл тод хөх бор гүү, хонгор буурал гүү, шарга гүү, гэсэн 48 тооны адуугаа алдсан. Миний Цэнхэр хадагтай хонгор азаргатай адуу гэрийн ойролцоо байнга байдаг хол явдаггүй адуу. Алддаг шөнө морь аргамжаад аргамжааны цаахан талд байж байсан. Тэгээд өглөө босоод би адуугаа хайгаад олоогүй. Тэрнээс хойш би адуугаа хайсаар байгаад 2018 оны 12 сарын 31-нд Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Баянхошуу гэх газраас цэнхэр хадагтай хонгор азаргатай адуугаа олж авахад 11 тооны адуу дутсан байсан. Тэгээд байгаа адуугаа туугаад харьсан. Миний цэнхэр хадагтай хонгор азаргатай 48 тооны адуунаас 11 тооны адуу байхгүй байсан. Миний алдсан 11 тооны адуунууд бүгд хурдны удамтай угшилтай гүүнүүд байсан хөх бор гүү нас нийлж байгаа зөв талын гуяан дээр ширээтэй зуузай тамгатай би энэ гүүгээ 1.800.000  төгрөгөөр үнэлж байна. Энэ гүү Ж.Аийн бор азарга гэх хурдан адууны төл учраас хурдны удамтай гүү. Хонгор буурал гүү нас нийлж байгаа зөв талын гуяан дээр Э үсгэн тамгатай энэ гүүгээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ гүү нь Бгийн хурдан буурал морины төрсөн дүү нь болох хурдны угшилтай гүү, Хонгор гүү нас нийлж байгаа зөв талын гуяан дээр Э үсгэн тамгатай энэ гүүгээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна энэ гүүний ах нь суманд 4 жил түрүүлсэн халтар морины дүү нь учир хурдны удамтай. Хар дэлтэй хонгор гүү нас нийлж байгаа зөв талын гуяан дээр Ө үсгэн тамгатай энэ гүүгээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна энэ гүү нь хурдны удамтай би Ж.Бгаас авсан хурдны удамтай. Хээр азарган үрээ соёолон зөв талын гуяан дээр Э үсгэн тамагтай энэ үрээгээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна энэ үрээг би Сүхбаатараас шүдлэн үрээ 2.500.000 төгрөгөөр авсан. Хүрэн үрээ хязаалан зөв талын гуяан дээр Э үсгэн тамгатай энэ үрээг 1.800.000 төгрөгөөр үнэлж байна, суманд 4 түрүүлсэн халтар морины удам хурдны угшилтай. Хонгор байдас хязаалан зөв талын гуяан дээр ембүү тамгатай энэ хязаалан үрээг 1.800.00 төгрөгөөр үнэлж байна, миний хурдан хонгор азарганы төл хурдны угшилтай. Хүрэн гүү нас нийлж байгаа зөв гуяан дээр Э үсгэн тамгатай А гэх хүнээс авсан хээр гүүний төл хурдны угшилтай. Хээр гүү нас нийлж байгаа зөв гуяан дээр ширээтэй зуузай тамгатай энэ гүүгээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна, өөрийн унаган адуу хурдны угшилтай. Хүрэн гүү нас нийлсэн зөв гуяан дээр Э үсгэн тамгатай энэ гүүгээ 1.800.000 төгрөгөөр Аийн хурдан бор азарганы төл хурдны угшилтай. Хонгор үрээ соёолон зөв талын гуяан дээр Э үсгэн тамгатай энэ үрээг 1.800.000 төгрөгөөр үнэлж байна Сүхбаатар аймгаас авсан хонгор азарганы төл хурдны угшилтай. Би 1994 оноос морь уяж эхэлсэн 2015 онд сумын алдарт уяач цол авсан 2016 онд улсын сайн малчин болсон. Би 5 азарга адуутай би ер нь адуу цуглуулах дуртай учир хурдны удамтай хурдан адуунууд цуглуулдаг. Миний энэ гүүнүүдийг хурдны удамтай талаар нь Л.Г, Ж.А, В.Б нар мэднэ. Би алдсан адуугаа хайхдаа бензин тос хийж 1.300.000 төгрөгийн зардал гарсан. Би тэгэхээр 11 тооны адууны зардал болох 19.800.000 төгрөг адууг эрж хайхад гарсан зардал болох 1.300.000 төгрөг нийтдээ 21.100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 32-34 дүгээр тал/

