Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2022/00010

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн /цахимаар/ шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/00029 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 23 034 369 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь ХААН банкны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээ байгуулан 25 092 352.12 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 310 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201844180538 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 23 034 369 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч ******* уг зээлийг авахдаа Хилийн цэргийн 0132 дугаар ангид ажиллаж байсан. Ингээд Баян-Уул сумын Хилийн цэргийн 0275 дугаар ангид шилжин ажиллаж эхэлсэн үеэс зээлээ төлөхгүй, үүргээ гүйцэтгэхгүй өдийг хүрсэн. Цалингаа өөр банкаар авдаг болсон учир манай банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар нь төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 359 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд *******, ******* нараас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19 492 752 төгрөг, зээлийн хүү 3 536 617 төгрөг, нотариатын үнэ 5000 төгрөг нийт 23 034 369 төгрөг гаргуулж өгнө үү. Хаан банкны гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэсэн заалттай. Хариуцагч нартай өмнө нь олон удаа холбогдож ярилцсан. Банкны зүгээс 90 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авдаг. Гэвч хариуцагч нар хоёулаа ажлаа хийж байгаа зээлээ төлнө гэсэн хэдий ч 359 хоног зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 12 сарын 25-аас өмнө хугацаа хэтэрсэн төлбөрөө төлсөн тохиолдолд банкны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч болно, оны өмнө хугацаа хэтрэлтээс гарч чадахгүй тохиолдолд ийм боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХААН банкнаас нэхэмжилж байгаа 23 034 369 төгрөгийг үндсэн зээлдэгчийн хувьд бие даан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. *******, ******* бид 2020 оны 03 дугаар сард шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тул хамтран зээлдэгч *******г хариуцагчаас чөлөөлөхөд надад татгалзах зүйл байхгүй.

Би Хаан банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Сүүлийн үед төлбөр мөнгөний асуудалтай байгаа учир зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтэрсэн мөнгөө төлөх талаар ээж, аавтайгаа ярилцаж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөөд үлдсэн төлбөрөө зээлийн гэрээний дагуу сар, сард нь төлөх саналтай байна. Энэ олон сая төгрөгийг би ганцаараа авч хэрэглээгүй. Өр, төлбөртэй байсан нь үнэн. Бусдын адил амьдрах гэж зүтгэж л байсан. Тодорхой хэмжээг нь *******гийн ээж нь өвчтэй гээд авч хэрэглэсэн. 2019 онд би 5 жилийн мөнгөө аваад 12 000 000 төгрөг *******гийн дансанд хийж байсан. Уг мөнгийг хэзээ, юунд үрсэн нь мэдэгдэхгүй дуусгасан байсан. Миний хувьд хөдөө хилийн заставт ажилладаг байсан учир цалингаа өөрөө авдаггүй байсан. ******* л миний цалинг авч хэрэглэдэг байсан. Зодоогүй байхад зодсон гэж ээждээ хэлдэг, ээж нь намайг элдвээр хэлдэг байсан. ******* л ...надаас салаад өг, чамаас салаад би сайхан амьдарч чадна, хоёр хүүхдээ өөрөө өсгөөд явна... гэж хэлээд л салж байсан. Зээлээ төлж чадахгүй байхад хүүхдийн тэтгэмж нэхдэг. Би хүүхдүүддээ тэтгэмж өгөхгүй гэж байгаа юм биш. Намайг ямар хэцүү байдалтай байгааг мэдсээр байж ингэж уйлж, унжиж худлаа, үнэн нь мэдэгдэхгүй олон зүйл ярьдаг. Харин ч энэ хүн надаас илүү амьдарч байгаа. Гэхдээ энэ зээлийг би өөрөө хариуцаад төлнө. Хүн ийм зүйл яриад байхаар нь хариу тайлбар хэлэх хэрэгтэй гэж бодож энэ бүгдийг ярилаа гэжээ.   

