Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ... сумын .. баг, өөрийн байранд байрлах, .. регистрийн дугаартай, “.. банк” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн .. сумын .. баг, .. тоотод оршин суух бүртгэлтэй, .. аймгийн .. сумын .. багт түр оршин суух, .. регистрийн дугаартай, Б овогт Г-н Г,

Хариуцагч: Дорнод аймаг, .. сумын .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Ш овогт Ц-н Х нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 23 034 369 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах,

                                          Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,

                                          Хариуцагч Г.Г /онлайнаар/,

                                          Хариуцагч Ц.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.. банк” ХХК-ийн Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г, Ц.Х нар нь банкны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .. тоот зээлийн гэрээ байгуулан 25 092 352.12 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 310 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 23 034 369 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Г, Ц.Х нар нь банкны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 25 092 352.12 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээлдэгч Г.Г уг зээлийг авахдаа .. дугаар ангид ажиллаж байсан. Ингээд .. дугаар ангид шилжин ажиллаж эхэлсэн үеэс зээлээ төлөхгүй, үүргээ гүйцэтгэхгүй өдийг хүрсэн. Цалингаа өөр банкаар авдаг болсон учир манай банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар нь төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 359 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Г.Г, Ц.Х нараас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19 492 752 төгрөг, зээлийн хүү 3 536 617 төгрөг, нотариатын үнэ 5000 төгрөг нийт 23 034 369  төгрөг гаргуулж өгнө үү. Банкны гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэсэн заалттай. Хариуцагч нартай өмнө нь олон удаа холбогдож ярилцсан. Банкны зүгээс 90 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авдаг. Гэвч хариуцагч нар хоёулаа ажлаа хийж байгаа зээлээ төлнө гэсэн хэдий ч 359 хоног зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 12 сарын 25-аас өмнө хугацаа хэтэрсэн төлбөрөө төлсөн тохиолдолд банкны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч болно, оны өмнө хугацаа хэтрэлтээс гарч чадахгүй тохиолдолд ийм боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие банкнаас нэхэмжилж байгаа 23 034 369 төгрөгийг үндсэн зээлдэгчийн хувьд бие даан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Г.Г, Ц.Х бид 2020 оны 03 дугаар сард шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тул хамтран зээлдэгч Ц.Х-г хариуцагчаас чөлөөлөхөд надад татгалзах зүйл байхгүй.

Би банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Сүүлийн үед төлбөр мөнгөний асуудалтай байгаа учир зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтэрсэн мөнгөө төлөх талаар ээж, аавтайгаа ярилцаж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөөд үлдсэн төлбөрөө зээлийн гэрээний дагуу сар, сард нь төлөх саналтай байна. Энэ олон сая төгрөгийг би ганцаараа авч хэрэглээгүй. Өр, төлбөртэй байсан нь үнэн. Бусдын адил амьдрах гэж зүтгэж л байсан. Тодорхой хэмжээг нь Ц.Х-н ээж нь өвчтэй гээд авч хэрэглэсэн. 2019 онд би 5 жилийн мөнгөө аваад 12 000 000 төгрөг Ц.Х-н дансанд хийж байсан. Уг мөнгийг хэзээ, юунд үрсэн нь мэдэгдэхгүй дуусгасан байсан. Миний хувьд хөдөө хилийн заставд ажилладаг байсан учир цалингаа өөрөө авдаггүй байсан. Ц.Х л миний цалинг авч хэрэглэдэг байсан. Зодоогүй байхад зодсон гэж ээждээ хэлдэг, ээж нь намайг элдвээр хэлдэг байсан. Ц.Х л “...надаас салаад өг, чамаас салаад би сайхан амьдарч чадна, хоёр хүүхдээ өөрөө өсгөөд явна...” гэж хэлээд л салж байсан. Зээлээ төлж чадахгүй байхад хүүхдийн тэтгэмж нэхдэг. Би хүүхдүүддээ тэтгэмж өгөхгүй гэж байгаа юм биш. Намайг ямар хэцүү байдалтай байгааг мэдсээр байж ингэж уйлж, унжиж худлаа, үнэн нь мэдэгдэхгүй олон зүйл ярьдаг. Харин ч энэ хүн надаас илүү амьдарч байгаа. Гэхдээ энэ зээлийг би өөрөө хариуцаад төлнө. Хүн ийм зүйл яриад байхаар нь хариу тайлбар хэлэх хэрэгтэй гэж бодож энэ бүгдийг ярилаа гэв.   