*Хохирогч Э.Шын дахин өгсөн:

“...Миний 48 тооны адууг хулгайлсан Ж.Б, Х.Б нарын хадам аав ээж нар нь 2019 оны 05 дугаар сарын эхээр шөнийн 22 цагийн орчим манайд уучлалт гуйж ирсэн. Тэгэхээр нь би та нарын өмнөх асуудлыг чинь уучлаад өнгөрөөсөн одоо бол уучилж чадахгүй гэж хэлсэн. Мөн Х.Б надад өс санаж 48 тооны адууг хулгайлсан гэж хэлсэн юм. Мөн би тухайн ирсэн хүмүүст Х.Б өмнө манайд ирээд манай гэрийн гадаа байсан мотоциклийг дайрч байсныг тухайн үед нь тохиролцоод зүгээр салсан юм. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Далт гэх газраас өөрийн эзэмшлийн Хонгор азаргатай 48 тооны адуугаа хулгайд алдсан. Би 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хонгор азаргатай 48 тооны адуугаа хулгайд алдаад 1 сарын дараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Баян хошуу гэх газар манай хулгайд алдсан хонгор азаргатай адуу маань гүйж ирсэн. Байсан. Миний хулгайд алдсан хонгор азаргатай 48 тооны адуунаас 37 тооны адуу нь ирсэн бөгөөд 11 тооны адуу нь байхгүй байсан. Тухайн 11 тооны адуунаас 5 тооны адуунаас буурал гүү, хонгор гүү, хээр азарган үрээ, хүрэн гүү, хээр гүүнүүд нь гүйж ирсэн. Мөн тухайн 5 тооны гүйж ирсэн адуунаас хээр зүсмийн азарган үрээ нь их унагдсан байсан. 6 тооны адуу нь одоог хүртэл олоогүй байна. Х.Б, Ж.Б нар нь миний 48 тооны адууг санаатай хулгайлсан гэж бодож байгаа. Ж.Бтай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Харин Х.Б надад өс санадаг юм шиг байна лээ. Яагаад надад ингэж өс санаж байгааг нь мэдэхгүй. Би Х.Б надад өс санаж миний эзэмшлийн хонгор азаргатай 48 тооны адууг хулгайлсан гэж бодож байгаа. Би Х.Бт их гомдолтой байна. Яагаад надад өс санаж миний өөрийн эзэмшлийн 48 тооны адууг Ж.Бтай нийлж хулгайлах болсон юм, би тэрэнд нь их гомдолтой байна. Түүнээс би хохирол төлбөрөө бүрэн гүйцэт авсан байгаа. Ж.Б надад ярихдаа уучлалт гуйсан, Х.Б манай гэрийн гадаа танай хонгор азаргатай 48 тооны адууг тууж ирээд өвөлжөөн дээр авч ирээд би танай адууг урагш нь гаргасан гэж хэлсэн. Ж.Б манай гэрийн сайн мэдэж байгаа хэрнээ эерэг зүгт гаргасан нь санаатай хулгай хийх зорилготой байгаа нь Ж.Бгийн ярьж байгаагаар би ойлгож байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-40 дүгээр тал/

 

*Гэрч Л.Бийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө цэнхэр хадагтай хонгор азаргатай хөх гүү, хонгор гүү, шарга гүүтэй адуугаа алдсан. Манай адуу гэрээс хол явдаггүй адуу болохоор нэг шөнийн дотор ингэж хол явна гэж байхгүй хүн хөөгөөд явчихлаа гээд манай нөхөр Э.Ш, хүү Ш.Д нар адуугаа хайгаад олоогүй. Тэгээд Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг ногоон зам гэх газар сураг гараад араас нь явж байгаад Алаг-Уул багийн Баян хошуу гэх газраас манай нөхөр Э.Ш олж аваад ирэхдээ манай адууны хамаг шилмэл тарган гүүнүүд нь алга болсон байна нийтдээ 11 тооны адуу байхгүй байсан. Тэгээд сураг тавиад дутуу байсан 11 тооны адуу олдохгүй сураг гарахгүй байсан. Би зүсийг нь мэдэхгүй ээ тамга нь бол Э үсгэн тамгатай Ембүү тамгатай адуунууд байгаа эдгээр адуунууд угшил сайжруулахаар авсан хурдан удмын адуунууд байсан. Манайх хонгор азаргыг хурдан болохоор хамаг хурдны удамтай гүүнүүдээ хураалгасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 41-42 дугаар тал/

 

*Гэрч А.Цын өгсөн:

“...Х.Бтай найз нөхдийн холбоотой. 2006 оноос найз нөхдийн холбоотой байгаа. Б ахыг нэг нутаг гэдгээр сайн танина. Э.Ш ахыг бас л нутгийн ах гэдгээр сайн танина. Архангай аймгийн төвд Х.Бтай таарахад Э.Ш ахын алдсан 10 гаран тооны адуунд намайг хардаад шалгаж байна гэхэд Х.Б би Э.Ш ахын хонгор азаргатай адууг тууж Ж.Б ахын авчирч 9-ыг авсан юм даа яагаад 10 гаран болчихвоо гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тухайн үед итгээгүй надад худлаа онгирч байна гэж бодоод худлаа нэг их тоогоогүй орхисон. Өнөөдөр харин надаас цагдаа нар асуухаар нь би үнэнийг ярьж байна. Би тэр адуунуудыг танихгүй Х.Б надад Э.Ш ахын хонгор азаргатай адууг тууж ирсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 дугаар тал/,

 

*Гэрч Ш.Дийн өгсөн:

“...2018 оны 12 сарын эхээр хүзүүндээ цэнхэр хадагтай хонгор азаргатай адуу адуун дотор содон гэвэл шарга гүү, хонгор алаг гүү, хонгор алаг даага, ягаан буурал гүү гэх мэт зүсмийн 48 тооны адуугаа алдаад сураг гарахгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Алаг-Уул багийн төвийн хажууд сураг гарахад нь хайж явж байгаад Алаг-Уул багийн Хануй голийн Баянхошуу гэх газраас манай аав Э.Ш алдсан Хонгор азаргатай адуугаа олоход 11 тооны адуу дутсан байдалтай байсан гэж ярьж байсан. Би тэр адууны зүсийг сайн мэдэхгүй им тамгыг нь сайн мэднэ. Буурал гүү Э үсгэн тамгатай, хөх гүү ширээтэй зуузай тамгатай, хүрэн үрээ Э үсгэн тамгатай, хонгор байдас ембүү тамгатай, улаан хээр азарган үрээ Э үсгэн тамгатай, сартай хүрэн гүү Э үсгэн тамгатай эдгээр таван адууг сайн мэдэж байна бусад адууг нь сайн мэдэхгүй байна манай аав сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 50-51 дүгээр тал/

 

*Гэрч Л.Гийн өгсөн:

“...2019 оны 02 сард сумын төвд Э.Ш таарахдаа хонгор азаргатай адуу алдчихлаа сураг ажиг тавьж байгаарай гэж ярьж байсан. Яг хэдэн тооны адуу алдсан талаар мэдэхгүй. Э.Ш олон жил зүүн аймгуудаас адуу цуглуулсан ер нь хурдны удамтай адуунуудтай хүн. Э.Ш адууныхаа удмыг сайжруулах гэж миний хурдан хонгор азаргыг авсан. Би хонгор азаргаа 2.500.00 төгрөгөөр худалдсан. Энэ азарганд өөрийн хурдны угшилтай шилмэл гэсэн гүүнүүдээ хураалгаж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 58-59 дүгээр тал/

*Гэрч С.Уийн өгсөн:

“...Би өөрөө хот руу машинаараа хүн аваад явсан байсан. Би хот хооронд тээвэр хийдэг болохоор тэр болгон гэртээ байдаггүй. Би үйлдсэн гэмт хэргийг сайн мэдэхгүй байна. Цагдаа нар Ж.Б ахыг аваад явсан. Тэгээд орой Ж.Б ах гэртээ буцаж ирэхээр нь асуухад. Таныг яагаад цагдаа авч явсан гэхэд Х.Бын хулгай хийсэн адууг дуудаад байхаар нь очиж аваад тэр адууг би өвөлжөөний зүг тууж явж байгаад орхисон гэж хэлсэн. Тэгээд би Ж.Б ахтай муудалцаж та одоо хөгширч байж яах гэж айлын адуу туусан юм гэж хэлсэн.  Манай нагац ах Ж.Б бол архи тамхи хэрэглэдэггүй даруу төлөв зантай хүн. Эхнэр 3 хүүхдийн хамт малаа маллаж амьдардаг. Ж.Б ахынх 600 гаран малтай үүнээс 100 гаран толгой 4 азарга адуутай бусад нь хонь ямаа байгаа. Х.Б, Ж.Б натай баз хүргэний холбоотой Х.Б, Ж.Б ахынд тэр ирдэггүй хааяа л нэг ирж байдаг хоорондоо ямар харилцаатайг нь би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60-62 дугаар тал/

 

*Гэрч В.Бы өгсөн:

“...Э.Шын хүү болох Ш.Д надад 2018 оны 12 сард манайх хонгор азаргатай адуугаа алдчихлаа тэр адуун дотор таниас авсан хонгор буурал гүү, хонгор гүү 2 явж байгаа гэж ярьж байсан. Тэгээд би цагаан сараар золгуут хийж Э.Шынд очиход манайх алдсан хонгор азаргатай адуугаа олсон дотроос 11 тооны адуу дутуу байна. Тэр алга болсон адуунд чамаас авсан 2 гүү орсон байна гэж ярьж байсан. Энэ 2 гүү бол хурдны удамтай адуунууд байсан. Хонгор буурал гүү бол миний суманд нэг айрагдаж баг болон овооны баярт 3 айрагдсан 4 медальтай буурал морины төрсөн дүү нь хурдны удамтай адуу. Харин хонгор гүү нь Дорнод аймгийн Хэрлэн сумаас авсан загал азарганы төл хурдны удамтай адуу...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64 дүгээр тал/

 

*Гэрч С.Дийн өгсөн:

“...Манайх Э.Шынхтай нэг нутагт ойролцоо байдаг 2018 оны 12 сарын дундуур Э.Ш хонгор азаргатай адуугаа алдчихлаа гээд хайгаад явж байсан надтай 2 удаа таарсан. Мөн манайх руу утсаар ярьж байсан. Манай адууг харж байгаарай гэж захиж байсан. Тэгээд дараа нь надтай таарахад хонгор азаргатай адуугаа олчихлоо дотроос нь 11 тооны адуу байхгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 65-66 дугаар тал/

 

*Гэрч Х.Бын өгсөн:

“...Миний ах Х.Б хулгайн хэрэг хийхээргүй хүн гэж бодож байна. Би Х.Б ахаас та хулгай хийсэн юм уу гэж асуухад би Э.Ш гэх хүний адууг замд таарахаар нь тууж яваад Ж.Б ахад авчирч өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Гэрч Л.Сийн өгсөн:

“...Э.Ш гэх хүн 2019 оны 01 сарын 04-ний өдөр манайх 2018 оны 12 дугаар сарын 12-ноос хойш улаан хээр азарга, бор гүү, буурал гүү, хүрэн гүү, 2 тооны хонгор гүү, хонгор гүү Ө үсгэн тамгатай, хээр байдас Э үсгэн тамгатай, хонгор байдас, хүрэн үрээ, хонгор гүү, хар халтар гүү, хүрэн үрээ, хонгор шүдлэн байдас 2 тоо бүгд Э үсгэн тамгатай гэсэн 15 тооны адууг алдаад олохгүй байна гэж алдуул малын бүртгэл дээр тэмдэглүүлж байсан...” гэх мэдүүлэг/1-р 71-72 дугаар тал/

 

*Гэрч Ж.Аын өгсөн:

“..Би Штай өвөл 2019 оны 01-р сард таарахад манайх хонгор азаргатай адуугаа алдаад талыг нь олж авахад дотроос 11 сувай гүү алга болсон. Чамаас авсан бор гүү байхгүй байна гэж ярьж байсан. Э.Ш бол Дорнод, Сүхбаатар аймгаас азарга авч тавьж байсан хурдан удмын адуунуудтай хүн. Би 2014 онд Э.Ш ахад улаан бор шүдлэн насны байдас 1,500,000 төгрөгөөр зарж байсан. Миний улаан бор шүдлэн байдасны эцэг нь болох бор азарга нь сум болон аймгийн бүсийн наадмуудаас 20 гаран айраг түрүү авсан хурдан азарга. Тийм учраас миний зарсан улаан бор шүдлэн байдас бол хурдны угшилтай адуу. ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73-74 дүгээр тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай: “...Нас гүйцсэн 7 тооны гүү, соёолон насны азарга, морин хязаалан, хязаалан гүү, соёолон насны морины үнэлгээг нийт 14.500.000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 79 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 177  дугаартай: “...Хурдан удмын азарга, нас нийлсэн 15 тооны гүү, 8 тооны шүдлэн насны адуу, 3 тооны хязаалан адуу, 10 тооны дааганы үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийт 28.650.000/хорин найман сая зургаан зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 159 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 45  дугаартай: “...Хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, хөх бор зүсмийн нас нийлсэн гүү, хонгор зүсмийн нас нийлсэн 2 тооны гүү, халтар зүсмийн нас нийлсэн 2 тооны гүү, хүрэн зүсмийн соёолон үрээ, хонгор зүсмийн соёолон үрээний үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийт 4.200.000/дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 215 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 190  дугаартай: “...Хуучин Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээ 300.000/гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 19 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 191  дугаартай: “...Хуучин Даюун маркийн мотоциклийн үнэлгээ 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 26 дугаар тал/

 

                 *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 72, 73 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Шын өмчлөлийн 48 тооны олон тооны адуу алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б, Х.Б нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Э.Шын“...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө өөрийн цэнхэр хадагтай хонгор азаргатай содон гэвэл тод хөх бор гүү, хонгор буурал гүү, шарга гүү, гэсэн 48 тооны адуугаа алдсан. Миний Цэнхэр хадагтай хонгор азаргатай адуу гэрийн ойролцоо байнга байдаг хол явдаггүй адуу. Алддаг шөнө морь аргамжаад аргамжааны цаахан талд байж байсан. Тэгээд өглөө босоод би адуугаа хайгаад олоогүй. Тэрнээс хойш би адуугаа хайсаар байгаад 2018 оны 12 сарын 31-нд Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Баянхошуу гэх газраас цэнхэр хадагтай хонгор азаргатай адуугаа олж авахад 11 тооны адуу дутсан байсан. Тэгээд байгаа адуугаа туугаад харьсан. Миний цэнхэр хадагтай хонгор азаргатай 48 тооны адуунаас 11 тооны адуу байхгүй байсан. Сүүлд 11 тооны адуунаас 5 адуу нь буцаж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бийн “...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө цэнхэр хадагтай хонгор азаргатай хөх гүү, хонгор гүү, шарга гүүтэй адуугаа алдсан. Манай адуу гэрээс хол явдаггүй адуу болохоор нэг шөнийн дотор ингэж хол явна гэж байхгүй хүн хөөгөөд явчихлаа гээд манай нөхөр Э.Ш, хүү Ш.Д нар адуугаа хайгаад олоогүй. Тэгээд Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг ногоон зам гэх газар сураг гараад араас нь явж байгаад Алаг-Уул багийн Баян хошуу гэх газраас манай нөхөр Э.Ш олж аваад ирэхдээ манай адууны хамаг шилмэл тарган гүүнүүд нь алга болсон байна нийтдээ 11 тооны адуу байхгүй байсан. Тэгээд сураг тавиад дутуу байсан 11 тооны адуу олдохгүй сураг гарахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Цын ”...Архангай аймгийн төвд Х.Бтай таарахад Э.Ш ахын алдсан 10 гаран тооны адуунд намайг хардаад шалгаж байна гэхэд Х.Б би Э.Ш ахын хонгор азаргатай адууг тууж Ж.Б ахын авчирч 9-ыг авсан юм даа яагаад 10 гаран болчихвоо гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тухайн үед итгээгүй надад худлаа онгирч байна гэж бодоод худлаа нэг их тоогоогүй орхисон...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Дийн”...2018 оны 12 сарын эхээр хүзүүндээ цэнхэр хадагтай хонгор азаргатай адуу адуун дотор содон гэвэл шарга гүү, хонгор алаг гүү, хонгор алаг даага, ягаан буурал гүү гэх мэт зүсмийн 48 тооны адуугаа алдаад сураг гарахгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Алаг-Уул багийн төвийн хажууд сураг гарахад нь хайж явж байгаад Алаг-Уул багийн Хануй голийн Баянхошуу гэх газраас манай аав Э.Ш алдсан Хонгор азаргатай адуугаа олоход 11 тооны адуу дутсан байдалтай байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн”...2019 оны 02 сард сумын төвд Э.Ш таарахдаа хонгор азаргатай адуу алдчихлаа сураг ажиг тавьж байгаарай гэж ярьж байсан. Яг хэдэн тооны адуу алдсан талаар мэдэхгүй. Э.Ш олон жил зүүн аймгуудаас адуу цуглуулсан ер нь хурдны удамтай адуунуудтай хүн. Э.Ш адууныхаа удмыг сайжруулах гэж миний хурдан хонгор азаргыг авсан. Би хонгор азаргаа 2.500.00 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Уийн”...Цагдаа нар Ж.Б ахыг аваад явсан. Тэгээд орой Ж.Б ах гэртээ буцаж ирэхээр нь асуухад. Таныг яагаад цагдаа авч явсан гэхэд Х.Бын хулгай хийсэн адууг дуудаад байхаар нь очиж аваад тэр адууг би өвөлжөөний зүг тууж явж байгаад орхисон гэж хэлсэн. Тэгээд би Ж.Б ахтай муудалцаж та одоо хөгширч байж яах гэж айлын адуу туусан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 177  дугаартай, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 45  дугаартай, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 190  дугаартай, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 191  дугаартай дүгнэлтүүд, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Х.Б нарын бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдэх үеийн хуулиар зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа талаар гаргасан саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь тухайн гэмт хэрэг 2018 оны 12 сард үйлдэгдсэн бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулинд бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хүндрүүлэн зүйлчилдэггүй байсан бөгөөд 2020 оны 01 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдвэл хүндрүүлэн зүйлчлэхээр өөрчилсөн. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зүйл заалтыг журамлан шүүгдэгч Ж.Б, Х.Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 48 тооны адууг алдаж 43.150.000 төгрөгийн хохирол учирсанаас 42 тооны адууг буцаан авсан, үлдэх адууны хохирлыг шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч Э.Ш нь гомдол саналгүй нэхэмжлэх гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Б, Х.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

              Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Х.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Бгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 300.000/гурван зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан болох нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж болохоор заасан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахдаа мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч Ж.Б, Х.Б нар  нь  2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байна. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

 

                 Шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

      

2. Шүүгдэгч Б овогт Жгийн Б, М овогт Хын Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.         

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Б, Х.Б нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд тус тус хориглосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

8. Шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45, 44 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, Х.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль, шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус улсын орлого болгосугай.

 

10. Шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ГАНДОЛГОР