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд *******ы хамтран зээлдэгч юм. Бид 2011 онд гэр бүл болохдоо 5 000 000 төгрөгийн зээлтэй байсан. Энэ зээлийг 2018 онд авсан. Бид хоёулаа хилийн цэрэгт ажилладаг байсан. ******* нь малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа мал дутаасан учир 10 гаруй сая төгрөгийн зээл нэмж авах шаардлага гарсан. Бид 2020 оны 03 сард гэрлэлтээ цуцлуулсан. Тусдаа амьдраад хоёр жил болж байна. Түүнээс хойш ******* зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн талаар банкны эдийн засагч нь надад хэлсэн. Миний хувьд энэ асуудалд санаа зовж байна. *******ы хувьд Хилийн цэргийн 0132 дугаар ангиас Хилийн цэргийн 0275 дугаар ангид шилжин ажиллаж, ажлаа хэвийн хийж, цалингаа тогтмол авч байгаа, цалингаа Хаан банкнаас авч байгаад одоо Төрийн банкнаас авч байгаа учир банк хоорондын харилцаа гэж байдаг бол харилцан тохиролцож зээлийг нь төлүүлэх боломжтой эсэх талаар миний зүгээс Хаан банкинд хүсэлт гаргаж байсан. Намайг ажилтай байхад 1-2 удаа *******ы зээлийн төлбөрт миний цалингаас суутгаж авч байсан. Тиймээс би банкны эдийн засагчтай уулзаж 2-6 насны хоёр нялх хүүхэдтэйгээ хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа, өөрөө цалингийн зээлтэй, *******аас салсан, өрх толгойлж амьдарч байгаа учир *******ы зээлийг төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэр үеэс миний данснаас зээлийн төлбөр дахин суутгаагүй. ******* хариуцлагагүй хандаж, зээлээ төлөхгүй ийм хэмжээнд хүргэсэн байна. Миний хувьд уг зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учир хамтран үүрэг хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг зээлийг төлөх боломжгүй хэд хэдэн шалтгаан байна. Би *******тай амьдарч байхдаа Хилийн цэргийн 0132 дугаар ангид англи хэлний багш, сургалтын офицер гэх ажил хийдэг байсан. Гэвч *******аас салснаас хойш надад ажлын байрны маш их дарамт шахалт ирсэн учир ажлаасаа гарсан. Одоо 5 дугаар сургуульд жирэмсэн, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүний оронд англи хэлний багш хийж байгаа ч уг хүн маань он гаргаад ажилдаа орж байгаа учир бас л ажилгүй болох юм шиг байна. Миний хувьд уг зээлийг төлье гэсэн ч төлөх чадваргүй гэдгээ илэрхийлж байгаа. *******ы зээлээ өөрөө бүрэн хариуцаж төлнө гэсний дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Миний хувьд тогтсон ажилгүй, хоёр нялх хүүхэдтэйгээ, хоёр хүүхдээ хоолтой байлгахын төлөө, эрүүл мэндийн хувьд хохирсон, хүнд байдалтай байна. *******ы хувьд ганц бие, хоол, хувцас, ажлын байр нь бэлэн учир зээлээ төлөх чадвартай гэж үзэж байна. Миний зүгээс хамтран зээлдэгчийн хариуцлагаа хүлээж байна. Би Увс аймгийн харьяат, аав, ээжийгээ алдсан, айлын том охин, дүү нар, хүүхдүүдийн хамт амьдардаг учир энэ зээлийг надад төлөхөд туслах хүн байхгүй. Би ээжийгээ нас барах үед ээжийнхээ Хаан банкинд төлөх байсан 9 800 000 төгрөгийн зээлийг хилийн цэрэгт өндөр цалинтай ажил хийдэг, барилгын компанид давхар ажил хийдэг байсан учир төлж барагдуулж байсан. Энэ зээлийг би үнэхээр төлөх чадваргүй. Би хоёр нялх хүүхдээ хүний зэрэгт авч явах гэж хичээж, зүтгэж байна. ******* хүүхдийн тэтгэмжээ сүүлийн 4, 5 сар л төлж байна. Бүтэн жилийн тэтгэмжээ нэхэмжилж авч болох талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад хэлсэн ч би энэ талаар гомдол, санал гаргаагүй. Би хамтран зээлдэгчийн хувьд хариуцлагаа ухамсарлаж байгаа хэдий ч үнэхээр энэ зээлийг төлөх боломжгүй байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/00029 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201844180538  тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******аас 11 517 184.5 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч *******гээс 11 517 184.5 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 122 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 136 561 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-ийн Дорнод салбарт олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагч нарын нөхцөл байдал, хариуцлага тайлбар зэргийг огт авч үзэлгүй шударга бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

1.Хариуцагч ******* нь одоогийн байдлаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цалин хөлс өндөр, ганц бие, өөр ямар ч зарлага байхгүй амьдарч байгаа. Мөн өөрөө энэхүү цалингийн зээлийн хариуцлагаа бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлж намайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа хэлдэг.

Өөр банкаар цалингаа авдаг болсонтой уялдуулж үндсэндээ сүүлийн жил гаран хугацаанд хариуцлагаа ухамсарлахгүй хандаж өнөөдөр ийм байдалд хүргэсэн нь энэ хүний буруу.

2. ******* бид хоёр албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Миний хувьд бага насны хоёр охинтой өрх тусгаарлан, хороололд гэр хөлсөлж өнөө маргаашаа залгуулж амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахдаа бид аль аль нь цалингийн зээлтэй байсан учир өөр өөрсдийн цалингийн зээлээ төлөхөөр тохиролцож, эд хөрөнгийн болон өр авлагын маргаангүй гэж шийдүүлсэн.

Хэрэв энэ үед ингэж тохирч шийдээгүй байсан бол миний хувьд нэг мөсөн цалингийн зээлийн асуудлаа шийдүүлэх байсан.

3. Мөн би *******тай хамт амьдарч байх үедээ авсан цалингийн зээлийг өөрөө хариуцан төлөөд явж байгаа. Дуусаагүй байгаа. Ээжийгээ өөд болсны дараа Хаан банкнаас авсан зээлийг нь би төлж барагдуулсан. Энэ мэтчилэн одоо байгаа амьдралын нөхцөл маш хүнд байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* намайг хариуцагчаас чөлөөлж, хариуцагч *******аар 23 034 369 төгрөгийг төлүүлэхээр үндэслэлтэй шийдвэр гаргаж, өөрчилж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Энэхүү гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн зээлдэгч өөрөө хариуцлагатайгаар зээлээ төлнө гэж хэлсээр байтал намайг хамтран хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг хоёр тэнцүү хэсэгт хуваан төлөх шийдвэр гарсан байсан. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа зээл авсан нь үнэн. Гэхдээ бид хоёр салах үедээ өөрсдийн зээлийг өөрөө төлөхөөр тохиролцсон. ...Анхан шатны шүүхээс 23 000 000 төгрөгийг хоёр хувааж төлүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх боломжгүй гэдгийг олон удаа хэлсэн. Гэр бүлийн маргаанаа өөрсдөө дотроо шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Зээлийн асуудалтай хольж хутгах шаардлагагүй. Манайхаас ямартай ч хамтран хариуцагчийг хасах боломжгүй гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар нь харицагч *******, ******* нараас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19,492,752 төгрөг, зээлийн хүү 3,536,617 төгрөг, нотариатын үнэ 5000 төгрөг нийт 23,034,369  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл төлөх хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 310 хоног хугацаа хэтрээд байна. гэжээ.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болох 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээгээр тус салбар нь хариуцагч *******, ******* нарт 25,092,352.22 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр олгож улмаар зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байна. /хх 12-16/

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т энэ тухай заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд уг зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учир хамтран үүрэг хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг зээлийг төлөх боломжгүй хэд хэдэн шалтгаан байна. Миний хувьд уг зээлийг төлье гэсэн ч төлөх чадваргүй гэдгээ илэрхийлж байгаа. *******ы зээлээ өөрөө бүрэн хариуцаж төлнө гэсний дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Би хамтран зээлдэгчийн хувьд хариуцлагаа ухамсарлаж байгаа хэдий ч үнэхээр энэ зээлийг төлөх боломжгүй байна.  гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: ... Бид 2020 оны 03 сард гэрлэлтээ цуцлуулсан. Тусдаа амьдраад хоёр жил болж байна. *******ы хувьд ганц бие, хоол, хувцас, ажлын байр нь бэлэн учир зээлээ төлөх чадвартай. ******* хариуцлагагүй хандаж, зээлээ төлөхгүй ийм хэмжээнд хүргэсэн байна. Миний хувьд тогтсон ажилгүй, хоёр нялх хүүхэдтэйгээ, хоёр хүүхдээ хоолтой байлгахын төлөө, эрүүл мэндийн хувьд хохирсон, хүнд байдалтай байна." гэж тайлбарлажээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХААН банкнаас нэхэмжилж байгаа 23,034,369 төгрөгийг үндсэн зээлдэгчийн хувьд бие даан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. *******, ******* бид 2020 оны 03 дугаар сард шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан тул хамтран зээлдэгч *******г хариуцагчаас чөлөөлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Сүүлийн үед төлбөр мөнгөний асуудалтай байгаа учир зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. гэж маргасан байна.

Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичиж өгснөөс өөрөөр нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч ******* гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн баталгаа, ХААН банкны Дорнод салбарын захиралд хандаж гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу ХААН банкны Дорнод салбар нь хариуцагч *******, ******* нарт 25,092,352.22 төгрөг зээлдүүлэх, зээлдэгч болох *******, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.

Зээлдэгч ******* нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 359 хоног /2021.12.28-ны өдрийг хүртэл/-ийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүх Хариуцагч ******* дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж, мөн хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба уг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заасан. гэж дүгнэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201844180538 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 23,034,369 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Дорнод салбарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо ...Хариуцагч ******* нь одоогийн байдлаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цалин хөлс өндөр, ганц бие, өөр ямар ч зарлага байхгүй амьдарч байгаа. Мөн өөрөө энэхүү цалингийн зээлийн хариуцлагаа бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлж намайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг. ... ******* бид хоёр албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* намайг хариуцагчаас чөлөөлж, хариуцагч *******аар 23,034,369 төгрөгийг төлүүлэхээр үндэслэлтэй шийдвэр гаргаж, өөрчилж өгнө үү. ... гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Хариуцагч *******, ******* нар нь хамт амьдарч байх хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны Дорнод салбартай зээлийн гэрээ байгуулж, ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуржээ.

Энэ хугацаанд хариуцагч *******, ******* нар нь 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх 31/ гаар тогтоогдож байх боловч энэ нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч нарын хэн аль нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас гэрээний гүйцэтгэлийг шаардах боломжтой /эрхтэй/ байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч *******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хамтран хариуцагч нар нь зээлийн гэрээний 4.2.2, 6.1.1, 6.1.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүүгийн хамт төлөх үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.үзэв.

Хариуцагч *******г Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШЗ2022/00379 дүгээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ/2022/00029 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч *******г Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШЗ2022/00379 дүгээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ж.ДОЛГОРМАА