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Г-тай хамт амьдарч байхдаа 2018 онд цалингийн зээл авахад нь гэр бүлийн хүн гэдэг утгаараа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Бид хоёр 2019 оноос тусдаа амьдарч байсан ба 2020 оны 03 дугаар сард гэрлэлтээ цуцлуулж, 3-7 насны 2 охинтойгоо байр түрээслэн амьдарч байна. Миний бие .. ангид англи хэлний багшаар дэслэгч цолтой ажиллаж байсан. Штабын дарга ах нь Г.Г-с салснаас хойш намайг ажлаас халах шалтгаан үүсгэсэн. Ингээд ажилгүй явж байна. Г.Г .. дугаар ангид малын суурийн ахлагчаар ажиллаж байгаад мал дутагдуулсан учир өрөнд орсон. Өмнө нь .. заставд байхдаа покер тоглон өрөнд орж бас цалингийн зээл нэмж авч байсан. Мөн .. дугаар ангийн малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа 2 удаа шинэ мотоцикл авч унан мөн л цалингийн зээл авч байсан. Миний бие 2017 оноос хойш цалингийн зээлтэй байсан. Одоо ч зээлээс салж чадаагүй л байна. Г.Г 2020 оны 08 дугаар сарын үед .. дугаар ангиас халагдаж, .. дугаар ангид шилжсэн. Тэр цагаас хойш зээлээ санаачилгаараа төлөхгүй байсаар 3,5 сая төгрөгийн өр нэмэгдчихээд байна. Миний хувьд 2 нялх хүүхдээ өсгөж, цалингийн зээлээ төлж, байр түрээсэлж суугаа болохоор уг зээлийг төлж үнэхээр чадахгүй. Харин Г.Г ганц биеэр, цалингаа бүтэн авч, өндөр цалинтай цэргийн ангид байрлан хооллож яваа хүн тул өөрийн тавьсан өр зээлээ өөрөө төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд намайг төлбөрөөс чөлөөлж өгнө үү.

Миний хувьд Г.Г-ны хамтран зээлдэгч юм. Бид 2011 онд гэр бүл болохдоо 5 000 000 төгрөгийн зээлтэй байсан. Энэ зээлийг 2018 онд авсан. Бид хоёулаа хилийн цэрэгт ажилладаг байсан. Г.Г нь малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа мал дутаасан учир 10 гаруй сая төгрөгийн зээл нэмж авах шаардлага гарсан. Бид 2020 оны 03 сард гэрлэлтээ цуцлуулсан. Тусдаа амьдраад хоёр жил болж байна. Түүнээс хойш Г.Г зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн талаар банкны эдийн засагч нь надад хэлсэн. Миний хувьд энэ асуудалд санаа зовж байна. Г.Г-ны хувьд .. дугаар ангиас .. дугаар ангид шилжин ажиллаж, ажлаа хэвийн хийж, цалингаа тогтмол авч байгаа, цалингаа банкнаас авч байгаад одоо ... банкнаас авч байгаа учир банк хоорондын харилцаа гэж байдаг бол харилцан тохиролцож зээлийг нь төлүүлэх боломжтой эсэх талаар миний зүгээс банкинд хүсэлт гаргаж байсан. Намайг ажилтай байхад 1-2 удаа Г.Г-ны зээлийн төлбөрт миний цалингаас суутгаж авч байсан. Тиймээс би банкны эдийн засагчтай уулзаж 2-6 насны хоёр нялх хүүхэдтэйгээ хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа, өөрөө цалингийн зээлтэй, Г.Г-с салсан, өрх толгойлж амьдарч байгаа учир Г.Г-ны зээлийг төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэр үеэс миний данснаас зээлийн төлбөр дахин суутгаагүй. Г.Г хариуцлагагүй хандаж, зээлээ төлөхгүй ийм хэмжээнд хүргэсэн байна. Миний хувьд уг зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учир хамтран үүрэг хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг зээлийг төлөх боломжгүй хэд хэдэн шалтгаан байна. Би Г.Г-тай амьдарч байхдаа .. дугаар ангид англи хэлний багш, сургалтын офицер гэх ажил хийдэг байсан. Гэвч Г.Г-с салснаас хойш надад ажлын байрны маш их дарамт шахалт ирсэн учир ажлаасаа гарсан. Одоо 5 дугаар сургуульд жирэмсэн, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүний оронд англи хэлний багш хийж байгаа ч уг хүн маань он гаргаад ажилдаа орж байгаа учир бас л ажилгүй болох юм шиг байна. Миний хувьд уг зээлийг төлье гэсэн ч төлөх чадваргүй гэдгээ илэрхийлж байгаа. Г.Г-ны зээлээ өөрөө бүрэн хариуцаж төлнө гэсний дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Миний хувьд тогтсон ажилгүй, хоёр нялх хүүхэдтэйгээ, хоёр хүүхдээ хоолтой байлгахын төлөө, эрүүл мэндийн хувьд хохирсон, хүнд байдалтай байна. Г.Г-ны хувьд ганц бие, хоол, хувцас, ажлын байр нь бэлэн учир зээлээ төлөх чадвартай гэж үзэж байна. Миний зүгээс хамтран зээлдэгчийн хариуцлагаа хүлээж байна. Би .. аймгийн харьяат, аав, ээжийгээ алдсан, айлын том охин, дүү нар, хүүхдүүдийн хамт амьдардаг учир энэ зээлийг надад төлөхөд туслах хүн байхгүй. Би ээжийгээ нас барах үед ээжийнхээ ..банкинд төлөх байсан 9 800 000 төгрөгийн зээлийг хилийн цэрэгт өндөр цалинтай ажил хийдэг, барилгын компанид давхар ажил хийдэг байсан учир төлж барагдуулж байсан. Энэ зээлийг би үнэхээр төлөх чадваргүй. Би хоёр нялх хүүхдээ хүний зэрэгт авч явах гэж хичээж, зүтгэж байна. Г.Г хүүхдийн тэтгэмжээ сүүлийн 4, 5 сар л төлж байна. Бүтэн жилийн тэтгэмжээ нэхэмжилж авч болох талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад хэлсэн ч би энэ талаар гомдол, санал гаргаагүй. Би хамтран зээлдэгчийн хувьд хариуцлагаа ухамсарлаж байгаа хэдий ч үнэхээр энэ зээлийг төлөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .. банкны Дорнод салбар нь хариуцагч Г.Г, Ц.Х нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23 034 369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцов. (хх 1-2 тал)

Хариуцагч Г.Г, Ц.Х нар нь .. банкны Дорнод салбартай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .. тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 25 092 352 төгрөг 12 мөнгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно. (хх 12-18 тал)

Талуудын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан .. тоот зээлийн гэрээний 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.

Зээлдэгч Г.Г нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 359 хоног /2021.12.28-ны өдрийг хүртэл/-ийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан .. тоот зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Г.Гдээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан .. тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч банкны Дорнод салбараас зээлийн гэрээний үүрэгт 23 034 369 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн алин нь зээлийн гэрээний үүрэг 23 034 369 төгрөгийн үнийн дүнд маргаагүй ба хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Ц.Х “...2 нялх хүүхэдтэй, тогтсон ажил төрөлгүй, түрээсийн байранд амьдардаг учраас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна...” гэж тус тус тайлбарлаж байна. 

Гэвч нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж маргадаг болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан .. тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр  банк ХХК-ийн Дорнод салбар, зээлдэгчээр Г.Г, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Х нар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. (хх 12-18 тал)

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк ХХК-ийн Дорнод салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Г.Г, Ц.Х нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба уг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Г, Ц.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 23 034 369 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-ийн Дорнод салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:  Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 122 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, Ц.Х нараас 273 122 төгрөгийг  хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч банк ХХК-ийн Дорнод салбарт олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ..  тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Г-с 11 517 184.5 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Ц.Х-с 11 517 184.5 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 122 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, Ц.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 136 561 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА